| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/00910/И |
| Дугаар | 101/ШШ2017/00946 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/00946
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/00946 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххх байрлах, Б ХХК-ийн /регистрийн дугаар 00000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ххххххх тоотод оршин суух, Шагдарын Од /РД: 00000000000/ холбогдох
8.815,5 ам доллар буюу 21.735.761 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,
Хариуцагч Ш.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Ө.Ашхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компанитай Ш.О нь 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 29/08 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах Наран хорооллын 12 дугаар байрны 2 дугаар орцны 33 тоотын 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 550 ам доллараар, нийт 29.425 ам доллараар худалдан авахаар тохирсон.
Хариуцагч Ш.О нь гэрээ байгуулсан өдөр 8.828 ам доллар, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14.720 ам доллар, нийт 23.548 ам доллар төлсөн. Б ХХК нь Ш.Од 2010 оны 10 дугаар сард 53.5 м.кв орон сууцыг хүлээлгэн өгсөн, тэрээр өнөөдрийг хүртэл хугацаанд уг байрыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч үлдэгдэл төлбөр 5.877 ам долларыг төлөхгүй байгаа болно.
Иймд хариуцагч Ш.Оаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 9 дүгээр байрны 5 тоотын 53.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үлдэгдэл төлбөр 5.877 ам доллар, 29/08 тоот гэрээний 5.1-т заасны дагуу алданги 2.938,5 ам доллар, нийт 8.815,5 ам доллар буюу 21.735.761 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш.О миний бие тус компанитай 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 29/08 тоот орон сууцны захиалгын гэрээ ххххххххххх тоотын 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 550 ам доллараар нийт 29.425 ам доллараар худалдан авахаар тохирсон.
Би гэрээ байгуулсан өдөр 8.828 ам доллар, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14.720 ам доллар, нийт 23.548 ам доллар төлсөн. Б ХХК-ийн захирал Ө.Ашхүү нь гэрээ байгуулснаас хойш гэрээний 2.1.1-т заасан үүргээ өнөөдрийг хүртэл зөрчиж байна. Гэрээнд заасны дагуу байрыг 2008 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан бөгөөд Б ХХК нь байрыг улсын комисс хүлээн автал суурьшуулахгүй гэснээр 2010 он хүргэсэн.
Миний бие хөөцөлдөж байгаад 2010 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дутуу баригдсан Ургах Наран хорооллын 12 дугаар байрны 2 дугаар орцны 33 тоотын 53.5 м.кв талбай бүхий орон сууцныхаа түлхүүрийг авсан.
Би 2016 оны 4 дүгээр сард шүүхэд хандан хххххххххххххх-ний өдөр шүүх хэргийг шийдвэрлэсэн ба алданги 23.623.825 төгрөгийг тус компани надад төлөхөөр болсон. Шийдвэр гүйцэтгэх газраас тус компани руу ярихаар Б ХХК-ийн захирал Ө.Ашхүү нь өөрийгөө захирал биш гэдэг бөгөөд н.Нямлхагва гэж хүн хариуцна гэдэг.
Тус байр нь 2015 оны 5 дугаар сард ус алдсан ба би байрныхаа түлхүүрийг 2015 оны 4 дүгээр сард эдний компанид өгсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сард буцаан авсан. Аргагүйн эрхэнд өөрөө материал авч байраа янзлан 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс байрандаа Баянсан гэж хүнийг байрандаа суулгаж байгаа.
Б ХХК нь гэрээ ёсоор үүргээ гүйцэтгэж байраа хугацаандаа хүлээлгэж өгсөн бол би 10 жил хохирохгүй байсан. Тиймээс нэхэмжилж байгаа үлдэгдэл төлбөр 5.877 ам доллар, алданги 2.938,5 ам доллар, нийт 8.88115,5 ам долларыг төлөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Од холбогдуулан 8.815,5 ам доллар буюу 21.735.761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/орон сууцны үлдэгдэл төлбөр 5.877 ам доллар, алданги 2.938,5 ам доллар/
Хариуцагч Ш.О нь нэхэмжлэгч Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны захиалгын 29/08 тоот гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу ерөнхий захиалагч Б ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах Наран хороололд баригдаж буй, 12 дугаар байрны 2 дугаар орцны 33 тоотын 2 өрөөтэй, 53.5 м.кв талбай бүхий орон сууцыг 2008 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд өгөхөөр, захиалагч буюу хариуцагч Ш.О захиалсан сууцны 1 м.кв талбайн үнэд 550 ам доллар, нийт 29.425 ам доллар төлөх үүргийг хүлээсэн нь зохигчдын тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Мөн талууд уг гэрээнд энэхүү барилгын 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхрын 5 тоотын 53.5 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг төлбөр бүрэн дууссан тохиолдолд байрыг захиалагч буюу хариуцагч Ш.Оын өмчлөлд шилжүүлнэ хэмээн өөрчлөлт оруулжээ.
/ХХ-ийн 5-8, 32 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.
Хариуцагч буюу захиалагч Ш.О нь гэрээ байгуулсан өдөр 8.828 ам доллар, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14.720 ам доллар тус тус төлсөн байх ба талууд энэ талаар маргаагүй болно.
Ш.О нь Б ХХК-д холбогдуулан орон сууцыг 2008 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд өгөх үүргээ биелүүлээгүй хэмээн 29/08 тоот орон сууц захиалгын гэрээг цуцлаж, урьдчилгаанд өгсөн 23.548 ам доллар, алданги 11.774 ам доллар, мөн орон сууц захиалгын 71/08 тоот гэрээний алдангид 3.795 ам доллар, нийт 39.117 ам доллар буюу 78.485.912 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэргийг шийдвэрлэсэн ба Ш.Оыг 53.5 м.кв талбай бүхий орон сууцны үлдэх төлбөр 5.877 ам долларыг төлөөгүй атлаа 2010 оны 10 дугаар сард байрыг хүлээн авч эзэмшиж байсан тул түүнийг 23.548 ам доллар буцаан шаардах эрхгүй гэж үзсэн ба харин Б ХХК байрыг 2008 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ буюу гэрээний 2.1.1-д заасан үүргээ зөрчсөн тул 23.548 ам долларын 50 хувиар алданги 11.774 ам доллар буюу 23.623.825 төгрөгийг Б ХХК-иас гаргуулан Ш.Од олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 54.862.087 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
/ХХ-ийн 39-46 дугаар тал/
Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 247/2013 тоот болон 248/2013 тоот актуудын дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах Наран хорооллын 5 давхар бүхий 48 айлын 9 дүгээр байрыг мөн өдрөөс нь ашиглалтанд оруулахыг буюу оршин суухыг зөвшөөрчээ.
/ХХ-ийн 25-30 дугаар тал/
Нэхэмжлэгч Б ХХК нь хххххххххххххххххххххххххх тоотын 53.5 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг хариуцагч Ш.Оын эзэмшил, ашиглалтанд 2010 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгч Ш.О нь байрны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч Ш.О нь байрны үнэд 29.425 ам доллар төлөхөөс 23.548 ам доллар төлсөн, үлдэгдэл төлбөр 5.88 ам доллар төлөх талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан орон сууцны захиалгын гэрээний 2.1.1-т барилгыг 2008 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгүүлэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах улсын комиссын хүлээн авсан сууцыг захиалагчид шилжүүлнэ гэж заасан бөгөөд ерөнхий захиалагч Б ХХК нь дээрх үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.
Ш.О нь дээрхи 2 өрөө сууцыг ашиглаагүй гэх боловч тэрээр байрны ашиглалтын зардлыг орон сууцны УНК ХХК-д төлж байсан нь уг байрны 5 тоотын төлбөр төлөлтийн талаарх лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 33 дугаар тал/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,
232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ,
232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Захиалагч сууцны үнийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг ерөнхий захиалагчид төлнө гэж заасан бөгөөд ерөнхий захиалагч Б ХХК нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй захиалагч Ш.Оаас алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Б ХХК нь Ш.Од захиалсан орон сууцыг 2008 оны 4 дүгээр улиралд бус 2010 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн, улсын комисс уг орон сууцны барилгыг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч байгууллага байрны түлхүүрийг 2015 оны 4 дүгээр сард хүлээн авч 2015 оны 12 дугаард Ш.Од буцаан өгсөн зэргээс үзэхэд гэрээний 5.1-т заасан алдангийг бүхэлд нь захиалагч Ш.О хариуцах үндэслэлгүй тул алдангийг 50 хувийн хэмжээнд тооцож хариуцагч Ш.Оаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Ш.О нь өөрийн захиалсан орон сууцанд ус алдсан үндэслэлээр байрныхаа түлхүүрийг Б ХХК-д 2015 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгсөн ба тэрээр 2016 оны 12 дугаар сард байрныхаа түлхүүрийг авсан гэх боловч энэ нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хугацаагаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Ш.Оын гүйцэтгэх ёстой үүрэг:
5.877 ам доллар*2463.23 төгрөг=14.476.403 төгрөг,
2938,5 ам доллар /2=1.470 ам доллар
1.470 ам доллар *2463,23 ам доллар=3.620.949 төгрөг
14.476.403 төгрөг+3.620.949 төгрөг =18.097.352 төгрөг
Иймд хариуцагч Ш.Оаас 18.097.352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.638.409 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 1 ам долларын ханшийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш 2.463,23 төгрөгөөр тодорхойлсон.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Оаас 18.097.352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.638.409 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Оаас 248.437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Н.САРАНГҮН