| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0128/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/460 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/460
2025 02 12 2025/ШЦТ/460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
насанд хүрээгүй хохирогч н хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Б.Сэмжидмаа, М.Мягмартуяа,
иргэний нэхэмжлэгч ***,
иргэний нэхэмжлэгч ***,
иргэний нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Д.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403006980966 дугаартай, 2 хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч ***: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэсэн,
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “Миний бие насанд хүрээгүй хохирогч н аав нь байна. Намайг ажил дээрээ байж байхад эхнэр залгаж “Хүүхэд осолд орчихлоо” гэж хэлэхээр нь шууд ГССҮТ-рүү очсон. Миний хүүхэд нэлээн цус болсон байдалтай байсан тул шоконд орсон мэт байсан. Сарын хугацаанд хүүгээ асарч, сахиж тухайн эмнэлгийнхээ эмч нартай тулж ажилласан. Өмнөх осолд орсон үетэй нь харьцуулахад өнөөдрийн байдлаар арай дээрдсэн байгаа. Нүдний бүрхүүл болон хараа тогтворгүй болж нүдэнд цус хуралт нэлээн гүнзгийрсэн байдалтай болсон. Холын зүйлсийг харч чадахгүй байгаа. Мөн ослын улмаас хоёр гар нь хугарсан тул өөр байдлаар өсөж, хөгжөөд байна. Арьс талаас нь хэлэхэд хүндрэлтэй байна. Миний хүү осолд орсноос хойш ар гэрийн эрх зүйн байдал дордсон. Эхнэр хүүхдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгах, эмнэлэгт байнгын үзүүлэх гэх мэт зүйлсийг хариуцаж авснаасаа хойш ажилгүй болсон. Миний хүүхдүүдийн сэтгэл зүй тогтворгүй болсон. Тээврийн хэрэгслийн хажуугаар гарахдаа ах нь дайруулсан гэдгийг 3-7 насны дүү нар үргэлж ярьдаг тул энэ нь ахынх нь сэтгэл санаанд нөлөөлдөг. Гэртээ ганцаараа үлдэж чадахгүй болсон тул үлдэхээр тагтнаас намайг авраарай, гаргаарай гэж орилно. Гадаа гарч тоглохоо больсон. Цаашид сэтгэцийн нөлөөллөөр ямар байдал туулахыг сайн мэдэхгүй байна. Эм, эмчилгээний 6,882,300 төгрөг, шатахууны хөлс 2,308,292 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 15,173,400 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилнэ. Үүнээс шүүгдэгчээс бэлнээр 10,000,000 төгрөг авсан тул үлдэгдэл 16,363,992 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхэд осолд ороод гарсан зардлын 40 хувь нь л байгаа. Гэр бүлийн зүгээс 35,000,000 гаруй төгрөг зарцуулсан байдаг.” гэсэн,
3. Иргэний нэхэмжлэгч ***: “Тухайн өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг орчим эхнэр залгаад “Хүүхэд дайруулчихлаа” гэж хэлсэн. ГССҮТ-д бужигнаан үүссэн байсан. Миний хүүхдэд арьсны зулгаралт үүссэн тул шүүх эмнэлэг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн байдаг. Биеийн гурван хэсэгт зулгаралттай байсан. Эмнэлэгт үзүүлээд явсан. Сэтгэл санаандаа хэрхэн хохирол амссан нь ойлгомжтой байна. Баруун гарын шарх улайссан байдалтай байна. Тээврийн хэрэгслээс айж цочдог болсон. Эрүүл үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодож байгаад гайхаж байна. Миний хүүхдийн эм, эмчилгээнд 1000 төгрөг ч шилжүүлээгүй. Хамгийн гол нь шүүгдэгч өөрөө ярих чадваргүй байсан тул аав нь ярьсан. Түүний аав нь хөгшин настай хүн байсан. Гэр бүлийн зүгээс шүүгдэгчээс 2,000,000 төгрөг нэхэмжилж байна гээд асуухад хүлээж авахгүйгээр шүүхээрээ шийдвэрлүүл гэж хэлсэн. Жолоочийн самбаачлах хугацаанд тормосоо гишгээд зогсох боломжтой байсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Замын боржуур тулаад тормосоо гишгэх боломжтой байсан ч хүүхдүүдийг дайрсан хэрнээ 4-5 метр явж байхдаа зогсоогүй. Осол гаргасныхаа дараа хүүхдүүдэд тусламж үзүүлэлгүй дугуйгаа солиулах гээд явсан учраас хийсэн үйлдлээ ухамсарлах чадваргүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан 2 өдрийн ажилгүй байсан цалингаа нэхэмжилнэ.” гэсэн,
4. Иргэний нэхэмжлэгч ***: “Миний бие хүүхэдтэйгээ хамт байж байсан. Том хүүхдүүд тул аль болох аюулгүй байлгахаар хамт явж байдаг. Эцэг, эхийн зүгээс хараа хяналт сайтай. Шувууны чимээ ч байхгүй цэвэрхэн тоглоомын талбайд хүүхдээ тоглуулж байтал цэвэр ус уухын завдалгүй аймшигтай чимээ гарсан. Тээврийн хэрэгсэлтэй этгээд хүүхдүүдийг хамаад 3-4 метрийн зайтай чирээд хашлага руу тулаад зогссон. Ойролцоо байсан 2-3 залуу машиныг өргөөд холдуулсан. Хүүхдүүд амьд гарсан тул зүгээр гэж бодож, хайнга хандаж болохгүй. Хүүхдүүдийн хохирлыг барагдуулж өгнө үү. Эх хүний хувьд машины доор орчихсон хөл нь хөдлөөд байж байгаа хүүхдээ харах ямар аймшигтай байсан. Хэргийн газрын камерын бичлэгийг бүтнээр нь үзэхэд үнэхээр аймшигтай, үгээр хэлэхийн аргагүй хэцүү байдалд орсон. Хүүхдүүдээ амьсгалаарай гэж гуйж эмнэлгийн тусламжаар аваад явсан. Бүх хүүхдүүд ухаан алдсан. Хамаг арьснууд нь хуулраад, маш их уйлж байсан. ГССҮТ-рүү очиход хүүхдүүдээс янз бүрийн шинжилгээнүүдийг авсан. Миний хүүхэд хавсарсан гэмтлийн тасагт хэвтсэн. Бидний зүгээс шүүгдэгч рүү нэг ч удаа залгаж дарамталсан зүйл байхгүй. Хүүхдээ эмчлүүлээд урсгалаараа явж байна. Цэнхэр өнгөтэй приус маркийн тээврийн хэрэгсэл байсан тул цэнхэр өнгөтэй машинаас маш их айдаг болсон. Миний хувьд ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байгаа. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй байгаа. Хамгийн сайн гэсэн сорвины тос гээд хүүхдэдээ байж болох бүхий л сайн зүйлсийг авч өгсөн” гэсэн,
5. Иргэний нэхэмжлэгч ***: “Насанд хүрээгүй хохирогч *** нь миний хоёр дахь хүүхэд. Миний бие үсчний салон ажиллуулдаг. Хүүхэд тоглоомын талбайд тоглож эхлээд 15 минут болоод л гэнэт хүчтэй чимээ гарахад хүмүүс танай хүүхэд дайруулчихлаа гэж хэлсэн. Хүүхдийн нүүр нь хухай цайрсан, шоконд орсон байдалтай байсан. Манай нөхөр хэн дайрчхав гээд бөөн зүйл болж байхад шүүгдэгч тоосон шинжгүй дугуйгаа зөөгөөд явж байсан. Мөн олон минутын турш хүүхдүүдийг харж сууж байгаад босоод явсан байдаг. Хүүхдүүдэд анхны тусламж үзүүлээгүйд гайхаж байна. Хүүхдийн хамраас нь цус, нөж байнга гардаг болсон. Тархи толгой нь байнга өвддөг. Машинд орж суухдаа, алхахдаа гарнаас нь хөтлөөд явдаг. Сэтгэл санаа нь маш их хүндрэлтэй, нойргүйдэл, стресстэй болсон. Гурван долоо хоног гэрээр багш авч, хичээлийн хоцрогдол арилгасан. Бэлэн мөнгөөр хийсэн тооцооны баримтуудыг гаргаж өгөөгүй. Санхүүгийн байдал хүнд байна. Сар гаруй хугацаанд ажлаа хийгээгүй.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2403006980966 дугаартай хэргээс:
1. Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “***дугаартай приус 20 машин тоглоомын талбай руу ороод хүүхэд дайрчихлаа” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-18 дахь тал),
3. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23-26 дахь тал),
4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Ажил дээр байж байсан чинь эхнэр залгаад тухайн зам тээврийн ослын талаар хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход гар нуруу өвдөг тохой нь нэлээн цус болсон гүн шарх нүдэнд харагдсан. Яаралтайгаар зураг шинжилгээ боолтод орсон. Зүүн гар хугаралтай, нурууны үе гулсалтай, нуруу хоёр өвдөг гүн шархтай гарсан. Сэтгэл сэргээн засах, Эрүүл мэндэд нь нөхөн сэргээх, ил байгаа шархны арьс эдгээх эмчилгээ тус тус хийлгээд явж байна. Өнөөдрийг хүртэл ил харагдах шарх бүрэн эдгээгүй байна. Өсөлтийн зураг авхуулж шинжилгээнд оруулж байна. Сэтгэл санаа дээр нэлээн анхаарахгүй бол айж цочих асуудал нь тогтворжиж өгөхгүй байна. Ээж аавын зүгээс сэтгэл санааны хямралтай байгаа бөгөөд маш их гомдолтой байна. Ээжийн бие огцом хямарч үс бууралтах, сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байна. Жолоочийн талаас нэхэж эмчилгээний төлбөр авсан. 4.000.000 төгрөгөөр нэг, 6,000,000 төгрөгөөр нэг нийт 10,000,000 төгрөг авсан байна. Зүүн гарын хугарал болон арьсны өнгө үхжих өсөхгүй байгаа тул цаашид гарах хохирол нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол тогтоолгож нэхэмжлэх хүсэлтэй байна. Хувийн сургуульд сурдаг бөгөөд хичээлийн хоцрогдол бие бялдрын хохирол түүнтэй адилтгах бусад гарах хохирлуудыг нэхэмжилнэ. Эрүүл мэнд нь хэвийн байдалд орох нь эргэлзээтэй байгаа. Цаашид алсдаа биеийн байдал ямар болохыг мэдэхгүй байгаа учраас 100 хувь хэвийн болгуулж авах хүсэлтэй байна. Хүүхдээ зөөх, эмнэлэг хүргэх, шинжилгээ үйлчилгээнд хамруулах гээд гадуур авч явахад бензин тосны зардал гарч байгаа бөгөөд хичээлийн хоцрогдол ариулгуулах зорилгоор гэрээр багш хөлслөх зэрэг зардлууд гарч байна. Эдгээр зардлуудыг нэхэмжлэх хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),
5. Насанд хүрээгүй хохирогч н нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дахь тал),
6. Иргэний нэхэмжлэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “Би тухайн үед хамт байгаагүй учраас юу болсон талаар хараагүй. Манай хүүхэд Үлэмж надад хэлэхдээ 3 найзын хамт байрны тоглоомын талбайд тоглоод байж байхад гэнэт л машин мөргөөд тэгээд машины доогуур нь ороод машин зогсоход 3 хүн машиныг өргөөд манай хүүхэд машины хамарны доод хэсгээс гарч ирсэн гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь байсан хүнд эгчийнхээ дугаарыг өгөөд эгч нь ээж рүүгээ яриад эхнэр маань надад хэлсэн. Хүүхдээ гэмтлийн эмнэлэгт үзүүлээд 2-3 удаагийн шинжилгээ хийлгэхэд яг шийдтэй хариу хэлээгүй. Эмнэлэгт хэвтэх ор байхгүй учраас гэртээ ажиглаарай гэж хэлсэн. Тэгээд нөгөөдөр нь Яармагийн эмнэлэгт орж 2 гарын болон хэвлийн боолтыг солиулахад нэгийг нь солиулаад нөгөөг нь чадахгүй болохоор нь Сонгдо эмнэлэг ороод солиулсан. Одоо цаашдаа сэтгэл зүйчид үзүүлнэ. Тухайн үед тоглоомын талбайд харгалзаж тоглуулж байсан том хүн байгаагүй. Тухайн жолоочийг би танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Тухайн машины жолоочийг яагаад тийм үйлдэл хийснийг гайхаж байна. Санаатай байж болзошгүй гэж бодож байгаа. Би тухайн үед самбаачлах хугацаа хангалттай байсан гэж бодож байна. Яагаад тоормозоо гишгээгүй мөн аль нэг тийшээ дарах боломж байхад дараагүй болохыг гайхаж байна. Боловсрол, санхүү, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирч байна. Иймээс гомдолтой байна. Хууль дүрмийн дагуу шийдэж өгнө үү. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
7. Насанд хүрээгүй хохирогч ***ийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),
8. Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ойролцоогоор 12 цаг өнгөрч байхад байрныхаа гадаа хүү ***ыг тоглоомын талбайд тоглуулах гээд гарсан ба тоглоомын талбайд байсан хүүхдүүдтэй хүүгээ тоглуулчхаад цаана нь байдаг гулсуурын саравчинд сүүдэрлэх гээд суухад удалгүй түс тас хийж дуугарахад хүүхдүүд шуугилдаад явахаар нь эргээд харахад тоглоомын талбайн хайлсыг приус маркийн машин мөргөөд хаазаа гишгээд байгаа бололтой шороо бужигнаад байсан. Тухайн үед миний ухаан санаа балмагдсан байсан. Шууд машины жолооч талын хаалганы тэнд очиход жолооч нь сонин царайтай хүн байсан. Тэгээд намайг машиныг унтраа гэж хэлэх шиг болохоор нь би бөөрөнхий товч дээр нь дараад орилоод тоглоомын талбайн ойролцоо байсан хүмүүс ирж машиныг өргөж хүүхдүүдийг гаргах шиг болсон. Нэг мэдэхэд миний хүү ээжээ гээд бүх хувцас нь шороо тоостой, нүүр ам нь зулгарсан байсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд эмч нь үзээд би хүүхдээ аваад цуг тоглож байсан хүүхдүүдийн аав ээж нь хүүхдүүдээ аваад гэмтэл рүү явсан. ...машины жолооч талын хаалга дээр очоод хаалгыг онгойлгоход машины жолооч машинаа хаазлаад баруун талын 2 дугуйны голоос миний хүүгийн 1 хөл харагдаад байсан. Тухайн ослын улмаас манай хүүгийн 2 нүд цус хуралттай, ээлжилж цус гараад байсан. Нүүр болон цээжний нэг тал нь цус хуралттай байсан. Зүүн талын гар нь бугуй, шуу хэсгээрээ зулгарсан байсан. Мөн нуруу нь зулгарсан, шагай нь хөхрөлттэй, толгой нь энэ тэнд цус хуралттай байсан. Хүүхдүүд аюулгүй ганц газраа тоглоод эрхээ эдлээд байж байхад машинд мөргүүлсэнд маш их гомдолтой байна. Манай хүүхдийн сэтгэл санаа маш их түгшүүртэй байгаа. Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсч байна. Жолоочийн сэтгэц мэдрэлийг эмчид үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
9. Насанд хүрээгүй хохирогч ***ын нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дахь тал),
10. Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 617 дугаар байранд үсчин ажиллуулдаг юм. 7-8 дахь жилдээ ажиллуулж байна. 12 цаг өнгөрч байхад ажил дээрээ очсон. Тэгээд урагшаа байранд эгч нь амьдардаг учраас тэнд манай хүүхдүүд очсон. Тэгээд эгч нь нэг дүүг нь аваад 620 дугаар байрны гадаа тоглоомын талбай дээр тоглож үлдээд манай хүү надтай хамт ажил дээр ирээд гадаа тоглоно гээд гарсан. Тэгсэн нэг хүүхэд манай ажил дээр ирээд танай хүүхэд машинд дайруулчихлаа гээд хэлэхээр нь гараад гүйсэн. Тухайн үеийн бичлэг камерт бичигдсэн байсан. Манай хүүхэд өмдөндөө шээчихсэн, уйлчихсан шокын байдалтай уруул хэсэгт цагаан болсон байсан. Эмчилгээний баримтаа нэг бүрчлэн тооцоогүй байгаа. Хохирлын баримт гаргаж өгнө. Тухайн өдрөө шууд ГССҮТ-ын хүүхдийн мэс заслын тасагт 5 хоног эмчлүүлж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Миний хүүд хууч өвчин байхгүй. Ослын улмаас нуруу нь битүү зулгараад хөхрөөд гар хөл, толгой баруун хэсэг, баруун чих баруун гуя гэмтсэн. Дугуй нь баруун талын хэсгээр нь дээгүүр нь гарсан ул мөр байсан. Дугуйны мөр хээ гарсан байсан. Маш их гомдолтой байна. Эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, эмчилгээний төлбөр, хүүхэд асарч ажилгүй байх үеийн өдрийн орлого, давхар сургуульд явж чадахгүй байгаа учраас хичээл хоцрогдол арилгах зэрэг хохирол нэхэмжилнэ. Бид нарын аюулгүй байдал хангагдахгүй байна. Тэр хүний талаар сайн мэдэхгүй байгаа. Манай хүүхэд тэр хүнээс айж байгаа. Сэтгэл санаа цочирдоод байгаа учраас эрүүл аюулгүй байдлаар хангах эсэх эргэлзээтэй байна. Ямар ч байсан гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй байлгамаар байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх, Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг нь тогтоолгох шаардлагатай байна. Ослын дараах байдлыг нь ажиглахаар ямар ч гэмшсэн зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),
11. Насанд хүрээгүй хохирогч ***ийн нас тоолсон тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал),
12. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо шинэ өргөө хорооллын тоглоомын талбай дээр Тоёота приус-20 маркийн ***улсын дугаартай автомашины жолооч нь тоглоомын талбай дээр тоглож байсан /***, 9 нас, эр/, *** /***, 7 нас, эр/, *** /***, 6 нас, эр/, *** /***, 6 нас, эр/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд нийт 505,401 төгрөг, хохирогч. *** нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд 516,826 төгрөг, хохирогч *** Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд 289,180 төгрөг, хохирогч *** Гэмтэл согог судлалын үндэсний төвд хяналтын үзлэг эмчилгээ хийлгэхэд 359,920 төгрөг нийт 1,671,327 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,671,327 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг холбогдогч ***гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал),
13. Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: Тухайн ослын талаар түргэний машин ирэх үед би очоод мэдсэн. Ослын улмаас 4 метр өндөртэй 2 метр урттай 3 тал хашаа эвдэрсэн. Хүүхдийн тоглоомын гулсуур нь эвдэрсэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Зах зээлийн үнэлгээ хийлгэхгүй. Тухайн өдөр гялс янзлаад засварласан тул нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11517 дугаартай:
- н биед зүүн шуу, богтос ясны хугарал, зүүн шанаа, зовхи, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хоёр өвдөгт няцарсан шарх, баруун хацар, шанаа, нуруу, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
- Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11518 дугаартай:
- ***ын биед цээжинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд няцарсан шарх, зүүн хацар, хүзүү, баруун шагайн үенд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, нуруу, баруун мөр, өвдөг, зүүн шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
- Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 89-91 дэх тал),
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №11516 дугаартай:
- ***ийн биед нуруунд цус хуралт, зулгаралт, баруун шанаа, чих, зүүн тохойд зулгаралт, баруун гуя, шилбэ, шагайн үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тоггонги алдагдуулахгүй.
- Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал),
17. Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “***ийн биед хийсэн хэсэг газрын үзлэгээр тухайн хамар болон хамар орчим гэмтэл тогтоогдоогүй. Тухайн хамрын таславчийн мурийлт нь төрлөхийн мурийлт байж болдог. Хамрын таславч нь яс биш мөгөөрслөг эд юм.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал),
18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11583 дугаартай:
- ***ийн баруун тохойн гадна хэсэг, шууны гадна дээд хэсэг, зүүн тохойн гадна хэсэг, хэвлийн баруун хажуу доод, ташаан дээд хэсэг, хацрын гадна дээд хэсэгт зулгаралт, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу үүсэх боломжтой.
- Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),
19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2870 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн цайвар цэнхэр өнгийн, ***улсын дугаартай, NHW20-7847610 арлын дугаартай, Тоёота приус-20 маркийн автомашинд ослын үед үүссэн эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.
- Урд бамбай салж унжсан, капот, бамбай, улсын дугаар хонхойсон гэмтэлтэй, өндөр хүчдэлийн зай хураагуурын цэнэг муу байна.
- Тоормос шингэн дамжуулгатай, АВЗ системээр тоноглогдсон. Урд 2 дугуйн тоормосны хүч 36% хувийн зөрүүтэй, стандарт шаардлага хангахгүй байна.
- Тоормосны мөр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн өндөр хүчдэлийн зай хураагуурын цэнэг муу тул хөдөлгүүр асахгүй, явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй.
- Ойрын гэрлийн чадлын үзүүлэлт 6600 - 9300 кандел гарч, стандарт шаардлага хангахгүй байна.
- Өндөр хүчдэлийн зай хураагуурын цэнэг хангалттай биш тул хөдөлгүүр асахгүй, араа “О” байрлалд шилжихгүй.
- Өндөр хүчдэлийн зай хураагуур цэнэг авч хүрсэн тохиолдолд “Р” байрпалд шилжинэ.
- Үзлэг шинжилгээний явцад нэмэлт зүйл илрээгүй гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 109-112 дахь тал),
20. Шүүх сэтгэц эмгэг судлалын 929 дугаартай:
- *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
- *** нь дээрх зам тээврийн ослын улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.
- *** нь хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал),
21. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн:
- Хууль ёсны төлөөлөгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
- Хууль ёсны төлөөлөгч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
- Хууль ёсны төлөөлөгч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
- Хууль ёсны төлөөлөгч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
- Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсний тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болох үндэслэлтэй байна гэх магадалгаа (1 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал),
22. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байна. Энэ асуудлаа дуусгавал хувийн ажлаа хийнэ.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал),
23. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 238-245 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч: Шүүгдэгч *** нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 19 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ-Өргөө хорооллын замд Тоёота приус маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүдийг мөргөж, улмаар насанд хүрээгүй хохирогч болох 9 настай, эрэгтэй н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 6 настай, эрэгтэй, ***, 7 настай, эрэгтэй, ***, 6 настай, эрэгтэй *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогч н хууль ёсны төлөөлөгч д бодит хохиролд нэхэмжилсэн 11,190,592 төгрөгөөс сургалтын үйл ажиллагаа авсан төлбөр мөн шатахууны үнийн төлбөрийг хасаж, 4,952,300 төгрөгийг гаргуулж олгуулах, шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрийг 15,173,400 төгрөгөөр тогтоох эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Үүнээс шүүгдэгчийн хувьд 10,000,000 төгрөг төлөгдсөн тул нийт 10,125,700 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч д олгуулах, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
Насанд хүрээгүй хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ***д бодит хохиролд баримтаар 46,026 төгрөг нэхэмжилсэн тул үүнийг шүүгдэгчээс гаргуулах, цаашид гарах эм, эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
Насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Мэндсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 479,959 төгрөг нэхэмжилснээс цалингүй байх үеийн мөнгөн дүнг хасаж, цаашид гарах эмчилгээний зардал болон цалингүй байх үеийн зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх,
Насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *** нь баримтаар 5,827,993 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1,122,073 төгрөг өгснийг хасаж тооцон 4,705,920 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах,
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,671,327 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг гаргаж байна.” гэсэн,
Насанд хүрээгүй хохирогч н хууль ёсны төлөөлөгч ын өмгөөлөгч Б.Сэнжидмаа: Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн гэр бүлтэй 1 удаа уулзсан байдаг. Хүний эрдэнэ болсон хүүхдүүдийг айдаст автуулж, гэмтэл учруулж, сэтгэл санаанд нь хүнд цохилт амсуулсандаа нэг ч удаа хүн ёсоор уучлалт гуйгаагүй. Иймээс гэр бүлээрээ энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийг амсаж байна. Шүүгдэгчээс 10,000,000 төгрөг өгсөнтэй холбоотой маргахгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Цаашид сурч боловсрохоо илэрхийлж сургалттай гэрээ байгуулсан. Олон Улсын математикийн олимпиадад оролцохоор сургалтад бүртгүүлж, төлбөрөө шилжүүлж гэрээ байгуулсан байдаг боловч ослын улмаас уг сургалтад явахаа хойшлуулсан байдаг. Хүүхдийн амьдралын хэв маягийг хадгалуулж, сэргээхийн тулд дээрх сургалтад нь явуулж байгаа тул үүнийг гаргуулахаар шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. 2024 оны 09 дүгээр сард гарсан шатахууны зардлын үнийг нэхэмжилж байгаа. Хүүхдийн гэр нь яармагт, гэтэл “ГССҮТ” нь хороололд байдаг тул энэ хооронд хэд дахин явж ирснийг хэн ч үгүйсгэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд ордог тул үүнийг мөн шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Цаашид хүүхдэд ямар сөрөг нөлөө илэрхийг бидний хэн ч таамаглашгүй. Цаашид гарах эм, эмчилгээний зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн,
Насанд хүрээгүй хохирогч н хууль ёсны төлөөлөгч ын өмгөөлөгч М.Мягмартуяа: “Б.Сэнжидмаа өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ***гийн өмгөөлөгч Ц.Батзаяа: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжилсэн 1,029,810 төгрөгийг Улсын яллагч хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Зөрүүтэй баримтыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, цаашид гарах зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаангүй. Хохирол төлбөртэй холбоотойгоор хэлье. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа хэлдэг. Насанд хүрээгүй хохирогч н хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй тодорхой зарим баримтыг хасуулж тооцуулах прокурорын саналтай байр суурь ижил байна. Өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмгөөлөгчийн зардал гэж өмгөөлөгчийн хөлсийг хэлэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэхтэй холбоотой гарч буй зардал гарсан байвал үүнийгээ үйлчлүүлэгчээрээ дамжуулж авах эрх нь нээлттэй байдаг. Иймээс хууль, шүүхийн өмнө өмгөөлөгчтэй оролцох уу, эс оролцох уу гэх эрхээ эдэлж буй хэрэг тул өмгөөлөгчийн хөлс гэх баримтаар гаргаж өгсөн 2,000,000 төгрөгийг хасуулан тооцуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн өндөр хувиар үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Насанд хүрээгүй хохирогч нарын ар гэрт учирч буй сэтгэл зүйн хохирлыг маш сайн ойлгож байна. Сэтгэл санааны хохирлыг ямар гэмтэл учирсан бэ гэдгийг харгалзан үзэж хамгийн багаар тогтоолгох саналтай байна. Насанд хүрээгүй хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ***д гаргуулах хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой. Насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ***гаас нэхэмжилж буй өмгөөлөгчийн хөлс гаргуулахыг дэмжихгүй байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч буй баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 09 дүгээр сар үйлдэгдсэн баримтуудыг өмнөх мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд гаргаж өгөх ёстой байсан боловч гаргаж өгөөгүй тул тухайн цаг хугацаанд гарсан зардал гэж үзэх боломжгүй байна. Шүүгдэгчийн зүгээс 1,122,073 төгрөгийг өгч байсан. Хавтаст хэргийн 205 дахь талд авагдсан сэтгэл заслын үйлчилгээ авсантай холбоотой баримтыг хүлээн зөвшөөрч байна. Зарим хүнсний зардлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж өгч буй олон тооны И баримтуудыг нотлох баримтын тоонд оруулан тооцоход хүндрэлтэй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 199 дахь талд авагдсан шатахууны зардал болох 108,387 төгрөг, 54,708 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эмчийн үзлэгийн 25,000, 38,200 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хавтаст хэргийн 200 дахь талд 128,152 төгрөг, 201 дэх талд авагдсан 61,000 төгрөг, 57,210 төгрөг, 117,062 төгрөг, өмгөөлөгчийн хөлс буюу 2,000,000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 204 дэх талаас хойш 208 дахь тал хүртэл авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байх тул эдгээрийг жич Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэсэн дүгнэлт, тайлбарыг тус тус гаргасан.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шинэ-Өргөө хорооллын замд Тоёота приус маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 13 цаг 19 минутын орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй.хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас, тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүдийг мөргөж, улмаар насанд хүрээгүй хохирогч болох 9 настай, эрэгтэй н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 6 настай, эрэгтэй, ***, 7 настай, эрэгтэй, ***, 6 настай, эрэгтэй *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:
- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “***дугаартай приус 20 машин тоглоомын талбай руу ороод хүүхэд дайрчихлаа” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал),
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-18 дахь тал),
- 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 23-26 дахь тал),
- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),
- Насанд хүрээгүй хохирогч н нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
- Насанд хүрээгүй хохирогч ***ийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- Насанд хүрээгүй хохирогч ***ын нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 56 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),
- Насанд хүрээгүй хохирогч ***ийн нас тоолсон тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-70 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11517 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 82-84 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11518 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 89-91 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №11516 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Шинжээч эмч Э.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 8 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №11583 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №2870 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 109-112 дахь тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 929 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал),
- Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа (1 дэх хавтаст хэргийн 174-176 дахь тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 237 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэж тодорхойлжээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох ба дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, объектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг мөн гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоог шаардана.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь захиргааны хэм хэмжээ тогтоосон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 10.1, 12.3-т заасныг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадалгаа, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч н биед хүндэвтэр зэргийн хохирол учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болон бусад эх сурвалж баримтаар тогтоосон байх бөгөөд үүгээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар тодорхойлогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч ***гийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл бодит байдалд болон хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.3 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заасан ба үүгээр гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал хор уршигт тооцогдоно.
Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
1. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгсөн эмчилгээ, эм тариатай холбоотой 2.882.300 төгрөг, сургалтын төлбөр 4.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, шатахууны хөлс 2.308.292 төгрөг нийт 11,190,592 төгрөг нэхэмжилснээс шүүх эмчилгээ, эм тарианд зарцуулсан 2,882,300 төгрөг, шатахууны 2,308,292 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг зэргийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 10.000.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн байх тул шүүгдэгчийг насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ., 2 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Шүүгдэгч ***гийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***, ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтын шатанд эмчилгээтэй холбоотой 275.501 төгрөг, 4 цагийн цалингүй чөлөө авсан 204.454 төгрөг нийт 479.959 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзсэн ба шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь 15 минутын завсарлага авч төлсөн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч ***д төлөх төлбөргүй гэж үзсэн.
- насанд хүрээгүй хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтын шатанд 160.332 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул дээрх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь 15 минутын завсарлага авч төлсөн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч ***д төлөх төлбөргүй гэж үзсэн.
- Насанд хүрээгүй хохирогч ***ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ болон өмгөөллийн хөлс, шатахууны зардалтай холбоотой 3.598.183 төгрөг, сэтгэл заслын эмчилгээнд жилийн хугацаанд 50 удаа хамрагдах 4.000.000 төгрөг, өдөр өнжүүлэхийн 1.200.000 төгрөг, шүүхийн шатанд 1,029,810 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүх эмчилгээ болон өмгөөллийн хөлс, шатахууны зардалтай холбоотой 3.598.183 төгрөг, өдөр өнжүүлэхийн 1.200.000 төгрөг, шүүхийн шатанд гаргаж өгсөн 1,029,810 төгрөг буюу нийт 5.827.993 төгрөг нэхэмжлэлийг хүлээн авч шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 1,122,073 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс нийт 4,705,920 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч *** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч ***т төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч , ***, ***, *** нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэсэн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сэнжидмаа: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирол төлбөрөө нэхэмжлэх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Зорчих эрхийг хязгаарлавал хохирогч нарын хохирол төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй болно. Иймээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт, тайлбарыг тус тус гаргасан.
2.3 Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоос тодорхой хувийг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гаас:
- 4.705.920 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***д,
- 1,671,327 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН