| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/42 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 13.12.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Б.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бы Бд холбогдох эрүүгийн ***************** тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, А аймгийн Э сум * дугаар баг ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд нь Нийслэлийн Б дүүргийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Бы Б/РД: ***********,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бны Б (А аймгийн Э сумын ** дугаар баг, **-*** тоотод оршин суух, Төрийн албан хаагч биш, РД: **********) нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын ** дугаар баг Нефтийн **-** тоотод байх хохирогч Б.Уын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
мөн хохирогч Б.Уаас салсны дараа түүнийг бусадтай хардаж, уг үйл явдлыг нь мэдэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж, А аймгийн Э сумын 2** дугаар баг Нефтийн **-** тоот гэрт нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүрс мэдрэгчтэй, шөнө 5-10 метр зайнд харах боломжтой, өндөр мэдрэгчтэй микрофонтой, алсаас хүлээн авах боломжтой, 4 Жи сүлжээний горимтой, үүлэн технологид суурилсан санах ойтой, алсаас удирдах системийн апплэйкэйшнтэй, мэдээлэл боловсруулж, хадгалах үүрэг бүхий хяналтын камерыг суурилуулж мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Б.Уын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Б.Б ыг камер тавьтал ямар нэгэн хүнтэй явалдаагүй. Яагаад ийм зүйл хийсэн талаар нь мэдэхгүй. Бусдын хэлсэн үгээр хүнийг дарамталж амьдарч байгаа хүн. Би энэ хүнийг өнөөдөр ял эдлүүлэх гээгүй. Айлын бага хүү учраас өмнө нь олон асуудлуудыг нь уучлаад өнгөрдөг байсан. Гэтэл машиныг нь утсаар цохисон гээд 450,000 төгрөгөөс болж өмнө жил цагдаа шүүхээр явсан. Миний энэ үйлдэл эмэгтэй хүнээс гарах хэмжээний уур гэж бодож байна. Энэнээс ч илүү уур хилэн гарах байх.
Хүн ёсоор надаас уучлалт гуйсан бол өөр байх байсан. Мөн надаас өмгөөлөгч нь надаас асуулт асуух ямар ч шаардлага байхгүй гэв. ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412001590277 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Уын өгсөн:
“...2023 оны 09 дүгээр сарын дундуур би Б.Баас салаад өөрийн гэрээсээ явуулсан байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын үеэр манай гэрийн 00-ын өрөөнд эрэгтэй хүн шээсэн гэмээр суултуур шар өнгийн шээсний дусал болсон мэт харагдаж байсан. Том өрөөний хивсэн дээгүүр арзгар хээтэй гутлын мөр гарчихсан байсан. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Б.Б намайг ажил дээр байж байхад кофе, тэмдэглэлийн дэвтэрт өдөр бүр намайг санасан талаараа бичсэн шүлэг мэт зүйл бичсэн тэмдэглэл авч ирсэн. Би тэр өдөр хамтран амьдарсан хүнээ арай гомдоочихлоо гэж бодоод дахин эвлэрчихдэг ч юм билүүдээ гэж бодож байсан. Тэр орой би 17 цагийн үед гэртээ харьтал өмнөх шиг бие засах өрөөнд орж суултуур дээр шээс цацруулж бие засчихсан, том өрөөний хивсэн дээр шороотой гутлын мөр гарчихсан байсан. Тиймээс би өөрийн гэрт хэн орж ирж байгааг мэдэх зорилгоор хяналтын камер суурилуулах гээд хаана тогтоож болох бол гээд тааз руугаа хартал дөрвөлжин хар камер суурилуулсан байсан. Тэгэхээр нь А аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн. Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр л мэдсэн. Гэхдээ энэ хугацаанаас 14 хоногийн дотор л суурилуулсан байх. Манай гэрт Б.Б аас өөр хүн нэвтэрч орох боломж огт байхгүй. Энэ талаар хэн нэгэн хүн мэдэхгүй. Би нэг их өөр хүнтэй нөхөрлөөд байдаггүй. Манай гэр рүү орох эрхгүй болсон. Гэхдээ нэг түлхүүр Б.Б д байдаг. Б.Б аас авах гээд хэлэхээр байхгүй гэж хэлээд өгдөггүй. Би камерыг Б.Б нь тавьж чадахгүй болов уу гэж бодож байна. Тийм өөр хэн нэгэн хүнтэй уг камерыг суурилуулсан эсэхийг тодруулмаар байна. Өөр надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Ц.Мийн өгсөн:
“...Би ******** дугаарыг 2023 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, аймгийн Х худалдааны төвд явж байхад нэг танихгүй эгч таараад эгчдээ Юнителийн салбараа дугаар аваад өгөөч гээд дахин дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрч, зах дотор байдаг Юнителийн салбараас өөрийн нэр дээр шинэ дугаар авч өгсөн. 5000 төгрөг бэлнээр өгсөн. Би дээрх дугаарыг бариагүй. Хэрхэн ашиглаж байгаа талаар мэдэхгүй байна. Хасу худалдааны төв дээр таараад гуйгаад байхаар нь би зөвшөөрч авч өгсөн. Тухайн үед би бичиг баримттайгаа явж байсан. Тухайн эмэгтэй нь 30 гаруй настай, догоцож явдаг эгч байсан. 160 см орчим өндөртэй, дунд зэргийн нуруутай эгч байсан. Би тухайн үед анх удаагаа харж байсан. Би тухайн үед анх удаагаа харж байсан. Тухайн үед би ямар учраас авахуулж байгааг нь асуугаагүй. Эгчийнх нь дугаар болохгүй байна, эгчдээ шинэ дугаар аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 дүгээр тал/
*Шинжээч Г.Угийн өгсөн:
“...Шинжээчийн хувьд уг камерын нэвтрэх нэр, нууц үгийг нь сэргээж олох боломжгүй. Сим картын хувьд уг камерыг сүлжээнд холбож асааж, алсаас удирдах боломжийг олгож өгч байгаа. Энэ камер нь өөр дээрээ санах ойгүй. Харин нэмэлтээр мемори карт хийж дүрс бичлэг хадгалах боломжтой. Уг камер нь сим карт, вайфай төхөөрөмжөөр өөрийгөө алсаа удирдуулах боломж өгч байгаа. Мөн бүртгэлтэй эрхээр нь нэвтрэн орж чадвал үүлэн технологи дээр хадгалсан ямар нэгэн бичлэг байгаа эсэхийг мэдэх боломжтой. Энэ камерыг асаахад өмнөх хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг шаардлагатай. Уг эрхээр нь нэвтэрч чадвал уг камер дээр өмнө нь бичлэг хадгалсан эсэхийг мэдэх боломжтой. Бусдаар бол хэвийн ажиллагаатай эсэхийг нь шалгахын тулд өөрсдөө туршилт хийж болно...”гэх мэдүүлэг/хх-ийн 114-115 дугаар тал/
*Яллагдагч Б.Б ы өгсөн:
“...Би 2023 оны 08 дугаар сард нэг явуулын хүнээс лангуу дээрээ камер байрлуулах зорилгоор бэлэн мөнгөөр хяналтын камер худалдаж авч байсан юм. Тэгэхдээ уг камераа лангуун дээрээ суурилуулаагүй байсан. Тэгсэн 2023 оны 11 дүгээр сарын эхээр /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ би Б.Утай таарамжгүй харилцаатай байсан болохоор ер нь түүнийг надаас өөр ямар хүнтэй уулзаж, учраад байдгийг нь мэдэх зорилгоор үл таних хүнээс бэлэн мөнгөөр сим худалдаж аваад, уг сим картаа камер дотроо хийгээд Б.Уын гэр болох А аймгийн Э сумын ** дугаар баг, Нефтийн **-** тоотод өөрт байсан илүү түлхүүрээрээ хаалгыг нь онгойлгож ороод гал тогооны хэсгийн дээд булан хавьцаа камераа суурилуулсан. Гэхдээ би энэ камераараа ямар нэгэн бичлэг хийж чадаагүй, энэ камераа ашиглаж мэдэхгүй, яаж бичлэг хийж, хадгалдаг учрыг нь олоогүй. Тэгээд ер нь уг камераа буцаагаад авчихна гэж бодож байгаад чадаагүй. Түүнд энэ талаар ерөөсөө хэлээгүй, түүнээс нууцаар уг камерыг суурилуулсан. Бид хоёр хэрүүл маргаантай л байдаг байсан. Намайг өөртэй нь уулзъя гэхээр хөөгөөд байдаг байсан. Надад хэн нэгнийг мөрдөн мөшгөх ямар нэгэн эрх байхгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг л хүн байгаа юм. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /хх-н 142-143 дугаар тал/
* Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Угийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн “4G smart camera” гэсэн нэртэй хар өнгийн камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь хөдөлгөөнт төхөөрөмжийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “4G smart camera” гэсэн нэртэй хар өнгийн камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 3 MP CMOS дүрс мэдрэгчтэй, 3.2мм-ийн линзтэй, өргөн харах өнцөгтэй, хэт улаан туяаны гэрэлтэй, шөнө 5-10 м зайнд харах боломжтой, өндөр мэдрэгчтэй микрофонтой, алсаас хүлээн авах боломжтой, 40 сүлжээний горимтой, Н264 видео форматыг дэмждэг, /256 GB/ хүртэлх санах ойн карт болон үүлэн технологид суурилсан санах ойтой, ЗОООтА эрчим хүч бага зарцуулалттай зайтай, алсаас удирдах системийн аппликейшинтэй /О-КАМ/, -10~55°С хүртэлх температурт ажилладаг, 56x43x44 мм хэмжээтэй төхөөрөмж байна. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмж нь /2560В/ хүртэлх санах ойн карт болон үүлэн санах ойтой, 3 өдрийн дүрс бичлэгийг үүлэн технологид суурилсан санах ойд хадгалах боломжтой бөгөөд файлыг үзэхийн гулд алсаас удирдах системийн аппликейшинд нэвтрэн орох хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц дугаар байхгүй тул үзэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжид суурилсан “*************, **********” гэсэн дугаартай /unitel/-ын сим карт нь 40 интернэт сүлжээ ашиглан камерыг алсыг зайнаас удирдан, мэдээллийг боловсруулж, хадгалах үүрэгтэй, сим карт дээр /IMSI: **********************/, /ICCID: *************************/ гэсэн мэдээлэл байна. Шинжилгээнд ирүүлсэн төхөөрөмжийн “Smart Small 4G SIM Card Ip Camera” гэсэн түлхүүр үгээр интернэт орчинд хайлт хийж үзэхэд олон улсын худалдааны веб сайт дээр худалдаалагдаж байна...” гэх дүгнэлт/хх-ийн 107-110 дугаар тал/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...А аймгийн Э сумын ** дугаар баг Нефтийн ** айлын орон сууцны ** давхарт хаалга саарал өнгөтэй байх ба уг хаалгаар ...гэрт камер суурилуулсан гэх газар нь гал тогооны хажууд цагаан өнгийн хөргөгч байх бөгөөд хөргөгчний дээд хэсэгт 2 хаалгатай шүүгээ шкаф байх ба хажуу буланд ханатай шахаж жижиг зайнд хар дөрвөлжин зүйл шахаж байрлуулсан байв. ...хөргөгчөөс гарсан саарал өнгийн залгуураас салаалж цагаан өнгийн тог дамжуулах утас холбосон байдалтай байв. Уг утасны урт нь 282 см байв. Уг цагаан тог дамжуулагч утасны үзүүрт цагаан өнгийн 79 см урттай ЮСБ залгуур залгасан байв. ...дүрс бичих зориулалт бүхий камертай, ар хэсэгт ЮСБ бүхий оролтуудтай, асааж унтраах товчлууртай байх ба жижиг оролт хэсэгт сим байх ба г.аргаж ирж үзэхэд гол хэсэгт Юнител гэсэн бичиглэлтэй ...байв...", гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 55-61 дүгээр тал/,
* Юнител ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн **-**/**** дугаартай албан бичиг, хавсралт баримт/хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
* Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “...шинжээчийн дүгнэлт дээр тусгасан уг камерт ашиглагддаг гэх "О-КАМ" нэртэй хэрэглүүрийг "play store" дээрээс хайлт хийхэд "О-КАМ PRO" нэртэй хэрэглүүр гарч ирснийг татаж суулгав. Уг хэрэглүүр лүү нэвтрэхэд бүртгэл шаардсан ба хэрэв өмнөх хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж байсан бол шууд бүртгэлээр нь орж, хяналтын камертай холбогдох боломжтой байв. Туршилтыг цааш үргэлжЛүүлэн шинээр бүртгүүлэх гэсэн хэсэг рүү орж, шинэ бүртгүүлэх гэсэн хэсэг рүү орж, шинэ бүртгэл үүсгэн, үүгээрээ нэвтэрч төхөөрөмж холбох хэсэг рүү ороход ОР уншиж хэсэг гарч ирэх ба үүгээр камер дээр ч QR код бүхий жижиг хэсгийг уншуулахад таньж нэвтрэх оролдлого хийв. Уг камер дээрх QR кодоор нэвтрэх оролдлого хийж хэсэг уншиж байснаа алдаа зааж “Энэ төхөөрөмж нь өөр хэрэглэгч дээр бүртгэлтэй байна. Иймд өмнөх хэрэглэгчийн нэвтрэх эрхээр нэвтэрнэ үү” гэсэн бичиг гарч ирж, нэвтэрч болохгүй байсан болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 116-125 дугаар тал/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын ** дугаар баг Нефтийн **-** тоотод байх хохирогч Б.Уын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан,
мөн хохирогч Б.Уаас салсны дараа түүнийг бусадтай хардаж, уг үйл явдлыг нь мэдэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж, А аймгийн Э сумын ** дугаар баг Нефтийн **-** тоот гэрт нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүрс мэдрэгчтэй, шөнө 5-10 метр зайнд харах боломжтой, өндөр мэдрэгчтэй микрофонтой, алсаас хүлээн авах боломжтой, 4 Жи сүлжээний горимтой, үүлэн технологид суурилсан санах ойтой, алсаас удирдах системийн апплэйкэйшнтэй, мэдээлэл боловсруулж, хадгалах үүрэг бүхий хяналтын камерыг суурилуулж мөрдөн мөшгөсөн гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Уран-Учралын ”...Би 2023 оны 11 дүгээр сарын үеэр манай гэрийн 00-ын өрөөнд эрэгтэй хүн шээсэн гэмээр суултуур шар өнгийн шээсний дусал болсон мэт харагдаж байсан. Том өрөөний хивсэн дээгүүр арзгар хээтэй гутлын мөр гарчихсан байсан. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Б.Б намайг ажил дээр байж байхад кофе, тэмдэглэлийн дэвтэрт өдөр бүр намайг санасан талаараа бичсэн шүлэг мэт зүйл бичсэн тэмдэглэл авч ирсэн. Би тэр өдөр хамтран амьдарсан хүнээ арай гомдоочихлоо гэж бодоод дахин эвлэрчихдэг ч юм билүүдээ гэж бодож байсан. Тэр орой би 17 цагийн үед гэртээ харьтал өмнөх шиг бие засах өрөөнд орж суултуур дээр шээс цацруулж бие засчихсан, том өрөөний хивсэн дээр шороотой гутлын мөр гарчихсан байсан. Тиймээс би өөрийн гэрт хэн орж ирж байгааг мэдэх зорилгоор хяналтын камер суурилуулах гээд хаана тогтоож болох бол гээд тааз руугаа хартал дөрвөлжин хар камер суурилуулсан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Мийн”...Би ******** дугаарыг 2023 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, аймгийн Х худалдааны төвд явж байхад нэг танихгүй эгч таараад эгчдээ Юнителийн салбараа дугаар аваад өгөөч гээд дахин дахин гуйгаад байхаар нь би зөвшөөрч, зах дотор байдаг Юнителийн салбараас өөрийн нэр дээр шинэ дугаар авч өгсөн. ...Х худалдааны төв дээр таараад гуйгаад байхаар нь би зөвшөөрч авч өгсөн...” гэх мэдүүлэг, шинжээч Г.Уийн”...Сим картын хувьд уг камерыг сүлжээнд холбож асааж, алсаас удирдах боломжийг олгож өгч байгаа. Энэ камер нь өөр дээрээ санах ойгүй. Харин нэмэлтээр мемори карт хийж дүрс бичлэг хадгалах боломжтой. Уг камер нь сим карт, вайфай төхөөрөмжөөр өөрийгөө алсаа удирдуулах боломж өгч байгаа. Мөн бүртгэлтэй эрхээр нь нэвтрэн орж чадвал үүлэн технологи дээр хадгалсан ямар нэгэн бичлэг байгаа эсэхийг мэдэх боломжтой. Энэ камерыг асаахад өмнөх хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг шаардлагатай...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Б ы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.У гийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын 2 дугаар баг Нефтийн **-** тоотод байх хохирогч Б.Уын зөвшөөрөлгүйгээр орон байр буюу орон сууцанд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан буюу хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг,
мөн Б.Уаас салсны дараа түүнийг бусадтай хардаж, уг үйл явдлыг нь мэдэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж, А аймгийн Э сумын ** дугаар баг Нефтийн **-**тоот гэрт нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүрс мэдрэгчтэй, шөнө 5-10 метр зайнд харах боломжтой, өндөр мэдрэгчтэй микрофонтой, алсаас хүлээн авах боломжтой, 4 Жи сүлжээний горимтой, үүлэн технологид суурилсан санах ойтой, алсаас удирдах системийн апплэйкэйшнтэй, мэдээлэл боловсруулж, хадгалах үүрэг бүхий хяналтын камерыг суурилуулж мөрдөн мөшгөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б ы орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, дүрс мэдрэгчтэй, шөнө 5-10 метр зайнд харах боломжтой, өндөр мэдрэгчтэй микрофонтой, алсаас хүлээн авах боломжтой, 4 Жи сүлжээний горимтой, үүлэн технологид суурилсан санах ойтой, алсаас удирдах системийн апплэйкэйшнтэй, мэдээлэл боловсруулж, хадгалах үүрэг бүхий хяналтын камерыг суурилуулж мөрдөн мөшгөсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Б.Унь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгчийг хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б д тус тус мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камер 1 ширхэг, цахилгааны утас холбосон цэнэглэгч 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ширээт гэгээн овогт Бны Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Б ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6/зургаа/ сарын хугацаагаар А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хээгт зааснаар оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б д мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камер 1/нэг/ ширхэг, цахилгааны утас холбосон цэнэглэгч 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН