| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.б овогт Б-ийн Т-, М овогт М-ын А- нарт холбогдох эрүүгийн 2513000000066 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07- ны өдрийн 13 цаг 16 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С.б овогт Б-н Т-, регистрийн дугаартай: БЛ.........;
2. Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогт М-ын А-, регистрийн дугаартай: ОЙ..........;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт байрлах М.А-ийн гэрт “хадам аавыг заамдлаа” гэх шалтгаанаар хохирогч М.А-ийн нүүр хэсэгт цохиж биед нь духны баруун хэсэгт шархтай, хавдартай, духны зүүн талд шалбарсан, хавдартай, зулайны баруун талд цус хуралттай, хавантай, дээд эрүүний зүүн ар талд зулгарсан, зүүн завжинд зулгарсан гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт байрлах гэртээ хохирогч Б.Т-тэй “...бидний амьдрал та нарт хамаагүй” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Т-ий нүүр хэсэгт цохиж, биед нь хамрын нурууны хавдартай, мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, духны баруун дээд хэсэгт зулгарсан гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нар нь харилцан бие биедээ гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хохиролтой холбогдуулж шүүгдэгч Тилекбергений хувьд бусдад төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүгдэгч М.А-ийн хувьд бол эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 3,126,659 төгрөгийг түүнээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн холбогдох дансанд шилжүүлэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрт гэх 3,126,659 төгрөг гарсныг төлж өгөх болно” гэв.
4. Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хоёр шүүгдэгчийн хувьд бол нэг гэрийн базууд байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж байсныг салгах гэж очсоноос болоод тухайн зодоон болсон. Иймд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хоорондоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хэлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000066 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Хохирогч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,
6. Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан №151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
8. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан №148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
9. Яллагдагч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
10. Яллагдагч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
11. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
12. Хохирогч Б.Т-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
13. Хохирогч М.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин авсан мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч Б.Т-, М.А-, өмгөөлөгч С.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-, М.А- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Б.Т- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт байрлах М.А-ийн гэрт “хадам аавыг заамдлаа” гэх шалтгаанаар хохирогч М.А-ийн нүүр хэсэгт цохиж биед нь духны баруун хэсэгт шархтай, хавдартай, духны зүүн талд шалбарсан, хавдартай, зулайны баруун талд цус хуралттай, хавантай, дээд эрүүний зүүн ар талд зулгарсан, зүүн завжинд зулгарсан гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр /Хөшөөт/ багт байрлах гэртээ хохирогч Б.Т-тэй “...бидний амьдрал та нарт хамаагүй” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Т-ий нүүр хэсэгт цохиж, биед нь хамрын нурууны хавдартай, мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, духны баруун дээд хэсэгт зулгарсан гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Хохирогч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Ц- сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт миний эхнэрийн төрсөн эмэгтэй дүүгийн нөхөр болох М-ын А- өөрийн эхнэр болох А.Н-тай гэр бүлийн асуудпаас болж цагдаагийн байгуулллагад шалгадаж байсныг сонсоод М.А-т очиж учир байдлыг хэлэх гээд хадам аавын хамт нэг дүүгийн хамт очиход М.А- нь бид нарт "та нар миний амьдралыг мэдэхгүй шүү" гэж хэлэхэд хадам аав М.А-ийг загнахад М.А- нь хадам аавыг заамдаж авсан ба түүнийг хадам дүү очиж салгах гээд байхад хоорондоо зодолдох шинжтэй байсан ба би очиж М.А-ийг салгаж авах гээд зогсож байхад санаандгүй М.А- миний хамар тус газарт гараараа хүчтэй цохиж унагаасан ба, би босч ирээд М.А-ийг хөлөөрөө өшиглөсөн үнэн. Тэр үед сумын цагдаа нар ирж бид нарыг цагдаагийн тасагт ирсэн. Болсон асуудал энэ байна. М.А- бид хоёр төрсөн баазууд, нэг айлын охиныг авсан. Миний хадам аавыг заамдаж авсан ба тэд нарт зодолдох шинжтэй байхаар нь очиж болиулах гээд зогсож байхад “намайг шууд гараараа хамар тус хэсэгт цохиж, миний хамрын яс хугарсан болно. Дээрх үйл явдал М.А-ийн гэрийн хашааны гадна талд болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,
19. Хохирогч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус аймгийн Ц- сумын 9 дүгээр багт байрлах гэрийн хашааны гадна орой 21 цагийн орчимд эхнэрийн төрсөн эгч нь болох Г-, түүний нөхөр Б.Т-, хадам аав болон хадам дүү нар ирээд эхнэр лүү утасдаж дуудсан. Тухайн үед эхнэрийн хамт нэг айлд явж байсан ба, та хоёр хурдан гэрийн гадна хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт хүрээд ирсэн чинь хадам аав намайг загнаад “чи яагаад эхнэрээ зодож байна бэ” гэж хэлээд гараараа цохих гээд байхад өөрийнгөө хамгаалж хадам аавыг бариад авсан. Гэтэл хадам дүү ирж М.А- аавыг заамдаж авлаа гээд байсан ба баз болох Б.Т- ирж надад чи яах гээд байна, зодох хэрэгтэй гэж хэлсэн ба тэр үед би Б.Т-ийг хамар тус хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан ба, тэр үед Б.Т- намайг өшиглөж, гараараа харилцан зодолдсон үнэн. Одоо буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр А.Н-тай гэр бүлийн маргаанаас болж эрх чөлөөнд халдаж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Тэр асуудлаас болоод хадам аав надад үг хэлсэн. Гэтэл хамт явж байсан баз Б.Т- өдөөн хатгаж үг хэлээд байхаар нь түрүүлээд гараараа цохисон үнэн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
20. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан №151 дугаартай “Иргэн Б.Т-ий биед хамрын нурууны хавдартай, мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, духны баруун дээд хэсэгт зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Б.Т-ий биед үүссэн гэмтлүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Иргэн Б.Т-ий биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Б.Т-ий биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
21. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан №148 дугаартай “Иргэн М.А-ийн биед духны баруун хэсэгт шархтай, хавдартай. духны зүүн талд шалбарсан, хавдартай, зулайны баруун талд цус хуралттай. хавантай, дээд эрүүний зүүн ар талд зулгарсан, зүүн завжинд зулгарсан, ар нурууны бүслүүр орчим цус хуралттай, хавдартай, баруун гарын алганы дээд гадаргууд зулгарсан, зүүн өвдөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.А-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтлүүд болно. Иргэн М.А-ийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. Иргэн М.А-ын дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
22. Яллагдагч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баз болох Б.Т надад хандаж “... чи яагаад хадам аавыг минь заамдаж байгаа юм бэ...” гэж хэлсэн ба миний уур хүрч баз болох Б.Т-ийг хамран тус газарт гараараа нэг удаа цохьсон ба намайг Б.Т- зөрүүлж өшиглөсөн ба бид тухайн газарт харилцан зодсон. Өөр надад ямар нэгэн нэмж хэлэх зүйл байхгүй, миний бие уг үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
23. Яллагдагч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ оны 01 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр Г-, А- нарын хамт баз буюу эхнэр Г-ын төрсөн дүү А.Н-ы гэрт очсон. А.Н- болон түүний нөхөр М.А- хоёр гэр бүлийн маргааны асуудлаас болж Ц- суманд шалгагдаж байгаа бөгөөд хадам аавтай хамт нөхцөл байдлыг тодруулахаар очсон. М.А-ийн гэрийн гадна очиход М.А- хадам аав А- хэрэлдэж барьцалдаж авсан, тухайн явдлыг би хараад “... Чи хөгшин настай хүнийг яагаад заамдаж аваад байгаа юм бэ...” гэж хэлээд тэр хоёрыг салгах гээд хадам аав болох А-гийн гарнаас татахад М.А- миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон ба би М.А-ийг 2 удаа өшиглөж улмаар харилцан зодоон үүссэн. Миний бие уг үйлдэлдээ гэмшиж байна, бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/,
24. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас 73,128 төгрөгийн, 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс эрүүл мэндийн Даатгалын сангаар 3,053,531 төгрөг, нийт 3,126,659 тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дэрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 гаргуулсанд тушаах шаардлагатай. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх үедээ гүйлгээний утга дээр хохирогчийн регистрийн дугаарыг бичиж байх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
25. Хохирогч Б.Т-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин авсан: “...надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
26. Хохирогч М.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед дахин авсан: “...надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт.
27. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
28. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
29. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
30.Шүүгдэгч Б.Т- нь хохирогч М.А-ийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед духны баруун хэсэгт шархтай, хавдартай. духны зүүн талд шалбарсан, хавдартай, зулайны баруун талд цус хуралттай. хавантай, дээд эрүүний зүүн ар талд зулгарсан, зүүн завжинд зулгарсан, ар нурууны бүслүүр орчим цус хуралттай, хавдартай, баруун гарын алганы дээд гадаргууд зулгарсан, зүүн өвдөгний дээд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
31. Шүүгдэгч М.А- нь хохирогч Б.Т-ий дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамрын нурууны хавдартай, мурийлттай, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, духны баруун дээд хэсэгт зулгарсан гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
32. Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
33. Иймд шүүгдэгч Б.Т-, М.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
34. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, хоорондын таарамжгүй байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
36. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасан байна.
37. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3,126,659 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн Даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
38. Хохирогч Б.Т-, М.А- нар нь бие биенээсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
39. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хариуцлагын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хийсэн хэрэгтээ гэмшдэг, хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 750 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 750,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
40. Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч С.Т-эс: “Эрүүгийн хариуцлагын хүрээнд болохоор хоёулаа анх гэмт хэрэг үйлдсэн, нэг нэгнийгээ уучилсан, гэмшсэн байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч тус бүрийг 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
41. Шүүгдэгч нараас: Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
42. Шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
44. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-, М.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
45. Шүүгдэгч Б.Т-, М.А- нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
46. Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгч нарын хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, М.А- нарын тус бүрт нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
47. Шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
48. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т-, М.А- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж байна.
49. Шүүгдэгч Б.Т-, М.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.б овогт Б-ийн Т-, М овогт М-ын А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, М.А- нарын тус бүрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 3,126,659 /гурван сая нэг зуун хорин зургаан мянган зургаан зуун тавин есөн/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
5. Шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Т-, М.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК