| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2024/0906/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/587 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/587
2025 02 24 2025/ШЦТ/587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг,
улсын яллагч Э.Оргилбат /томилолтоор/,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410024571484 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ***
Монгол улсын иргэн ***
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2410024571484 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Машинтай хүн цахилгааны утас хулгайлаад зогсож байна. Алсаас хүн хараад зогсож байгаа” гэх утга бүхий дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
2. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
3. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал),
4. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
5. “***” ХХК-ийн төлөөлөгч томилох тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/322 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 17 дахь тал),
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “***ХХК-д 2022 оны 02 дугаар сард борлуулалтын инженерээр анх ажилд ороод 2022 оныхоо 05 дугаар сараас одоог хүртэл ерөнхий инженерээр ажиллаж байна. Манай компани 2023 оны 08 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс /Шувуун фаприк/ тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Био комбинат хүртэл 14 километр /14,000 метр/ газарт модон шонг буулгаж шинээр битон шонтой болгож солих ажлыг хийж байсан. Тухайн хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед шонд ройлкон дээр тохсон байсан АС-70 маркийн хөнгөн цагаан дамжуулагч утас нийтдээ 3600 метр утсыг машинтай хүмүүс хулгайлсан байсан. Би тухайн үед талбай дээр байгаагүй, манай туслан гүйцэтгэгч Алдарт уран шийдэл компанийн инженер Уламбаяр байсан бөгөөд тухайн хүмүүс харсан гэж надад хэлж байсан. Тухайн утас нь манай компанийн эзэмшлийн утас бөгөөд тухайн утсыг Бүгд найрамдах Хятад ард улсаас 9.3 тонн утсыг 1 тонныг нь 7,237,725 төгрөгөөр бодож 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авч байсан. Тус хөнгөн цагаан дамжуулагч утаснаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны шөнө нийт 3600 метр утас буюу 986,4 килограмм утас алдагдсан байсан. Тухайн алдагдсан утас нь бид нарын тооцооллоор 7,139,291 төгрөг болж байгаа. Түүн дээр хил, гаалийн татварыг нэмээд 8,245,682 төгрөгний хохирол учраад байна. Мөн шон руу өлгөхөд ашигласан кран /өдрийн 600,000 төгрөг/, вишк буюу сагс дүүргэгч /нэг өдрийн ажлын хөлс 800,000 төгрөг/, 4 ажилчдын цалин /өдрийн нэг ажилтны 100,000 төгрөг/ зэргийг нэхэмжилж байна. Тухайн хулгайд алдагдсан утасны ажил 2 өдрийн ажил болж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Би “Алдарт Уран шийдэл” ХХК-д 2022 оноос хойш одоог хүртэл ерөнхий инженерээр ажиллаж байна. Манай компани “***” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд 21 цагийн орчимд ажлаасаа буусан бөгөөд уг цагаас хойш кэмп дээрээ очиж буцаж 22 цагийн үед ажлаа шалгаад явж байтал манай ажлын утсыг тасалсан байдалтай, хоёр машины гэрэл хараад очиход нэг машин нь манай ажлын утсыг тасдаад хойд багаажиндаа хийсэн байсан бөгөөд намайг ирэхийг хараад тухайн хүмүүс тус машиныг үлдээгээд явсан. Тухайн хүмүүс манай ажлын тогны утсыг таслаад хуулиад буюу бөөрөнхийлөөд 60-84 гэх улсын дугаартай маркийг нь сайн мэдэхгүй байна машины багаж хэсэгт хийсэн харагдахаар нь би цагдаагийн 102 дугаарын утсаар залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр дуудаад ирсэн. Тухайн тогны утсыг “***” гэх манай ерөнхий компани авч байсан бөгөөд би тухайн утсыг хэдэн төгрөгөөр хаанаас худалдан авсан талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн хохирлын хэмжээг тус “***” ХХК-иас авсан баримтыг гаргаж өгч харуулж болно. Манай компани тус “***” ХХК-тай 2024 оны 03 дугаар сард гэрээ хийгдсэн бөгөөд тухайн үед шууд ажилдаа орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
8. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00050 дугаартай: “нийт хохирлын дүн 7,200,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
9. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00051 дугаартай: “Subaru Samber автомашины нийт үнэ 6,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
10. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Би Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэйгийн яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө тухайн үйл явдлаа дэлгэрэнгүй хэлсэн. Нэмж хэлбэл тухайн үед надтай хамт ажиллаж байсан *** нь надад хандан чи машин олчих, хоёулаа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо төмрийн хаягдал дээрээс төмрийн хог ачиж ирээд тушаах уу бензин хийгээд явъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд явсан. Тэгтэл тухайн төмрийн хаягдал дээрээ очоод энэ үнэд хүрэхгүй юм байна, энэ төмрийн утсаар хашаа, хороогоо боож бэхлэхийн байна гээд тухайн хуйлаастай байсан тогны утсыг машинд ачаад эхлэхээр нь би энүүгээр яах гэж байгаа юм гэхэд чи дуугүй байж бай, би мэдэж байна. Хашаа, хороо боож баглана гэж хэлээд машинд ачаад байхаар нь би хараад зогсож байсан. Тэгээд машинд ачиж бараг дуусч байхад хойноос машинтай хүн ирж байгаа харагдахаар нь Ганхуяг бид хоёр хойшоо Шувуун фабрик тал руугаа машинаа үлдээгээд явган зугтаагаад төв засмал зам дагуу алхаж байхад бид хоёрын унаж явж байсан тээврийн хэрэгсэл явж байхаар нь би хүн аваад явчихлаа гэж бодоод араас нь таксидаад дагаад явтал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашаанд ороод зогсохоор нь цагдаа аваад явсан юм байна гэж бодоод орж уулзсан. Тухайн тээврийн хэрэгслийг би өөрийн фэйсбүүкээр орж түрээсийн машин гэж хайж байгаад нэг зарын доор байсан гар утасны дугаар руу залгаж тухайн тээврийн хэрэгслийг 1 өдрийн 60,000 /жаран мянга/ төгрөгөөр түрээсэлж авсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй ямар нэгэн харилцаа хамааралгүй, огт танихгүй хүн байсан. Би тухайн газар Ганхуягтай хамт хаягдал төмөр авч төмөр авдаг газарт тушаана гэж очсон. Өөр зүйл байхгүй. Миний сэжигтнээр өгсөн “Ганхуяг надад анх хэлэхдээ машин бариад яваад өгөөч Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо шувуун фабрикийн тэнд хэдэн төмөр байгаа тэрийг ачаад төмрөнд тушаах гээд байна гэж хэлсний дагуу хамт явсан. Тэгтэл Ганхуяг нь тухайн газраас урагш алхаж байгаад төмрөө болъё, тэнд утаснууд боогоод тавьсан байна гээд авч явсан бөгөөд бид хоёр мөнгө олох зорилготой байсан. Гэхдээ цагдаа нарт баригдаад тухайн өндөр хүчдэлийн тогны утсыг авч явсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг үнэн зөв. Ганхуяг бид 2 хохирлыг бүрэн барагдуулж дуусаагүй байгаа. Нийт хэдэн төгрөг егсөн эсэх талаар Ганхуяг сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
11. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан ***той ярилцаж маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Био комбинатаас цааш шувуун фабрикийн наана байх шонгийн модны хажууд байсан өндөр хүчдэлийн тогны утсыг Болдоогийн хамтаар тасалж, хуйлж бөөрөнхийлөн Болдоогийн авч ирсэн тээврийн хэрэгслийн ард хийж байсан. Тэгтэл цаанаас буюу хойд зүгээс хоёр машинтай хүмүүс ирж байгаа харагдахаар нь бид хоёр хийж байсан зүйлсээ орхиод машинаасаа буугаад машинаа үлдээгээд урдуур тойрч хойшоо төв зам руу явсан. Бид хоёрыг зам дагаад алхаж байхад Болдоогийн авч ирсэн тээврийн хэрэгсэл төв замаар ертөнцийн зүгээр зүүн зүгт явж байгаа харагдахаар нь бид хоёр араас нь таксигаар дагаж явтал Хан-Уул дүүргийн цагдаагийн яармагт байдаг хэлтсийн гадна ирээд зогсохоор нь цагдаа нар аваад явсан юм байна гэж ойлгоод цагдаа руу явж орсон. Тухайн тээврийн хэрэгслийг Болдоо нэг найзаасаа 1 өдрийн 60,000 төгрөгөөр түрээсээр авсан гэж надад хэлж байсан. Би тээврийн хэрэгслийн эзнийг нь сайн танихгүй. Бид хоёр тухайн өндөр хүчдэлийн тогны утсыг хамт хуйлаад машинд цуг ачсан бөгөөд надтай хамтарсан нь үнэн. Болдоо бид хоёр тухайн өндөр хүчдэлийн тогны утсыг тушааж олсон орлогоо тэнцүү хуваагаад авна гэж байсан. Тухайн үед Болдоо бид хоёр л байсан. Болдоо надад хэлэхдээ хохирогч байгууллагад мөнгө өгсөн гэж хэлсэн. Гэхдээ би мөнгө өгсөн эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. Би ганцаараа тухайн байгууллагад 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргаж өгсөн. Мөн тус компанид барилгын туслах ажилтнаар 5-6 хоног ажилласан. Гэхдээ өдрийн хэдэн төгрөгөөр бодож хохирлоосоо хассаныг нь бас мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал),
12. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгч ***ийн иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56-58 дахь тал),
Шүүгдэгч ***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62-65 дахь тал), Сум дундын 23 дугаар шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-95 дахь тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10-01/3377 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 155 дахь хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрик гэх газраас Смарт крапт ХХК-ний эзэмшлийн хөнгөн цагаан дамжуулагч 3600 метр утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор ***улсын дугаартай Субару Самбер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлан нийт 7,200,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон мөн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч ***гоос тээврийн хэрэгслийн үнэ болох 6,000,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Учир нь шүүгдэгч ***ийн хувьд хохирол төлбөрт 7,200,000 төгрөгийг төлж барагдуулсан учир шүүгдэгч ***гоос 6,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.”гэсэн,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг: “Шүүгдэгч *** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. 0-8 насны 4 хүүхэдтэй. Эхнэр нь ажил хийдэггүй ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байгаа.” гэсэн,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч И.Түвшинжаргал: Шүүгдэгч ***д урьд эдлээгүй ял болох 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмэгдүүлж оногдуулах гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг зохицуулсан байдаг. Тэр зохицуулалтаар шүүгдэгч ***гийн эрх зүйн байдал дордож байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хийгдэх ажиллагаа байсан. Гэтэл төрийн байгууллагын энэхүү ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн шийдвэрийн тогтоол зөрчсөнтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хан-Уул дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мөн очиж уулзсан. Шүүгдэгч өөрийн оюун санааны хувьд тогтоолд заасан байршлаас гарч, зөрчил гаргаагүй буюу өөрийн ухамсарт байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ялыг биечлэн эдлээгүй талаар бичиг ирүүлснээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч ***д хувийн хэрэг нээх ёстой. Гэтэл хувийн хэрэг нээсэн үү, эрх үүргийг тайлбарлаж өгсөн эсэх талаар ажиллагаа хийгдээгүй. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тиймээс гэм буруутай этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй юм. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэж эдлэх ялаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2024 онд болсон үйл явдлын талаар гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Бусдад учирсан хохирол төлбөр болох 6,000,000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Шүүгдэгч ***гийн хувийн байдлын хувьд өндөр настай хэвтэрт байдаг ээжийгээ асран хамт амьдардаг. Одоогоор ээж нь эмнэлэгт хэвтрийн байдалтай шүүгдэгч *** асарч байгаа. Шүүгдэгч нь болсон үйл явдалд гэмшиж байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тогтоосон байх шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрик гэх газраас “***” ХХК-ний эзэмшлийн хөнгөн цагаан дамжуулагч 3600 метр утсыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор ***улсын дугаартай Субару Самбер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдэн бага хэмжээнээс дээш буюу 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Машинтай хүн цахилгааны утас хулгайлаад зогсож байна. Алсаас хүн хараад зогсож байгаа” гэх утга бүхий дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
- 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал),
- 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал),
- 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- “***” ХХК-ийн төлөөлөгч томилох тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/322 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00050 дугаартай: “нийт хохирлын дүн 7,200,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00051 дугаартай: “Subaru Samber автомашины нийт үнэ 6,000,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
- Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
- Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Прокуророос шүүгдэгч ***, *** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” бол хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тодорхойлсон.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг буюу тодруулбал бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг,
- машин механизм ашиглаж гэдэгт “бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг хамааруулан ойлгоно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримт, нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ***, *** нар нь шунахай сэдэлт, шалтгаан нөхцөлөөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг”, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу хохирогчид 7,200,000 төгрөгийн бодит хохирол учирчээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдал хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***, *** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00050 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 7,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ..тухайн тогны утас авсан хүмүүс манай хохирол болох 7,200,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Дээрх хохирлыг шүүгдэгч *** бүгдийг төлж барагдуулсан, шүүгдэгч ***гийн хувьд хохирол төлбөр төлөөгүй байх ба *** нь хохирол төлбөрт илүү төлсөн мөнгөө шүүгдэгч ***гоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч ***гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хорих ял дээр өмнө нь оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй учир нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах гэсэн,
Шүүгдэгч ***ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.” гэсэн,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч И.Түвшинжаргал: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Харин шүүгдэгч ***гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10-01/3377 дугаартай албан бичгээр “шүүгдэгч *** нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа болон эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна.” гэсэн байна.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***, *** нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй талаар мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***т 1 жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн.
Мөн шүүгдэгч ***г Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10-01/3377 дугаартай албан бичгээр шүүгдэгч *** нь 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа болон эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна гэсэн байх тул шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял тогтоож, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар:
3.1 Шүүгдэгч ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ***улсын дугаартай Субару Самбер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн: 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар ***улсын дугаартай Субару Самбер маркийн автомашин нь ***ийн нэр дээр бүртгэлтэй (хх44) буюу бусдын эзэмшилд байна.
Иймд “Тэнцвэр Эстимейт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00051 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ***улсын дугаартай Субару Самбер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6,000,000 төгрөгөөр тогтоосон байх тул уг үнийн дүнг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж,
3.2 Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** нарыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
- шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 жилийн хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч ***т төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч *** нь хохирол хор уршигт илүү төлсөн мөнгөө шүүгдэгч ***гоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч тус бүрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН