2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/625

  2025        02            26                                       2025/ШЦТ/625

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч ***,  

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч ***т холбогдох эрүүгийн 2410013831066 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр оюутан ангийнхаа эмэгтэй найзуудаараа нийлж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд шөнийн 12 цагийн үед ороод 30 минут орчим болсон. Тухайн үед намайг текэн дээр сууж байхад үл таних залуу ирээд зүй бус үгээр доромжилж биед зөвшөөрөлгүй удаа дараа хүрсэн. Мөн найзуудын биед зөвшөөрөлгүй хүрэхээр нь дургүйцлээ хангалттай илэрхийлсэн. ***ас холдоод явахад араас дагаж ирээд зүй бус үг хэлээр дахин доромжилсон. Бид нар залхаад баарнаас гарахаар хувцасны өлгүүрт очирлож байхад *** гараад ирсэн. Үүний дараа зүй бус бүдүүлэг аймшигтай муухай үгсээр хараасан. Байж боломгүй зүйл шиг санагдаад хамгаалалтын залууд хандахад тоогоогүй. Манай найз Шинэболд бид хэдийг өмөөрөхөд *** шууд зодолдсон. Тухайн үед өлгүүрийн орчим байсан хүмүүс зодооныг салгасан. Энэ залуу зохисгүй үг хэлээд дайраад байхаар нь хана руу пивоны шил шидсэн чинь *** оногдчихсон.” гэсэн,

Хохирогч ***: “2024 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө, шөнийн 23 цаг 00 өнгөрч байхад ажлын хамт олноороо буюу арван гурван хүн Минт баар луу ороод ширээн дээр суугаад архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Шөнийн 03 цаг орчимд өлгүүрээс хувцсаа авах гээд гарах гэтэл энэ эмэгтэйн биед санаандгүй хүрсэн байх. Үүнээс болж маргаан үүссэн гэж бодож байна. Миний хөмсгийг язартал шилээр цохисон. Хажууд байсан хоёр залуу нүүр тань язарчихлаа цус гарч байна гэж мэдэгдсэний улмаас ариун цэврийн өрөө орсон. Камерын бичлэг шүүхэд 3 метрийн цаана байснаа пивоны шил санаатайгаар шидсэн байсан.” гэх мэдүүлгийг тус тус гаргасан.

Хоёр. Эрүүгийн 2410013831066 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Манай найзыг шилээр цохичихлоо” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),

2. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-22 дахь тал),

3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ажлын хүмүүсийн хамт орсон. Тэгээд 03 цагийн орчимд баарнаас гарахаар өлгүүрээс гадуур хувцсаа аваад явах гэж байтал үл таних эмэгтэй нүүр рүү пивоны лонх шидсэн. Миний зүүн нүдний дээд хэсэгт онож гэмтэл учруулсан. Одоогоор цус гарч хавдаж, хөмсөгний дээд хэсэгт задарсан байна. Ямар учраас шил шидэх болсныг мэдэхгүй байна. Тухайн үед 2 шил вискиг ажлын 14 хүн хувааж уусан. Би 100 грамм орчим виски уусан. Над руу шил шидсэн эмэгтэй эрүүл, согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй лонх шидсэний дараа их хэмжээний цус гарах үед баарны хамгаалагч нар уг эмэгтэйг хяналтын камерын өрөө рүү авч ороод цагдаад хүлээлгэж өгсөн. Уг эмэгтэйд би огт гар хүрээгүй. Энэ эмэгтэй лонх шидэж намайг гэмтээсний дараа чи зүгээр байна шүү дээ, хэдийг авах вэ гэж хэлсэн. Цуг явсан залуу нь бас наад шарх чинь зүгээр байна шүү дээ, би иймэрхүү зүйл зөндөө үзсэн. Наад шарх чинь 100 мянган төгрөгийн зардал гарна гэх таагүй, бухимдал төрөхүйц зүйлийг хэлсэн. Гомдолтой байна. Эдгээр хүмүүс хүний эрүүл мэндийг хохироочхоод үл тоож байгаад үнэхээр гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-22 дахь тал),

- хохирогчоор 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн: Миний бие өөрт гарсан зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. ...*** гэх эмэгтэй пивоны лонх шидэж зүүн хөмсгийг онох үед тухайн шил нь газар унасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар намайг онох болон газар унах үедээ хагараагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлж биед болон сэтгэл санааны хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал),

4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 цаг 30 минут орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Минт бааранд найзуудын хамт ороод шөнийн 03 цагийн орчимд тус баарнаас гарахаар хувцасны өлгүүр орчимд дараалалд ***тэй таарсан. Ер нь урд нь тааралдаад цуг гарах гэж байсан тул араас нь очсон. Тэр үед гомдол гаргаад байгаа үл таних залуу хараал хэлээд байсан. Би энэ ямар залуу юунд уурлаад байгаа юм бол гэж асуухад ***тэй цуг явсан эмэгтэй найз нь аль хэдийнээс бааран дотор байхад надтай харилцах гээд байсан учраас би юм яриагүй болохоор уурлах болсон гэж хэлсэн. Би тэр залууг маш их хараал хэлээд байсан тул хамгаалагч нарт нь энэ согтуурхаад байна шүү гэхэд зүгээр л ойролцоо нь зогсоод байсан. Мөн тэнд байх залуу руу зодох гэж дайрсан боловч, онож цохиж ямар ч асуудал үүсээгүй бужигнаан үүсээд дуусахад *** уг маргаан үүсгээд хараал хэлээд байсан энэ гомдол гаргасан залууд чи ядаргаатай юм бэ, зүгээр яв л даа гэж хэлэхэд яг өөдөөс нь харж байгаад тэр залуу өмхий юутай янхан минь гэж зүй зохисгүй, цээртэй үг хэлсэн. *** тэр үгийг сонсоод намайг хориглож хаах үед пивоны лонх гараас нь дээш шидэгдсэн. Лонх хаана, хэнийг оносныг харж чадаагүй. Тэр залуу хамгаалагч руу очиж намайг ийм болголоо гэж хэлсэн. Биднийг хамгаалагч нар хяналтын камер руу аваад орсон. Би бужигнах үед лонхонд биш өөр хэн нэгний гарт өртсөн байж болзошгүй гэж бодож байна. Тухайн залуу хараал хэлэх үед ил харагдах шархгүй байсан ба нэлээд согтуу байсан бөгөөд бусад хүмүүс рүү агсраад байсан. Тухайн залуугийн аль нэг талынх нь хөмсөгнөөс цус гарсан байсан. Гомдол гаргаад байгаа залуу камерын өрөөнд цусаа гоожуулж орж ирээд *** рүү энэ гичийгээс болж байгаа юм гэж хэлж байсан. Ер нь би энэ залууг тайвшруулахаар удаа дараа оролдсон. Гэтэл ерөөсөө үл тоож, улам агсарч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

5. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Тухайн өдөр ***тай цуг явж байсан. Ажлын газрын хамт олноороо ойролцоогоор 10 гаран хүн Минт бааранд орсон. Нэг мэдэхэд *** сууж байсан газраа байхгүй алга болчихсон байсан. Би ариун цэврийн өрөө рүү ороход *** толинд харчихсан толгой, нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр үед ***ас юу болсон талаар тодруулж асуухад “Шил шидчихлээ” гэж хэлсэн. Тэгээд *** дагуулаад хамгаалагч нартай уулзаж, камерын өрөө рүү ороод камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр дуу нь сонсогдохгүй *** нэг эмэгтэй хүнтэй яриад байх шиг харагдаж байгаад өлгүүрийн хажуу талаас нэг охин ууж байсан пивоныхоо шилийг нүүр рүү нь шидэж Гантулгын толгойг онож байгаа харагдсан. Би хамгаалагч нараа энэ хүмүүс хаана байгаа юм гэж асуухад гадаа үүдэнд байгаа гэж хэлсэн. Тэгээд гараад харсан 2 залуу, нэг эмэгтэй инээлдсэн юм яриад зогсож байсан. Би очиж уулзаад та нар яагаад хүн рүү шил шидэж байгаа юм бэ, хүний гоо сайхан, эрүүл мэндэд ингэж халдаж болж байгаа юм уу гэж асуухад тэнд байсан хүмүүс найз чинь өөрөө эхэлсэн, өөрөөсөө болсон гэж юм яриад байсан. Дараа нь хамгаалагч нараас цагдаад дуудлага өгсөн юм уу гэхэд өгөөгүй гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би *** 2015 оны 03 дугаар сараас хойш таньдаг. Юнител ХХК-д хамт ажилдаг. *** нь нийтэч, хамт олон дундаа нэр хүндтэй, зохион байгуулах чадвар өндөр тийм залуу. Зан байдал нь хүнтэй эелдэг, зан харилцаатай.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4693 дугаартай:

            - *** биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

            7. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Болсон үйл явдал нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” шөнийн цэнгээний газар шөнийн 12 цагийн үед хоёр найз болох Шижиртуяа болон *** гэх хүмүүсийн хамт миний төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор орсон. Бид гурвыг сууж байхад танихгүй залуу ирээд учир зүггүй хараалын үг хэлэхээр нь бид гурав тэр залуугаас холдож суутал араас ирсэн. Энэ үйл явдал нь 3, 4 удаа давтагдсан. Тухайн үед тэр залуу миний бие болон найзуудын биед буюу хөл, гар, гуя хэсэгт зөвшөөрөлгүй хүрч харваас биеэ үнэлэгчид, янхан гичий гэх зэргээр хүнийг доромжилсон бүдүүлэг үгсийг хэлсээр байсан. Тэр залуу бид гуравтай маргалдсан шалтгаан нөхцөл нь тодорхойгүй бөгөөд бид гурав тэр залууг огт танихгүй юм. Тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үйл хөдлөл болон яриагаар нь илт мэдэгдэж байсан. Бид гурав хүний 1 ширхэг пиво уугаад сууцгааж байсан. Бид гурав тухайн үедээ баарны хамгаалагчид хандах үед тоогоогүй ба тухайн үед их сургуулийн хоёр эрэгтэй найз бид гуравтай таараад бөөндөө гарахаар болоод шөнийн 01 цаг 30 минутын үед 2 давхарт гадуур хувцсаа авахаар хүлээгээд зогсож байтал *** гэх залуу хаанаас ч юм гарч ирээд бид хэд рүү дайрч давшлаад байж байтал тухайн үед байсан эрэгтэй найз болох ***тэй зодолдсон. *** нь бид хэдийг өмөөрөөд тэр залуутай зууралдаж байсан ба би хувцсаа аваад эргээд хартал тэр хоёр залуу зодолдоод дууссан. Тэнд байсан хүмүүс салгасан *** газар хэвтсэн *** нь дээр нь гараад гараараа 2,3 удаа цохиж харагдсан. Хүмүүс тухайн үед салгаж холдуулсан боловч баарны үүдэнд *** бид хэдийг гаргахгүй зогссоор байсан. Бид хэд тухайн үед нэлээд айдастай ялангуяа *** над руу чиглээд хараагаад байсан. Би тухайн үедээ айдастай байсан учраас зогсоох зорилгоор гарт тааралдсан зүйлээ аваад Гантулгын ард байсан хана руу шидэх үед шил хагараагүй газар унахаар нь хувцсаа аваад гарах гэж байтал тус баарны хамгаалагч нар ирээд камерын өрөө рүү орцгооё гэж хэлэхээр нь камерын өрөө рүү ороод байж байх үед *** толгойгоо бариад ороод ирсэн. Тухайн үед манай найз ***тэй л маргалдаж, зодолдсон. *** нь Гантулгын биед цохиж, гэмтэл учруулж байгааг би хараагүй. Би тухайн гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар мэдэхгүй байна. *** анх надтай тааралдах үедээ биед ил харагдах гэмтэл шарх байсныг анзаараагүй. ***тэй маргалдсаны дараа ч биед ил харагдах гэмтэл шарх байсныг анзаарч хараагүй. Сүүлд *** нь камерын өрөөнд орж ирэх үед дух хэсгээс нь цус гарсан байсан. Тухайн үед *** нь миний биед зөвшөөрөлгүй хүрсэн. Миний шидсэн шил *** биеийн аль нэг хэсэгт оносон эсэхийг би хараагүй. Би тухайн үед ногоон хүрэм, хар өмдтэй, үсээ задгайлсан байсан. Намайг хана руу шидсэний дараа *** ямар нэгэн үйл хөдлөл болон үгээр ямар нэгэн зүйл хэлээгүй. Хамгаалагч нар камерын өрөө рүү оръё гэж хэлэхээс өмнө *** биед ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Тухайн үед байсан хүмүүс зарим нь *** тэвэрч, зарим хүмүүс гараас нь барьж зууралдаж байсан. Би айсандаа тэр хүнийг зогсоох гэж оролдсондоо тухайн шилийг шидсэн. Тухайн шил нь Гантулгын биеийг оноогүй гэж бодож байна. *** нь олон нийтийн газар байхад хүний биед зөвшөөрөлгүй хүрч, найзын биед халдаж танхайрсан байтал тухайн хүнийг шалгахгүй байж, намайг яллагдагчаар татаж байгаа үйлдэлд гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-56 дахь тал),

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, татварын ерөнхий газрын иргэнд олгох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59-64 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байсан хохирогч ***тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байхдаа гартаа барьж байсан пивоны шилийг шидэж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчийн бодит хохиролд баримтаар нэхэмжилсэн 346,061 төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгуулах, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 31,214 төгрөгийг гаргуулах, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоож өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх саналтай байна.” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөллийн үгээ хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дүгнэлтээ гаргая. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд зөвхөн обьектив байдлаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн байна. Гэм буруугийн шууд санаатай үйлдэл эсэх, өөр төрлийн субьектив санаа байсан эсэхийг нотлон тогтоогоогүй байна. Хохирогчийн эмэгтэй хүмүүст хандаж буй зүй бус зан авираас болж шүүгдэгч гарцаагүй байдалд орсон. Тухайн нөхцөл байдалд хохирогчийн зүй бус үйлдэл, зан авираас болж шүүгдэгч нь цочрон давчидсан. Хохирогчийн зүй бус үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдсан. Тухайн үйлчилгээ явуулж байгаа баарны журам сахиулах хамгаалагч нар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Биеэ үнэлэгч, янхан гэж олон нийтийн газар буюу олон хүмүүсийн хажууд хэлж доромжилж байгаа нь шүүгдэгчид ямар санагдах вэ гэдгийг анхаараасай. Шүүгдэгчийг тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн, өдөөсөн зүйл юу байсан эсэх, яагаад биеэ хянах чадваргүй болсон эсэх, гурав дахь хүчин зүйл буюу сэтгэл санааны байдал хэрхэн илэрсэн зэрэг бүхий л талаараа хохирогчийн зүй бус үйлдэл гарцаагүй байдалд оруулсан байна. Улсын дээд шүүх цочрон давчдах гэх ойлголтоор шийдвэрлэсэн хэргүүд байдаг. Иймээс гэм буруугийн санаатай хэлбэр огт биш. Хувийн таарамжгүй харилцаа нь зан авир, гэх олон зүйлсээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл *** нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны үйлдэл эхэлж хийгээгүй. Хохирогч өөрөө хийсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хоромхон зуурын шил шидсэн зүйлээр илэрч байна. Ухамсарласан буюу хүсэж үйлдэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өдөөсөн хүчин зүйлд шүүгдэгчийг зүй бус үг, үйлдлээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдож байна. Цочрон давчидсан үедээ хөнгөн гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Гэм буруугийн хэлбэрийн эргэлзээ бүхий байдал үүсэж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд үйлчлүүлж байхдаа 2024 оны 04 дүгээр 06-ны өдрийн 03 цагийн орчим хохирогч М.*** хараалын үгээр доромжилсон, зөвшөөрөлгүй биед хүрсэн гэх шалтгаанаар гартаа барьж байсан пивоны шилийг шидэж биед нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Манай найзыг шилээр цохичихлоо” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 14 дэх тал),

- 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-22 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-22, 76 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

- Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4693 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нь “...Санаа, сэтгэл цочрон давчидсан үедээ хөнгөн гэмтэл учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.

Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг шинжээрээ санаатай гэмт хэргээс ялгагдана.

Гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Шүүгдэгч, хохирогч нар хоорондоо тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа, бие биеийгээ үл хүндэтгэсэн байдлаас болж маргалдсаны улмаас хохирогчийг өлгүүрээс гадуур хувцсаа авах гээд зогсож байхад нь шүүгдэгч нь гартаа барьсан пивоны шилээ шидэж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...03 цагийн орчимд тус баарнаас гарахаар өлгүүрээс гадуур хувцсаа аваад явах гэж байтал үл таних эмэгтэй нүүр рүү пивоны лонх шидсэн. Тэгээд миний зүүн нүдний дээд хэсэгт онож гэмтэл учруулсан. ...Тухайн эмэгтэй над руу лонх шидсэний дараа надаас их хэмжээний цус гарах үед баарны хамгаалагч нар уг эмэгтэйг хяналтын камерын өрөө рүү авч ороод цагдаад хүлээлгэж өгсөн. ...лонх шидэж намайг гэмтээсний дараа чи зүгээр байна шүү дээ, хэдийг авах вэ гэж хэлсэн. Цуг явсан залуу нь бас наад шарх чинь зүгээр байна шүү дээ, би иймэрхүү зүйл зөндөө үзсэн. Наад шарх чинь 100 мянган төгрөгийн зардал гарна гэх таагүй, бухимдал төрөхүйц зүйлийг хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-22 дахь тал), хохирогчоор 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн “...*** гэх эмэгтэй нь пивоны лонх над руу шидэх үед миний зүүн хөмсгийг онох үед тухайн шил нь газар унасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар намайг онох болон газар унах үедээ хагараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал), гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...*** тэр үгийг сонсоод намайг хориглож хаах үед пивоны лонх гараас нь дээш шидэгдсэн. Лонх хаана, хэнийг оносныг харж чадаагүй. Тэр залуу хамгаалагч руу очиж намайг ийм болголоо гэж хэлсэн. Биднийг хамгаалагч нар хяналтын камер руу аваад орсон. ...Тухайн залуу хараал хэлэх үед ил харагдах шархгүй байсан ба нэлээд согтуу байсан бөгөөд бусад хүмүүс рүү агсраад байсан. Тухайн залуугийн аль нэг талынх нь хөмсөгнөөс цус гарсан байсан. Гомдол гаргаад байгаа залуу камерын өрөөнд цусаа гоожуулж орж ирээд *** рүү энэ гичийгээс болж байгаа юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би ариун цэврийн өрөө рүү ороход *** толинд харчихсан толгой, нүүр хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Тэр үед ***ас юу болсон талаар тодруулж асуухад “Шил шидчихлээ” гэж хэлсэн. Тэгээд *** дагуулаад хамгаалагч нартай уулзаж, камерын өрөө рүү ороод камерын бичлэгийг үзэхэд бичлэг дээр дуу нь сонсогдохгүй *** нэг эмэгтэй хүнтэй яриад байх шиг харагдаж байгаад өлгүүрийн хажуу талаас нэг охин ууж байсан пивоныхоо шилийг нүүр рүү нь шидэж Гантулгын толгойг онож байгаа харагдсан. ...Би очиж уулзаад та нар яагаад хүн рүү шил шидэж байгаа юм бэ, хүний гоо сайхан, эрүүл мэндэд ингэж халдаж болж байгаа юм уу гэж асуухад тэнд байсан хүмүүс найз чинь өөрөө эхэлсэн, өөрөөсөө болсон гэж юм яриад байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №4693 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тэдгээрийн хооронд маргаан үүсгэх улмаар хүний биед хохирол учруулах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. 

             Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан ба шүүх хохирол, хор уршгийн талаарх дараах байдлаар дүгнэсэн болно.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 346.061 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь хохирол төлөхөөр 5 минутын завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267  дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. (хавтаст хэргийн 40 дэх тал).

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг ***р хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч *** сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар (хэргийн 40 дэх тал) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.

Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай санал огт нийцэхгүй байна. Зорчих эрх хязгаарлах ялыг онц харгис хэрцгий аргаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол оногдуулах нь тохиромжтой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл, хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан авч үзэх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс болж уг гэмт хэрэг гарсан. Иймээс дээрх ялын санал зохимжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

2.2 Хууль зүйн дүгнэлт:                

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Мөн Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч *** эмчилгээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалаас гарсан 31,214 төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарах субъект байх тул түүнд зохих ёсоор эрх, үүрэг танилцуулж, холбогдон гаргах санал, хүсэлтийг хүлээн авснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдүүд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ бөгөөд тус хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн энэ дагуу мөрдөгч, прокурор Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж ерөнхийлөн заасан боловч тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй бөгөөд нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй  тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь дээрх асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна.

Иймд бие даасан хэргийн оролцогчоор тогтоогдоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар  гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ДОРЖСҮРЭН