| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0385/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/537 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/537
2025 02 19 2025/ШЦТ/537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410031081998 дугаартай, нэг хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан болон дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн болно.
Хоёр: Эрүүгийн 2410031081998 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн ***ын гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “Би ***од эхнэр 6 хүүхдийн хамт оршин суудаг. “***” ХХК-н захирал ажилтай. Би 2024 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө танил дүү ***д машин худалдан борлуулаад Сүхбаатар дүүргийн хүүхдийн 100 орчим “***” хаус дотор ***гийн хамт хэдэн пиво ууж суусан. Тэгээд би 00 цагийн орчим тухайн газрын урд зам дээрээс такси бариад дүү ***г таван шарын автобусны буудал дээр буулгаад би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол руу тухайн такситай явсан. Өлзийт хороололд ирээд CU дэлгүүрийн дэргэд зогсоод би ариун цэврийн өрөө орох гээд машинаас буугаад дэлгүүр лүү ороод 00-ын дэргэд ирж зогсох үед нэг залуу урдуур дайраад 00 орчихсон. Би араас нь ороод гараа угаагаад байж байтал тухайн залуу өмдний арын халаасанд байсан гар утсыг аваад гараад гүйсэн. Араас нь гараад хартал машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Би гар утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би дүү ***гийн хамт такситай явж байхад *** надад гар утас юмнуудаа сайн хянаарай гэсэн тул гар утсаа өмдний арын баруун талын халаасанд хийсэн. Тухайн машин нь усан цэнхэр өнгийн тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэл байсан. Жолооч болон жолоочийн хажууд нэг залуу суусан хоёулаа явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг мэдэхгүй байна. Жолооч болон хажууд нь байсан хүний талаар мэдэхгүй байна. Дэлгүүр дотор миний гар утсыг авч гүйсэн гэх залуу 170 орчим өндөртэй, хар өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн бэлтгэлийн цахилгаантай цамцтай, махлагдуу биетэй залуу байсан. Өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Тухайн 2 залууг харвал дэлгүүр лүү хамт орсон залууг танина гэж бодож байна. Тухайн үед би ганцаараа 6 шил хайнекен нэртэй пиво уусан бага зэргийн согтолттой байсан. Болсон явдлын талаар тод санаж байна. Тухайн үед таксины төлбөр 50,000 төгрөгийг гэртээ очоод шилжүүлнэ гэсэн бөгөөд замаараа CU дэлгүүрт бие засахаар орсон юм. Миний гар утас Нова 9 загварын цэнхэр өнгийн гадна талаараа шар өнгийн хамгаалах гэртэй байгаа. Ямар нэгэн онцлог содон шинж байхгүй. Монтел худалдааны төвөөс 2024 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөгөөр худалдан авсан үнээр нь үнэлж байна. Би гар утасны имей дугаарыг одоогоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: Би тухайн өдөр Хүүхдийн 100-аас *** гэх танил дүүтэй уулзан 6 шил пиво уугаад дүүтэй хамт такси барьж 5 шар орчим буулгаад өөрөө Өлзийт хороолол орохоор тухайн такситай явсан. Миний сууж явсан таксины бензин Нисэхийн тойрог хүрээд дуусахаар нь Өлзийт хороолол орохоор Приус 40 юм уу 41 загварын тээврийн хэрэгсэлд суусан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан. Өлзийт ороод CU дэлгүүр дээр зогсоод жолоочийн хамт тухайн дэлгүүр лүү ороод буцаж гарч ирээд явах гэсэн миний сууж ирсэн тээврийн хэрэгсэл яваад өгсөн байсан. Би өөрөө CU сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзсэн. Тухайн дэлгүүр дотор миний гар утсыг аваад зугтааж байгаа бичлэг байхгүй байсан. Би тухайн таксинд гар утсаа цэнэглэж үлдээсэн байх гэж бодож байна. Түүнээс булааж, хулгайлж аваад зугтаасан асуудал байхгүй байсан. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлэг өгөхдөө би CU дэлгүүрийн камерыг дутуу үзээд жолооч машин руугаа гүйгээд шууд хөдлөөд явахаар нь гар утсыг хулгайлж аваад зугтаасан гэж бодоод тухайн мэдүүлгийг өгсөн. Таксины жолооч дэлгүүрээс гараад гүйж машиндаа суугаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Өмнө өгсөн мэдүүлэг зарим зүйл худал бичигдсэн байсан. Би архи уусан болохоор зарим зүйлээ дутуу санаж хольж ярьсан байсан. Эхлээд суусан таксины мөнгийг хамт байсан *** дүү утсаар ярьж байгаад төлсөн гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
3. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 07 сарын 29-30-нд шилжих шөнө найз Төгөлдөрийн эгчийн *** гэсэн улсын дугаартай улаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Зайсан орчхоод гэртээ харих гэж байхад нарны зам хүүхдийн 100-н уулзвар дээр хоёр эрэгтэй хүн гар өргөөд такси барих гээд зогсож байхаар нь суулгаад явсан. Тухайн хоёр хүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн толгойт автобусны буудал дээр буугаад нөгөө нь Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд бууна гэхээр нь яармагийн гүүр даваад явж байхад хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр тэсэхээ байгаад Нисэхийн тойрог хүрэхгүй нөгөө хүнийг буулгаад явсан. Төгөлдөр бид хоёр вива сити автобусны буудлаас нэг найзаа аваад гэрт нь хүргэж өгөөд намайг бас гэрт хүргэж өгөөд салцгаасан. Төгөлдөр нь ...одоогоор тогтсон эрхэлсэн ажил байхгүй хувиараа барилгын ажил хийдэг. Гэр нь тахилтад байдаг. Тухайн үед надад гар утас олсон гэж хэлээгүй. Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа утсаа сольсон байсан. Төгөлдөрийн сольсон утасны маркийн сайн мэдэхгүй байна. 3 босоо камертай утас байх шиг байсан. Би сайн харж амжаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
4. “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХУ2-24-657 дугаартай зах зээлийн үнэлгээ нийт 1,066,555 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-21 дэх тал),
5. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал),
6. Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө таксинд явж байхдаа Сүхбаатар дүүргийн хүүхдийн 100 орчмоос хоёр хүн авсан. Тэр хоёр ахын нэг нь Сонгинохайрхан дүүргийн Таван шар дээр буугаад үлдсэн ах нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт орно гээд явсан чинь нөгөө ах согтуу гэрээ зааж өгөхгүй машинд утсаа цэнэглэж байсан. Тухайн ах мөнгө өгөхгүй байхаар нь Нисэхийн тойргийн хажууд нэг буудал дээр буулгасан. Тэгээд би машинтайгаа явж байгаад гэртээ ирсэн чинь нөгөө цэнэглэж байсан утас нь байж байхаар нь гэртээ оруулж тавьсан. Тухайн утсыг ашигласан зүйл огт байхгүй. Тэгээд байж байхад цагдаагаас хүмүүс ирээд намайг барьж авсан. Тэр утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Надад ямар нэг зорилго байгаагүй. Би өөрөө гар утастай байсан болохоор гэртээ оруулаад тавьсан. Тухайн утсанд ямар нэг дуудлага ирээгүй.Маргааш нь утасны цэнэг дууссан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, жолоочийн мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, төрсний бүртгэлийн лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34-39 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах СU сүлжээ дэлгүүрийн гадаа 2024 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө таксинаас буухдаа мартаж, гээгдүүлж орхисон хохирогч ***ын 947,455 төгрөгийн үнэ бүхий Huawei Nova 10 SE загварын гар утас, банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 1.066.555 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах СU сүлжээ дэлгүүрийн гадаа 2024 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө түүний *** улсын дугаартай улаан өнгийн Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслээс буухдаа гээгдүүлж орхисон хохирогч ***ын Huawei Nova 10 SE загварын гар утас, хаан банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 1.066.555 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн ***ын гаргасан өргөдөл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
- 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
- “Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХУ2-24-657 дугаартай зах зээлийн үнэлгээ нийт 1,066,555 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-21 дэх тал),
- 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал)
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Гээгдэл эд хөрөнгө завших хууль зүйн ойлголт нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй байдал түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Мөн уг үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд үйлдэл, хохирол нь шууд хамаарал шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ таксигаар үйлчлүүлэн явж байгаад буухдаа Huawei Nova 10 SE загварын гар утас болон тухайн утасны гадна талын кейст хийсэн байсан банкны карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг машинд орхиж буусныг шүүгдэгч *** олж авсан, улмаар тус хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.
Хохирогч *** нь Huawei Nova 10 SE загварын гар утасны үнийг “Дамно Үнэлгээ” ХХК-аас 1.066.555 төгрөгөөр тогтоосон тайлан хэрэгт авагдсан тул хохирогчийн эд хөрөнгө бага хэмжээнээс дээш үнийн дүнд хамаарахаар байна.
Шүүгдэгч *** нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн орхиж буусан эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авсан шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ад 1.066.555 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд утсаа биет байдлаар буцаан авсан гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо ямар нэгэн тайлбар хэлээгүй болно.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ийн “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол, саналгүй болохоо мэдэгдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН