| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0387/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/468 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/468
2025 02 12 2025/ШЦТ/468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ***,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007971107 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын өгсөн мэдүүлэг:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэсэн,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газраас урьд шөнө, шөнийн 01 цагийн үед таны дүү автын осолд орсон байна гэж хэлсэн. Иймээс Цагдаагийн газар дээр очоод уг ослын талаар мэдсэн. Шүүгдэгч нь эмнэлэгт байх 7 хоногт нэг ч удаа ирээгүй. Түүний ээж залгахад нь бид нарын зүгээс таны хүүхдийн машинд мөргүүлсэн учраас яаралтай хагалгаанд ороод ухаангүй байна гэж хэлсэн.” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ***: “Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.”, “Иргэний хариуцагчийнхаа хувьд шүүгдэгчтэй хамтран хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Эрүүгийн 2403007971107 дугаартай хэргээс:
1. Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “*** дугаартай машинаар хүн мөргөсөн. Одоо ухаангүй эмнэлэгт байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-13 дахь тал),
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-19 дэх тал),
4. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагаас залгаж надад хэлсэн. Талийгаач хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хөдөө ажлаар явлаа гээд гэрээсээ хөнжил пүүгээ аваад явсан. Тэр үед хаана ажиллах гэж байгаа талаар нь асуухад Улаанбаатар хоттой ойрхон газар 1 сар ажил хийгээд ирнэ гэж байсан. Жолоочийн зүгээс оршуулгын зардал мөнгө гэж 4,100,000 төгрөг өгсөн. Одоогоор гаргаж өгөх баримт байхгүй байна. Гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “Зам тээврийн осол гаргасан жолооч нь эмнэлэг дээр байхад ямар нэгэн эм тарианы мөнгө өгч байгаагүй. Осол болсон газраас зам тээврийн осол гаргасан жолооч дүүг өөрсдөө тээвэрлэж гэмтлийн эмнэлэг дээр авч очсон юм байна лээ. Осол гаргасан жолоочийн царайг харж байгаагүй. Харин ээжтэй нь хэд хэдэн удаа утсаар холбогдож ярьж байсан. Ажил явдлын үеэр нөхөр ***ын *** тоот данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талийгаачийн оршуулгын зардалд 10 гаруй сая төгрөгийг зарцуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гаргаж өгөх баримт байхгүй байна. Шүүхийн шатанд гаргаж өгнө. Оршуулгын зардлыг бүрэн төлүүлмээр байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
6. Иргэний хариуцагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас цагдаа залгаад Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү гэж асуусан ба мөн гэж хэлээд тээврийн цагдаагийн алба дээр очиж уулзсан. Ингээд зам тээврийн осол гаргасан талаар мэдсэн. Би иргэний хариуцагчаар оролцохгүй. Манай хүүхэд *** өөрөө хариуцна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгчээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Тоёота приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг бөгөөд 2024 оны 09 дүгээр сард хувь хүнээс 7,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ослын улмаас урд салхины шил хагарсан, гэрэл хагарсан зэрэг гэмтэлтэй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
7. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цаг 40 минутын орчим нөхрийн найз ***тэй хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цамбагаравын арын замд Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз *** жолоодон миний бие жолоочийн эсрэг хажуу талд суугаад 1 дүгээр хорооллын арын замаар зорчин явтал зорчих хэсгийн хойд талаас эрэгтэй явган зорчигч гарч ирсэн. Тухайн үед эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл зүүн эргэх үйлдэл хийж байсан бөгөөд тэр эргэх гэж байсан машины араас хурц гэрэлтэй машин гараад ирсэн. Тэр хоёр машины дундаас явган зорчигч гараад ирсэн буюу тэр явган зорчигчийг *** унаж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талаар мөргөсөн. Тухайн хүн мөргүүлээд газар унасан. Тэгээд *** тоормос барьж тээврийн хэрэгслийг зогсоосон. *** машинаас буугаад тэр эрэгтэй хүн дээр очсон ба би машин дотроо сууж байсан. Тэр эрэгтэй хүнийг *** машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Машины ард суугаад явж байх үед тэр хүн хурхираад байсан. Гэмтлийн эмнэлэг рүү нөгөө хүнийг *** аваад орсон ба би машиндаа үлдсэн. Цагдаа нар ***ий унаж явсан тээврийн хэрэгслийн зургийг авч байгаад тээврийн хэрэгслийг ачаад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дотор сууж байгаад нөхөр намайг ирээд аваад явсан. Зам тээврийн ослын улмаас салхины шил хагарсан, урд их гэрэл хагарсан, зүүн урд багана далийсан зэрэг гэмтэлтэй харагдаж байсан. Зам тээврийн ослын улмаас *** бид хоёрт ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Осол болдог өдөр гадаа сэрүүн цаг агаартай, үзэгдэх орчин тийм сайн байгаагүй гадаа утаатай бүрсгэр байсан. Зорчих хэсгээр явж байтал эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл зүүн эргэх үйлдэл хийх явцад нь бид хоёр хурдаа хассан. Тэгсэн гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Осол аймар хурдан болж өнгөрсөн. Тухайн үед ***ийг хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. *** бид хоёр хамт зорчин явсан. Тухайн өдөр *** зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Тухайн зам дээр эвдрэл гэмтэл байсан эсэхийг анзаараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №5460 дугаартай:
- Ирүүлсэн дээж нь цусанд спиртийн агууламж тодорхойлох шинжилгээг хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяггүй, *** хуруу шилний дугаартай цусны дээжээс 2.9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №5461 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн /***/ гэх хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.
- Шинжилгээнд ирүүлсэн /***/ гэх цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №12947 дугаартай:
- ***ын биед гавлын духны ясны баруун талаас духны хөндийн гадна болон дотор ялтас, этмойд хөндийн баруун урд хэсэг, зүүн талын суурийн хөндий, суурь яс, дагз ясны зүүн талын суурь, төвгөрийг дайрсан нийлмэл хугарал, 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны зөөлөн эдийн няцрал, хоншоорын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, өвчүүний яс их биеийн зөрүүтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, орчинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-68 дахь тал),
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн цогцост хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №3349 дугаартай:
- Шинжилгээгээр амь хохирогч ***ын цогцост гавал тархины битүү гэмтэл: Гавлын дух, баруун ухархай, залаа яс, турк эмээл, суурийн зүүн арын хонхор, дагз, зүүн зулай ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурийн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны дэлбэн тархины эдийн цусархаг няцрал, хуйхны цус хуралт, баруун зовхи, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Хохирлын хүнд зэрэгт хамаарна.
- Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
- Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.
- Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 2024.10.02-ны өдрийн 05:31 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 3 цаг орчим болсон байжээ. гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-80 дахь тал)
12. Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бямбажав нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөгчийн тогтоолыг үйлдэн ирүүлэхдээ Жааханы Шинэтогтох гэж ирүүлсэн байсан. Мөрдөгчийн тогтоол дээр дурдагдсан нэрийн дагуу дүгнэлтэд тусгаж дүгнэлтийг гаргасан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд тусгагдсан овог нэр тогтоолтой зөрүүтэй байсан учир мөрдөгчийн тогтоолд дурдагдсан овог нэрийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан.” Гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),
13. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №400 дугаартай:
- Урд салхины шил зүүн талдаа хагарч цацарсан, зүүн урд их гэрлийн гадна бүрхүүл хагарсан, зүүн урд эргэх дохионы гэрэл асахгүй, урд буфер доод хэсгээрээ будаг халцарсан, хойд буфер зүүн талдаа 30х40см орчим будаг халцарч зурагдсан, баруун урд подфар /оврын/ гэрэл асахгүй, дуут дохио /сигнал/ ажиллахгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
- Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь шинэ хуучны аль нь болохыг тогтоох боломжгүй байна.
- Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,73 кН баруун талдаа 2,61 кН, зөрүү нь 4% (стандарт <20%) стандартын шаардлага хангаж байна. Хойд дугуйн тоормос зүүн талдаа 2,13 кН баруун талдаа 1,89 кН, зөрүү нь 11% (стандарт <30%) байгаа нь тоормосны систем хэвийн ажиллаж байгааг илтгэнэ. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай.
- Уг тээврийн хэрэгслийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн COSBER KZD-7 тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,1 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна. (стандарт +-0-5мм). Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй, явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна.
- Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 4-5 мм буюу дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дугуйнууд нь өвлийн М+S 205/65/R15 хэмжээтэй байна.
- Уг тээврийн хэрэгслийн их гэрэл нь H4 маркийн лампатай бөгөөд тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 12500cd хол дээрээ 17500cd, баруун талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 15000cd, хол дээрээ 11200cd (стандарт 10000-с дээш) гэрлийн тусгалын чадал хол ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна.
- Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),
14. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1993 дугаартай:
- Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд* холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож. ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, ... г/ .тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.
- Явган зорчигч: *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байна гэх магадалгаа (хавтаст хэргийн 99 дэх тал),
15. Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрах нь миний 90780137, 96906350 дугаарын утсаар хэд хэдэн удаа холбогдож Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэс ирж прокурорын тогтоолтой танилцах талаар мэдэгдсэн боловч би ирээгүй нь үнэн. Учир нь Аав, ээж хоёр Дундговь руу барилгын ажилд явсан байсан учир хоёр дүүгээ хараад гэртээ байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байдаг гэртээ байж байгаад шөнийн 01 цаг 20 минутын үед гэрээсээ гараад өөрийн төрсөн ээж Уранцэцэгийг гэмтлийн эмнэлэг дээрээс очиж авахаар ээжийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хуучин давхар дэлгүүрийн хажуу талын замаар яваад Содон хорооллын арын замаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хойд талын замаар буцаж эргээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан. Тэгээд 1 дүгээр хорооллын арын замаар зорчин явах үед 2 хурц гэрэлтэй машин орж ирсэн. Тэр 2 машины голоор ертөнцийн зүгээр хойд зүгээс нэг явган зорчигч гүйсээр байгаад зам дээр гараад ирсэн. Тэгээд би тухайн явган зорчигчийг мөргөөд зогссон. Тээврийн хэрэгслээс буугаад надад мөргүүлсэн хүн дээр очих үед нөгөө хүн ухаан алдсан байсан. Зам дээр явж байсан жолооч нар наад хүнээ аваад гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өг гэсэн. Тэгээд би аваад дөнгөж хөдлөөд явж байхад араас 2 цагдаа ирээд миний жолоодож явж байсан тээврийн хэрэгслийн хойд талаас дагаад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би нөгөө 2 цагдаатай мөргөсөн хүнийг насилка дээр хэвтүүлээд эмч нарт оруулж өгсөн. Нөгөө 2 цагдаа 102-т дуудлага өг гэсэн. Түүний дагуу цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгсө. Дуудлага мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газрын хэмжилт хийгээд намайг драгер багаж үлээлгэж шалгахад надаас ямар нэгэн зүйл илрээгүй. Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Отгон жолоо” нэртэй жолооны курсийг “В” ангиллаар суралцаж төгссөн. Одоо миний жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй. Хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад эмнэлгээс шаардсан эм тарианы мөнгийг ээжээс гаргаж авч өгч байсан. Талийгаачийн ар гэрт 4,000,000 сая төгрөгийг өгсөн ба эгч Ангармөрөний дансаар шилжүүлсэн. Өөр ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн зүйл байхгүй. Би гаргасан үйлдэлдээ хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна, ар гэрээс уучлалт гуйж байна. Надад хамгийн хөнгөн хариуцлагыг оноож өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144 дэх тал),
16. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн, хуулийн этгээд бүртгэлгүй, байнга оршин суугаа хаягийн, тээврийн хэрэгслийн, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаанууд (хавтаст хэргийн 104-109 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нь урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 667 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан байх ба түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч дүгнэлтдээ Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Цамбагаравын хойд талын замд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, ... г/, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж,...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч ***ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,100,000 төгрөг төлж барагдуулсан байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгийг тооцож гаргуулах, оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Гомдол саналгүй” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирол төлбөрт 4,100,000 төгрөг төлсөн байдаг. Цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Сэтгэцэд учирсан хор уршгаа шинжээчийн дүгнэлт гаргуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зөв байх гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч тогтсон ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдоггүй. Хаврын 3 болон 4 дүгээр сараас ажил хийх үе нь эхлэх байх. Цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой зардлыг төлнө гэдгээ шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь илэрхийлдэг. Заавал шүүхээр явуулахгүйгээр боломжит хугацаагаар 2,000,000 төгрөг өгөх гэх мэт хохирогч талтай ярилцаад шийдвэрлээд явчих боломжтой гэдгээ хэлье.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч нь гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Цамбагаравын хойд талын замд Toyota Prius-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны шөнийн 01 цаг 40 минутын орчимд жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна:, дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, ... г/, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж,...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч ***ыг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт нь:
- Тээврийн цагдаагийн алба, мөрдөн шалгах газар, жижүүрийн удирдлагын хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “*** дугаартай машинаар хүн мөргөсөн. Одоо ухаангүй эмнэлэгт байна” гэх утгаар бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6-13 дахь тал),
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-19 дэх тал),
- 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
- Иргэний хариуцагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгчээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №5460 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №5461 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн /***/ гэх хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.
- Шинжилгээнд ирүүлсэн /***/ гэх цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №12947 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-68 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн цогцост хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №3349 дугаартай дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-80 дахь тал)
- Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),
- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №400 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),
- Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1993 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 99 дэх тал),
- Яллагдагч ***ий мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 143-144 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоосон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчихийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба тус зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” бол хүндрүүлэн зүйлчлэхээр тодорхойлжээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох ба дээрх гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, обьектив тал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэхүү үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5, 9.5 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь мөрдөгчийн магадалгаа болон зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ***ын амь нас хохирсон нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ***ий замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Нөгөө талаар мөрдөгчийн магадалгаагаар амь хохирогч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зас хөндлөн гарах гэснийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон байгааг дурдаж энэ нь нөгөө талаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал, хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хууль зүйн үндэслэл:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Нэхэмжлэл гаргасан субъектийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын амь нас хохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх эсэгт Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.3 дахь заалтад хохирогч нас барсан тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг… хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэж хуульчилсан ба шүүгдэгч нь ***тэй 2005 оноос 2015 оныг хүртэл хамт амьдарч албан ёсны эхнэр нөхөр байсан гэх ба 2018 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байна. Мөн тэд дундаасаа нэг хүүхэдтэй гэж байгаа боловч хүүхэд нь амь хохирогч ***оор овоглодоггүй байх тул тэднийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох боломжгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд амь хохирогч ***ын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч ***ийг тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх бөгөөд *** нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ***ийг оролцуулахад татгалзах зүйлгүй талаар хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.
1/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь мөрдөн байцаалтын болон хохирол хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 4.100.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2/ Сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, мөн оршуулгын зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар:
- Иргэний нэхэмжлэгч ***ээс “Тоёота приус 20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах өмгөөлөх талын дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх саналтай байна.” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Тохиолдлын шинж чанартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар материаллаг хохирол төлбөрт тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлсөн. Шүүх хуралдаан завсарлах үед хоорондоо ярилцлаа. Оршуулгын зардлыг шүүхээр зайлшгүй оруулалгүйгээр хувааж төлж барагдуулахаар боллоо. Дээд зэргийн сандралтай шүүгдэгч байх тул 100 хувь байр сууриа илэрхийлж чадахгүй байна. Улсын яллагчаас санал болгосон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул улсын яллагчаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахыг дэмжиж байна. Шүүгдэгч нь ээжтэйгээ, мөн дангаараа ч ажилладаг тул хохирол төлбөрөө төлж барагдуулахад дэмжлэг үзүүлнэ. Зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд нэг удаагийн ял шийтгэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд тогтоож, ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***ийг өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, мөн оршуулгын зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН