Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00980

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/00980

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Хын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Бд холбогдох

 

837,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: эхэмжлэгч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Бнь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр надтай худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулан 75 ширхэг хөөсөн хүрээг худалдаж авахаар тохиролцсон. Миний бие 014/5см/ кодтой 60 ширхэг, 035/9см/ кодтой 9 ширхэг, 02-001 булан 6 ширхэг нийт 834,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авагчид шилжүүлэн өгсөн. Мөнгийг нь маргааш данс руу шилжүүлнэ гэж хэлсэн. Мөн 2017 оны 6 дугаар сард надаас барилгын материал худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа гээд 100,000 төгрөг бэлнээр зээлж авсан. Дараа нь дахин ирэн 014 кодтой хөөсөн хүрээнээс 4 ширхэгийг нэмж авсан тэр нь 43,200 төгрөг болсон. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр хэрэглээгүй илүү гарсан материал гээд 139,950 төгрөгийн бараа авчирч өгсөн. Түүнээс хойш өгнө гэсээр өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг өгөөгүй байна.

Иймд хариуцагч А.Бгаас үлдэгдэл төлбөр болох 837,550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Бшүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-нд иргэн Ганхуяг овогтой Эрдэнэбаяртай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 76 дугаар байрны 6 тоотод дотоод засал чимэглэлийн заслын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.3-т заасны дагуу үнийн дүнд материалын зардал, сантехник угсралтын ажил тээврийн зардал ороогүй болно. Ажлын явцад захиалагч Г.Энь засварын материалыг өөрөө хариуцаж нийлүүлсэн болно. Ажил хийх явцад дутуу татсан материалын үндэслэлийг миний бие утсаар ярьж авчируулсан болно. Гэрээний дагуу сүүлд татсан заслын материалын үнэ болох 834,300 төгрөгийг Г.Эбайрны эзэн төлөх ёстой. Харин эсрэгээр бидний ажил гүйцэтгэсэн ажлын хөлс болох 9,000,000 төгрөгөөс 8,300,000 төгрөгийг урьдчилж авснаас мөн заслын ажилд зориулж 15 ширхэг уут плитан цавуу, ус тусгаарлагч 2 ширхэг уут, мөн бас бус материал авсан болно. Тиймээс миний бие Г.Эаас 1,125,000 төгрөг авах ёстой.

Иймд гэрээний дагуу нэхэмжилж буюу 834,300 төгрөгийг Ганхуяг овогтой Эрдэнэбаяр төлөх ёстой бөгөөд дээр нь заслын ажлын үлдэгдэл 1,125,000 төгрөгийг төлөх ёстой юм гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч А.Бд холбогдуулан 837,550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч А.Бнь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг Г.Эгэгч нь надтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид материалын үнийг төлөх ёстой гэж маргаж байна.

 

А.Бнь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Ч.Хаас 75 ширхэг хөөсөн хүрээ авахаар тохиролцож, 014/5см/ кодтой 60 ширхэг, 035/9см/ кодтой 9 ширхэг, 02-001 булан 6 ширхэг, нийт 834,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдан авагчид шилжүүлэн өгсөн, дараа нь материал дутсан шалтгаанаар 014 кодтой хөөсөн хүрээ 4 ширхэг, нийт 43,200 төгрөгийн материал авч, нийт 877,500 төгрөгийн бараа материалыг авсан,

Мөн А.Бнь Ч.Хаас 2017 оны 6 дугаар сард 100,000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зохигчдын хооронд 877,500 төгрөгийн бараа материал өгч, авалцсаны хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн 100,000 төгрөг зээлүүлсэний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Ийнхүү А.Бнь Ч.Хаас 877,500 төгрөгийн бараа материал авснаас 139,950 төгрөгийн үнэ бүхий материалыг буцаан өгсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нийт үнийн дүнгээс 139,950 төгрөгийг хасч, 737,550 төгрөг болон зээлүүлсэн 100,000 төгрөг, нийт 837,550 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь Г.Эгэгчтэй 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Барилгын дотор засал чимэглэлийн ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 76 дугаар байрны 6 тоот орон сууцанд засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэхдээ Ч.Хаас бараа материал авсан тул Г.Энэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг төлөх ёстой гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагчийн хэргийн материалд ирүүлсэн Барилгын дотор засал чимэглэлийн ажил гүйцэтгэлийн гэрээ-ний агуулгаас үзвэл гэрээний үнийн дүнд материалын зардал ороогүй байгаа боловч Г.Эгэгч болон нэхэмжлэгч Ч.Х нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч А.Бд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 3 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар түүний өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 д зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бгаас 837,550 /найман зуун гучин долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 24,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ