Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нарт холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                         Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                          Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                               

                                                                                Д.Буянжаргал

                               

                          Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Амартүвшин

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/211 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жалхарын Батцогт, Шар нохойт овогт Жигмэддоржийн Хүдэрбаатар нарт холбогдох эрүүгийн 1931004360046 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1966 оны 09-р сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 54 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам 2 дугаар баг 5-р байрны 9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Жалхарын Батцогт РД:УС66092759

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1979 оны 01-р сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер механик мэргэжилтэй, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны Сэлэнгэ салбарын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2-р хэсэг 12-р байрны 7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Шар нохойт овогтЖигмэддоржийн Хүдэрбаатар РД:МП79012771

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.Батцогтын 2018 онд Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 08-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн хооронд авто тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуй нэгжээс хураасан авто зам ашигласны төлбөр болох 11.053.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхгүйгээр нярав З.Мөнхчимэгээр бэлнээр авахуулж албан тушаалыг байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ж.Хүдэрбаатарын 2017 онд авто тээврийн төвд даргаар ажиллаж байхдаа 2017 оны 04-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн хооронд авто тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуй нэгжээс хураасан авто зам ашигласны төлбөр болох 16.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэлгүйгээр нярав З.Мөнхчимэгээр бэлнээр авахуулж албан тушаалыг байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нарт холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/211 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1   дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж.Хүдэрбаатар, яллагдагч Ж.Батцогт нарт холбогдох 1931004360046 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Яллагдагч Ж.Хүдэрбаатар, яллагдагч Ж.Батцогт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

З.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: ...Прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд :

Яллагдагч Ж.Батцогт нь 2018 онд Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуйн нэгжээс хураасан авто зам ашигласны төлбөр болох 11.053.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэлгүйгээр нярав З.Мөнхчимэгээр бэлнээр авахуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Яллагдагч Ж.Хүдэрбаатар нь 2017 онд Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуйн нэгжээс хураасан авто зам ашигласны төлбөр болох 16.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэлгүйгээр нярав З.Мөнхчимэгээр бэлнээр авахуулж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Болормаа, гэрч Ж.Мөнхчимэг, Д.Ганчимэг, Г.Амарсайхан, О.Мөнхбаяр, Б.Батмөнх, С.Лхагвадаш, С.Чойсүрэн, Ч.Мөнгөнсүх, Х.Отгонтөгс, А.Энхтуяа нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 64 дугаартай “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах” тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн Засаг даргын “2017, 2018 онд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах” тухай захирамжууд, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын “Автотээврийн болон өөреө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн орлогын бүрдүүлэлт дүн”-д 2019 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн аудитын тайлан, үр дүнг баталгаажуулах удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Шүүгдэгч нарын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн дансанд орох ёстой мөнгийг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл өөрөөр хэлбэл няраваар бэлэн мөнгийг авахуулж эрх мэдлээ хэтрүүлсэн нь Төсвийн тухай хуулийг зөрчиж хохирол, хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нар нь Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулах зорилгоор Сэлэнгэ аймгийн аудитын газрын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилан тогтоосон. Яллагдагч Ж.Батцогт нь 11.053.000 төгрөгийг, яллагдагч Ж.Хүдэрбаатар нь 16.000.000 төгрөгийг тус тус бэлнээр авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, аудитын тайлан, Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байхад шүүхээс мөн хичнээн төгрөгийг өөртөө болон байгууллага бусад зүйлд ашигласан талаарх аудитын тайлангаас өөр шинжээчийн дүгнэлт гаргаагүй байгаа нь яллагдагч нарын гэм буруутай эсэхийг тогтооход учир дутагдалтай байна” гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно гэж хуульчилжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг дурьдаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргий-хүрээнд явагдана” гэж заасан байхад мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатн-шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэрогүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Хүдэрбаатар яагаад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдээд байна вэ? Тухайн үйлдэл нь хоёр хуулийн мөчлөг давхцаж байсан үе. 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яагаад зүйлчлэгдэж байгаа юм. Яагаад 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалт үйлчлэхгүй байгаа юм бэ? гэх мэтчилэн  асуултууд байна. тэгэхээр нэгтгээд байгаа асуудлыг ойлгоогүй, нэг яллах дүгнэлттэй, хоёр тусдаа үйлдэгдсэн. Зөв юм уу, буруу юм уу гэдгийг давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх болов уу гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж харж байна. Хоёр эрүүгийн хууль хоёулаа өөр өөрийн онцлог шинжтэй. Нэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, нөгөөх нь материаллаг бүрэлдэхүүнтэй. Үүнд эрх зүйн хэм хэмжээгээр нь бид яагаад хохирлынх нь асуудлыг тогтоолгох гэж байна вэ гэхээр хэрэв өрсөлдөж байгаа хэр хэмжээндээ үйлчлэх юм бол 2002 оны хуулиар хохирлыг хэдийг заасан юм. Өөрөө хэдэн төгрөгийг нь аваад, улсад хэдэн төгрөгийн хохирол учруулсан юм гэдэг зүйл байгаа. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь өөрөө нэг агуулгыг хэлдэг. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж. ямар ч зөвшөөрөлгүй Засаг даргаас 10 хувийг тухайн байгууллага авч ашиглах ёстой. Тиймээс эдгээр зүйлүүдийг олж хараач ээ. Анхан шатны шүүх хэргийг зөв буцаасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор хууль буруу хэрэглэж эсэргүүцэл гаргасан. Миний үйлчлүүлэгч Ж.Батцогтыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.053.000 төгрөгийг төрийн санд төвлөрүүлээгүй, нярав Мөнхчимэгээс бэлнээр авсан гэж ялладаг.

...ХХ-ийн 7-8 дугаар талд нярав, Мөнхчимэг, нягтлан бодогч Ганчимэг нарын “...11.053.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар гарын үсэг зурсан баримт байна. Үүнд коридор засвар 800.000, ажлын өрөөний засвар 215.000, даргын өрөөний засвар 600.000, Алтанбулаг тэмцээний бооцоо 150.000, шинэ жилийн баярт 800.000 төгрөг тус тус дэлгэрэнгүйгээр юунд зарцуулсан...” тухай нягтлан бодогч, нярав хоёрынх нь  гаргаж өгсөн тооцоо байдаг. Тэгэхээр хамгийн гол нь миний тогтоолгоё гэж байгаа зүйл Ж.Батцогт нь өөртөө давуу байдал олгоод өөртөө хэдэн төгрөг авсан юм бэ. Байгууллага дээр нь очоод дээрх эд зүйлүүдийг тохижуулж авсан уу гэдгийг нягтлан шалгаж үзлэг хийгээгүй.

Яллах дүгнэлтээс харахаар 11.053.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэдэг. Гэтэл уг мөнгөөр авсан эд хогшлууд байгууллага дотор нь баримттайгаа байдаг. Байгууллагад авсан зүйлийг хохирол учруулсан гэж үзэж дахин гаргуулах гээд байна. мөрдөн байцаагч нар өнөөдөр юу хийх ёстой байсан бэ гэхээр тавилгыг авсан юм уу, үгүй юм уу гэдгийг байгууллага дээр нь очоод шалгаад, дутсан зүйлийг нь гаргаж ирээд, өөртөө давуу байдал бий болгосон эсэхийг нь шалгах ёстой байсан. Хэрэв өөртөө давуу байдал бий болгосон бол хэдэн төгрөгийг өөртөө зарцуулсныг нарийвчлан гаргаж ирэх байтал үүнийг тогтоолгүйгээр дээрх зүйлчлэлээр зүйлчлэх нь үндэслэлгүй юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Ж.Батцогт, Ж.Хүдэрбаатар нарт  холбогдох эрүүгийн 1931004360046 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Хэдийгээр тэдний гэм буруутай үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Авто тээврийн Төвд тодорхой хэмжээний хохирол учирсан байж болох боловч яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгээгүй, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, яллагдагч нар нь өөр өөр цаг хугацаанд, тус тусдаа үүссэн үзэл бодол, зорилго, сэдэлтийн улмаас бие даасан шинжтэй үйлдлүүдээр тухайн байгууллагад хохирол учруулсан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн тэдний үйлдлүүдийг нэг гэмт хэрэгт тооцож мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийг зөрчсөн, яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайн үед үйлчилж байсан Төрийн аудитын тухай 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахун нэгж байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтын аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл  энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна...” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Төрийн Аудитын Газраас гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг шилжүүлсэн боловч зөвхөн эдгээр баримтуудад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохын тулд эдийн засгийн шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.   

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/211 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                               ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧИД                        Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ