Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021//ДШМ/223

 

 

 

 

 

     2021            3              4                                       2021//ДШМ/223                                                          

 

                                   М.Дд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/879 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Б.Борхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Дд холбогдох эрүүгийн 2011010500780 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Зантаан овгийн Мөнхбатын М.Д, 1992 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 77-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖЯ92011761/;

М.Д нь 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Гансүхээс “Солонгосын виз гарсан, мөнгөө шилжүүл” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сарангэрэлээс “хүүхдийг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гимёон их сургуульд суралцах виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр нийт 16.300.000 /арван зургаан сая гурван зуун мянга/ төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр нийт 16.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дгийн цагдан хоригдсон нийт 49 (дөчин ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Дгаас хохирлын 14.300.000 /арван дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч И.Сарангэрэлд олгож, шүүгдэгч М.Дгийн эцэг Б.Мөнхбат, эх М.Алтанчимэг нарын асрамжинд байгаа насанд хүрээгүй 6-4 насны бага насны хүүхдүүд болох М.Мөнхмаа, М.Хангай нарыг тэдгээрийн асрамжинд хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Дгийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөх талаар, бүрэн биш ч тодорхой арга хэмжээ авсан, хувийн нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээ авсан боловч бүрэн барагдуулж чадаагүй, эдийн засгийн нөхцөл байдал, боломж нь тэгж таарсан.

Харин анхан шатны шүүх хурлаас хойш ар гэрийн болон ойрын хүмүүс нь хохирол төлбөрийн тал дээр тодорхой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн ба давж заалдах шатны шүүх хурал болох үед хохирлыг бүрэн хэмжээгээр төлж, ямар нэг хохиролгүй болох боломж М.Дгийн хувьд үүсээд байгаа тул, түүний эрх зүйн байдал дээрдэх, шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэн гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч М.Дгийн хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдлийн гэм буруу хор уршгийг бүрэн ойлгож ухамсарласан. Цаашид ийм үйлдэл гаргахгүйгээр хариуцлагатай зөв шударгаар амьдрах болно. Хохирогчийн хохирол төлбөрийг хурдан хугацаанд төлж барагдуулна. ...” гэв.

Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дд хохирогч Ц.Гансүх, хохирогч И.Сарангэрэл нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр нийт 16.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Оногдуулсан Эрүүгийн хариуцлага гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх М.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт зөрүүтэй дүгнэлт хийсэн байх тул уг шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Дг 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Гансүхээс “Солонгосын виз гарсан, мөнгөө шилжүүл” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Сарангэрэлээс “хүүхдийг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Гимёон их сургуульд суралцах виз гаргаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр нийт 16.300.000 төгрөг залилан авсан хэмээн дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан шатны шүүх гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргийг яллах дүгнэлтэд тэмдэглэснээр хуулбарлаж бичсэн байх боловч хохирлын тооцоо, гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хууль зүйн дүгнэлт ойлгомжгүй, зөрүүтэй байна.

Хавтас хэрэгт хохирогч Ц.Гансүхийн “...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Д над руу залгаад таны виз гарсан, одоо мөнгөө шилжүүл, мөнгө шилжүүлсний дараа, орой таны материалыг өгнө гээд өөрийн 5065062852 дугаарын дансыг өгсөн. М.Дгийн хэлсний дагуу би өөрийн танил Өнөржаргалын дансаар мобайл банкаар 1.400.000 төгрөгийг, АТМ-ээр 600.000 төгрөгийг тус тус Содон хорооллын ХААН банкнаас 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр М.Д руу шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш М.Д утсаа салгаад алга болсон учир залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /хх 119/, гэрч Р.Өнөржаргалын “...Бүрдүүлэх материалыг бүрдүүлж өгсөний дараа 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр над руу М.Д залгаад Гансүхийн виз гарахаар болчихлоо, та миний 5065062852 дугаартай дансруу 2.000.000 төгрөгөө шилжүүлчих гэсний дагуу 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 121/, шүүгдэгч М.Дгийн “...Өнөржаргал гэх эгч холбогдож юм асуудаг байсан ба өөрийнхөө таньдаг эрэгтэйг Бүгд Найрамдах Солонгос Улсын визинд оруулж өгөөч гээд бүрдүүлэх материалыг нь авч ирж өгсөн ба би визинд оруулж өгөх мөнгө гэж өөрийн 5065062852 гэсэн дугаартай данс руу 2.000.000 төгрөг хийлгэсэн. ...” /хх 125/,

хохирогч И.Сарангэрэлийн “...би 2019 оны 9 дүгээр сард 2 удаагийн гүйлгээгээр өөрийн хүргэн Б.Өлзийбатаас авах ёстой байсан 10.000.000 төгрөгийг яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 9 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн данснаас 6.200.000 төгрөгийг, 10 дугаар сарын 7-ны өдөр охин Б.Номинтуяа нь өөрийн данснаас 100.000 төгрөгийг, нийтдээ 16.300.000 төгрөгийг М.Д гэгчийн дансруу шилжүүлсэн юм. ...” /хх 16/, “...2019 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд 5065062852 гэх М.Дгийн данс руу нийт 4 удаагийн үйлдлээр нийтдээ 16.300.000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” /хх 34-37/, “...би нэг ч төгрөгийн хохирол аваагүй байгаа. ...” /хх 205/, гэрч Б.Өлзийбатын “...би тухайн 10.000.000 төгрөгийн эхний 5.000.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр М.Д гэх хүний данс руу хийсэн юм. Тэгээд хадам ээж Сарангэрэл нь хурдан, яаралтай хийх хэрэгтэй байна гэж байн, байн залгасаар байгаад 9 дүгээр сарын 29-ний өдөр үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хийсэн юм. ...” /20/, гэрч Б.Номинтуяагийн “...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээж Сарангэрэл өөрийн данснаас 6.200.000 төгрөгийг, хүргэн Өлзийбатын данснаас 5.000.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 29-ний өдөр хүргэн Өлзийбатын данснаас дахин 5.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын 7-ний өдөр 100.000 төгрөгийг би өөрийн данснаас тус тус шилжүүлж, нийтдээ сургалтын төлбөр болох 16.300.000 төгрөгийг М.Дгийн данс руу шилжүүлсэн юм. ...” /хх 22, шүүгдэгч М.Дгийн “...Би өөрийнхөө багын найз Номинтуяагийн ээж болох Сарангэрэлээс 16.300.000 төгрөгийг ХААН банкны 5065062852 гэх дансаараа шилжүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 7-ны өдрийн хооронд шилжүүлж авсан юм. ...” /хх 46/ гэх мэдүүлгүүд болон М.Дгийн ХААН банкны 5065062852 депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 68-78, 148-161/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн заалт тохирсон гэж дүгнэсэн атлаа 4 удаагийн үйлдлээр нийт 16.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ойлгомжгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт И.Сарангэрэлд ямар нотлох баримтыг үндэслэн 14.300.000 төгрөг гаргуулахаар заасан нь тодорхой биш байна. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцүүлэн 4 удаагийн үйлдлийг 5 удаагийн үйлдэл гэж, 16.300.000 төгрөгийн хохирлыг 18.300.000 төгрөг гэж тус тус хүндрүүлэн дүгнэлт хийх эрх хэмжээ олгогдоогүй болно. 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах; гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхой хуульчилсан.  

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн 4 удаагийн үйлдлээр нийт 16.300.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”, 5 дахь заалтад “...шүүгдэгч М.Дгаас хохирлын 14.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Сарангэрэлд олгосугай.” гэж тус тус тогтоосон байх бөгөөд хэрэгт хохирогч И.Сарангэрэлд хохирол төлөгдсөн талаарх баримт авагдаагүй, харин хохирогч Ц.Гансүхэд 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх 213/ авагдсан, мөн Ц.Гансүхэд хохирол учруулсан үйлдлийг талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрдэл нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох хүн /хуулийн этгээд/-ий нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, хор уршиг бүхий шинжүүдийн нийлбэр юм.

            Давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээг хүндрүүлэн шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, мөн шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон түүний агуулгад нийцсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хангаж ажиллах үүрэгтэй тул хуульд заасан шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Дд холбогдох хэргийг тус анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул түүний өмгөөлөгч  Б.Борхүүгийн “...анхан шатны шүүхийн оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, хохироос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг энэ удаа хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/879 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                   

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                 Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ