Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/00499

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Дамиран овогт Б /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  А /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , хариуцагч А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд А тай танилцаж, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Х мэндэлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, зан харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос тус тусдаа амьдрах болсон. Хүү Х маань миний асрамжид өсч торниж байна. Цаашид А тай хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Х д тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие өөрийн хүү Х тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч А ад холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

А , Б нар 2014 онд танилцсан, тэдний дундаас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, хүү Х төрсөн, хүү эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа, зохигчид салж тус тусдаа амьдарч байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Евро эм өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-д Эцэг, эх ... нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчлан заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заасныг баримтлан хариуцагч А аас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Х г тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, хүү  А******* /регистрийн дугаар /-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА