| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/00320/И |
| Дугаар | 101/ШШ2018/00492 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2018/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 45 дугаар хороо, 25 тоот хаягт оршин суух, Н /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, 64 тоот хаягт оршин суух, Боржигин овогт М /регистрийн дугаар /-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н, хариуцагч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, хариуцагч М-тай 2008 онд танилцаж, хамтран амьдарсан. 2010 оны 11 дүгээр сарын 01-нд хүү Б төрсөн, одоо 8 нас хүрч байгаа, Баянзүрх дүүргийн 989 дугаар сургуулийн 1е ангид сурдаг. М нь хүүгээ төрөөд 1 сар болж байхад биднийг орхиж явсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй.
М нь хүү бид хоёрыг хаяж яваад хүүдээ эцэг хүний хайр, халамж хэзээ ч тавьж байгаагүй.
Хүү Б д хуульд заасан хувь, хэмжээгээр тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байгаа боловч одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н нь хариуцагч М т холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
М, Н нар 2008 онд танилцаж, хамтран амьдарсан, тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Б төрсөн, хүү эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа, зохигчид салж тус тусдаа амьдарч байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл өсөх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 989 дугаар сургуулийн 2018 орны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 45 дугаар хорооны засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчлан заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасныг баримтлан хариуцагч М аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Б г тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, хүү Боржигин овогт Б /регистрийн дугаар /-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,322 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-аас 31,322 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н-д олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА