Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/39

 

                                     Г.*******т холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                     Шүүгчид                                         Б.Эрдэнэхишиг                                  

                                                                                       Д.Буянжаргал

                                    Оролцогчид

                                    Прокурор                                     В.Батдэлгэр

                                     Шүүгдэгч                                      Г.*******

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.*******

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмээлт овогт Гилдээгийн *******т холбогдох эрүүгийн 1831003390050 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1969 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ганц бие, Сэлэнгэ аймгийн Жавхлант гумын Бумбат 1 дүгээр баг Улаан чулуутын 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хзоиуцах чадвартай гэх, Эмээлт овогт Гилдээгийн ******* /РД:МУ69111377/

 

Шүүгдэгч: Г.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ялбаг” гэх газрын Хөшөөтийн аманд 2018 оны 05 дугаар сарын дундуур “Ерөө баялаг” нөхөрлөлийн нэр дээр хуурамч бичиг баримтаар хууль бус ашигт малтмал олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Г.*******т холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/119   дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч  Эмээлт овогт Гилдээгийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний    хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******аас байгаль экологид учруулсан хохирол 34.411.224 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Эмээлт овогт Гилдээгийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.*******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Г.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Sinotruk ZZ3255 N3645B” маркийн 48-17УНЕ улсын дугаартай өөрөө буулгагчийг өмчлөгч *******, “Lonking CDM 853” маркийн 96-00УБ улсын дугаартай авто ачигчийг өмчлөгч Р.Чинбатад, “Volvo” маркийн 12-05УБ улсын дугаартай экскаваторын өмчлөгч “Буурал сутай” ХХК-нд, “RКВЕК” 99-96УН улсын дугаартай экскаваторын өмчлөгч “Буман дусал” ББСБ-д, алт угаах төхөөрөмж, усны насос, цахилгаан үүсгүүр зэргийг өмчлөгч Дарамбазарт тус тус олгож, шүүгдэгч Г.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх дээрхи техник хэрэгслүүдийн үнэ болох 64.750.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч   Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүгдэгчийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт байрлах Ү-1305000016 дугаартай хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг гүйцэтгэх хуудас бичигдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар очих хүртэл хэвээр үлдээж, уг орон сууцыг худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

8. Нэхэмжлэгч “Нуман-Алтай” ХХК-ны байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох шинжээчийн ажпын хөлс 3.000.000 төгрөг нэхэмжпэхдээ шаардлага хангасан нэхэмжпэл гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхийг нь нээлттэй орхисугай.

9. Шүүхийн   шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 119 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Прокурорт буцааж дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үүднээс энэхүү гомдлыг бичиж байна. Намайг анхан шатны шүүх хуралд орох хүртэл энэ хэргийн цаана байгаа хэргээ надад үүрүүлсэн томчуул санаа зоволтгүй бүгдийг цохицуулна гэж хэлж байсан хүмүүс шийтгэх тогтоол гарсаны дараа үл тоомсорлосон байдал гаргаж төлбөрөө төлөх эсэх нь тодорхойгүй яалтай ч билээ гэсэн утгатай зүйл яриад эцсийн дүнд энэ хүмүүсийн өмнөөс би амьдралаараа, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх асуудал үүсч байгаа тул үнэн бодит байдал, ямар байдлын улмаас надад энэ хэргийг даагаад гарчих гэж энэ олон жил намайг аргалж явсны нарийн учгийг гомдолдоо бичье гэж шийдлээ. Би энэ талаар эрүүгийн шүүх хурал дээрээ хэлсэн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа байх.

Намайг "хөшөөтийн ам гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж яллах дүгнэлт үйлдэж ,улмаар шүүхэд хэрэг шилжин ирж эрүүгийн хуулийн 24.2 зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм бууутайд тооцон 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгсэлийн үнэ 64.750.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох, Байгаль экологид учруулсан 34.411.224 төгрөг, "Нуман Алтай ХХК-ны 3000.000 төгрөгийг иргэний журмаар Г.******* надаас нэхэмжилж ав гэсэн бүгд 102.161.224 төгрөгийг төлөхөөр болж байгаа гэдгийг уншиж ойлголоо. Энэ талаар шүүх хурлаас гарч ирээд Дамдинсүрэн, Насанжаргал нар руу утсаар ярьхад уулзъя гээд Корпусын энгэр гэх очиж уулзсан бөгөөд одоо энэ төлбөрийг та нар яаж төлөх гэж байна гэхэд ийм мөнгө хаанаас авах, хаанаас гаргах билээ дээ гэсэн утгатай юм яриад надад шийдтэй хариу өгөхгүй даа шүүх хурал дээр хэргээ задлана гэж ярьж байсан гэдэг задлуул задлахгүй юу даа гэж хэлээд явцгаасан юм. Шийтгэх тогтоолоо аваад би гэр бүлийнхэндээ эхлээд хэлж чадахгүй хэд хоног хоолойгоор хоолч давахгүй сэтгэл санаагаар унаж хэцүү байсан сүүлдээ УБ хотод байдаг дүү Өлзийсайхан дүүдээ ах нь ийм зүйлд хутгалдчихлаа гэж үнэн байдлаа хэлэхэд гомдол гаргаж үнэнийг нь бич гэсэн юм.

Би 2016 онд Насанжаргал гэх дүүтэй танилцсан түүнээс хойш мэнд устай явдаг юм. 2018 оны 03 сарын үед Цогтоо ахаа би бичил уурхай эрхлэх зорилгоор "Ерөө баялаг "нөхөрлөл байгуулсан ,газрын асуудал шийдвэрлэгдсэн, надад техниктэй хүн хэрэгтэй байна та мэдэх хүн байвал надад олж өгөөч гэсэн санал тавьсан бөгөөд техникийн эзэн Есүхэй гэдэг хүнийг Насанжаргалтай холбож өгсөн. Энэ бичил уурхайг эрхлэх эзэн нь сэлэнгэ аймгийн ХААН банкны захирал Дамдинсүрэн байгаа, өөрийнхөө өмнөөс төрсөн дүү Доржоо нь энэ уурхайг хариуцан ажиллах юмаа гэж надад хэлсэн. Харин намайг та бидэнд туслаад дэм болж яваарай гэж гуйж байсан цалинжуулна гэж хэлж байсан . Ингээд уг уурхайг гардан хариуцаж байсан хүн бол Дамдиндорж тэр бүхий л хяналтыг тавьж ,орлого зарлага бүх л ажлыг хариуцаж мэдээллээ өөрийн толгой эзэн Дамдинсүрэн ;Насанжаргал нарт хэлдэг мэдээлдэг байсан. Ингээд намайг байхгүй хойгуур цагдаагийн шалгалт ирж асуудал үүссэн байдаг. тэд цагдаагийн газар биднийг шалгах боллоо бид хэрэв баригдах юм бол ажил төрөлгүй болно төрийн албан хаагч нар учир энэ зүйлд орооцолдож болохгүй Дамдиндоржид даалгах гэхээр түүнээс сэжүүр авч ах нь Дамдинсүрэн гэж мэдвэл ХААН Банкны захирал гээд, Насанжаргал нь тохижилт үйлчилгээний албаны дарга гэдгээр тус тус байдал хүндрэх гээд байна тэгэхээр бидэнд хамааралгүй хөндлөнгийн хүн хэрэгтэй байна та энэ уухайг ажиллуулж байсан, газар нутгаа мэднэ , нөхөрлөл байгуулсан гээд биднийг энд хамааруулахгүй байх асуудлыг даагаад яваад өгөөч гэхэд нь би ял авбал яах вэ миний амьдарлыг хэн авч явах юм гээд тухайн үедээ цааргалсан боловч олон удаа гүйгаад, таныг юу гэж ял авахуулах юм бэ, ар талыг бид зохицуулна гээд өдөр шөнөгүй шахам миний утас руу залгаж байсан хүмүүс шүүх хурлын дараа үнсэнд хаясан шалж шиг хаяад явна гэж огтоос бодоогүй тул маш их гомдож байна.

 

Би энэ ажилд ямар ч хамааралгүй ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй юм. Харин тэд нарт тус болж гадны хүмүүсийг ажлын талбар руу оруулахгүй байхыг хичээж байсан. Насанжаргал, Дамдинсүрэн нар нь үе үе ирж олборлолт гарсан үед ирж үзэж юмаа аваад явдаг байсан.Би хуурамч бичиг баримтаар ашигт малтмал ашиглаагүй гэрээ бичиг баримтыг үзээч үгүй, ямар утгатай ямар баримт байсныг ч мэдэхгүй, ашигт малтмал ч олбордоггүй тул энэ зүйл анги, хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уурхайн асуудал над шиг хүн биш томчуулын, албан тушаалтан нарын явуулдаг үйл ажиллагаа гэж боддог.

Анх 2018 оны 4-р сарын 12-ны өдөр Техникийн эзэн Насанжаргал нар утсаар холбогдон бичил уурхай хамтран явуулж олсон ашигаасаа 70-30 харьцаагаар хувааж авахаар тохирсон байсныг сүүлд мэдсэн. Ингээд Есүхэй надаар дамжуулан Насанжаргал руу 20 сая төгрөг шилжүүлсэнээс 5 сая төгрөгийг нөхөн сэргээлтийн ажлын урьдчилгаа гэж суманд төлсөн. 15 сая төгрөгийг Насанжаргал 2018 оны 4 сарын 19-ны өдөр 5031351683 тоот өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Энэ бүх нотлох баримт надад байна. Дамдинсүрэн, Насанжаргал нар над руу өдөр алсахгүй ярьдаг байсан түүнийг нотлохын тулд утсны билл авсан боловч сүүлийн 3 сарын ярианы билл гаргаж өгдөг юм байна.Зөвхөн 2020 оны 3 сарын 1-ны өдрөөс бсарын 11-ныгхүртэл хугацаанд Насанжаргалын 94040601 дугаарын утас руу 20 удаа , Дамдинсүрэнгийн 99106564 дугаарын утас руу 22 удаа би залгасан байдаг. Тэр хүмүүсийн над руу залгаж байсан ярианы биллийг надад гаргаж өгч болохгүй гэсэн тул авч чадаагүй.

Иймд би гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг прокурорт буцааж дээрхи хүмүүсийг шалгаж өгнө үү гэж гомдол бичиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч маань энэ гэмт хэргийг үйлдээгүй, энэ хэргийн цаана өөр хүмүүс байгаа гэдгээ илчилж байгаа учраас хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэснээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл үүссэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул 39.9 дүгээр зүйлийг баримтлан хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.                 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх бодит дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг 2 жилийн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлын дагуу Г.*******т холбогдох эрүүгийн 1831003390050  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний ар талд тодорхой албан тушаалтнууд байсан. Тодруулж хэлбэл тохижилт үйлчилгээний газрын дарга Насантогтох гэдэг хүн байсан. Бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад өөрсдийнх нь албан тушаалын байдал харршилж байгаа тул намайг ихэнх ажлыг зохицуулж явахыг хүссэн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 163-р ху/ болон гэрч Б.Майдарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би энэ талаар мэдэх зүйл алга. Миний хувьд тус сумын засаг даргатай ямар нэгэн гэрээ хийсэн асуудал огт байхгүй, 2018 оны 08 дугаар сард нөхөрлөлийн бичиг баримт болон тамга тэмдгийг эх хувиар нь авсан юм. Үүнээс хойш надтай холбогдоогүй. “Ерөө баялаг” нөхөрлөлийн бичиг баримтыг ХААН банкны Дамдинпүрэв гэдэг хүнд итгэж өгсөн. Одоо хаана байгааг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 167-168-р ху/, гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Засгийн газрын 151 дүгээр журам, мөн Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн “Ерөө баялаг” нөхөрлөлийн төлөөлөл болох иргэн Насантогтохтой Майдарын нэр дээр гэрээг хийж Майдарын өмнөөс гарын үсэг зуруулсан юм....” гэсэн мэдүүлгүүдэд харьцуулсан байдлаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ...дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан... гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх зүйн ямар нэгэн баримтгүйгээр мөрдөгч Н.Наранбаатар нь Д.Сайханбаяр /1-р хх-ийн 48-49-р ху/, Г.Мөнгөнсум /1-р хх-ийн 50-51-р ху/, Б.Самбууням /1-р хх-ийн 52-53-р ху/, Э.Болдбаатар /1-р хх-ийн 54-55-р ху/ нарыг гэрчээр байцааж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3  дугаар зүйлийн 1.3-д.шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх...гэсэн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсан болохыг анхаарч зөрчлийг арилгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан зөрчлүүдийг арилгах, шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу дээрхи хүмүүсийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах,   Нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөг албан ёсоор  баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулаагүй хүмүүст эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага тооцох үндэслэлтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

24.2      

                               ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧИД                        Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ