Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 240

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,      

Нарийн бичгийн дарга Х.Дашням,  

Улсын яллагч Ж.Энхжаргал,   

Хохирогч Г.Номуунгэрэл, Б.Гэрлээ

Иргэний хариуцагч М.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Цэнд-Очир, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэнд-Очирт холбогдох 2017 2400 0143 дугаартай  эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.            

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, Монгол улсын иргэн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, ам бүл-4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 13 дугаар гудамж, 23 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Балдангийн Цэнд-Очир, РД:МЛ69092119,

 

Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 22:00 цагаас 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын гудамж, Япон-Солонгос сэлбэгийн худалдааны төвийн зүүн талын замд Hyundai Acty маркийн 22-74 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тулгыг мөргөж амь насыг нь хохироосон,

Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б. зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх,

в. зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг  зөрчиж  зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:       

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-2-18/,

            - автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-29-31/,

            - эд мөрийн баримт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл:/1х, хх-32/, 

- дуудлагын лавлагааны хуудас, дуудлага өгсөн утас:86841006 /1х, хх-4-191/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Номуунгэрэлийн:...Эрдэнэ овогтой Тулгатай би 2006 оны 01 сард танилцаад, 2009 онд гэрлэлтээ батлуулсан, би нөхөртэйгөө суухаас өмнө 1 дүгээр ангийн охинтойгоо амьдарч байсан, нөхөр бид хоёр гэр бүл болоод 2009 онд охин Т.Ганзаяа, 2011 онд хүү Т.Түвшинбаяр төрсөн, хамт амьдарч байгаад сүүлийн нэг жил тусдаа амьдрах болсон, ажил хийхгүй, архи уугаад байхаар нь тусдаа амьдардаг байсан. Би нөхрийгөө “Түгээмэл шуудан”-гийн газарт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажилд оруулж өгсөн, тусдаа байдаг боловч холбоотой байдаг байсан...”, “...Гомдолтой байна, 2 хүүхэд маань аавыгаа байнга асуугаад надад маш их хэцүү байна, уул нь би нөхрөө ажилд оруулж өгөөд, өөрийн гэсэн гэр оронтой болоод тусдаа гарна гэж нөхөр бид 2 ярьж байсан...”, “...Би буяны ажлын үеэр буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл буяны ажилд болон гал тогоонд зарцуулсан баримтыг гаргаж өгсөн, бид нар хүнсний эд зүйлийг бөөнд нь авч чадахааргүй, тухай бүр нь хэрэгцээтэй зүйлийг янз бүрийн дэлгүүрээс авч байсан юмаа, тэгээд л ганц нэг баримтууд байгаа юм...”, “...хавтаст хэрэгт нийт 464.178 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байгаа, өөр баримтгүй зардал байхгүй байна, хохирол төлбөр барагдуулсан хүн байхгүй...”,”...Шүүх хуралд сууна, хохирлын баримтаар гарсан мөнгөө нэхэмжилж байна” ...гэх мэдүүлэг /1х, хх-43-44/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээгийн:...талийгаач хүү маань 1980 оны 6 дугаар сарын 10-нд Оросын холбооны улсын Москва хотод төрсөн. Эцэг эхээс гурвуулаа, айлын том хүүхэд байсан. Улаанбаатар хотод 23 дугаар сургуульд 10 жилийн сургуулиа төгсөөд МУИС-ын олон улсын гадаад харилцааны сургуулийг Франц хэлний орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнээр төгссөн. Миний хүү Орос, Англи, Франц хэлтэй байсан, миний хүү нас барахаасаа өмнө яг тогтсон ажилгүй, хувиараа л ажил хөдөлмөр хийж байсан, хамгийн сүүлд Түгээмэл шуудан компанид 20-иод хоног ажилласан, “ажил нөхцөл хүнд юм байна, гарна” гэж надад хэлж байсан, нас барахаасаа өмнө 1 жил гарангийн өмнөөс надтай амьдарч байсан,  өмнө нь эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан...”, “... би осол гаргасан жолоочид гомдолтой байна, одоогоор оршуулгын зардлыг бүрдүүлж байгаа, 2 хүүхэд өнчрөөд үлдлээ, цаашид нэхэмжлэх зүйлээ бодож байж хэлнэ, тэр осол гаргасан жолоочид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...”, “...хавтаст хэрэгт баримтаар нийт 4.243.700 төгрөгийн, баримтгүй 2.000.000 төгрөг орчим хохирол байна., хохирол төлбөр барагдуулсан хүн байхгүй...”, “...шүүх хуралд сууна...” гэх мэдүүлэг /1х, хх-67-68/,

- иргэний хариуцагч Д.Эрдэнэдалайгийн:...Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашин Улсын бүртгэл дээрээ миний нэр дээр байдаг боловч 2012 онд бусдад 3.200.000 төгрөгөөр зарж, нотариатын гэрээ байгуулсан...”, “...би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцохгүй, би уг автомашиныг бусдад зарсан, үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй, гэхдээ бол автомашины техникийн гэрчилгээ миний нэр дээр байгаа учраас намайг уг хэрэгт хариуцагчаар татаж байгааг ойлголоо...”, “...Би уг машиныг зарсан, миний бодлоор худалдаж авсан хүн өөрөө хариуцах байхаа ...гэх мэдүүлэг /1х, хх-81/,

- иргэний хариуцагч М.Ариунжаргалын:...Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ Эрдэнэдалай гэж хүний нэр дээр байдаг боловч 2012 онд 3.200.000 төгрөгөөр Эрдэнэдалай гэж хүнээс худалдаж авч нотариатын гэрээ байгуулсан, тухайн үед уг автомашиныг худалдаж авах үед аав Цэнд-Очир нь бичиг баримтгүй байсан учраас би хамт явж байхдаа бичиг баримттай байсан учир нотариат дээр гэрээ хийж би худалдаж авсан...”, “...Бид гэр бүлийн зүгээс нийлж байгаад бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /1х, хх-88/,

- автомашин худалдах, худалдан авах гэрээ /1х, хх-84-85/,

- гэрч Б.Пүрэвдоржийн:...Цагаан сарын шинийн нэгний орой буюу 2017 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад ах Цэнд-Очирын гэрт байж байгаад, манай түрээсийн байр руу бид хоёр түүний Н.Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашинаар явж байсан. Тухайн үед ах машинаа бариад, би хажууд нь суугаад явж байсан, гэрээс нь гараад нэг километр орчим газарт төв замаар явж байтал гэнэт түс тас гээд л дуугараад явчихсан, ах “өө хүн мөргөчихлөө” гэж хэлсэн, тэгээд надаас “яах уу” гэхэд нь би “зогсоод 103 дуудаа” гэхэд дуугүй, зогсолгүй явсаар манай түрээсийн байрны хашаанд ороод, машинаа тавиад ах түрүүлж буугаад алга болчихсон...”, “...маргааш нь ах гэрт ирсэн, бид 2 ярилцаж байгаад миний танил Амраа гээд залууд машинаа засуулахаар болоод, цагаан сарын шинийн 3-ны өглөө Амраад машинаа өгч явуулсан...” гэх мэдүүлэг./1х, хх-94-95/,

- гэрч Н.Амарсанаагийн:...Миний танил Пүрэвдорж гэж залуу над руу цагаан сарын өмнө хэд хоногийн өмнө гар утсаар залгаад “цагаан өнгийн амьжиргаа машиныг янзлах хэрэгтэй байна, ирээд үзээдэхээч” гэж хэлсэн, мөн шинийн  3-ны өдөр над руу дахиж залгаад “нөгөө машинаа ирж үзээч” гэж дахин ярихаар нь маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Их наранд очиж машиныг үзсэн, намайг машиныг үзэхэд урд салхины шил хагархай, баруун урд талын их гэрэл хагархай машин байсан, яагаад салхины шил хагарсан талаар асуугаагүй, машины эзэн хэлэхдээ “янзлаад гайгүй үнээр зарчихмаар байна” гэхээр нь янзлаад өөрөө гайгүй үнээр авчихъя гэж бодоод 2-3 хоногийн дараа Портер машинтай ирээд ачаад аваад явсан. Би хашаандаа аваачаад уг автомашины урд салхины шилийг солиход бэлдэж, хагархай хэсгүүдийг авч хаясан, мөн суудлын бүрээс нь урагдсан байхаар нь солих зорилгоор аваад арын тэвшин дээр тавьсан, баруун урд талын их гэрэл хагарсан байхаар нь солих зорилгоор гэрлийг салгасан, эд ангийг бол солиогүй, машиныг хүлээж авснаас хойш 4 хоногийн дараа цагдаа шөнө ирээд машиныг ачаад аваад явсан...гэх мэдүүлэг /1х, хх-97/,

- гэрч Б.Ганзоригийн:...би цагаан сарын шинийн 2-ны өглөө ажилдаа явахаар гэрээсээ 07 цаг өнгөрч байхад  гараад автобусны буудал руу ганцаараа алхаж явахад Япон Солонгос сэлбэгийн худалдаа гэсэн нэртэй дэлгүүрийн зүүн талд буюу замын хажууд хөдөлгөөнгүй хүн хэвтэж байхаар нь ойртон очиж харахад тэр эрэгтэй хүн байсан, ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь өөрийн утаснаас 102-т дуудлага өгчихөөд ажилдаа явсан, өдөр нь цагдаагийн ажилтан надтай ирж уулзсан, гэхдээ тэр хавиар машинтай, явган хүн явж л байсан гэхдээ хэн ч дуудлага өгөхгүй байхаар нь би 102-т дуудлага өгч иргэний үүргээ биелүүлсэн.../Утас:86841006/ гэх мэдүүлэг /1х, хх-100/,

- шинжээч эмч Ц.Бадралын:...талийгаачид учирсан гэмтлүүд нь талийгаачийг босоо байдалд мөргөх, шидэгдэх /автомашинд/ үед үүсгэгдэх гэмтлүүд юм. Талийгаачид зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай, эмнэлэгийн тусламж авсан ч амь насыг аврах боломжгүй гэмтлүүд юм...гэх  /1х, хх-101/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 500 дугаартай:...талийгаач Э.Тулгын цогцост зүүн талын чулуулаг яснаас дагз ясруу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины дагз хэсэг, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун 3-12-р хавирганы зөрөөтэй, гялтан хальс цоолсон хугарал, баруун уушиг, зүүн бөөр, элэгний язрал, задрал, хэвлий хөндий дэх цусан хураа, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, эрүү ясны хоёрлосон хугарал, дагзны хуйх, эрүү, уруулд няцарсан шарх, зүүн бөөрний өөхөн эд болон дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух цээж, баруун хацар, эрүү, хүзүү, баруун, зүүн ташаа, баруун сарвууны 1-4-р хуруу, зүүн сарвууны 1-2-р хуруу, зүүн сарвууны ар гадаргуу, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шагайн үеийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Уг гэмтлүүд нь шинэ байна. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх толгой, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцос нь хөлдүү байсан учир нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Дээрх гэмтэл нь авто ослын үед босоо байрлалд автомашинд мөргөгдөх, шидэгдэх, унах, савах зэргийн үед үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /4х, хх-67-68/,  

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын авто техникийн мөр судлалын шинжилгээний 1355 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн  хуванцар эд зүйлүүд нэг бүхэл үүсгэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар 1991-1999 онд үйлдвэрлэгдсэн Honda Acty маркийн автомашины урд гэрлийн эд ангийн хагархайнууд байх боломжтой байна. Бусад хуванцаруудыг ямар маркийн автомашины эд ангийн хагархайнууд болох нь тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт  /4х, хх-84/,

- Авто техникийн шинжилгээний 1397 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн 1,8,9,10 гэж дугаарласан эд зүйлүүд нь 1994, 1995 онд үйлдвэрлэгдсэн Honda Acty маркийн автомашины баруун урд талын их гэрэл болон дохионы, оврын гэрлийн хагархай мөн байх боломжтой байна. 1994, 1995 онд үйлдвэрлэгдсэн Honda Acty маркийн автомашинуудын гэрлийн хэлбэр нь 1996-1998 онд үйлдвэрлэгдсэн Honda Acty маркийн автомашины дохионы гэрэлтэй өнгө өөр боловч, гэрлийн хэлбэр хэмжээ, гэрлийн суурь адил хэмжээтэй байгаа нь өөр хоорондоо сууриндаа тохирох боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн хагархай эд зүйлүүд нь 1990-1993, 1999 онд үйлдвэрлэгдсэн болон өөр бусад бага оврын ачааны автомашинуудтай тохирохгүй байна...гэх дүгнэлт /4х, хх-88-89/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн мөр судлалын шинжилгээний 1737 дугаартай:...шинжилгээнд ирүүлсэн их гэрэл, нэмэлт гэрлүүд Honda Acty маркийн 22-74 УНМ улсын дугаартай автомашины баруун урд их гэрэл, нэмэлт гэрлийн суурьтай, зүүн урд нэмэлт гэрлийн суурьтай тус тус хэлбэр, хэмжээгээрээ таарч байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины их гэрэл, нэмэлт гэрлүүд нь 1,3,4,6 гэж дугаарласан хуванцарууд их гэрэлтэй, 2 гэж дугаарласан хуванцар дохионы гэрлийн хагархайтай, 10 гэж дугаарласан хуванцар нэмэлт гэрэлтэй хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. Бусад эд зүйлүүд хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхэл үүсгэхгүй байна...гэх дүгнэлт /4х, хх-104-105/,

- Замын Цагдаагийн Албаны шинжээчийн 95 дугаартай:...Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а.тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б.зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в. зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Тулга нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна.../4х, хх-147/гэх дүгнэлт

- ял шалгах хуудас /4х, хх-169/,

- тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4х, хх-168/,

- Мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б.Цэнд-Очирын дансыг битүүмжлэх тухай тогтоол /4х, хх-175/,

- Б.Цэнд-Очирын Төрийн банкны дансны хуулга /4х, хх-179/,

- шүүгдэгч Б.Цэнд-Очирын:...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 13-23 тоотод өөрийн төрсөн 3 хүүхэд хүргэн бэр, ач, зээ, төрсөн дүү нарын хамт жижиг 4 хант гэрт амьдардаг, хувиараа гагнуур хийдэг юм. Тэр өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад ойрхон айлаас юм авах гээд өөрийн H.Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодоод гарсан, надтай хамт манай төрсөн дүү Пүрэвдорж явж байсан, би машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замаад 30-40 км/цагийн хурдтай явж байтал баруун гар талаас хар бараан хувцастай хүн 8-10 орчим метрийн зайнаас гараад ирэхэд нь тэр хүнийг хараад зүүн гар тийшээгээ дартал машины баруун гар талаараа тэр хүнийг мөргөтөл, тэр хүн машины дээгүүр даваад л яваад өгсөн, тэгээд сандраад зогсолгүй яваад, цаашаа нилээн хол явж байгаад буцаж эргээд гэр рүүгээ явсан, хэргийн газраар зөрөөд өнгөрөхдөө тэр хүний мөргүүлсэн гар руу огт харалгүйгээр гэр рүүгээ очиод машинаа тавьсан хүүхдүүддээ нарийн сайн учрыг нь хэлээгүй, тэгээд хашаандаа машинаа байлгаж байгаад 2-3 хоногийн дараа машин сайн янзладаг Амраа гээд хүнд машинаа янзлуулах гээд өгсөн, гэхдээ тэр хүнд яаж байгаад машинаа эвдсэнээ хэлээгүй. Би уг автомашиныг 2012 онд Эрдэнэдалай гэдэг хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдан аваад нэр дээрээ шилжүүлээгүй байсан...гэх мэдүүлэг /4х, хх-159-160/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 22:00 цагаас 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын гудамж, Япон-Солонгос сэлбэгийн худалдааны төвийн зүүн талын замд Hyundai Acty маркийн 22-74 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас явган зорчигч Э.Тулгыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт: Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна тухай техникийн шинжээчийн дүгнэлт /4х, хх-147/ 

- эд мөрийн баримт нь Honda Acty маркийн 22-74 УНМ улсын дугаартай автомашины баруун урд их гэрэл, нэмэлт гэрлийн суурьтай, зүүн урд нэмэлт гэрлийн суурьтай тус тус хэлбэр, хэмжээгээрээ таарч байгаа тухай Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /4х, хх-104-105/, 

- гэрч Б.Ганзоригийн:...би цагаан сарын шинийн 2-ны өглөө  ажилдаа явахаар гэрээсээ 07 цаг өнгөрч байхад  гараад  автобусны буудал руу ганцаараа алхаж явахад Япон Солонгос сэлбэгийн худалдаа гэсэн нэртэй дэлгүүрийн зүүн талд буюу замын хажууд хөдөлгөөнгүй хүн хэвтэж байхаар нь ойртон очиж харахад тэр эрэгтэй хүн байсан, ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь өөрийн утаснаас 102-т дуудлага өгчихөөд ажилдаа явсан...гэх мэдүүлэг /1х, хх-100/, 

- шүүгдэгч Б.Цэнд-Очирын:..2017 оны 3 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад ойрхон айлаас юм авах гээд өөрийн H.Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодоод гарсан, надтай хамт манай төрсөн дүү Пүрэвдорж явж байсан, би машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн замаад 30-40 км/цагийн хурдтай явж байтал баруун гар талаас хар бараан хувцастай хүн 8-10 орчим метрийн зайнаас гараад ирэхэд нь тэр хүнийг хараад зүүн гар тийшээгээ дартал машины баруун гар талаараа тэр хүнийг мөргөтөл, тэр хүн машины дээгүүр даваад л яваад өгсөн...гэх /4х, хх-159-160/ мэдүүлэг,

 - шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /1х, хх-101/,

- талийгаач Э.Тулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт /4х, хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар, мөн

 

Шүүгдэгч Б.Цэнд-Очир нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 22:00 цагаас 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын гудамж, Япон-Солонгос сэлбэгийн худалдааны төвийн зүүн талын замд Hyundai Acty маркийн 22-74 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- шүүгдэгчийн...тэгээд сандраад зогсолгүй яваад, цаашаа нилээн хол явж байгаад буцаж эргээд гэр рүүгээ явсан, гэр рүүгээ очоод машинаа тавьсан хүүхдүүддээ нарийн сайн учрыг нь хэлээгүй, тэгээд хашаандаа машинаа байлгаж байгаад 2-3 хоногийн дараа машин сайн янзладаг Амраа гээд хүнд машинаа янзлуулах гээд өгсөн, гэхдээ тэр хүнд яаж байгаад машинаа эвдсэнээ хэлээгүй...гэх мэдүүлэг /4х, хх-159-160/,

- гэрч Н.Амарсанаагийн:...Миний танил Пүрэвдорж...шинийн  3-ны өдөр над руу дахиж залгаад “нөгөө машинаа ирж үзээч” гэхээр нь маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Их наранд очиж машиныг үзсэн, намайг машиныг үзэхэд урд салхины шил хагархай, баруун урд талын их гэрэл хагархай машин байсан, яагаад салхины шил хагарсан талаар асуугаагүй, машины эзэн хэлэхдээ “янзлаад гайгүй үнээр зарчихмаар байна” гэхээр нь янзлаад өөрөө гайгүй үнээр авчихъя гэж бодоод 2-3 хоногийн дараа Портер машинтай ирээд ачаад аваад явсан...гэх мэдүүлэг /1х, хх-97/,

- Замын Цагдаагийн Албаны шинжээчийн 95 дугаартай:...Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Цэнд-Очир нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.5. а/, б/, в/ заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх дүгнэлт.../4х, хх-147/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Цэнд-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэм хэргийн зүйлчлэлд эргэлзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.       

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн үедээ хэргийн газраас зугтаасан, тус хэргийг мөрдөн байцаалтын хугацаа, тактик, зардал шаардсан ажиллагааны явцад олж илрүүлсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.  

Хохирогчийн төлөөлөгч нар хохиролд нийт 4.243.700 төгрөг /1х, х-48-74/ нэхэмжилсэн, шүүгдэгч нь хохирогч талд өмнө нь 2.000.000 төгрөг төлсөн, хохирлын үлдэгдэл 2.243.700 төгрөгийг шүүгдэгч Б.Цэнд-Очир нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.        

Хохирогчийн төлөөлөгч Г.Номуунгэрэл нь шүүгдэгчээс насанд хүрээгүй хүүхэд 2009 онд охин Т.Ганзаяа, 2011 онд хүү Т.Түвшинбаяр /1х, х-47/ нарт гэм хорын төлбөр нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч холбогдох хууль ёсны нотлох баримтаа бүрдүүлээгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.    

Шүүгдэгч нь Honda Acty маркийн 22-74 УНМ дугаартай автомашиныг 2012 онд 3.200.000 төгрөгөөр Д.Эрдэнэдалай гэх хүнээс худалдан авсан, тухайн автомашиныг худалдаж авахад Б.Цэнд-Очир нь иргэний бичиг баримтгүйн улмаас  охин М.Ариунжаргалын нэрээр гэрээ байгуулан худалдан авсан, тухайн цаг үеэс хойш байнгын эзэмшилдээ байлган, ашигласан байх /1х, х-81, 1х, х-88, 1х, х-84-85,  4х, х-157-158/ тул шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг өөрөө төлж барагдуулах үүрэгтэй, харин иргэний хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй гэж үзнэ.    

Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.      

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал, хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв.       

Шүүгдэгч нь Honda Acty 22-74 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан нь тодорхой байх ба тэрээр бусдад төлөх төлбөртэй байх тул тухайн автомашиныг, мөн эрх хасах нэмэгдэл ял хэрэглэсэн тул  шүүгдэгч Б.Цэнд-Очирын №915841 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Тухайн дансны үлдэгдэл 876 төгрөг байх тул тус хэрэгт Б.Цэнд-Очирын эзэмшлийн 103700211833 дугаартай Төрийн банкан дахь дансыг битүүмжлэх тухай 2017.03.16-ны өдрийн тогтоолыг /4х, хх-175/ хүчингүй болгов.       

Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар өнгийн хуванцар 19 ширхэг, шар өнгийн хуванцар 1 ширхэг, мөнгөлөг өнгийн хуванцар 17 ширхэг, шар өнгийн нэмэлт гэрэл 2 ширхэг, урд талын их гэрэл 1 ширхэг / хагархай/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмынх нь дагуу устгуулах нь зүйтэй.  

            Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч Б.Цэнд-Очир нь 2017.03.10-ны өдрөөс /4х, хх-153-155/ 2017.04.28-ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригджээ.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон   

ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Б.Цэнд-Очирыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.               

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ялаар,     

мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоосугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын эдлэх 5 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.          

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирын цагдан хоригдсон 48 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.      

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очироос 2.243.700  төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Б.Гэрлээ нарт олгосугай.         

7. Хохирогчийн төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.             

8. Шүүгдэгчийн №915841 дугаартай жолоочийн үнэмлэх, Honda Acty 22-74 УНМ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.        

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар :   эд мөрийн баримт болох цайвар өнгийн хуванцар 19 ширхэг, шар өнгийн хуванцар 1 ширхэг, мөнгөлөг өнгийн хуванцар 17 ширхэг, шар өнгийн нэмэлт гэрэл 2 ширхэг, урд талын их гэрэл 1 ширхэг / хагархай/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмынх нь дагуу устгасугай.  

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасанаар төрийн банк дахь Б.Цэнд-Очирын эзэмшлийн 103700211833 дугаартай дансыг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Цэнд-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялыг хорих ялыг нь эдэлж дууссан үеэс тоолсугай.     

12. Шүүгдэгч Б.Цэнд-Очирт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг хорих 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.         

13. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

14. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн  давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.            

15. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цэнд-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР