| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0032/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 02 13 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0547/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т ,
улсын яллагч Ч.М ,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000847 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А овогт Б.Т , (РД:аа**********), *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “И” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, аав, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг * дүгээр хэсгийн * дугаар гудамж * тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай. Урьд,
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 20** оны ** дугаар сарын **-ны өдрийн 1** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаатай баривчлах ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ хохирогч Ө.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хайчаар нуруун тус газар нь хатгаж нурууны зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Т нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр багийн ** байрны ** тоотод Ө.Т ыг “найз нөхөдтэй уулзуулсангүй. ... хүнтэй уулзахаа чамаар заалгах юм уу” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд нь хайаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь нурууны зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хажуу доод хэсэгт цус хуралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “иргэн Ө.Т аас “Дархан сумын ** дүгээр баг ** байрны ** тоотод 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд манай найз Б.Т намайг хайчаар хатгачихлаа” гэх гомдол, мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цаг 10 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 5 дахь тал),
2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Гэрч А.Уээс гарган өгсөн Б.Тийн барьж байсан гэх зүйл нь хар өнгийн бариултай тахир хэлбэрийн төмөр бүтэцтэй хайч байна. Хайчны нийт урт 22.5 см, ажлын хэсэг 12.5 см, бариул хэсэг нь 10 см хэмжээтэй байна. Уг хайч нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсныг тэмдэглэлд тусгав” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Хохирогч Ө.Т өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Б.Т тэй уулзаад Дархан сумын **-р баг *** байрны ** тоотод А.У гэдэг ахынд очсон. Тэгээд гэрт нь ороход А.У ах бас хоёр найзынхаа хамтаар байсан. Бид тав тэнд архи согтууруулах ундаа ууж хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бас үргэлжлүүлээд архи, пиво уусан. Тэгээд 11 дүгээр сарын 11-ний өдөр орой 22 цагийн орчим би нэг мэдсэн орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд А.У ах миний хажууд утсаар яриад эмнэлэг дуудаж байсан. Ингээд нэг мэдэхэд би түргэний машин дотор явж байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод би оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Гэрч А.У ийн өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манайд Ө.Т , Б.Т нар орой 17 цагийн орчим манай гэрт ирсэн. Тэр хоёрыг манайд гэрт ирэхэд манайд н.Э , н.М нар ирцэн байсан. Тэгээд Б.Т , Ө.Т оёр манай орж ирээд хэсэг байж байгаад, юм яриж байгаад Б.Т хүнтэй уулзана гээд гарах гэтэл Ө.Т тэрэнтэй уулзаж яах гээд байгаан гээд өмсөж явсан куртикнийхан малгайнаас татсан чинь урагдчихсан. Тэгээд Б.Т би гарч хүнтэй уулзахаа чамаар заалгах юм уу гээд Ө.Т руу уурлаад, тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгээд Б.Т нөгөө хүнтэйгээ уулзана гээд гараад явсан. Тэр өдөртөө бол тэгээд ямар нэгэн асуудал болоогүй бид тав манайд архи пиво ууж хоносон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр өглөө 11 цагийн орчим манай гэрээс Б.Т Ө.Т нар гарч явсан. Тэгээд орой 15 цагийн үед Б.Т , Ө.Т нар буцаад манайд ирэхдээ Сэнгүр нэртэй 2 литрийн пиво хоёр ширхэгийг, 0,75 литрийн ногоон экс нэртэй архи нэг ширхэгийг авцан орж ирсэн. Тэгээд бид тав Б.Т , Ө.Т нарын авчирсан архи, пивыг уугаад нилээн орой болцон байсан. Тэгээд байж байтал Б.Т , Ө.Т нар нь өчигдрийн болсон асуудлын талаар хэрэлдээд байсан. Тэгээд энэ хоёрыг нэлээн ширүүн маргалдаад байхаар нь би гал тогооныхоо өрөө лүү ороод хутгануудаа цааш нь далд газар хийгээд нууж тавьсан. Тэгээд буцаад том өрөөрүү ороод зурагт үзээд хэвтсэн. Тэгсэн Б.Т гал тогооны өрөөрүү ороод нэг юм хайгаад түчигнүүлээд байсан. Тэгээд Б.Т буцаад том өрөөнд орж ирэхэд нь би гартаа юм барьцан байснын анзаараагүй. Тэгсэн гэнэт Ө.Т ёооё чи шаачлаашдээ гэж хэлэхээр нь би сандраад эргээд харсан чинь хайч барьцан байхаар нь би Б.Т гийн хоёр гараас нь барьж аваад хайчын салгаж авсан. Тэгэхэд н.Э нойлд байж байгаад гарч ирсэн. Тэгээд би Б.Т гийн барьцан байсан хайчийг аваад н.Э т өгөөд наад хайчаа гал тогооны өрөөлүү ороод нуу гэж хэлсэн. Тэгээд би шууд цонхны тавцан дээрээс утсаа аваад эхлээд шууд цагдаалуу залгасан, дараа нь түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Шүүгчдэгч Б.Т гийн өгсөн: “...Би найз Ө.Т ын хамтаар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан сумын **дүгээр баг ** байрны ** тоотод А.У гэдэг ахынд очсон юм. Гэрт нь ороход А.У ах бас хоёр найзынхаа хамтаар байсан. Бид тав тэнд архи ууж хоноод 11 дүгээр сарын 11-ний өдөр бас үргэлжлүүлээд архи, пиво уусан. Тэгээд 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим гэнэт түргэний машин ирчихсэн байсан. Бид нар хоёр өдөр дарааллаад уусан байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Бид хоёр 11 дүгээр сарын 10-ны өдөр маргалдаад барьцалдаж авч байсан. 11 дүгээр сарын 11-ний өдөр яг тодорхой санахгүй нэг мэдсэн чинь хайчаар хатгачихлаа гээд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1028 дугаартай: “...Ө.Т ын биед нурууны зүүн ар доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хажуу доод хэсгэт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба дэс дарааллыг тогтоох боломжгүй. Ө.Т ын биед учирсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хатгагдаж зүсэгдэх үйлдлээр мохоо хүчин зүйлийн үйлчиллээр цохигдох, цохих үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1028 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Т нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, шалтаг шалтгаангүйгээр хохирогч Ө.Т ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Т г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Т ийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Т ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр эрүүл мэндийн зардалтай холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байна. Гэмт хэргийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан 162,799 төгрөгийг Б.Т төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдрийн 8 цагаас хэтрүүлэхгүйгээр Дархан-Уул аймгийн Хот тохижуулах үйлчилгээний газарт эдлүүлж, ялд хяналт тавихыг тус аймаг дахь нээлттэй хорих 445 дугаар ангид үүрэг болгож, шүүгдэгч Б.Т д 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялаас хасах саналыг” гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Т гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 39-49 дэх тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн бариултай тахир хэлбэрийн төмөр бүтэцтэй, нийт урт 22.5 см, ажлын хэсэг 12.5 см, бариул хэсэг нь 10 см хэмжээтэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлаар тооцож эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б ын Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 (найм)-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т ийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлаар тооцож эдлэх ялд оруулан тооцох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн бариултай тахир хэлбэрийн төмөр бүтэцтэй, нийт урт 22.5 см, ажлын хэсэг 12.5 см, бариул хэсэг нь 10 см хэмжээтэй хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН