| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2021/03593/И |
| Дугаар | 101/ШШ2021/03375 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2021/03375
| 2021 10 26 | 101/ШШ2021/03375 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2007 онд Нтэй танилцаж, 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин Ш овогт Бгийн Д, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Ш овогт Бгийн Ба нар төрсөн. Бид албан ёсоор хамт амьдраагүй, хоёр биенийхээрээ орж гаран уулздаг байсан учир гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. 3 жилийн өмнөөс Н өөр хүнтэй суух боллоо гэж хэлээд холбоогүй болсон. Цаашид хамт амьдрахгүй тул 2 хүүхдийн эцэг Ч.Н мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Д, Б.Ба нар миний төрсөн хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн миний зүгээс хуульд заасан тэтгэлэг төлнө. Би хамтран амьдрагчтай болсон, 3 жил болж байна, эвлэрч амьдрахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Г.Б нь хариуцагч Ч.Нд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2 хүүхэд миний хүүхэд мөн тул эцэг тогтоох шаардлагагүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Ч.Н нар нь 2007 онд танилцаж, эр эмийн харилцаатай болж тэдний дундаас 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин Ш овогт Бгийн Д, 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Ш овогт Бгийн Ба төрж, эхийн асрамжид эрүүл бойжиж, одоо ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Хөгжил цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан, сургалтын менежерийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна гэж заасан.
Хариуцагч Ч.Н нь охин Б.Д, хүү Б.Ба нарыг өөрийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүүхдүүд төрөхөд эхийн нэрээр овоглосон байх тул шүүхийн журмаар охин Б.Д, хүү Б.Ба нарын эцгээр хариуцагч Ч.Нг тогтоох нь зүйтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар охин Ш овогт Бгийн Д, хүү Ш овогт Бгийн Ба нарын эцгээр хариуцагч Ч.Нг тогтоож, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан тул 2 хүүхдэд тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2 хүүхдийн тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар тогтоож, эцэг Ч.Нгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин Ш овогт Бгийн Д , 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Ш овогт Бгийн Ба нарын эцгээр хариуцагч Хонь онход овогт Чын Нг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ш овогт Бгийн Баыг 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Ш овогт Бгийн Дыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Ч.Нгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т тус тус зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Нгээс 168,845 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар уг шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ