| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2019/02323/И |
| Дугаар | 101/ШШ2019/02115 |
| Огноо | 2019-07-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2019/02115
2019 оны 07 сарын 29 өдөр Дугаар 101/ШШ2019/02115 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б / ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЗД
Ажилгүй байсан хугацааны олговорт 2,028,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Я.Б, нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2018 оны 10-р сарын 01-ээс 2019 оны 03-р сарын 01 хүртэлх 5 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1,908,000 /нэг сая есөн зуун найман мянган/ төгрөгийг гаргуулах тухай.
БЗД-ийн Иргэний хэргийн шүүхийн 2018.10.23-ны 101/ШШ2018/03262 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2417 дугаар магадлалаар тус тус Г.Б намайг БЗД-ийн 1-р хорооны хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч болох БЗД-ийн ЗДТГ-т даалгасан билээ. Хариуцагчаас 2018.04.20-ноос 9-р сарыг дуусах хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг надад олгохоор шийдвэрлэсэн. БЗД-ийн ЗДТГ-ын даргын 2019.03.01-ний Б/52 тоот тушаалаар Г.Б намайг БЗД-ийн 1-р хорооны хэсгийн ахлагчаар 2019.03.01-нээс эхлэн ажиллуулсан. 2019.02-р сараас эхлэн хэсгийн ахлагчийн сарын цалин 480,000 төгрөг болсон юм. Урьд нь нэхэмжлэх шаардлагатай байсан 10-р сарын 01-ээс 23-ныг хүртэлх 23 хоногийн /23 хоног х 12,000/ цалин болох 276,000 төгрөгийг нэхэмжлээгүй орхигдуулсан байсан. Үүнийг сүүлд нь мэдсэн. Иймд 23 хоногийн 276,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. БЗД-ийн анхан шатны шүүхийн 2018.10.23-ны шүүх хуралдаан болсон өдрөөс 2019.02.01-ний өдөр хүртэлх хугацааны 3 cap, 6 хоног /3 cap х 360,000 + 6 хоног х 12,000/ -ийн цалин, 2019.02.01-ний өдрөөс 2019.03.01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин нэмэгдсэн учраас 480,000 төгрөг болж нийт 1,908,000 /нэг сая есөн зуун найман мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэл дээр дурдсан 2019.02-р сараас гэдгийг тодруулж 2019.01.01- ээс эхлэн сарын цалин 480,000 төгрөг болсон гэсэн шаардлагаа нэмэгдүүлж нэг сарын цалин болох 120,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Хариуцагчаас нийт 2,028,000 /хоёр сая хорин найман мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сарын цалингийн нэмэлт болох 120,000 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамжинд 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөг төлсөн болно.
Иргэн Гомбын Б миний бие Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрыг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 10 сарын 1-нээс 2019 оны 3 сарын 1 хүртэлх хугацааны Хөлсөөр ажиллах гэрээ-ний хөлс нийт 2.028,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Харин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг орхигдуулсан байна. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар нь Хөлсөөр ажиллах гэрээ-г цуцалсан нь хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон бөгөөд Шийдвэр, Магадлал нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болж хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл (Гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, мөн ажилд эргүүлан авалгүй хугацаа алдсан)-ийн үр дагавар болж, иргэн Г.Б би хохирч байна Ялангуяа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөлгүй орхигдсноор тэтгэвэрт гарах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад сөрөг үр дагавар бий болж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 сарын 1-нээс 2019 оны 2 сарыг дуусталх хугацааны Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт даалгаж өгнө үү гэж томъёолон ихэсгэж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийг хангаж шийдсэн. Магадлалаар шийдвэрийг хэвээр баталсан. БЗДЗД нь үндэслэлгүй цуцалсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Улмаар нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүссэн. 2018.10.1-2019.3.1 хүртэлх хугацаанд хөлс 2 028 000 төгрөг нэхнэ.
Шийдвэрт 2018.10.23 өдөр хүртэл хөлс нэхээгүй гэж байгаа. 2018.10.23-2018.12.31 хүртэл 2 сар 6 хоног болно. Нэг сарынх 360 000 төгрөг тул 2 сарынх 720 000 төгрөг, 6 хоногийнх 72 000 төгрөг. Нийт 792 000 төгрөг болно. 2019 оны 1 ба 2 сарынх 960 000 нийлээд 2 028 000 болно. Мөн НД болон ЭМД шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлага нэмж гаргасан гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Г.Б-гийн нэхэмжлэлтэй, дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд ...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 5 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1.908.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган нийт 2,028.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Б нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар тус дүүргийн 1 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар томилогдож хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгчийг хэсгийн ахлагчаар томилогдсон өдрөөс эхлэн өнөөг хүртэл хугацаанд cap бүр ажил дүгнэн урамшуулал тооцож зохих журмын дагуу цалин, хөлсийг олгосоор ирсэн. Нэхэмжлэгч Г.Бг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03262 дугаар шийдвэрээр хэсгийн ахлагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэрийг эс зөвшөөрсний улмаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 24/7 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгч Г.Бг тус дүүргийн 1 дүгээр хороонд хэсгийн ахлагчаар томилж, хөлсөөр ажиллуулах гэрээг шинэчлэн байгуулахаар болсон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 1 дүгээр хороонд хэсгийн ахлагчийн сул орон тоо гарсаны дараа Г.Бг томилохоор болсон ба нэхэмжлэгч нь дээрх асуудлыг ойлгон харилцан зөвшөөрсөн байдаг. Ийнхүү хариуцагчаас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд томилохоор болж хөлсөөр ажиллуулах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлдөг тул энэ хугацаанаас өмнөх цалин, хөлс авахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Я.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмнөх шийдвэрийг үндэслэсэн. Өмнөх шийдвэрт нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүйн улмаас ЗД-н тушаалыг хүчингүй болгосон. 2 028 000 төгрөг олгох боломжгүй. Шүүхийн шийдвэр нь магадлал гаргаснаар хүчинтэй болсон. Хяналтаар гомдол гаргаагүй. 1-р хороонд хэсгийн ахлагчийн орон тоонд өөр хүн ажиллаж байсан. Хэсгийн ахлагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явагддаг. Үүсэж байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэгчтэй ярьсан байдаг. Улмаар ажиллаж байгаа хүнийг өөр тийш нь шилжүүлэхэд хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгосон байдаг. Дараа нь хуучин албан тушаалд нь эргүүлэн тогтоосон байдаг. 2018.10.1 өдрөөс эхлэн цалин нэхсэн нь 2018.12.7-нд магадлал гарсан тул үндэслэлгүй. Сул орон тоо байгаагүй тул 2 сарыг дуустал цалин нэхсэн нь үндэслэлгүй гэв.
Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2,028,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан тул шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан, мөн тухайн албан тушаалд өөр хүн ажиллаж байсан, улмаар нэхэмжлэгчтэй энэ талаар ярилцаж тохиролцсон бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажил албан тушаалд томилсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 03262 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Бг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж, улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2417 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Зохигч хэн аль нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй гэж тайлбарлаж байна. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Бг мөн өдрөөс эхлэн хэсгийн ахлагчаар ажиллуулж эхэлсэн байна. Энэ үйл баримтын талаар маргахгүй байна.
Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Иймд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянах хугацааны олговор олгох үндэслэлгүй гэж маргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болно. Харин шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд үүнийг шууд шийдвэр хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр болоогүй гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалд өөр хүнийг ажилд авсан байсан тул нэхэмжлэгчийг буцаан ажилд томилох хугацаа хойшилсон гэж хариуцагч тал тайлбарласан. Энэхүү тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцэхгүй байх тул үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч нь ажил албан тушаалд эгүүлэн томилох хугацааны талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх 03262 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүртэлх хугацаан хөлсийг нэхэмжлээгүй гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэсгийн ахлагчийн албан тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сар бүр 360,000 төгрөгний хөлс, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 480,000 төгрөгний хөлс олгож байгаа нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/1548 дугаар албан тоотоор тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй.
Үүнээс нэхэмжлэгчид олгох олговрыг тооцвол 2018 оны 10-12 сар буюу нийт 3 сарын хугацаанд 1,080,000 /3*360,000/ төгрөг тооцогдоно. Мөн 2019 оны 1 болон 2 дугаар сарын хугацаанд 960,000 /480,000*2/ төгрөг тооцогдоно. Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2,040,000 төгрөг шаардах эрхтэй боловч 2,028,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улмаар нэгэнт ажилгүй байсан хугацааны олговор олгох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Ажилгүй байсан хугацааны олговор шаардах хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэдийгээр нэхэмжлэгчийг дээрх 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон боловч нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж байсан байна. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05329 дүгээр захирамжаар шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацаан олговорт нийт 2,028,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 117,598 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 2,630 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД