| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0384/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/541 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/541
2025 02 19 2025/ШЦТ/541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Д.Рэгзэдмаа,
хохирогч ***,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408035801838 дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, нарын гаргасан мэдүүлэгт:
Шүүгдэгч ***аас: “Мэдүүлэг гаргахгүй” гэсэн.
Хохирогч ***: “2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ***тай танилцсаныхаа дараагаас эхлүүлээд манайд ирээд хамтран амьдарсан. 2024 оны 09 дүгээр сар гартал хамт амьдарсан. Танилцсан цагаасаа эхлэн хэл амаар доромжилсон. Тухайлбал “Хөгшин авгай, эмээ минь залуу хүнтэй байгаадаа баярлаарай” гэдэг байсан. Мөн зүй бус үгээр хараагаад байхаар нь чи яагаад намайг ингэж хараагаад байдаг юм бэ гэж асуухад хэлээд сурчихсан гэж хэлсэн. Нэг сар амьдарсны дараа гар хүрсэн. Тархи толгой, нүүр ам руу цохидог. 2024 оны 08 дугаар сард Сүхбаатар аймаг руу явж байрлаж ажиллахаар болтол намайг хамт ажилладаг залуутай хардаад хөл, гараараа өшиглөж бид хоёрыг цус нөжтэй нь хольж зодсон. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл согтуу байсан. Сүхбаатар аймагт зодуулсныхаа дараа нүүр ам авах зүйлгүй байсан тул хичээл сургууль орох дөхсөн учраас ***д 14 хоног хүүхэд сургуульд зөөгөөрэй гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тухайн үед нүүр ам хавдсан байхад түүний ээж нь ирсэн. Ээж нь миний нүүр царайг харсан. Хүзүүний ард хатги гарсан хэцүү байсан ба пиво идээг нь гадагшлуулахад сайн байдаг гэхээр нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *** гэх найзтайгаа пиво уусан. Согтолтын хэмжээ гайгүй байсан. Намайг нүүр лүү нэг зүйлээр цохих шиг болохоор нь яаж байгаа юм бэ гэж хэлээд савны тагаар толгой руу нь цохисон. Хоёулаа цустайгаа холилдоод байж байсан тул *** чи гэмтэл рүү явж оёул гэхээр нь би яаж явах юм бэ,такси олоод ир гээд явуулахад ирээгүй тул урд айл руугаа ороод эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлээд цагдаа, эмнэлгийг дуудаж цагдаа нь ирж юу болсон талаар асуугаад бүрэлдэхүүнээ дуудсан. Бүрэлдэхүүн нь гэрийн байдлын зураг, хөрөг авсны дараа эмнэлгийн машин ирж хацартаа гадна дотно оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлгийг гаргасан.
Хоёр: Эрүүгийн 2408035801838 дугаартай хэргээс судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гурав дугаар хэлтсийн шуурхай албаны удирдлагын тасагт 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “хацартаа хутгаар зүсүүлсэн хүн байна. Зүссэн хүн нь ойрхон явж байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
3. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчим хамтран амьдрагч *** мөн найз *** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хилчин 8-23а тоотод 0.75 литрийн Цагаан нэртэй архи 1 шилийг уусан бөгөөд 11 цагийн орчим хамтран амьдрагч *** нь хэл амаар доромжлоод агсам тавиад байсан бөгөөд чи болиоч ээ гэсэн чинь нэг хатуу зүйл аваад шидсэн. Миний баруун хацрыг оносон бөгөөд тэр дороо хацраас маш их цус алдахаар нь ***ыг эмнэлэг явъя такси бариад ир гээд явуулсан чинь ирэхгүй байсан бөгөөд би эмнэлэг дуудах гэсэн чинь утас байхгүй байсан болохоор урд талын айлаасаа эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь цагдаагийн байгууллагад хандаж мөн эмнэлэг дуудсан байсан. Миний биед нүүрний баруун хацар хэсэгт зүсэгдэж гэмтсэн. Би тэр явдлаас хойш ***тай холбоо барьсан бөгөөд дандаа дугаараа нууцалсан утаснаас залгаж өөрийгөө Эрдэнэт хотод байна гэж хэлдэг. Миний хамтран амьдрагч болох *** миний биед урьд өмнө их халдаж зодож цохидог байсан бөгөөд архи уухаараа хардаж зоддог хэл амаар маш их доромжилдог байсан. Тухайн үйл явдал болох мөчид бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд манай найз *** байхгүй гэртээ харьсан байсан. Надад гомдол санал байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- хохирогчоор дахин 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “*** бид хоёр 2023 оны 12 дугаар сард танилцаад тэрнээс хойш Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо хилчин 8-23а тоотод байрлах манай гэрт хамтран амьдарч байсан. *** 2024 оны 09 дүгээр сараас хойш гэрээс яваад одоог хүртэл сураггүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн хүүхэд байхгүй. Миний нүүрний баруун талын хацарт үүссэн шархнаас болоод нүүр таталдаад толгой их өвдөг болсон. Надад одоогоор эмчилгээ болон эм тариа худалдан авсан баримт байхгүй байна. Миний дүү нар эм тариа авч өгч байсан. Би гоо сайхан болон сэтгэл санаагаараа хохирсон. *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга агсам согтуу тавьж хэл амаар доромжилдог хааяа зоддог байсан. Надад одоогоор сэтгэл санааны хохирол учирсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн хүний биед хийсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №13315 дугаартай:
- ***ийн биед баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдэх, цохигдох үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
5. Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “***ийн баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон өдөр үүссэн байх боломжтой. Тухайн өдөр ГССҮТ-д үзүүлсэн Гэмтлийн зэрэг дээр нь үндэслэн шинжилгээ хийсэн болохоор шинээр авсан гэмтэлд хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
6. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...би дэлгүүр явж цагаан гэх нэртэй 0.75 гр архи авч ирээд бид гурав хувааж ууж сууж байгаад манай нөхрийн бие муудаад эмнэлэг орчхоод өдөр 16 цагийн үед буцаж ирээд ***ийн гэрт орсон чинь хүн байхгүй гэрт байх ванн нь дотор их хэмжээний цустай ус байсан. Би шалын угаагаад сууж байсан чинь урд айлын хүүхдүүд орж ирээд Чимгээ эгч хаачсан юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлчхээд хүү Хувьтөгөлдөрөөс нь асуусан чинь ээж эмнэлэг явчихсан 2-3 хоноод ирнэ гэсэн. Тэгээд орой 22 цагийн үед *** манай байшингийн гадаа ирчхээд гал байна уу гээд асуухаар нь би тамхи татах биш гэж хэлчхээд та хоёр юунаас болж хэрүүл маргаан хийсэн юм бэ гэсэн чинь танай найз намайг саваар цохисон. Тэгэхээр нь би зөрүүлсэн юм гэж хэлчихэд явчихсан. ...хэрүүл маргаан хийх үед нь би байгаагүй. Өмнө хамт байхад хэрүүл маргаан хийхгүй хэр нь гараад явахаар хардаад хэрүүл маргаан болчихсон байдаг байсан.Би хашаанд нь амьдрахад архи уугаад хэрүүл маргаан хийгээд хэцүү байдаг байсан. Тухайн үед *** заазуураар зүсчихсэн 1 гэж надад хэлж байсан. Өмнө ***, ***ийг зодож байхад нь харж байгаагүй. Зодуулчихлаа гэж олон удаа ирсэн. *** хардаад архи уухаараа зодчихдог юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
7. Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод ажил хийж дуусаад орой нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ***ийг Поно гэх залуутай бэлгийн харилцаанд орж байхад нь хараад ***ийн биед халдаж хамар болон нүд хэсэг рүү нь цохиж зодсон. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***, *** нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад *** гэртээ харьсны дараа ***тэй Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод болсон явдлаас болоод хэрүүл маргаан хийж миний толгой хэсэг рүү халуун тогооны шилээр цохиж толгой хэсгээс цус гарсан. Дахин цохих гэхээр нь би газар байсан заазуур авч иш хэсгээр нь цохих гэж байгаад ир хэсгээр нь нүүр хэсэг рүү нь цохисон чинь их хэмжээний цус гараад арьс нь унжсан байсан. Тэгээд би түргэн дуудахаар гараад явж байтал толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь ээж Олдошгүй Баярынд ирж цусаа угааж ээжээр толгойгоо боолгоод буцаад иртэл байхгүй байсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь цагдаа орж ирээд намайг бариад явсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын удаахгүй бүрэн барагдуулж төлөх болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дахь тал),
8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68-72 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-112 дахь тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02-05/2539 дугаар албан тоот (хавтаст хэргийн 113 дахь тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10-02/3238 дугаар албан тоот (хавтаст хэргийн 155 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн бичигтийн Боомт гэх газар байхдаа хамтран амьдрагч ***ийг бусадтай хардсанаас нүд, хамар луу нь гараараа цохиж зодож, мөн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 8 дугаар гудамж 33 тоотод гэртээ байхдаа заазуурын иртэй хэсгээр баруун хацрыг зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь бодит хохиролд баримтаар гаргаж ирсэн зүйлгүй тул цаашид гарах зардлыг жич Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг заазуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ хамтран амьдрагч ***ийг бусадтай хардан 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 8 дугаар гудамж 33 тоотод гэртээ байхдаа заазуур шидэж баруун хацрыг зүсэж, биед нь баруун хацар, дээд уруулд зүсэгдсэн шарх, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хамар ясны далд хугарал, зүүн зулай, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт нь:
- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гурав дугаар хэлтсийн шуурхай албаны удирдлагын тасагт 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “хацартаа хутгаар зүсүүлсэн хүн байна. Зүссэн хүн нь ойрхон явж байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
- 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
- хохирогчоор дахин 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн хүний биед хийсэн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №13315 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
- Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
- Яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, бусад хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахыг үндсэн шинжээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тодорхойлон хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид буюу эхнэр, нөхөр, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр болон хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийг хамааруулахаар, мөн хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ***, хохирогч *** нар нь гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэрлэгчид биш хэдий боловч 2023 оны 12 дугаар сараас хойш нэг гэрт хамт амьдарч байгаа хамтран амьдрагчид буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарахаар байна.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***ийн бие махбодод халдсан үйл баримт, хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэв.
Мөн хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь хууль зүйн ойлголтоор өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. (хавтаст хэргийн 131 дэх тал).
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ***ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар (хэргийн 54 дэх тал) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна.” гэсэн.
2.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 05 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзуулсан,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2002 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүгчийн захирамжаар Хорих 441 дүгээр нээлттэй, хаалттай ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. СХД-ийн ШГА-ны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23-18 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
- Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж шийдвэрлэсэн. СХД-ийн ШГА-ны 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24-263 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, өөрийн үйлдсэн гэм бурууд маргаагүй боловч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт буюу мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийн биед халдсан мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд хохирогчийн нүүрэн тус газар заазуураар гэмтэл учруулсан хор уршиг арилаагүй, удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба нийгэмшээгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд тогтоож, ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***ыг өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН