| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/01713/И |
| Дугаар | 101/ШШ2018/02074 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/02074
| 2018 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2018/02074 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.А холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,950,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ........ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ү.Мандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Х нь Ч.Ад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11,250,000 төгрөгийг зээлүүлээд түүнээс 2,000,000 төгрөгийг буцаан авч үлдэгдэл хүүтэй 10,000,000 төгрөг авахаар 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан боловч заасан хугацаанд мөнгөө өгөөгүй тул үндсэн мөнгө болох 10,000,000 төгрөг гэрээний дагуу тохиролцсон алданги тооцож 4,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Х, хариуцагч Ч.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Х 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн ........тоот данснаас ........ тоот дансанд 11,250,000 төгрөг шилжүүлж, тус ...... тоот дансыг хариуцагч Ч.Агийн данс гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Зохигч 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр “Хохирол барагдуулах тухай хэлцэл” үйлдэж хариуцагч нь 10,000,000 төгрөгийг дээр дурдсан хугацаанд хүлээн авсан болохоо баталж, мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, талууд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу анзын гэрээг бичгээр хийжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “хариуцагчид 11,250,000 төгрөг зээлдүүлж, 2,000,000 төгрөгийг нь буцаан авсан” гэж тайлбар гаргасан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх” үүргийн хүрээнд 9,250,000 төгрөг шилжүүлсэн тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно“ гэж зааснаар нэхэмжлэгч 9,250,000 төгрөгийг хариуцачид зээлдүүлсэн гэж үзнэ.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, энэхүү нотлох үүргийн хүрээнд нотлох баримтыг шүүхэд гаргах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн алданги 4,950,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилснийг зохигчийн хооронд байгуулсан хэлцэлд хариуцагч “10,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 99 хоногт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар хариуцагчаас зээлийн гэрээгээр шилжүүлж авсан 9,250,000 төгрөгийн хэмжээгээр тооцон /9,250,000/0,5=46,250. 46,250х99=485788750/ 4,578,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд хариуцагч Ч.Агаас зээлийн гэрээний үүрэгт 13,828,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгож, нэхэмжлэлээс 1,121,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн төлөөлөгч Т.Зт 05 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөр эрх, үүргийг нь танилцуулснаас хойш хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг шуудангаар мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсч хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэх шалтгаанаа нотлоогүй тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ч.Агаас 13,828,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Хд олгож, нэхэмжлэлээс 1,121,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Агаас 227,093 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ