| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/00384/И |
| Дугаар | 101/ШШ2017/00916 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/00916
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/00916 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххххтоотод оршин суух, Агийн Сын /РД: Т00000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххххххххххххх тоотод оршин суух, Гийн Г /РД: 000000/,
Хариуцагч: ххххххххххххххтоотод оршин суух, Цын Д /РД: Ф0000000000/ нарт холбогдох
20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, Ц.Д нарын сэлбэгийн үнэ 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг,
Гэрч С.Б, Э.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.С нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Ц.Д, Г.Г нартай автомашин түрээслэх гэрээг байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусахад нийт төлбөр 24.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг төлж үлдэх 20.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаа Ц.Д, Г.Г нар нь хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Иймд Ц.Д, Г.Г нараас түрээсийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г, Ц.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Ц.Д нь 2016 оны 7 дугаар сард А.Стай 24.000.000 төгрөгийн авто машин түрээслэх гэрээ байгуулсан боловч А.С нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний үнийн дүнд ногдохоор ажил үйлчилгээг авч чадаагүйн улмаас алдагдалд орсон.
Ашигласан үйлчилгээний хөлс болох 4.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Иймд илүү төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г, Ц.Д нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
А.С нь Г.Г, Ц.Д нартай 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр автомашин түрээслэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Г.Г, Ц.Д нар нь А.Сын эзэмшлийн 0000УНЯ улсын дугаартай, норд вейвэн маркийн ачааны автомашиныг түрээсээр эзэмшиж, ашиглах эрх үүссэн.
Бид гэрээний дагуу уг автомашиныг ашиглах явцад буюу 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр уг автомашинд нум 1 дүгээр өнгө, 1 ширхэг, 105.000 төгрөг, шил арчигчийн мотор, 1 ширхэг, 90.000 төгрөгөөр тус тус худалдан авч А.Сын жолооч С.Б-д өгч солиулж хийлгэсэн.
Иймд А.Сын өмчлөлийн 0000УНЯ улсын дугаартай, норд вейвэн маркийн автомашинд хийсэн сэлбэгийн төлбөр 195.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч А.С, хариуцагч Г.Г, Ц.Д нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээслэгч тал Г.Г, Ц.Д нар нь автомашиныг ашиглах явцад гарах зардал, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан зохицуулах үүргийг хүлээсэн.
Иймд хариуцагч нарын буюу түрээслэгч Г.Г, Ц.Д нарын сэлбэгийн зардал 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Г.Г, Ц.Д нарт холбогдуулан түрээсийн төлбөр 20.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Г.Г, Ц.Д нар нь сэлбэгийн үнэ 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Ц.Д, Г.Г нартай 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч А.С нь өөрийн эзэмшлийн 0000УНЯ улсын дугаартай, норд вейвэн маркийн автомашиныг гэрээ байгуулсан өдрөөс хойш 4 сарын хугацаагаар Ц.Д, Г.Г нарт уулын ажлын зориулалтаар ашиглуулахаар, Ц.Д, Г.Г нар нь автомашины түрээсийн төлбөрт сард 6.000.000 төгрөг, гэрээний хугацаанд нийт 24.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Гэрээний талууд буюу түрээслүүлэгч А.С, түрээслэгч Ц.Д, Г.Г нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан ба уг хэлцлээр Ц.Д, Г.Г нар нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 20.000.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны дотор төлөхөөр тохирчээ.
Дээрх хэлцэлд талууд мөн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
/ХХ-ийн 5 дугаар тал/
0000УНЯ улсын дугаартай, норд вейвэн маркийн, хөдөлгүүрийн 1501EO21914, арлын LBZF46EAХАА030942 дугаар бүхий, шар өнгийн, ачааны зориулалттай автомашин нь А.Сын эзэмшлийнх болох нь автомашины тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 6, 57, 66 дугаар тал/
Түрээслэгч буюу хариуцагч Ц.Д, Г.Г нар нь түрээслүүлэгч А.С гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний дүнд ногдохоор ажил үйлчилгээг авч чадаагүй тул үлдэх төлбөр 20.000.000 төгрөгийг төлөхгүй хэмээн тайлбар гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн авто машин түрээслэх гэрээнд түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч А.С нь түрээслэгч талд гүйцэтгэх ажлыг нь олж өгөх талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байна.
Хариуцагч Ц.Д, Г.Г нар нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрт 24.000.000 төгрөг төлөхөөс 4.000.000 төгрөг төлсөн байх ба үлдэх төлбөр 20.000.000 төгрөгийг төлөх хугацааны талаар талууд харилцан тохиролцож байсан, гэрээ дүгнэх үед өөрсдийн төлөх мөнгөний талаар маргаж байгаагүй тул уг төлбөрийг хариуцагч Ц.Д, Г.Г нараас гаргуулж нэхэмжлэгч А.Сд олгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Г, Ц.Д нарын сэлбэгийн үнэ 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
/нумны 1 дүгээр өнгө 1 ширхэг 105.000 төгрөг, шил арчигчийн мотор 1 ширхэг 90.000 төгрөг/
Нэхэмжлэгч А.С, хариуцагч Ц.Д, Г.Г нарын хооронд 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Автомашин түрээслэх гэрээ-ний 3 дугаар зүйлд түрээслэгчийн буюу хариуцагч Ц.Д, Г.Г нарын эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 3.3-т Автомашиныг түрээсээр ашиглах хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэжээ.
/ХХ-ийн 6 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан дээрхи гэрээгээр түрээслэгч буюу хариуцагч Ц.Д, Г.Г нар автомашиныг түрээсээр ашиглах хугацаан дахь автомашиныг засварлах ажлыг өөрсдийн зардлаар гүйцэтгэхээр харилцан тохирсон байх тул С., Э.П нарын мэдүүлгийг үндэслэн 2016 оны 9 дүгээр сард уг автомашины сэлбэгт зарцуулсан гэх 195.000 төгрөгийг нэхэмжлэгч А.С хариуцах учиргүй байна.
Иймд хариуцагч Г.Г, Ц.Д нарын сэлбэгийн төлбөр 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч талд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан болохыг боломжит хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааны тов лавлах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Г, Ц.Д нараас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгож, хариуцагч Г.Г, Ц.Д нарын сэлбэгийн үнэ 195.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572.950 төгрөгөөс илүү төлсөн 315.000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болох 257.950 төгрөгийг болон хариуцагч Г.Г, Ц.Д нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, Ц.Д нараас 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН