Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

 

 

 

 

   2025           02           20                                          2025/ШЦТ/94

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0061/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, "Аму молл” худалдааны төвд гоо сайханч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхэд, төрсөн эгч, түүний 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  *******

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* баарны замын эсрэг талд *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ******* ******* руу электрон тамхи шидэхэд нь буцаан шидэж улмаар *******н хамран тус газар нь онож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

Хохирогч *******н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс энэ оны 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө 00 цагийн орчимд удаан уулзаагүй Энэрэл гэдэг хуурай дүүтэйгээ уулзах гээд нөхөр , нөхрийн найз нарын хамтаар дөрвүүлээ бааранд орсон, ороод удаагүй байтал нөхөр тамхи татах гээд гарсан би удалгүй ардаас нь хуурай дүү болох хамт бас тамхи татах гээд гартал гээд хуурай дүүтэй баарны үүдэнд таарсан. Тэгээд өмнө нь эхнэр гэх эмэгтэй манай гэр бүлийн асуудлыг хүмүүст ярьж яваад байсан болохоор би тай таарсан дээрээ энэ тухай нь хэлье гэж бодоод д хандаж “миний дүү эхнэр чинь юу яриад яваад байгаа юм бэ гэхэд” надад хандаж “таныг ээ ахын эхнэр гэдгийг мэдэхгүй байсан болохоор тийм юм ярьж явсан юм байна лээ би эхнэртээ хэлсэн” гэхээр нь би хандаж “танай эхнэр чинь хаана байгаа юм гэхэд” манай эхнэр тэнд байна гээд миний зогсож байсан зүгийн эсрэг зүгт гараараа заахаар нь би эргээд хартал намайг хараад зогсож байсан, би гараараа заасан үл таних эмэгтэйн хажууд очоод тухайн эмэгтэйд хандаж “би байна, чи намайг таньдаг мэддэг болоод миний амьдралыг бусдад яриад байгаа юм уу” гэхэд тухайн үл таних эмэгтэй надад хандаж "одоо битгий давраад байгаарай” гэж хэлээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн тэгэхээр нь би Байгалааг дуудаад “танай эхнэр хэн болчхоод намайг үгээр идэж гар хүрч байгаа юм” гэж хэлээд зогсож байтал нүдний шилтэй хар өнгийн курткатай эмэгтэй хүн намайг алгадаад миний толгой руу цохихоор нь би тухайн үл таних эмэгтэйд хандаж “чи хэн бэ гэхэд” чи манай яагаад байгаа юм гэж надад хэлсэн, ...миний нүүр рүү хатуу юм шидээд миний хамрыг оносон, тэгээд хамраас цус гараад эхэлсэн болохоор нь би хуурай дүү хамтаар эмнэлэг орсон ийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60/, “...Би сэтгэцэд учирсан хохиролдоо 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Би тухайн өдрөөс хойш шөнө түгшээд унтаж чадахгүй байгаа бас толгой эргээд байдаг болсон, барьсан тавьснаа мартаж санаад байгаа тийм учраас 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Эмнэлгийн байгууллагад үзүүлж шинжилгээ хийлгэсэн баримтууд байгаа тухайн баримтуудын нийт үнийн дүн 464,500 төгрөг болж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/,

Гэрч М.нарангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... эгч салаад цаашаа явж байсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ аваад буцаад ******* баарны урд ирээд зогсож байтал эхнэрийн эгч , нар дэлгүүрийн зүгээс ирээд ахад хандаж чи манай дүү нарыг яаж байгаа юм гэж хэлээд ахын хүзүүнээс зуураад эхэлсэн тэр хоёр зууралдаад зогсож байтал цагдаа нар ирээд салгахаар нь би цагдаа нар ирчихсэн юм чинь гэж бодоод эхнэрээ аваад Манхан дэлгүүрийн зүг салаад явтал ард хүмүүс орилоод байхаар нь эргээд хартал эхнэрийн эгч г эгч дүүтэйгээ нийлээд үснээс нь зулгаагаад доороо оруулчихсан байсан болохоор нь би эргэж очоод салгах гээд дундуур нь ороод салгаад зогсож байтал эгч дүүтэйгээ нийлээд манай эгч руу дайраад байхаар нь би эхнэр болон түүний эгч хоёрыг аваад цаашаа яваад Тамир дэлгүүрийн урд зогсож байтал эгч ардаас ирээд миний эхнэрийн нүүр рүү электрон тамхи шидээд эхнэрийн хацрыг оноод электрон тамхи нь газарт унатал эхнэр газраас шүүрч аваад буцаагаад эгчийн нүүр рүү шидтэл нүүрэн хэсгийг нь оночихсон яг аль хэсгийг нь оносныг хараагүй тэгтэл цагдаа нар манай эхнэрийг эгчтэй нь хамт машиндаа суулгаад төв цагдаа руу аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс энэ оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз түүний эхнэр , эхнэр, хуурай дүү Энэрэл нарын хамтаар ******* нэртэй баар руу орсон. Тэндээ хэсэг бүжиглэж байгаад тамхи татах гээд баарнаас гартал баарны үүдэнд зүс мэдэх дүү болох Байгалаатай таарсан. Тэгээд ярилцаад зогсож байтал манай эхнэр Энэрэл болон хоёртой гарч ирсэн. Тэгээд эхнэр Байгалаатай ярих юм байна гээд Манхан дэлгүүрийн зүг шатаар буугаад явсан. Би тамхи татаад ардаас нь шатаар буутал эхнэрийн эгч гэх цагаан өнгийн үслэг эдлэлтэй эмэгтэй хүн надад хандаж “би чамайг мэднэ шүү чи муу баарны тавилга янхан банди гэдгийг чинь мэднэ шүү” гэж хэлээд миний хүзүүнээс багалзуурдаад хүзүүнээс маажсан удалгүй хоёр цагдаа бид хоёрын хажууд хүрч ирээд намайг эмэгтэй хүн зодож байна гэж бодсон юм уу яасан юм мэдэхгүй байна ямар ч байсан намайг битгий орилоод байгаач гээд миний цээж рүү түлхэхээр нь би тухайн цагдаад хандаж энэ эмэгтэйн асуудлыг шийдээч энэ танихгүй эмэгтэй хүн миний биед халдаад байна гэж хэлтэл хуурай дүү Энэрэлийг эхнэр гэх эмэгтэй болон үл таних хар өнгийн хувцастай эмэгтэй хоёр үсдээд зогсож байтал миний эхнэр тухайн эмэгтэйчүүдийг дүүгээс салгах гээд очсон гэтэл эхнэр гэх эмэгтэй миний эхнэр рүү хандаж би танай нөхрийг хэн гэдгийг мэднэ хэнтэй явдгийг бас мэднэ гээд орилоод байсан тэгэхээр нь миний эхнэр чи юу гээд байгаа юм гээд эхнэр дээр яваад очтол эхнэр миний эхнэрийн нүүр рүү алгадаад авсан. Тэгээд би дундуур нь ороод салгатал эхнэр миний эхнэрийн нүүр үү юм аваад шидсэн удалгүй эхнэрийн хамраас цус гараад эхэлсэн тэгээд хоёр цагдаа эхнэр гэх эмэгтэйг болон цагаан өнгийн үслэг эдлэлтэй эмэгтэй хоёрыг машинд суулгаад бид нарыг ардаас цагдаа дээр хүрээд ирээрэй гэж хэлээд явсан ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67/,

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 20 цагийн орчимд хуурай ах Чингүн эгч нартай гэрийн гадаа уулзсан тэгээд бид 3 гурав үйлчилгээний төвийн замын эсрэг талд байрлах нэртэй караоке ороод дуулж байгаад 23 цаг үед тэндээсээ гараад ******* нэртэй баар руу орсон. Тэгээд захиалгаа өгчхөөд зогсож байтал ах гараад явсан тэгэхээр нь эгч бид хоёр тамхи татах гээд ардаас нь гартал ах баарны үүдэнд зүс таних гэх залуутай юм яриад зогсож байсан. Тэгсэн эгч д хандаж чи миний амьдралыг энд тэнд битгий яриад яваад байгаач гэж хэлсэн. Тэгсэн ах эгч гурав шатнаас доошоо буугаад явсан тэгээд би тамхи татаад зогсож байтал гэх залуугийн эхнэр нь замын эсрэг тал руу гутал шидэж байсан. Тэгээд би тухайн эмэгтэй дээр явж очоод түүнд хандаж чи хэний гутлыг шидээд байгаа юм гэхэд эхнэр надад хандаж бигийн гутлыг шидэж байна гэж надад хэлсэн, тэгэхээр нь би гутлыг нь аваад замын эсрэг талын дэлгүүрийн зүг алхаж байтал ганцаараа зогсож байсан. Тэгээд би д хандаж эгч хаана байна гэхэд надад тийшээ явсан гээд гараараа Од цогцолборын зүгт заасан тэгээд заасан зүгт нь яваад очтол эгч машин налаад зогсож байхаар нь гутлыг нь өмсгөөд буцаад ******* байрны зүг явсан. Тэгээд эгч караокены урд үлдээд би ******* рүү буцаж ороод өөрийн болон эгчийн куртка цүнх зэргийг аваад гарч иртэл эхнэр Гоо гэх охины эгч нь гээд цагаан өнгийн үслэг эдлэлтэй эмэгтэй хүн ахтай хэрэлдээд бас эгчийг зүй бус үгээр доромжлоод зогсож байтал эргүүлийн цагдаа нар ирээд салгах гэж оролдсон. Тэгээд зогсож байтал эгчийн нүүр үү нь эхнэр Гоо гээд охин электрон тамхи шидсэн. Тэгээд эргүүлийн хоёр цагдаа Гоо болон түүний эгч гэх эмэгтэй мөн гурвыг машинд суулгаад аваад явсан тэгээд би нэгдсэн эмнэлэг рүү авч яваад үзлэг хийлгүүлчхээд ардаас нь төв цагдаа руу аваад очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/,

Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...нөгөө эмэгтэй нүдний үзүүрт цаанаас алхаад ирж байгаа нь харагдаад над руу электрон тамхи шидэхэд миний хацар оноод газар унасан. Тэгэхээр нь би над руу шидсэн электрон тамхийг газраас шүүрч аваад зөрүүлээд шидэхэд хамрыг нь оносон юм шиг байсан. Ёо наад янхан чинь миний нүүр рүү юм шидчихлээ гэх нь сонсогдсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай: “... *******н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт...бүхий гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 85-87/,

Шинжээч эмч Б.Намсрайн “Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь хурц ирмэггүй мохоо эд зүйл шидээд оногдсоноос үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91/,

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 88/,

Саран Элит эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 89/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-30, 31-34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Иргэний хуулийн 497, 505, 511 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор сэтгэцэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”,

 

230 дугаар зүйлд 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж тус тус заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Хохирогч *******: “...Хамрын хагалгаа 11,000,000 төгрөг, бодитоор гарсан зардлыг баримтын дагуу нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ” гэв.

 

Шүүгдэгч ******* : “Сэтгэцэд учирсан хохирлыг төлөхийг эсэргүүцэж байна” гэв.

Улсын яллагч: “Шүүгдэгчээс баримтаар нэхэмжилж буй 464,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдэхэд саналгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 35,396 төгрөгийг гаргуулах саналтай байна“ гэжээ.

 

Шүүгдэгч ******* нь завсарлага авч хохирогч *******н баримтаар гаргаж өгсөн хохирол 464,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан, *******д эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардал 35,396 төгрөг /хавтаст хэргийн 128/-ийг төлж барагдуулсан байна.

 

Хохирогч мэс заслын эмчилгээ хийлгэх зардал 11,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын зардал нэхэмжилнэ гэх боловч ямар аргачлалаар хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар тайлбарлаагүй, мэс заслын эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, уг мэс заслын эмчилгээг хийлгээгүй, уг зардал бодитой эсэх нь тодорхойгүй байх тул уг зардал болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД