Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/03208

 

 

 

 

   

Улаанбаатар хот

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/03208

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Х миний бие 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ын Хууль зүйн сургуульд 4 дүгээр курст сурч байсан тул оффис менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орохдоо хагас өдөр буюу 09-13 цагийн хооронд ажиллахаар тохиролцоод ажиллаж эхэлсэн бөгөөд 14 цаг гээд сургуульдаа ажлаасаа явдаг байсан. Гэтэл хичээл хаагдаад 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс бүтэн цагаар ажиллаад цалингаа 2,000,000 төгрөгөөр гар дээр авахаар тохиролцоод ажиллаж байтал цалин 395,000 төгрөгөөр тооцоод 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр цалингийн картад шилжүүлсэн байсан. Цалин бага байна тохиролцсоноороо биш байна гэж шаардсанаар үл ойлголцол үүссэн. Миний бие гэхдээ хэзээ ч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарна гэсэн хүсэлтэй байгаагүй. 2017 оны 5, 6 дугаар сард гадаад зөвлөхүүд бүгдээрээ ирээд ажил ихтэй байсан бөгөөд явсных нь дараа утсаар нягтлан н.Ундрал манайх шинэ хүн авах гэж байна чи ажлаа хэзээ хүлээлгэж өгөх гэж байна вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь дэд захиралтайгаа энэ талаар хэлэхэд би өөрөө зохицуулна чи санаа зоволтгүй байж бай гэсэн мөртлөө тушаал гаргаад өгсөн болно. Уг тушаалын үндэслэлд миний хүсэлтээр гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул тус дүүргийн шүүхэд гомдлоо гаргаж байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Хгийн М ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 тоот ажлаас чөлөөлсөн тухай захирлын тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад доорхи тайлбарыг хүргүүлж байна.

Б.Х нь манай байгууллагатай 2016/11/17-1 тоот хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулан, хөдөлмөрийн гэрээний 3.3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээсэн байдаг. Гэвч аливаа нэгэн шалтгаангүйгээр байнга ажлаа таслах, хийх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан бөгөөд үүнийгээ өөрийн нэхэмжлэлийн шаардлагадаа хагас цагаар ажиллахаар тохирсон учраас хэмээн дурьдсан байна. Компанийн зүгээс ажлын хагас цагаар ажиллах, зөвхөн өөрийн хүссэн ажлаа дуртай үедээ хийх эрхийг ямар нэгэн байдлаар олгоогүй болно. Харин хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг дээд шатны ажилтангуудын зүгээс байнга анхааруулж, төслийн оффис менежерүүдийг хариуцсан ахлах ажилтан П.У, компанийн төслүүд хариуцсан менежер Б.Днарын гэрээний үүргээ байнга зөрчиж буй тул уг этгээдийг ажлаас чөлөөлөх тухай саналыг удаа дараа оруулж байсан болно.

Хэдийгээр ажлаас чөлөөлөх тухай саналууд холбогдох ажилтангууд гаргаж, үүрэгт ажлаа гүйцэтгэхийг нэхэмжлэгч этгээдэд анхааруулж байсан боловч, Б.Х нь ажлын гүйцэтгэлээ сайжруулахын оронд манай түншлэгч гадаадын байгууллага руу бусад ажиллагсадын тайлан, гүйцэтгэлийг өөрөө хийсэн мэтээр тайлбарлаж, цалингаа нэмэх, нөхцлөө сайжруулах талаар манай компанид шахалт үзүүлэхийг шаардсан ба хэрэв энэ тохиолдолд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэдгээ амаар болон цахим шуудангаар хэд хэдэн удаа илэрхийлсэн байдаг. Байгууллагын ажилтан Б.Мтай ажил хүлээлцэх үеийн гүйцэтгэлийг гаргаж үзэхэд, 8 сарын хугацаанд ямар нэгэн ажил, тайлан гүйцэтгэх битгий хэл захиран зарцуулах ёстой мөнгийг хувьдаа завших, хуурамч баримт үйлдэн илүү мөнгө авах зэрэг үйлдлүүдийг гаргаж байсан нь илэрсэн. (3,452,471 төгрөг касснаас авч хэрэглэснээ буцаан төлсөн акт болон Б.Хгийн гүйцэтгэх ажлыг шинээр гүйцэтгэсэн акт хавсаргав).

Компанийн зүгээс өөрт олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Б.Хгийн саяхан сургууль төгссөн, цаашдаа хуулийн байгууллагад ажиллах гарааг нь сэвтүүлэхгүй үүднээс завшсан мөнгийг цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, мөн тодорхой шалтгаангүйгээр удаа дараа ажил таслаж, ажлын хариуцлага алдаж байсныг үндэс болголгүй зөвхөн бидэнтэй болон гадаад түншүүдэд хийсэн аман болон цахим шууданг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан захирлын тушаалыг гаргасан болно. Байгууллагын ажилтан Б.М, нэхэмжлэгч Б.Хгийн хийж гүйцэтгэх үүрэгт ажлуудын нэг болох санхүүгийн тайланг нөхөн гуйцэтгэсний дараа үлдэгдэл бэлэн мөнгийг эргүүлж тушаах шаардлагыг 6 дугаар сарын 27-ны өдрөөс тавьж эхэлсэн бөгөөд эцсийн төлбөрийг 7 дугаар сарын 18-ны өдөр хийн, дараа өдөр нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхаарч үзэхийг хүсэж байна.

Иймд М ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хариуцагч М ХХК нь Б.Х ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, компанийн мөнгийг шамшигдуулсан, компанийг үл хүндэтгэсэн байдал гаргасан зэрэг үндэслэл байсан тул ажлаас чөлөөлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс М ХХК-д Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерээр ажиллахаар, сарын цалин 1,200,000 төгрөгөөр тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежер албан тушаалтай Батзориг овогтой Халиунаагийн хөдөлмөрийн гэрээг өөрийн хүсэлтийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17/10 дугаартай тушаалыг нэхэмжлэгч нь хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 7 дугаар сарын 19ий өдөр тус шүүхэд ирүүлсэн байх тул энэхүү хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч Б.Х нь хэтрүүлээгүй байна.

 

Хариуцагч нь дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан гэсэн үндэслэл буюу ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлд хамааруулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Х нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч М ХХК-д гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байгаа бөгөөд ажилтан нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажил олгогчид өргөдөл гаргасан байхыг шаардана.

 

Түүнчлэн М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 21.3-т Ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй ... гэж зааснаас үзэхэд ажилтан нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичгээр бичиж хүсэл зоригоо илэрхийлэн ажил олгогчид өгнө гэсэн агуулгатай байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Х нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, компанийн мөнгийг шамшигдуулсан, компанийг үл хүндэтгэсэн байдал гаргасан гэж тайлбар, татгалзалыг гаргаж, үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөөгүй байх тул энэхүү тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Х нь ажилгүй байсан хугацаа буюу ажлаас чөлөөлсөн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөх олговрыг нэхэмжилсэн бөгөөд дээрх тушаалаар түүнийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул энэхүү хугацаанаас тооцож ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг тооцох нь зүйтэй байна.

 

201оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 71 хоног байна.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээний 5.1-д Ажилтанд олгох сарын цалин хөлсний хэмжээ 1,200,000 төгрөг ...-өөр тохирсон байх ба Б.Хд 2017 оны 6 дугаар сард 1,500,000 төгрөгийн цалин олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар дундаж цалин хөлсийг 2017 оны 4 дүгээр сард 1,200,000 төгрөг, 5 дугаар сард 1,200,000 төгрөг, 6 дугаар сард 1,500,000 төгрөгөөс тус тус тооцоход дундаж цалин нь 1,300,000 төгрөг гарч байх ба ажлын 21.5 өдөрт хуваахад 1 өдрийн цалин хөлс нь 60,465.1 төгрөг гарч байх бөгөөд үүнийг ажилгүй байсан 71 хоногоор тооцоход 4,293,022.1 төгрөг гарч байна.

 

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар энэхүү шаардлага нь үндэслэлтэй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр М ХХК-ийн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерийн албан тушаалд Б.Хг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,293,022.төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу М ХХК-ийн Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь төслийн оффис менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 4,293,022.1 /дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга хорин хоёр төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Хд олгож, Б.Хгийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Хд олгож, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 83,639 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч М ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ