Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0285

 

  

                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Ч.Б***ын нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох “...Иргэн Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг  сэргээж, хүчингүй болгосон 15/02704/21 дугаартай “Техникийн нөхцөл”-ийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Тус шүүхэд “Иргэн Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг сэргээж, хүчингүй болгосон 15/02704/21 дугаартай “Техникийн нөхцөл”-ийг сэргээхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 15/01047/22 дугаартай “Техникийн нөхцөл” олгож, нэхэмжлэгч Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг сэргээсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэж, гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б*** нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  тус шүүхэд Б.Д*** нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд “...Иргэн Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг сэргээж, хүчингүй болгосон 15/02704/21 дугаартай “Техникийн нөхцөл”-ийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2022/1221 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 15/01047/22 дугаартай “Техникийн нөхцөл” олгож, нэхэмжлэгч Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг сэргээсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг үндэслэж, гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 122 дугаар зүйлийн 122.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н***д 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Б***ын нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” ТӨХК-д захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн Ч.Б***ын нэхэмжлэлтэй, “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох “...Иргэн Ч.Б***ын 380 вольтын цахилгаан хэрэглээ авах зөрчигдсөн эрхийг сэргээж, хүчингүй болгосон 15/02704/21 дугаартай “Техникийн нөхцөл”-ийг сэргээхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ  нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б***ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

   ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА