| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/05536/И |
| Дугаар | 101/ШШ2018/00435 |
| Огноо | 2018-01-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2018/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоод байрлах Х ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Б.У /регистрийн дугаар /-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,096,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Баярсайхан овогтой Ундрал Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 55 тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн PUREPRO ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авах гэрээ бичгээр байгуулсан ба урьдчилгаанд 300,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1,950,000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон.
2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 243,750 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 731,250 төгрөг төлөгдөөгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 365,625 төгрөг нэхэмжилнэ.
Иймд Б.У аас нийт 1,096,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрөө сар бүр төлж байгаад санхүүгийн хүндрэлээс болж төлөлгүй тасалдал үүссэн, харин төлөхөөс зайлсхийгээгүй. Төлж чадахгүй болоод байгаагаа Х ХХК-д мэдэгдэж хэлсэн бөгөөд, тэд төхөөрөмжөө эргүүлээд авахаар ярилцсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Төхөөрөмжийг нь эргүүлээд өгөх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.У д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,096,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь төлбөрийг төлөх боломжгүй тул ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нэхэмжлэгчид буцаан өгөх хүсэлтэйгээ илэрхийлж байна.
Талууд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Б.У нь худалдагч тал Х ХХК-ийн 2,250,000 төгрөгийн үнэ бүхий ус цэвэршүүлэх төхөөрөмжийг 300,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж, үлдэгдэл 1,950,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сар бүр 243,750 төгрөгийг төлж худалдан авахаар тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Зээлээр худалдах худалдан авах гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан төлбөл зохих хүүг гэрээнд тусгаагүй тул талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Гэрээний зүйлийг хүлээн авсан талаар зохигч хэн аль нь маргаагүй тул хариуцагч Б.У гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй.
Хариуцагч Б.У нь ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг буцааж өгөх хүсэлтэй гэх боловч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах, улмаар гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлийг буцаах бодит үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Талуудын байгуулсан гэрээний 2.3-т зааснаар хариуцагч нь ус цэвэршүүлэгчийн нийт үнийг 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгах, 2.4-т зааснаар, дээрх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд тухайн сарын төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүрэг тус тус хүлээжээ.
Хариуцагч нь ус цэвэршүүлэгчийн үнэ 2,250,000 төгрөгийн үлдэгдэл 731,250 төгрөгийг төлөөгүй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2.4 дэх заалтын дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардсан 365,625 төгрөгийн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан шаардлагад нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.У аас 1,096,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У аас улсын тэмдэгтийн хураамжид 30,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА