Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/00498

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, т Б /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух,  Б /регистрийн дугаар /-т холбогдох

960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , хариуцагч Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, Н тай 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, Партизаны сангийн аж ахуйн Ар шижир гэдэг газар 1000 хонины фермийн уурын зуухны барилга ажилд өдрийн 40,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцож, уурын зуухны арын ханыг тоосгоор өрсөн. Уг барилгын ажил 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилсэн.

Ажлын хөлс болох 960,000 төгрөгийг хариуцагч Н аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин 100,000 төгрөгийг авсан нь үнэн тул 860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний ажиллаж байсан 100 айлд байрлалтай барилга дээр Б******* ажилд авах уу, ажил хайж байна гээд ирж уулзсан. Барилга дээр ажиллаж байсан өрлөгчин мэргэжилтэй гэсэн баталгаа болгож, утсан дээрээ татаж авсан өрлөгийн зургууд үзүүлсэн. Ингээд ярьж тохироод ажилд авахаар болж аман гэрээгээр өдрийн 30,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 61-ын гарам дахь 1000 хонины фермийн баригдаж байгаа барилга дээр очсон. Уг ажлыг би 2017 оны 10 дугаар сарын 27-нд гэрээгээр авч ажлаа эхлүүлсэн байсан. Надад өрлөгийн ажлаа 10 хоногийн дотор дуусгаж чадна гэж хэлээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс очсоны маргааш нь ажилдаа орсон. Цагийн бүртгэлд байгаа 10 хоногийн ажлаа 20 хоног хийсэн. Хийх явцад нь би 2 удаа буцахыг санал болгосон боловч би чадна аа гэж хэлсэн. Өрлөгийн ажил 20 хоногийн дараа дууссан боловч хийсэн өрлөг нь гологдож захиалагч компанийн талбайн инженер Баярцэнгэл хүлээн авахаас татгалзаж хавар дулаан орохоор хийсэн өрлөгийнх нь гадна талаар шавардаж, эмульсдэж өгөөд тооцоо хийхээр болсон. Энэ ажлыг хийх хугацаанд би хэрэгтэй гэсэн бүх зүйлийг нь авч өгч явуулж байсан.

Б нь нэхэмжлэлдээ, өдрийн 40,000 төгрөгөөр сар ажилласан мөнгө аваагүй мэтээр бичсэн байна. Ажилд орохдоо өдрийн 30,000 төгрөгөөр надтай тохирч орсон. Хоног өдөр өнгөрч л байвал миний цалин өсч байна гэсэн сэтгэлээр хандсан. Мөн утсан дээрээ өрлөгийн гоёмсог зураг дарж би өрсөн гэж худлаа ярин хүний ажлыг балласанд гомдолтой байна. Шинэ жилийн баярын өмнө би гэртээ дуудаж хийсэн ажил чинь гологдлоо, дараа нь шавардаж янзалж өгөхөөр боллоо гэж бүгдийг тайлбарлаж харуулсан, сайхан баярлаарай гээд 100,000 төгрөг өгч явуулсан.

Надаас 960,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй байна. Түүний хийсэн ажил гологдсоноор захиалагч компаниас мөнгөө гүйцэд авч чадахгүй болсон ч гэсэн түүнийг настай хүн юм гээд 300,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Н т холбогдуулан, 960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 860,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагч Н ын хийж гүйцэтгэж байгаа барилгын ажилд тоосгоор өрлөг хийх ажилд нэхэмжлэгч Б ажиллахаар хэлцэл байгуулж, нэхэмжлэгч Б нь 20 хоногийн хугацаанд ажилласан болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Н ын хөтөлсөн цагийн бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэг өдрийн ажлын хөлсийг 40,000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч энэ талаар нотлоогүй тул нэг өдрийн хөлсийг 30,000 төгрөгөөр тохиролцсон гэх хариуцагчийн тайлбарыг хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг худлаа хэлж чадахгүй ажлаа авч, шаардлага хангахгүй өрлөг хийсэн, үүнээс шалтгаалж захиалагч компаниас хөлсөө авч чадаагүй гэх боловч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч түүнд хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Б нь 20 хоногийн хугацаанд барилгын өрлөгийн ажил хийсэн нь тогтоогдсон, нэг өдрийн ажлын хөлсийг 30,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй, хариуцагч Н аас 100,000 төгрөгийг авсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул хариуцагчаас 500,000 төгрөгийг гаргуулж, түүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч Н аас 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 27,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н аас улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.