| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж,
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гын Гд холбогдох эрүүгийн ***************** тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Х баг, Ногоон толгой гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Гын Г /РД: **********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын А багийн нутаг Урт гуя гэх газраас хууль бусаар 33 ширхэг. 1,3557 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Пронтер маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 148,801 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн ****************** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч П.А ийн өгсөн:
“...Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/
*Гэрч Б.Цийн өгсөн:
“...Би А аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай. Энэ ажлаа сүүлийн 6 жил тасралтгүй хийж байна. Намайг ажил дээрээ байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай сумын иргэн надад “Э сумын иргэд манай сумаас ирж хууль бусаар мод бэлтгээд байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ мэдээллийн дагуу би А аймгийн Ж сумын А багийн Урт гуя гэх газар явж очиход Г.Г гэх хүн хөх өнгийн Пронтер машин дээр галын түлээний мод бэлтгэж ачаад явж байсан. Түүнийг шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад байгаагүй тул тээвэрлэж явсан модыг нь нутгийн Х.Г гэх айлын гадаа зуслан дээр нь буулгаж хураасан. Энэ хүн надаас өмнө нь мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай уулзсан болон холбогдсон зүйл байхгүй. Урт гуя гэх газар талбай тусгаарлалт хийгдээгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/
*Яллагдагч Г.Гийн өгсөн:
“...Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 55-56 дугаар тал/
*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Бгийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн ** дугаартай: “...Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад Сибирь шинэс байна. Мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтээс 33 ширхэг мод нь босоо модноос бэлдсэн байна. Шинжлэгдэж буй модны... экологи эдийн засгийн үнэлгээ 148,801 төгрөг байна. Мөрдөгчийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад уг 33 ширхэг, 1,40 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн мод нь түлээний MNS 5413:2011 стандартын зориулалтаар тайрч бэлтгэсэн мод байна. 9,9 хувийн чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл боллоо...” гэх дүгнэлт/хх-н 29-31 дүгээр тал/
*Шинжээч А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ** дугаартай:
“...1999 онд үйлдвэрлэгдсэн Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 09 сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 60.000 /жаран мянга/ төгрөгөөр, 1.3357 метр куб хэмжээтэй модны үнэ 76.200 /далан зургаан мянга хоёр зуу/ төгрөгөөр тус тус үнэлсэн...” дүгнэлт/хх-ийн 62-63 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр А аймгийн Ж сумын А багийн нутаг Урт гуя гэх газраас иргэн Г.Г нь хууль бусаар эрхийн бичиггүй мод бэлтгэсэн..." гэх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 3-5 дугаар тал/
* Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн “...А аймгийн Ж сумын А багийн Хонхорын ам гэх газарт Гын эзэмшлийн зуслангийн байшин байх бөгөөд хажууд хураасан галын түлээний модонд үзлэг хийхээр тогтов... модон амбаараас 100 метр орчим ар талд хураасан галын түлээний мод байв. Модон дээр давхарлаж хураасан 33 ширхэг, 1,40 см урттай галын түлээний мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар тал/
*Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаартай албан бичиг/хх-ийн 43 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ж сумын А багийн нутаг Урт гуя гэх газраас хууль бусаар 33 ширхэг. 1,3557 м3 шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мөн газраас Пронтер маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 148,801 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч П.А ийн”... Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цийн”...Намайг ажил дээрээ байж байтал 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай сумын иргэн надад “Э сумын иргэд манай сумаас ирж хууль бусаар мод бэлтгээд байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ мэдээллийн дагуу би А аймгийн Ж сумын А багийн Урт гуя гэх газар явж очиход Г.Г гэх хүн хөх өнгийн Пронтер машин дээр галын түлээний мод бэлтгэж ачаад явж байсан. Түүнийг шалгаад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг асуухад байгаагүй тул тээвэрлэж явсан модыг нь нутгийн Х.Г гэх айлын гадаа зуслан дээр нь буулгаж хураасан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 148.801 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Бгийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн ** дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Ггийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ггийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Ггийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 148.801 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан, /148.801*3=446,403/дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 446,403/дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Г.Гончигдаваагийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** *** улсын дугаартай Пронтер маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, А аймгийн Автотээврийн төвийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул уг автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 446,403 /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,053,597 /хоёр сая тавин гурван мянга таван зуун ерэн долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 76.200 /далан зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3357 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баримтлан шүүгдэгч Г.Гг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд шүүхээс оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Гаас 446,403 /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 32 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Гончигдаваагийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** *** улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 446,403 /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 2,053,597 /хоёр сая тавин гурван мянга таван зуун ерэн долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 76.200 /далан зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 1.3357 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН