Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/02772

 

 

 

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2017/02772

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Хууль бус эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх, шударга эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн ам тоот газарт 2003 онд хашаа хатгаж, улмаар гэр бүлийн хамт 2004 онд байшин бариад зуслангийн зориулалтаар ашиглаж тухайн газрын байгаль орчинг хамгаалж, хайрлаж ирсэн. Тухайн үед уг газар хашаа хатгаж, байшин барихдаа Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог хариуцсан газрын байцаагч Мөнхбаатартай уулзаж газар эзэмших хүсэлт өргөдөл гаргахад бусдын эзэмшил газартай давхцалгүй хэдий ч Засаг даргын захирамж гараагүй байгаа. Захирамж гарах хүртэл хүлээнэ үү гэсээр хойшлуулж, харин зуслангийн зориулалтаар ашиглаж, байгаль орчныг хамгаалж байж болно гэж хэлсэн. Түүнээс хойш манай ойр орчмын газруудад олон иргэд албан ёсны зөвшөөрөлгүй ч өөрийн хашаа байшинг барьж зуслангийн зориулалтаар ажиллаж, амьдрахын зэрэгцээ жил бүр миний бие болон манай ах дүүс газрын албанд хандаж захирамж гарахыг асуудаг, газар эзэмших өргөдлөө хэзээ өгч болохыг байнга асууж лавлаж ирсэн. Ингэж явсаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр уг газарт газар эзэмшүүлэх өргөдөл хүлээн авах боломжтой болсон тул зохих журмын дагуу энэ 03 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл төрөл садангийнхаа 10 иргэний нэр дээр газар эзэмших гэрчилгээ хүссэн өргөдөл, кадастрын зураг бусад бичиг баримтыг дүүргийн газрын албанд гарган хариугаа хүлээж байна. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зуслангийн байшиндаа очтол иргэн Б.О манай эзэмшил хүсч өргөдөл гаргасан, бидний зуслангийн зориулалтаар ашиглаж, амьдарч ирсэн газар дээр ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр хашаа хатган байшин барьж эхэлж байна. Түүнчлэн бидний тойруулж хатгасан хашаа эзэн холбогдогчгүйгээр алга болсон. Үүнийг холбогдох байгууллага буюу Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны 20 дугаар хороог хариуцсан байцаагч Отгонбаяртай холбогдон дараах нөхцөл байдлыг танилцуулан газар эзэмших гэрчилгээ, хүсэлт өргөдөл давхацсан эсэх талаар тодруулахад ямар нэг кадастрын давхцал байхгүй гэсэн хариу өгснөөс гадна газрын байцаагч Отгонбаяр иргэн Б.Оргил-Эрдэнэд утсаар хууль бус үйлдлээ зогсоохыг шаардахын зэрэгцээ хуулийн дагуу шаардах хуудас гардуулсан ч үл тоон хэрэгжүүлэхгүй байшингаа үргэлжүүлэн барьсаар байна. Мөн иргэн Б.Онь Баянзүрх дүүргийн Цахилгаан түгээх станцад цахилгаан хэрэглэх гэрээ байгуулаагүй байж хууль бусаар цахилгаан ашиглаж үйл ажиллагаа явуулж байгааг нь тус эрчим хүчний байгууллагаас тодорхойлсон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна гээд хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан нь эзэмшүүлэх боломжтой газарт хэн хүсэлтээ зохих журмын дагуу түрүүлж өгсөн байна тэр нь уг газрын эзэмших эрхтэй байх шударга ёсны зарчим үйлчлэхийг баталгаажуулсан юм. Иймд бидний 2003 оноос хойш нийтэд дэлгэрсэн, газар эзэмшлийн жишиг практикийн дагуу хашаалан хамгаалж, хог хаягдлыг нь цэвэрлэж, байгаль орчныг цэвэр үзэмжтэй байлгаж ирсэн, түүнчлэн эзэмшүүлэх хууль зүйн боломж нээгдмэгц бусдаас түрүүнд эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж бүртгүүлсэн эрхийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-2 дах хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрч, энэхүү газарт хууль бусаар өөрийн дур зоргоор халдаж байгаа Б.О-н хууль бус, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж өгнө үү. Мөн намайг тус газрын шударга эзэмшигчээр тоггтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие гэр бүлийнхээ хамтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн аманд 900 метр квадрат талбай бүхий газрын тухайн хорооны Засаг дарга болон дүүргийн газрын албаны хүмүүст газар эзэмших тухайгаа албан ёсоор мэдэгдэж өргөдөл хүсэлт гаргасан ба уг газар нь улаан шугаманд ороогүй, аж ахуйн нэгж байгууллага иргэдийн бүртгэл байхгүй байна гэж хэлснээр 2017 оны 05 дугаар сард төмөр хашаа хатган дүнзэн байшин барьж дуусах талдаа ороод байж байтал 2017 оны 05 дугаар сарын 8, 9-нд иргэн Ж.Б гэгч эмэгтэй хэсэг бүлэг хүмүүстэй ирж миний эзэмшил газраас зайл хурдан барьсан хашаа байшингаа буулга гэж хүн бүл муутайг далимдуулан дарамталж орилж чарлан дураараа аашилж танхайрсан билээ. Ж.Б бусадтай нийлж танхайрсан, эд хөрөнгөд хохирол учруулсан тухай асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа болно. Бид маргаад байгаа уг газарт шууд очиж буугаагүй ойр орчмын айлуудаас сонгосон газраа эзэнтэй эсэхийг нарийн судалсан ямар ч хүн гарч ирээгүй хоосон газар байсан билээ. Ж.Б нь газрын жинхэнэ эзэмшигч мөн юм бол хүн хэлээрээ ярьж хөөрөөд шийдчих бүрэн боломжой байсан. Гэтэл үгийн зөрүүгүй миний ах дүүтэйгээ нийлж авсан 10 айлын газар гэж хашгичин бидний зардал мөнгө цаг зав, хүн хүч гаргаж барьсан хашааны гадуур 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд дураараа авирлан давхар төмөр хашаа хатган бүрэн битүүлэн тойруулж хашааны орох гарах гарц хаалгыг бүрэн хааснаас манай гэр бүлийнхэн арга буюу айлын хашаагаар дамжин давж орж гарч аргацааж байна. Ингэж бидний амьдрах хууль ёсны эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж илтэд басамжлан доромжилж байгаа юм. Ж.Б гэгч нь би 2003 оноос Баянзүрх дүүргийн Шар хоолойн аманд газар авч хашаа хатган амьдарч байгаа, байгаль орчноо хайрлаж хамгаалж ирсэн гэж ичиж зовохгүйгээр худлаа ярьж байгаад маш их гайхаж байна. Бидний маргаж байгаа газар нь ямар ч хашаа байхгүй эзэнгүй хоосон газар байсныг баг хорооны хариуцлагатай ажилтан, тэр орчмын айл өрхийн хүмүүс баттай үнэнээр нь хэлээд өгөх болно. Ж.Б нь газрын зөвшөөрөл, гэрчилгээ, албан ёсны шийдвэр захирамжгүй атлаа миний эзэмшлийн газар гэж түрэмгийлж дураар авирлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид иргэн хүний газар эзэмших ашиглах, эрхийнхээ дагуу хоосон газрыг судалж аваад хашаа хатгаж байшин барьсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож харин Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолойн аманд барьсан хашааны орох гарах гарц хаалгыг чөлөөлж, Ж.Бгийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Охолбогдуулан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд хашаа, байшин барьсан хууль бус эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгчийг газрын зөвшөөрөл, гэрчилгээ, албан ёсны шийдвэр захирамжгүй атлаа миний эзэмшлийн газар гэж түрэмгийлж дураар авирлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, Ж.Б, Ж.Б нарын газрын 2008 оны 05 дугаар сарын 10, 30-ны өдөр хийгдсэн кадстрын зураг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, Баянзүрх дүүргийн Газрын алба 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. Мөн гэрч Ж.Б Ц.А нараас мэдүүлэг авахуулж, маргаан бүхий газарт болон өөрийн гар утсаар авсан зураг, бичлэг бэхжүүлсэн хуурцагт тус тус үзлэг хийлгэсэн /хх-10, 14, 18, 19, 22, 82-85, 93-98, 103-107, 114/.

 

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.Б нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд 2004 оноос хойш хувийн сууц, хашаа барьж амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Гэвч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасан зохицуулалтаас үзэхэд дүүргийн Засаг дарга өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бөгөөд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог байна.

 

Нэхэмжлэгч Ж.Б-д Баянзүрх дүүргийн Засаг даргаас талуудын маргаж буй Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд газар эзэмшүүлэхээр шийдвэр гаргаагүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзэх бөгөөд дээр дурдсанаар нэхэмжлэгч Ж.Б-д газар эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй нөхцөлд түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн газрын албаны байцаагчийн зөвшөөрлөөр газар эзэмшиж байгаа, удаа дараа өргөдөл гаргасан боловч шийдвэрлэгдээгүй, мөн уг газарт кадастрын зураг хийлгэсэн гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх боловч эдгээрийг хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээ, гэрээтэй адилтган дүгнэх боломжгүй.

 

Тодорхой хөрөнгөтэй холбоотой аливаа этгээдийн үйлдлийг хууль бус гэж үзэж таслан зогсоолгох, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэхийг шаардах эрхийг зөвхөн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгч Ж.Б-д ийм эрх олгогдоогүй байна.

 

Хариуцагч Б.О мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрчилгээ, гэрээгүйгээ шүүхэд үгүйсгээгүй ба 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн газрын кадстрын зураг, Баянзүрх дүүргийн Газрын алба 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус тус өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх боловч эдгээр баримтаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд хашаа, байшин барьсан үйлдлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна /хх-50, 61, 63/.

 

Гэхдээ хариуцагч Б.Охолбогдуулан шаардлага гаргах эрх бүхий этгээд нь дүүргийн Засаг дарга буюу түүнээс эрх олгогдсон, түүнээс газар эзэмших зөвшөөрөл олгосон этгээд байх ба нэхэмжлэгч Ж.Б-д ийнхүү эрх олгосон байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Охолбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд хашаа, байшин барьсан хууль бус эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.О-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн аманд хашаа, байшин барьсан хууль бус эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээлгэх, газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА