Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/222

 

 

 

 

        2021           3           4                                           2021/ДШМ/222

 

Б.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Х.Онолт,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Зт холбогдох 2008000001393 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Борлуут овгийн Батжаргалын Б.З, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д нярав ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2 дугаар байрны 285 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: УХ98101393/,

Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 285 тоотод “Ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Гурванбулагийг толгой, цээж хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь “...зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Борлуут овгийн Батжаргалын Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Гурванбулаг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Гурванбулаг нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.З нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байгаа болно. Хохирогчийн зүгээс одоогоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Цаашид гэр бүлийн хэвийн харилцаагаа хадгалж, аливаа маргаан, зөрчилгүй болсон гэж үзэж байна.

Шүүгдэгч нь “Таван толгой түлш” ХХК-д нярав хийдэг эрхэлсэн тодорхой ажилтай, сарын 900.000 төгрөгийн цалинтай юм. Шүүгдэгчийн зүгээс нийтэд тустай ажил хийх ялыг эдлэх нь ажлаасаа чөлөөлөгдөх эрсдэлтэй болж байна.

Иймд дээрх хөнгөрүүлэх болон бусад хувийн нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Б.З нь эрхэлсэн тодорхой ажилтай бөгөөд сар бүр тогтмол орлоготой тул ялыг өөрчлөн торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна. Хуулийн зохицуулалтыг харвал зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзах бус, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг харгалзан үзэх шаардлагатай байна. Шүүгдэгч Б.Зын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгаанаар хэрүүл маргаан хийж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон урьд нь нэг удаа биед нь халдаж, энэ хэрэгтээ Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага тооцогдоогүй нөхцөл байдал байдаг. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөлөөр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс харахад хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн, хэдийгээр гэм буруугийн хувьд маргахгүй байгаа боловч хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшсэн нөхцөл байдал харагддаггүй. Шүүгдэгч Б.З өгсөн мэдүүлэгтээ “хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Хохирогч хэрүүл маргаан хийсний улмаас зодох нь зүйтэй” гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Зыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 285 тоотод “Ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Гурванбулагийг толгой, цээж хэсэгт нь цохих, хоолойг нь боох зэргээр зодож, биед нь “...зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, Г.Гурванбулагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 15-17/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 18-22/, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 23-24/ зэрэг нотлох баримтууд болон,

“Г.Гурванбулагийн биед зүүн зовхи, уруул, цээж, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн чих, хөхлөг сэртэн, эрүүний булан, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10551 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 43-45/,

хохирогч Г.Гурванбулагийн “...Батжаргалын Б.Зтай 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр найз Одончимэгээр дамжуулан танилцаад тэрнээс хойш бид 2 үерхэж байгаад, 2018 оны 5 дугаар сард нэг гэрт буюу Б.Зын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 285 тоотод Б.Зын ээж Буян, ах Золзаяа нартай хамт амьдрах болсон. Б.З бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дундаасаа нэг охинтой болсон ба одоо охин маань 6 сартай. Б.З бид 2 албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүхэдтэй, хамт амьдраад 2 жил болж байна. ...23 цагийн үед цонхоор харахад байрны найз нартайгаа 7 дугаар орцны үүдэнд архи уугаад сууж байхаар нь би цонхоор нөхөр рүүгээ хандан “чи гэртээ орооч, өвчтэй юм уу, солиотой юм уу” гэж орилсон. Тэгээд Б.З тэр дороо орж ирэхэд  нь Б.Зт хандан “чи юу гээд архи уугаад байгаа юм бэ. Би маргааш ажилтай, усанд ормоор байна. Хүүхдээ хараад чадахгүй байна” гэж уурласан. Тэгээд би өрөө рүүгээ ороод хаалгаа дотроос нь түгжээд суучихсан. Тэгсэн чинь хадам ээж хаалганы цаанаас Б.Зыг өмөөрч “энэ их ааштай. Ийм амьдрал гэж байхгүй. Ингэж байхаар сал” гэж Б.Зт хэлсэн. Тэгэхээр нь хаалга онгойлгоод хадам ээждээ хандан “хэлж ярих чинь хэрээс хэтэрч байна. Би таны балиар үгийг их удаан тэсэж байгаа шүү” гэж хэлээд буцаад өрөө рүүгээ ороход Б.З араас орж ирээд цонхны урд зогссон. Би явлаа гээд хувцас хунараа бэлдэж байхад шкафан дээрээс шилэн савтай тос газар унаад хагарчихсан. Гэтэл Б.З эргэж хараад тэр хагарсан шилэн дээр гишгэчихсэн. Тэгээд хөл нь зүсэгдээд, уурлаад, над руу дайраад “чи манай ээжтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд ор руу түлхэж унагаад, миний дээр гарч суугаад 2 гарыг бариад, хоолой боогоод, миний 2 хацар руу алгадаж, дээрээс шүлсээ хаяад, намайг үг хэлээр доромжилж хараасан. ...Манай нөхөр Б.З миний дээр гарч суучихаад 2 гарыг бариад, хоолой боож, багалзуурдаж байгаад төвөнх чихэх гээд байсан. Би өмнө нь хоолойны төвөнх чихэгдвэл амь насанд ямар аюул учруулдаг болохоор талаар уншиж байсан болохоор толгойгоо 2 тийш нь сэгсэрч байгаад төвөнх чихэхээс нь мултарсан. Мөн миний дээрээс дарж суусан байхдаа миний баруун гарыг мушгиж, үснээс зулгааж байгаад дагз руу гараараа хэд хэдэн удаа цохьсон. Тухайн үед би 5 удаа ухаан алдсан байсан. Намайг ухаан алдаад сэрэнгүүт “үхээгүй байна. Боогоод алчихъя” гэж үргэлжлүүлэн хоолой боож, би “авраарай” гэж орилоход дэрээр миний нүүрийг дарж, бүтээж байсан. Би сүүлд нөхрөөсөө гуйж “ядаж хүүхдээ хөхүүлье, хүүхэд уйлаад байна” гэж аргадаж гуйхад намайг босгохгүй зодоод байсан. Энэ байдал 23 цаг 30 минутаас шөнийн 02 цаг хүртэл үргэлжилсэн. ...” /хх 27-32/,

гэрч Д.Буянгийн “...Тэр 2 хэрэлдээд байхаар нь би өрөө рүү нь орсон. Ороод “та 2 жаахан хүүхэд байхад битгий хэрэлдээд бай. Чадахгүй бол явцгаагаарай” гэж хэлсэн. Тэгээд нэг харсан чинь манай хүүгийн баруун талын хөлнөөс цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд өрөөндөө хэрэлдээд байсан. Би 3 жаахан хүүхэд харж байсан болохоор очоогүй. ...Манай хүү гэртээ орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” /хх 36-37/,

гэрч Б.Золжаргалын “...Батжаргалын Б.З нь миний төрсөн дүү байгаа юм. Б.З, Г.Гурванбулаг хоёр 2020 онд дундаасаа охинтой болсон. ...Б.З, Г.Гурванбулаг 2 өрөөндөө хэрэлдэж, маргалдсан байдалтай, Г.Гурванбулаг орон дээр суусан, Б.З өөдөөс нь хараад зогсож байхаар нь тэр хоёрт хандан “боль. Б.З чи яагаад байгаа юм бэ, юу болоод байгаа юм бэ” гэхэд Б.З юм дугараагүй гараад явсан. Тэгээд удалгүй хоёр цагдаа орж ирсэн. ...Өрөөнийх нь шал нь цус болсон байсан. ...Б.З шилэн дээр гишгээд хөлнөөс нь цус гарсан байсан. Харин Г.Гурванбулагийн хүзүү, хоолой нь улайсан байдалтай байсан. Өөр бэртэл, гэмтэл харагдахгүй байсан. ...” /хх 39-40/,

гэрч Ш.Батцэцэгийн “...Ганбаатарын Гурванбулаг нь миний төрсөн охин, Б.З нь манай хүргэн байгаа юм. Тэр хоёр 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дундаасаа нэг охинтой болсон. ...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.З хорооныхонтой амралтанд явж ирээд миний охиныг зодсон байсан. Миний мэдэж байгаагаар 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус тус зодсон. Б.З нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний охиныг зодохдоо 5 удаа ухаан алдуулсан, дандаа хоолой, хүзүүг нь гараараа боосон гэсэн. ...” /хх 41-42/,

 яллагдагч Б.Зын “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Г.Гурванбулаг бид 2 сонгуулийн сурталчилгаанд ажилласан хүмүүстэй хамт амралтанд явахаар болсон. Тэгээд явах гэтэл Г.Гурванбулаг “би явахаа болилоо, чи ганцаараа яваад ир” гэхээр нь би амралтанд яваад, Гурванбулаг гэртээ хүүхдээ хараад үлдсэн. ...Би өрөөндөө ороод хувцасны шүүгээний урд зогсож байхад “ирчихээд шууд орж ирдэггүй юм уу, хаагуур яваад байгаа юм” гээд өндөр дуугаар хэлэхэд ээж цаанаас ирээд намайг “жижиг өрөөнд орж унт” гэж хэлэхэд би өрөөнөөс гараад, жижиг өрөө рүү орох гэж байхад Г.Гурванбулаг араас дагаад хэрүүл хийгээд байхаар нь би ээжид хандан “та байж бай” би өрөөндөө ороод ярилцъя гээд буцаад өрөө рүүгээ ороод Г.Гурванбулагт хандан “би өөрөө цуг явъя гэхэд яваагүй байж яагаад уурлаад байгаа юм бэ. Би чамд явсан газрынхаа зургийг явуулсан шүү дээ” гэхэд миний үгийг сонсохгүй өөдөөс орилоод яриад байхаар нь “юундаа уурлаад байдаг юм бэ” гээд шкафны хажууд зогсож байхад шкаф дээрээс шилтэй тос унаад газар хагарсан. Би тухайн үед хөл нүцгэн байсан ба хагарсан шилэн дээр өөрөө гишгээд зүүн хөлийн тавхай хэсгээ гэмтээсэн. ...ээж ирээд “та 2 гарч хэрэлдэж, маргалд, зайл. Жаахан хүүхдүүд байна” гээд цаашаа явахад Г.Гурванбулаг араас нь “чи юу гээд байгаа юм бэ авгай минь” гэхэд ээж тоохгүй цаашаа явсан. Би уурлаад “чи давраад байгаарай” гэхэд ээж рүү “янхан. Нөхөр нь өнгөрөөд удаагүй байхад банзалддаг” гээд хараагаад байхаар нь би амыг нь дараад орон дээр дарж хэвтсэн. Тэгээд “дуугүй бол” гэхэд миний өөдөөс гараараа цохих гээд байхаар нь хоёр гарыг нь дарахад өөдөөс нулимсан. Тэгээд би манай ээжийг хараагаад байхаар нь би дуугүй болгох гээд амыг нь дараад дуугүй болохгүй байхаар нь хоолойг нь гараараа дарж боосон. Энэ үйлдэл 2 цаг гаран үргэлжилсэн. Тэгээд би Г.Гурванбулагийн дээр дараад хэвтэж байхад бэр эгч Золзаяа орж ирээд “больцгоо” гэхэд нь би “та цаанаа байж бай” гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Удалгүй манай ах Золжаргал орж ирээд “боль” гээд намайг Г.Гурванбулагийн дээрээс босгосон. Тэгээд манай ах намайг “цаанаа байж бай” гэхээр нь би тайвшрах гээд гэрээсээ гараад явсан. ...Би Г.Гурванбулагийг нэг удаа хацар руу нь алгадсан. Тэгээд орилоод байхаар нь дуугүй болгох гээд хоолойг нь боосон. ...” /хх 54-56/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...энэ хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд зэрэг хамаарна. ...” гэж хуульчилснаас үзэхэд Б.З, Г.Гурванбулаг нар нь хэдийгээр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Зыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Б.З нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Г.Гурванбулагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшин “...Б.З нь эрхэлсэн тодорхой ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэдийгээр Б.З нь “Таван толгой түлш” ХХК-д нярав ажилтай, сарын 900.000 төгрөгийн тогтмол цалинтай /хх 70, 104/ болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг удаан үргэлжилсэн цаг хугацаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэх шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд тус тус нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1237 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ