| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
2025 03 18 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бы Хт холбогдох эрүүгийн 2538000000085 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Бы Х,19*** оны *** дугаар сарын **-ний өдөр ********** төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **, эхнэр, *** хүүхдийн хамт, ************ оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, регистрийн УХ88070930 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч М.Н, Б.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь дагзанд шарх, баруун чихний дэлбэн, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
хохирогч М.Ныг зодож, эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн шанаанд зулгаралт цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-9-р хуудас),
Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Б.Э, М.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг,
Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын суманд 2025 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед найз Х найз эхнэр дүү Н бид гурав Хараа нэртэй 0.75 литрийн архи 2 шилийг хувааж уугаад би тасраад унасан байсан. Орой 21 цагт Рашаант сумын төвийн Соёлын төвийн 2 давхарт толгойноос цус гоожсон толгойг цагаан давуугаар боосон байсан. Тэгээд ухаан ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаа ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),
Хохирогч М.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эыг ална гээд хэлэхээр нь та юу алах яриад байгаа юм орьё гэж хэлсэн. Чи бараг Эыг өмөөрлөө, та хоёр яадаг юм гээд миний нүүр толгой хэсэг рүү цохиод намайг хашаа руу түлхээд Э машин дотор сууж байсан татаж буулгаад зодоод байсан. Би нүүрнийхээ цусыг аргилгаад харсан чинь Х ах гартаа заазуур барьсан Эыг зодож байгаад Соёлын төв рүү орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 121.547 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан. Мөн хохирогч М.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 121.547 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Энэ мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг ( хх-ийн 22-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 111 дугаартай:
1. Б.Эы биед дагзанд шарх, дух, баруун чихний дэлбэн, зүүн хацар, зүүн чамархайн хуйханд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Б.Эы биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 31-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай:
1. М.Нын биед зүүн хөмсөг, зүүн шанаанд зулгаралт цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. М.Нын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),
Хохирогч М.Нын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “...хүргэн ах Б.Хт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт (хх-ийн 61-р хуудас),
Хохирогч Б.Эы 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...найз Б.Хт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт (хх-ийн 62-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Х нь хохирогч М.Н, Б.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч М.Нын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “...хүргэн ах Б.Хт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт (хх-ийн 61-р хуудас), хохирогч Б.Эы 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “...найз Б.Хт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт (хх-ийн 62-р хуудас)-ийг гаргасан байна.
Хохирогч М.Н, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 243,094 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 59-60-р хуудас)-аар тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Х нь Эрүүл мэндийн даатгалын санд 243.094 төгрөгийн хохирлыг барагдуулсан тухай 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Х нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000085 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бы Хыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538000000085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР