Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/49

 

 

 

 

 

 

                                                                                  2025/ШЦТ/49

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

            Улсын яллагч: Ж.У

            Шинжээч: Б.О

            Хохирогч: С.П

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А

            Шүүгдэгч: Н.А

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Нийн Ад холбогдох 2412............. тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ....... аймгийн ........сумын ....... дүгээр багийн ............. тоотод түр оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар нийт 05 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Нийн А /ИБД:........./   

 

                                     Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед ........... тоотод байх өөрийн орон байрандаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь банзаар цохисон, мөн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 цагийн үед өөрийн гэртээ С.Пг унтаж байхад нь түүний нүүр рүү нь 2-3 удаа, цээж хэсэг рүү нь 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, шанаа нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, зүүн талын 6-11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүх хуралдаанд:

 

           Хохирогч С.П мэдүүлэхдээ: Тэр орой нь бид 2 хамт айлд цай уусан юм. Тэгээд гэртээ орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг гэрээс дэлгүүр орох болгонд 5 минут яваад ир, хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад чи хэнтэй яриад байгаа юм, ах дүү нарынхаар ороход хүртэл 5 минут явчихаад ир гэж хэлдэг. Дандаа намайг сэтгэл зүйгээр дарамталдаг. Намайг чи нөхрөө алсан миний толгойг ч  залгих байх гэж хэлдэг. Урьд нь намайг зоддоггүй байсан. Би Н.Ад зодуулчихаад гэртээ 2 хоног, эгчийндээ 2 хоночхоод эмнэлэгт 3 хоног хэвтээд бие арай гайгүй болсон гэв.

 

          Шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Цээж рүү нь уурандаа гутал шидсэн нь миний буруу. Манай хажуу талын айлын эхнэр надад эхнэр чинь гадаа уначихсан байна гэхээр нь би гэртээ оруулж ирсэн. Пагма архи уучихсан байсан. Гэртээ орж ирээд хэл ам хийгээд байхаар нь би гутал аваад шидчихсэн нь үнэн. Би банзаар цохиогүй. Хавиргыг нь хугалаагүй. Арай хэтэрхий худлаа хэлсэн байна. Би араатан биш тул юу гэж ингэж зодох вэ дээ. Мөн би унтаж байхад нь зодоогүй. Ийм л зүйл болсон гэв.

 

          Шинжээч Б.О мэдүүлэхдээ: 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаар 1. С.Пгийн биед зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шууны шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болохын өмнө үүсэх боломжтой. 4. Зүүн талын 6-11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, шанаа нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт гарсан. Хохирогчийн биед үүссэн 6-11 тооны хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хохирогчийн хавиргануудын хугарал зөрүү багатай учир зовиур багатай, өөрөө мэдэхгүй байж болно. Хавирганы зөрүүгүй хугарал ойролцоогоор 7 хоноод зовиургүй болж болох боловч ясны хугарал 30 хоногоос дээш хугацаанд эдгэрдэг гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

        Эрүүгийн 2412.............. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

        Хохирогч С.Пгийн өгсөн: “...Би хамтран амьдрагч А гэх хүнтэй амьдраад 3 жил болж байна. 2024 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би 19 цагийн үед нойлд бие засаад сууж байсан чинь миний араас гэрээс гарч ирээд нойлын урд байсан модон банзаар миний хамар хэсэг рүү нэг удаа бүлж цохисон. Тэгээд гэр рүүгээ юм ярилгүй яваад өгсөн. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарсан. Би хамраас гарсан цусаа тогтоож хамраа угаагаад гэртээ орж нөхөртэйгөө юм ярилгүй баруун талын орон дээр ороо засаад унтсан юм. Тэгтэл шөнө 02 цагийн үед унтаж байхад миний нүүрэн дээр гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд буцаад унтаад өгсөн. Би тухайн үед чи яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлтэл би чамайг алчихсан байсан ч хамаагүй гэж хэлээд унтаад өгсөн. Маргааш нь манай нөхөр А чи нүүрээ яасан юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь чи намайг ийм болголоо гэтэл би санахгүй байна, би ийм ууртай болоод байх юм гэж хэлээд гараад явсан. Орой нь бас согтуу ирээд унтсан. Би 06 дугаар сарын 29-ний шөнө Ад зодуулсан учир миний бие өвчтэй зовуурьтай тэр өдрийг давсан. Бас намайг гарч дэлгүүр орж архи авчирч өг гэж дарамталсан бусдаар хэвийн болсон. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1 дүгээр багийн хэсгийн хорооноос нийгмийн ажилтан намайг гар утсаар дуудаж ирж нийгмийн даатгалаа төл гэхээр нь очтол нийгмийн даатгалын ажилтан миний яр шархтай нүүрийг хараад та ямар аймаар болсон юм бэ, би 103 дуудаад өгье гэж хэлээд түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний эмч ирж үзээд намайг нэгдсэн эмнэлэг рүү авч яваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Өөр зүйл болоогүй. Би хамтран амьдрагч Ад зодуулснаас хойш миний бие муудсан миний 6,7,8,9,10,11 дүгээр хавирга хугарсан, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн хацар шанаа нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг авсан. 07 дугаар сарын 12-ны өдөр миний бие муудаж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн одоо өмнөхөөсөө арай гайгүй болж байна тэгэхдээ бас хэцүү байна. Би өөрийн хамтран амьдрагч Н.Атай 3 жил гаруй хугацаанд хамт амьдарч байна. Энэ хугацаанд А байнга архи уусан гэртээ ирээд намайг зодож элдэв муу үгээр хэлж доромжилж байдаг байсан. Тэгээд би арга ядаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгнө гэж хэлэхээр цагдаад хэлбэл би чамайг ална гэж айлгаж сүрдүүлдэг байсан болохоор би айгаад хэлж чаддаггүй байсан. Намайг байнга дарамтладаг. Би өөрийн ах дүү нартаа хэлж байгаагүй. Сүүлийн үед аргаа бараад хэлсэн. Тодорхой эрхэлсэн ажилгүй архи их уудаг хүн байгаа юм. Би өмнө нь 3 хүүхэд, нөхрийн хамтаар амьдардаг байсан ба манай өмнөх нөхөр 2017 онд элэгний хорт хавдраар нас барсан. Миний гурван хүүхдийг талийгч нөхрийн ар гэрийнхэн авсан. Би ганц бие болоод байж байх үед Н.А гэх хүнтэй танилцаад хамт амьдраад зовлон үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/     

 

Хохирогч С.Пгийн дахин өгсөн: “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй, шаардлагагүй. Өөрийн хамтран амьдрагч Н.Ад зодуулсны улмаас миний бие өвдөж шаналсан. Эмнэлгийн байгууллагаар явж үзүүлсэн. Мөн 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний бие эмнэлэгт хэвтсэнээс хойш харьцангуй хэвийн болсон. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсмээр байна...гэх мэдүүлэг / хх-ийн 112 хуу/

 

Гэрч С.Цийн өгсөн: “... Би хөдөө гэртээ байхад 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үнээгээ саагаад гэртээ орж ирээд сүүгээ хөөрүүлж байхад миний төрсөн дүү болох П залгаад “бага гэрээ авъя даа эгч” гэж залгасан. Тэгсэн цаанаас нь нэг эмэгтэй хүн “наадах чинь цээжээ даахгүй, гар нь гэмтсэн” гэж хэлэхээр нь би тэр өдрөө унаа олоод Пгийн гэрт ирэхэд гэртээ байхгүй хашааныхаа айлд хэвтэж байхаар нь машиндаа суулгаад гэртээ аваад харьсан. Тэр үед нөхөр нь байхгүй байсан. Тэгээд хөдөө ганц нэг эм тариа хийж байгаад 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үзүүлээд 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Одоо манай хөдөө гэрт байгаа биеийн байдал нь жаахан муу байгаа цээжээр нь өвдөөд байна гэсэн. Би яг зодож байхыг нь хараагүй бөгөөд хааяа даа нүд нь хөхөрсөн байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байж магадгүй. Манай дүү Пгийн өмнөх нөхөр нь бурхан болоод тэрнээс хойш энэ Атай суусан юм. Хамтран амьдраад 3 жил болж байгаа шиг санаж байна. Би хамт байдаггүй болохоор мэдэхгүй байна. П ч гэсэн гэртээ оруулах дургүй байдаг дараа ор гэж хэлээд байдаг. Энэ 2 эрхэлсэн ажил хөдөлмөр байхгүй халамжаас тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр авдаг түрүүгээрээ л амьдардаг байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 хуу/

 

Гэрч С.Бгийн өгсөн: “...Миний төрсөн эгч Ц гэх хүнтэй тухайн үед манай дүү Пгийн байдаг хашааны айл нэг эмэгтэй гар утсаар холбогдож Пг өөрийн хамтран амьдрагч болох Ад зодуулж биедээ гэмтэл авсан байна босож чадахгүй байна гарын шуу хэсэг нь идээлсэн байдалтай халуураад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай төрсөн эгч Ц болон миний төрсөн эрэгтэй дүү Ч нар ирж Пг тухайн амьдарч байсан гэрээс очиж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан би дүүгээ тухайн үед харахад алхаж явж чадахгүй, эвхэрсэн байдалтай, амьсгаа авч чадахгүй, гар хөл нь идээ шарх ихтэй байсан. Дүү Пг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэр рүүгээ авч явж эмчилгээ тариа хийж өгсөн боловч миний төрсөн дүүгийн биеийн байдал дээрдэхгүй бие нь улам муудсан байсан. Тэгээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр ирж эмчилгээ хийлгэж долоо хоносон. Биеийн байдал арай гайгүй дээрдэж эмнэлгээс гарч одоо манайд амьдарч байна. Миний дүү одоо бие муутай болсон байна учир нь гэвэл хамтран амьдрагч болох А миний дүүг их зоддог байсан байна. Би мэддэггүй байсан ба бие нь муудаж эхэлснээс хойш би мэдсэн. Миний дүү П өмнө нэг нөхөртэй гурван хүүхдийн хамт сайхан амьдарч байсан ба нөхөр нь хүнд өвчний улмаас муудаж нас барсан ба гурван хүүхдийн хамт амьдарч байгаад манай дүү гурван жилийн өмнөөс А гэх эрэгтэйтэй хамт амьдарч эхэлсэн. Манай гэр бүл ихээр дургүйцэж байсан боловч манай хүн зөрж өөрөө тэр хүнтэй суусан. Тэгтэл ийм байдалд хүрлээ. Энэ хоёрын хоорондын харилцааг сайн мэдэхгүй байна. А миний төрсөн дүүг их зоддог байсан хажуу хавийн хүмүүс мэддэг юм билээ. Би нүдээр хараагүй ч хүмүүс ярьдаг...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 хуу/  

 

Иргэний нэхэмжлэгч Ч.М өгсөн: “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан нийт төлбөрийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 75-76 хуу/

 

Яллагдагч Н.Ан өгсөн: “... миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 108-109 хуу/

 

            Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаар дүгнэлтэд: 1. С.Пгийн биед зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шууны шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болохын өмнө үүсэх боломжтой. 4. Зүүн талын 6-11 дүгээр хавиргануудын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, шанаа нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 хуу/,

 

Шүүгдэгч Н.Ан хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-44 хуу/

Шүүгдэгч Н.Ан захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 82-90 хуу/

Шүүгдэгч Н.Ан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 93-99 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 113-115 хуу/ зэрэг болно.  

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            1.1. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед .... аймгийн ....... сумын ..... дүгээр багийн ........... тоотод байх гэртээ хохирогч С.П нь нүүрэн тус газартаа банзаар цохиулсан,

            мөн 2024 оны 06 дугаар сарын 30-ны 02 цагийн үед өөрийн гэртээ хохирогч С.П нь нүүр, цээж хэсэг рүүгээ өшиглүүлж зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэх  үйл баримт тогтоогдож байх ба энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

           1.2. Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Н.А гэм буруутай болох нь хохирогч С.Пгийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би 19 цагийн үед нойлд бие засаад сууж байсан чинь миний араас гарч ирээд нойлын урд байсан модон банзаар миний хамар хэсэг рүү нэг удаа бүлж цохисон. Тэгээд гэр рүүгээ юм ярилгүй яваад өгсөн. Тэр үед миний хамраас их хэмжээний цус гарсан. Би хамраас гарсан цусаа тогтоож хамраа угаагаад гэртээ орж нөхөртэйгөө юм ярилгүй баруун талын орон дээр ороо засаад унтсан юм. Тэгтэл шөнө 02 цагийн үед унтаж байхад миний нүүрэн дээр гуталтай хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, цээж хэсэг рүү 2 удаа өшиглөөд буцаад унтаад өгсөн. Би тухайн үед чи яагаад намайг зодоод байгаа юм бэ гэж хэлтэл би чамайг алчихсан байсан ч хамаагүй гэж хэлээд унтаад өгсөн. Маргааш нь манай нөхөр А чи нүүрээ яасан юм бэ гэж асуусан тэгэхээр нь би чи намайг ийм болголоо гэтэл би санахгүй байна, би ийм ууртай болоод байх юм гэж хэлээд гараад явсан. Орой нь бас согтуу ирээд унтсан. Би 06 дугаар сарын 29-ний шөнө Ад зодуулсан учир миний бие өвчтэй зовуурьтай тэр өдрийг давсан...би өөрийн хамтран амьдрагч Ад зодуулснаас хойш миний бие муудсан миний 6,7,8,9,10,11 дүгээр хавирга хугарсан, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн хацар шанаа нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,  гэрч С.Цийн өгсөн: “...наадах чинь цээжээ даахгүй гар нь гэмтсэн гэж хэлэхээр нь би тэр өдрөө унаа олоод Пгийн гэрт ирэхэд гэртээ байхгүй хашааныхаа айлд хэвтэж байхаар нь машиндаа суулгаад гэртээ аваад харьсан. Тэр үед нөхөр нь байхгүй байсан. Тэгээд хөдөө ганц нэг эм тариа хийж байгаад 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үзүүлээд 13-ны өдөр эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 хуу/, гэрч С.Бгийн өгсөн: “...Миний төрсөн эгч Ц гэх хүнтэй тухайн үед манай дүү Пгийн байдаг хашааны айл нэг эмэгтэй гар утсаар холбогдож Пг өөрийн хамтран амьдрагч болох Ад зодуулж биедээ гэмтэл авсан байна босож чадахгүй байна гарын шуу хэсэг нь идээлсэн байдалтай халуураад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай төрсөн эгч Ц болон миний төрсөн эрэгтэй дүү Ч нар ирж Пг тухайн амьдарч байсан гэрээс очиж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан би дүүгээ тухайн үед харахад алхаж явж чадахгүй, эвхэрсэн байдалтай, амьсгаа авч чадахгүй, гар хөл нь идээ шарх ихтэй байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 хуу/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Ан мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

1.3. Хохирогчийн өөрийнхөө биеийн эрүүл мэндийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж түүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг өөрчлөн тогтоохоор хуульд заагаагүй, харин шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн гаргасан дүгнэлтийг “бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэж үзвэл шүүх прокурор шийдвэр гаргаж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр зохицуулсан.

 

1.4. Мөн хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.6.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг үнэлэх шалгуур шинжээс нэг илэрч байвал түүгээр хэрэв олон шалгуур шинж илэрч байвал хамгийн хүнд шалгуур шинжээр тогтооно” гэж,  3.2.1-д “гэмтэл түүнээс үүссэн эд, эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь дөрвөн

долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” бол хүндэвтэр зэрэг гэж тогтоохоор тус тус заасан бөгөөд шүүх хуралдаанд шинжээч дүгнэлтээ “Хохирогчийн биед үүссэн 6-11 тооны хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хохирогчийн хавиргануудын хугарал зөрүү багатай учир зовиур багатай, өөрөө мэдэхгүй байж болно. Хавирганы зөрүүгүй хугарал ойролцоогоор 7 хоноод зовиургүй болж болох боловч ясны хугарал 30 хоногоос дээш хугацаанд эдгэрдэг” гэж тайлбарлаж байна.

 

1.5. Хохирогч С.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн шүүх хуралдаанд гаргасан “хохирогч нь Н.Агийн учруулсан гэмтлийн улмаас 7 хоноод зүгээр болсон гэж байгаа учраас С.Пгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болох нь дээр дурдсан хууль, журамд заасан зохицуулалтаар тогтоогдож байна.

 

1.6. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заасан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг учруулсан хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг биш харин уг хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хуульчилжээ.

          1.7. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч С.Пгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Н.Агийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.Пгийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Н.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч С.Пгийн биед зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар шанаа, нурууны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2.2. Хохирогч С.П нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Аг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч С.П нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.   

2.3. Хохирогч С.П нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 509.130 төгрөгийн төлбөр гарсан бөгөөд дээрх төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.   

 

           3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар: 

       3.1. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан.

       3.2. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

        3.3. Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

3.4. Шүүгдэгч Н.Ан 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Нийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Аг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 509.130 /таван зуун есөн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.  

 

6. Хохирогч С.П нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, хохирогч С.П нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

  9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА