Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2019/00574

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, И овогт Я-ы Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт оршин суух, Ж овогт Х-ы Нт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.С /онлайнаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х, гэрч Х.К, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.И нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг 35000000 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7830416 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нөхөр Х.Нээс гэрлэлт цуцлуулж, бага насны 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00758 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00758 дугаар шийдвэр гарсны дараагаар нөхөр Х.Нээс гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсгийг гаргуулах нөхцөл байдал тогтоогдсон болно. Х.Н бид хоёр гэр бүл болсон үеэс эхэлж гэр бүл цуцлуулах хүртэл хадам аав, хадам ээж, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Энэ хугацаанд буюу 2016 онд Ө сумын 5-р багт шинээр амины сууц барьж тэнд амьдарч байсан. Түүнчлэн нөхөр Х.Н 2017 онд FORD TRANSIT загварын, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Эдгээр хөрөнгөнүүд бүгд гэр болсон үеэс хойш бий болсон хөрөнгөнүүд бөгөөд эдгээр хөрөнгөнүүд гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцогдох ёстой гэж үзэж байна. Шүүхээс Х.Н бид хоёрын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар иргэн бүр үр хүүхдээ асран хамгаалах нь журамт үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Одоогийн байдлаар миний бие хүү Б, охин И нарын хамт Увс аймагт амьдарч байгаа. Дээр дурдсанчлан хүүхдүүдийн эцэг Х.Н нь хүүхдүүдээ насанд хүрэх хүртэл харж хандаж, асран хамгаалах ёстой. Иймд хариуцагчаас гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсгээс 35000000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Я.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон охин И, хүү Б нарт ногдох хэсэг болох 35 сая төгрөг гаргуулах тухай. Энэ нэхэмжлэлийг гаргахдаа Монгол Улсын нэгэн жирийн иргэний хувьд хоёр бага насны хүүхдийн эрх ашгийн төлөө тухайн нэхэмжлэл гаргасан. Миний бие 2013 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух Х.Нтэй албан ёсоор гэр бүл болсон. Улмаар 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин И төрсөн. Охин И төрснөөс хойш тэр айлд хоёр сар амьдраад гэр бүлийн үйл ойлголцох маргааны улмаас, нөхөр Х.Н эхнэр хүүхдэдээ гэсэн хайр халамжгүй байдлаас болж би өөрийнхөө ээжийнхээ гэрт амьдарч байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард Х.Н надад ирээд хүүхдийнхээ төлөө хамт амьдаръя гэж гуйснаар буцаагаад Ө сумын 5 дугаар багт байдаг Х.Нийн гэрт амьдарсан. Энэ хугацаанд бид хоёр дахин хүүхэдтэй болсон. Тодруулбал 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүү Быг төрүүлсэн. Дээр тайлбарласнаар бид хоёр дунд нь тусдаа амьдарч байсан. Хүү төрсний дараа тэр айлд 5 сар амьдарч байгаад би 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт шилжиж ажиллахаар болоод Увс аймагт нүүгээд явсан. Ингэхдээ нөхөр, хоёр хүүхдийн хамт нүүгээд явсан. Тухайн үед Х.Н урьд нь өөрийнхөө эзэмшиж байсан машинаа зарсан. Би Х.Нээс чи Увс аймагт ирээд амьдар, хоёр хүүхдээ бодоод Увс аймагт амьдаръя, хувиараа хөдөлмөр эрхлээд энд амьдрах боломжтой гэж олон удаа хэлж гуйсан. Би Б аймагт Прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан. Надад мэргэжлээр дэвшиж ажиллах сонирхолтой байсан, Б аймагт ямар нэгэн орон тоо гарахгүй байсан учраас Увс аймаг руу шилжиж ажиллах шаардлагатай болсон. Х.Н 2017 оны 07 дугаар сард Улаанбаатар хот руу явж машин авна гэхээр нь би Х.Нээс Увс аймагт ирж амьдар, машин аваад Казахстан улс руу явж яах юм бэ гээд олон удаа гуйхад Казахын ёс заншлаар би айлын отгон учраас аав ээжийнхээ хамт амьдарна, Увс аймагт очиж амьдарч чадахгүй гэсэн хариу хэлсэн.

Би 2017 оны 05 дугаар сард Увс аймагт шилжиж очсоноос хойш 2017 оны 07 дугаар сард нэг хүүхдүүдээ эргэж ирж байсан. Түүний дараа 2018 оны 2 дугаар сард нэг удаа ирээд явсан. Ингэхдээ согтуу байдалтай ирсэн ба нэг хоноод маргааш нь явж байсан. Увс аймагт байсан хугацаанд Х.Нийн хувьд намайг үл тоодог юм гэхэд хоёр бага насны хүүхдээ үл тоосон, үл хайхарсан, сэтгэл гаргаагүй. Гэрт байхаас илүү Казахстан улсад тээвэрт явдаг, замд явдаг, бусад хугацаанд Казахстан улсын Астана хотод байдаг байсан.

Би шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан би Увс аймагт амьдарч байхад Х.Н өөр хүнтэй болсон, хурим найр хийх гэж байгааг сонсоод нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хөгшин настай аав ээжийг нь бодоод эд хөрөнгө гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Дараагаар нь Х.Н нэгэнт өөр хүнтэй гэр бүл болсон, хоёр хүүхдээ хаяж явсан учраас хоёр хүүхдийг асарч, хүмүүжүүлэх ачаа ганц миний нуруунд үүрэгдсэн учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Х.Н надтай гэр бүл болохоос өмнө болон надтай гэр бүлийн 5 жилийн хугацаанд мөн л Б аймгаас Казахстан улс руу тээвэрт явдаг байсан. Хариуцагч хариу тайлбартаа намайг авсан цалингаасаа нэг ч төгрөг өгөөгүй гэж бичсэн байна. Би олсон орлогоо хоёр хүүхдийнхээ хэрэгцээ, өдөр тутмын хэрэглээний зүйл гээд бүх мөнгөө хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Х.Нийн хоёр хүүхдийг би өөрөө ганцаараа асарч, идэх хоол хүнс, өмсөх хувцас хунарыг хангаад явж байгаа. Х.Нийн зүгээс хоёр хүүхдэдээ өгсөн нэг ч зүйл байхгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбарлахдаа Я.Н манай гэрт амьдарч байгаагүй мэт хэлж байна. Х.Н бид хоёр гэр бүл болж би тэр айлд бэр болж очиход хуучин байшинд амьдарч байсан. Дараагаар нь шинээр байшин бариад тэр байшинд бид нар бүгдээрээ амьдарч байсан. Надад Х.Нийн энэ байшин Бын байшин, түүний төлөө барьж байна гэж явуулсан мессеж байгаа. Үүнийг орчуулаад шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хүний үргэлжлэл нь үр хүүхэд нь байгаа. Намайг хүн биш гэж үзсэн ч гэсэн Х.Нийн мах цусны тасархай болсон хоёр хүүхдэд нь хөрөнгөөс нь оногдох хэсгийг гаргуулахыг хүсэж байгаа. Багийн Засаг дарга Х.Н бид хоёрт өөр тодорхойлолт гаргаж өгч байсан ч гэсэн Я.Н Ха амьдарч байсан гэдэг нь хүн амын бүртгэлээс харагдаж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд хүсэлт гаргахдаа ямар нэгэн шилжих хөдөлгөөн хийлгээгүй гэдгийг хэлсэн.

Би энэ айлд Х.Нийн эхнэр нь болж очоод үр удмыг залгах гэж хүүхдийг нь гаргасан. Тэгээд хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах, өөрт оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би гэр бүлийн дундын хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах нэхэмжлэл гаргасан учраас гэр бүл болсон 5 жилийн хугацаанд болсон бүх зүйлийг ярьдаггүй юм гэхэд Х.Н хоёр хүүхдэдээ яаж хандаж байсан эцгийн үүргийг хэрхэн биелүүлж байсан гэдгийг шүүх хуралдааны танхимд хэлмээр байна. Олсон орлогоо авчраад байшингийн зээлд хийдэг байсан. Мөн хадам аав болох гуравдагч этгээдэд өгдөг байсан. Х.Нийн олж ирсэн мөнгөөр идэш гаргах, нүүрс буулгах, зээл төлөх гэх байдлаар гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан. Би 5 жилийн хугацаанд ямар ч орлого олоогүй, хөдөлмөр эрхлээгүй хөрөнгө мөнгөгүй байсан хүнээс хөрөнгө мөнгө нэхээгүй. Х.Н гэр бүл болсон 5 жилийн хугацаанд орлого олж, түүнийгээ гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгөнд зарцуулсан учраас өнөөдөр нэхэмжлэл гаргасан байсан.

Бид нарын амьдарч байсан тухайн байшинг үнэлүүлсэн. Мэргэжлийн үнэлгээний хүмүүс тухайн байшинг 50 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн Х.Нийн одоо эзэмшилд байгаа 8802 *** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр үнэлсэн. Бид нар тухайн үед хадам аав, ээж, нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Тэгээд 70 сая төгрөгийг 6 хүнд хуваасан. Тэгээд үүнийг 3-аар үржүүлээд 35 сая төгрөг нэхэмжилсэн гэв.

Хариуцагч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.Н би нэхэмжлэгч Я.Нгаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Я.Нгын нэхэмжлэлд бичигдсэн Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг болох 35000000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Х.Н, Я.Н бид хоёрын гэрлэлтийг Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2018/00758 дугаартай шийдвэрээр албан ёсоор цуцалсан юм. Одоо анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н бидний дунд хуваарьт болон дундын өмчийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсан юм. Иймд шүүх нэгэнт урьд дундын өмчийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг тогтоосон асуудлыг дахин шүүх нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

2. Я.Нгын нэхэмжлэлд дурдсан амины сууц манай аав Хы Х, хамтран өмчлөгч манай ээж Уы А нарын өмч юм. Учир нь уг амины сууцыг эцэг А.Х, У.А нар 2014 оны 07-р сарын 23-ны өдөр Х банкнаас 40000000 /дөчин сая/ төгрөгийг талууд хуульд нийцүүлэн "Орон сууцны зээлийн гэрээ" байгуулан 84 сарын хугацаагаар авсан юм. Ингээд аав, ээж Х Банкнаас 40,0 сая төгрөгийн зээлийг аваад 2 давхар амины орон сууцыг барьсан юм. Энэ үед уг амины сууц дуусаагүй барилга байгууламж байсан юм. Б аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсын иргэн Ж-Б овогт Хы Х /БЭ-0000/ нь Ө сумын 5-р баг "Ховд гол" хаягт байршилтай 240 м.кв талбайтай хоёр давхар амины орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон юм. Одоо уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байна. Эцэг Х.Х, эх У.А нар нь 2014 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр уг зээлийг төлж бүрэн барагдуулсан юм. Үүний дараа эцэг Х.Х, эх У.А нар нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х Банкнаас 36 сарын хугацаатай 40000000 төгрөгийг зээлж авсан юм. Уг зээлийг Х Банкнаас олгох үед Б аймгийн Ө сумын 5 дугаар багт байршилтай 2 давхар, 240 м.кв талбайтай амины орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан юм. Өнгөрсөн хугацаанд Я.Н уг амины орон сууцны зээлийг төлж байгаагүй юм. Иймд уг 2 давхар амины сууц нь Я.Н, Х.Н бид хоёр ямар нэгэн хамааралгүй асуудал гэж үзэж байна. Нөгөө талаас Я.Н нь ихэвчлэн 2 хүүхдийн хамт төрхөмд амьдарч байсан ба тухайлбал 2014 оны 01 дүгээр сараас Ө сум "Ховд гол" 5 дугаар баг ОСГ-ны 1-60 айлын 205 тоотод буюу орон сууцанд манай аав, ээж, надаас тусдаа амьдарч байгаад 2017 оны 06 дугаар сард Увс аймгийн Прокурорын газарт ажиллахаар Увс аймаг руу нүүсэн юм. Иймд уг амины орон сууц Я.Нд огт холбогдолгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч Я.Нгын нэхэмжлэлдээ "Түүнчлэн нөхөр Х.Н 2017 онд FORD TRANSIT загварын, 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Эдгээр хөрөнгөнүүд бүгд гэр болсон үеэс хойш бий болсон хөрөнгөнүүд бөгөөд эдгээр хөрөнгөнүүд гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцогдох ёстой гэж үзэж байна" гэж дурдсан байна. Уг маргаан бүхий FORD TRANSIT загварын, 0000 *** улсын дугаартай авто машиныг Х.Н, миний ээж У.А нар бид Хас банкны зээлээр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан юм. Хамтран зээл төлөх хариуцагчаар миний ээж У.А байгаа юм. Эрх бүхий байгууллагаас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон техникийн гэрчилгээгээр уг автомашины өмчлөгч нь Хас банк юм. Аливаа тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг эрх бүхий байгууллагаас олгосон техникийн гэрчилгээгээр нотлогдох юм. Уг автомашины лизингийн зээлийг 2017 оны 05 дугаар сараас хойш одоо хүртэл иргэн Х.Н би ганцаараа төлж байгаа юм. Ер нь сард 400000-500000 орчим төгрөгийн зээл болон хүүг тогтмол төлдөг юм. Өнгөрсөн хугацаанд Я.Н авто машины зээлд нэг ч төгрөг төлөөгүй байж өнөөдөр банкны өмчлөлийн автомашиныг булаалдаж байгаа явдалд гайхаж байна. Иймд уг маргаан бүхий автомашин нь Я.Нд ямар нэгэн хамааралгүй юм. Иймд нэхэмжлэгч Я.Нгын Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг болох 35000000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Х.Н шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Энэ байшинд Я.Нгийн нийлүүлсэн хөрөнгө байхгүй. Энэ бол манай эцэг эхийн өөрсдийн олон жилийн хүч хөдөлмөрөөр барьсан байшин. Би энэ байшинд ямар нэгэн мөнгө төгрөг нийлүүлж өгөөгүй. Хэрвээ намайг мөнгө төгрөг өгсөн гэж байгаа бол нотлох баримтыг гаргаж өгөх хэрэгтэй. Ер нь Я.Н надад, би Я.Нд мөнгө төгрөг өгч байгаагүй. Би одоо хүүхдүүдийн тэтгэлгийг төлж байгаа. Мөн би машин авахад Я.Н надад нэг ч төгрөг өгөөд тусалж байгаагүй, би өөрөө авсан. Одоо банкны барьцаанд байгаа. Би 7830416 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг хоёр хүүхдээ бодоод авахгүй байж болно гэв.

Хариуцагч Х.Н нэхэмжлэгч Я.Нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Я.Нгийн нэхэмжлэлтэй Х.Нт холбогдох гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах тухай хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Я.Н нь надтай гэр бүлийн харилцаатай байхдаа Увс аймгийн прокуророор ажиллаж байсан бөгөөд тэрээр төрийн тусгай албан хаагчийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж энэ нь нийтэд илэрхий мэдээлэгдсэн байна. 2017 оны мэдүүлгээс харвал мэдүүлэг гаргагчийн нийт орлого 17444,78 төгрөг, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 775.70 төгрөг, тээврийн хэрэгсэл 15000.00 төгрөг, 700 м кв 3,5 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 6059,57 төгрөгийн хадгаламжтай гэжээ. Эндээс машиныг түүний эд хөрөнгө гэж үзэн харин үлдэх эд хөрөнгө нийт орлого 12780030 төгрөгийг гэр бүлийн бүх гишүүдэд хуваан өөрт оногдох хэсэг 3195012 төгрөг нэхэмжилнэ. 2018 оны мэдүүлгээс харвал гэрлэлт цуцалсан шийдвэр гарсан хугацааны буюу 10 сар хүртэл цалин 24176918 төгрөг, хадгаламж 5864700 төгрөг, газар 3,5 сая төгрөг, эндээс машины үнийг хасаж тооцон 18541618 төгрөгөөс өөрт оногдох хэсэг 4635404 төгрөг нэхэмжилж байна. Энэ мэдүүлгээс Я.Н нь нэхэмжилж буй орон сууц, машины тухайд хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгүүлээгүй байна. Харин гэр бүл цуцлуулах хүртэл хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн хөрөнгөөс миний бие өөрт оногдох хэсгээ нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ нь Я.Нгийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох сөрөг нэхэмжлэл болно гэж үзэж байна. Я.Н нь надтай гэрлэхдээ машинтай байсан тул 15000000 төгрөгөөр үнэлсэн машиныг хасаж тооцож байгаа ба хуульд заасан дагуу гэр бүл болсон цагаас хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгө тул бүгд 7830416 төгрөгийг Я.Нгаас гаргуулна уу гэжээ.

Хариуцагч Х.Н нэхэмжлэгч Я.Нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 7830714 төгрөг гаргуулах талаар гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хоёр хүүхдээ бодоод авахгүй гэв.

Нэхэмжлэгч Я.Н хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Нийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаж үзэж хүлээн зөвшөөрөхгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. 2017, 2018 онуудад Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс хариуцагч Х.Нийн нэхэмжилж буй 7830416 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Х.Нтэй гэр бүл болоход миний бие Б аймгийн Прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан. Тус газарт ажиллаж байхдаа сард 450000-550000 төгрөгийн хооронд цалин авдаг байсан ба уг цалингаа цалингийн зээл, гэр бүлийн болон хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулдаг байсан юм. Өөрөөр хэлбэл гэр бүл болсноос хойш Х.Н эхнэр хүүхдүүддээ хайр халамж үзүүлэн, бидний хэрэгцээг хангаж байсан удаагүй, өөрийн болон 2 хүүхдийн хэрэгцээг миний бие ганцаараа хангаж, амьдралын их ачааг үүрч ирсэн. Х.Нийн зүгээс 2 хүүхдэдээ халамж тавьж 1 өдрийн хоол, өмсөх 1 хувцсыг нь ч авч өгч байгаагүй. Х.Нийн нэхэмжилж буй мөнгө нь миний тийм хэмжээний орлого олсныг л нотлох болохоос биш энэ нь хадгаламж биш юм. Ажил, хөдөлмөр эрхэлж авсан цалингаа гэр бүлд байж болох бүхий л хэрэгцээнд зарцуулан, цалингаас цалингийн хооронд амьдарч, өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон, байргүй яваа нэгэн гэдгийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нотолно. 2 хүүхдийн болон өөрийн хэрэгцээнээс сард 20000-50000 төгрөгийг илүүчлэн 2 хүүхдийн ирээдүйг бодож тэр хоёрын нэр дээрх хадгаламжид хийж явааг мөн шүүхэд гаргаж өгсөн 2 хүүхдийн хадгаламжийн дэвтрийн хуулбар харуулна. Хариуцагч Х.Н нь миний 2 хүүхдийн төрсөн эцгийн хувьд 1 ч төгрөг тэр хоёрын хадгаламжид хийж байгаагүй ба одоо тэр хэдэн төгрөгөөс нэхэмжилж суугаа нь үнэхээрийн ой гутармаар гутамшиг явдал юм. Иргэн Я.Н миний нэр дээр арилжааны банкнуудад ямар нэгэн хадгаламж байхгүй болохыг банкнуудаас гаргаж өгсөн тодорхойлолт нотолж байгаа ба хариуцагч Х.Нтэй гэр бүл болсон 5 жилийн хугацаанд тэрээр хөрөнгө босгож би гэр бүлээ тэжээсэн. Б аймгийн Ө сумын 10 дугаар багт миний эзэмшиж буй газраа үнэлгээний байгууллагаар үнэлэгдсэн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн дунд хуваахад татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Я.Н хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэдгээ хэлж байна. Гэхдээ ганц хоёр тайлбар хэлэхийг хүсэж байна. Х.Н 7830714 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ миний Авилагтай тэмцэх газарт өргөн мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэл болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд миний олсон орлого гэхэд цалин, газар байгаа. Тэрнээс өөрөөр шүүхэд ямар нэгэн байдлаар арилжааны банканд хадгаламж эзэмших эсэх талаар тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар миний нэр дээр ямар нэгэн харилцах хадгаламж байхгүй. Харин хоёр хүүхдийн нэр дээр сарын цалингаас 50000 төгрөг, 20000 төгрөг гээд боломжоороо хуримтлаад явдаг. Б, И нарын нэр дээр байгаа хадгаламжийн дэвтрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2013 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд миний нэр дээр бий болсон хөрөнгө гэвэл 700 м.кв газар байгаа. Өөр ямар нэгэн орлого байхгүй. Цалин орж ирлээ гэхэд гэр бүлийн хэрэгцээнд зарцуулж байсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байгаа тул энэ тайлбарыг хэлж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Ж Б овогт Хы Хуаныш би, Я.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Нт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ ийнхүү гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т 1:... шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно..." гэж заасан байдаг. Тэрээр, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний аль алинд ч огт хамааралгүй юм. Учир нь, тухайн маргаан бүхий барилгыг Х.Х, У.А бид 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Х банкнаас 40000000 /дөчин сая/ төгрөгийг талууд хуульд нийцүүлэн "Орон сууцны зээлийн гэрээ" байгуулан 84 сарын хугацаагаар авсан юм. Ингээд уг зээлийн мөнгөөр эхнэр бид хүү хоёр болох Нийн ямар ч оролцоогүйгээр өөрсдөө барьж болгосон болно. Тухайн маргаан бүхий барилгын хууль ёсны өмчлөгч нь Х.Х би мөн болно. Энэ нь Улсын бүртгэлийн Ү-0213006462 дугаартай гэрчилгээгээр батлагдан тогтоогдож байгаа. Иймд, уг хэрэгт Х.Х намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү. Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын аль алинд ч хамааралгүй, тэдний оролцоогүй барилга баригдсан, тухайн барилга байшинд бид нартай огт хамтран амьдарч байгаагүй тул миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байгааг дурдаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би бүх зүйлийг эхнээс нь эхлээд яръя. Би амьд гэрч нь байгаа. Х.Н, Я.Н хоёр гэр бүл болоход би 30-40 сая төгрөг зарцуулж хуримыг нь хийж өгсөн. Би Я.Нд гомдолтой байна. Харин Я.Н надад гомдох үндэслэл байхгүй. Х.Н, Я.Н хоёр хуримаа хийсний дараа 7 хоногийн дараа л таарч тохироогүй, маргаан гарч эхэлсэн. Я.Н ирэхдээ давхар биетэй ирсэн. Тэгээд 12 дугаар сарын 30-ны өдөр зүрх өвдөнө, Өд төрж чадахгүй гээд Улаанбаатар хот руу очиж төрсөн. Төрөөд ирэхдээ манай гэрт ирэхгүй, төрхөмдөө очно гэсэн боловч хүүхэд бид нарын ач байна гээд бид нар гэртээ авчраад манай хуучин байшинд байсан. Би шинэ байшингаа 2014 оны 05 дугаар сараас эхэлж барьсан. Бид нарыг байшин барьж байх хугацаанд Я.Н манай гэрт нэг литр сүү, нэг ч талх барьж ирж байгаагүй. Би энэ байшингаа өөрийнхөө сайн сайхны төлөө барьсан. Үүнд Х.Н, Я.Н хоёулаа надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Би эдгээр хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Одоо орчин үед бага хүүхэд нь заавал гал голомтод сууна гэсэн хууль байхгүй. Оросууд ч гэсэн ганц хүүхдээ хаяад өөр газарт амьдарч байгаа. Хэрвээ Я.Н надад хөрөнгө оруулалт хийгээд тэрийгээ нэхэж байсан бол өөр хэрэг байсан. Х.Н хоёр дахь удаа гэр бүл зохиосон. Миний хүүхэд нь учраас хуримыг нь хийж өгсөн.

Х.Н таксинд явж мөнгө олдог байсан гэж тайлбарлаж байна. Энэ бол үнэн. Гэхдээ олсон мөнгөө өөртөө зарцуулдаг байсан. Заримдаа машин тэрэг нь эвдэрдэг гэх байдлаар ер нь өөртөө л зарцуулдаг байсан. Би өөрийнхөө мөнгийг өөртөө зарцуулдаг байсан. 2014 оны 05 дугаар сард байшингийнхаа нэг давхрыг 30 сая төгрөгөөр босгосон. Тухайн үед эхнэр бид хоёр жижиг бизнес эрхэлдэг байсан. Тэрийг өргөжүүлэхээр Х банкнаас 40 сая төгрөг зээл авсан. 2016 оны 11 дүгээр сард байшингаа бүрэн дуусгаж байшиндаа орсон. Тухайн үед Я.Н өөрийнхөө ээжийн гэрт 1-60 айлын орон сууцанд амьдарч байсан. Тэгээд манайд 1-2 хоног ирээд хоноод яваад өгдөг байсан. Манай гэрт бүртгэлд байсан нь үнэн. Манайд амьдраагүй гэдгийг хөрш нар бүгдээрээ мэддэг байсан. Шалатай гэх хүргэн ах нь хүртэл мэднэ. Би 70 настай, 40 жил ахуй үйлчилгээний газарт хөдөлмөр эрхэлсэн. Би энэ насандаа ийм зүйл хараагүй. Энэ хоёр нэг нэгэндээ хайргүй байсан учраас таарч тохироогүй. Би Х.Н, Я.Н болон тэдний хүүхдүүдэд барьсан 2 давхар байшингаа өгч чадахгүй.

Я.Н бид нартай дотносохгүй, дандаа ээжтэйгээ зөвлөдөг, ээжтэйгээ ярьдаг хүн байсан. Би энэ хүнийг бэр гэж хэлж чадахгүй. Хоёр ач манай мах цусны тасархай гэдэг нь үнэн. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө. 18 насанд хүрсэн хүмүүс цаашдаа өөрсдөө амьдрах байх гэж бодсон. Үнэнийг хэлэхэд тухайн байшинг эдгээр хүмүүсийн төлөө бариагүй, өөртөө зориулж барьсан. Миний байшинд ямар учраас булаацалдаад маргалдаад байгааг ойлгохгүй байна. Хоёр хүүхдээ өөрсдөө асрах ёстой. Би 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Том хүүхэд маань Баяннуур суманд багш ажилтай, нэг хүүхэд нь Казахстан улсад байгаа. Өөр өөрсдөө тусдаа амьдралтай. Надад юу нийлүүлсэн болоод миний байшингаас хувь хүртэх гэж байгаа юм бэ. Миний 5 хүүхдийн 4 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй хүүхэд. Миний охиныг манай өрхийн тооноос хассан байна. Охиноо хуучин байшиндаа суулгасан байгаа. Хэрвээ надад нийлүүлсэн юм байгаа бол өөрөө хэлэг, надад ийм зүйл өгөх ёстой гээд. Я.Н чи надад ямар хөрөнгө оруулсан бэ, юу өгсөн бэ гэдгийг хэлмээр байна. Өөрөө хуулийн хүн бүгдийг мэдэж байгаа. Бид нарыг байнга дарамталдаг. Ийм хуульч гэж байдаг юм уу. Би 70 нас хүрсэн өндөр насны тэтгэвэртэн. Би хөөж туусан бол өөрөө хэлэг гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Н хариуцагч Х.Нээс гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсгээс 35000000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэгч /хариуцагч/ Х.Н нь нэхэмжлэгч /хариуцагч/ Я.Нгаас гэр бүл болсоноос хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7830416 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Н нь ... бид хоёрын гэрлэлтийг шүүхийн шийдвэрээр албан ёсоор цуцалсан, нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н бидний дунд хуваарьт болон дундын өмчийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг дурдсан, шүүх нэгэнт урьд дундын өмчийн талаар ямар нэгэн маргаангүй болохыг тогтоосон асуудлыг дахин шүүх нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Я.Нгийн нэхэмжлэлд дурдсан амины сууц манай аав Хы Х, хамтран өмчлөгч манай ээж Уы А нарын өмч юм. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн Ж-Б овогт Хы Х /БЭ0000/ Ө сумын 5-р баг Ховд гол хаягт байршилтай 240 м.кв талбайтай хоёр давхар амины орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Одоо уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байна. Эцэг Х.Х, эх У.А нар нь 2014 оны 08 дугаар сараас эхлэн 2018 оны 11 дүгээр сар хүртэл Х банкнаас авсан 40,0 сая төгрөгийг сар бүр уг зээлийг төлж бүрэн барагдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х банкнаас 36 сарын хугацаатай 40,0 сая төгрөгийг зээлж авч, уг зээлээр Ө сумын 5-р багт байршилтай 2 давхар 240 м.кв талбайтай амины орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Өнгөрсөн хугацаанд Я.Н уг амины уг орон сууцны зээлийг төлж байгаагүй, 2 давхар амины сууц нь Я.Н, Х.Н бид хоёр ямар нэгэн хамааралгүй асуудал, ихэвчлэн 2 хүүхдийн хамт Н төрхөмд амьдардаг байсан. маргаан бүхий FORD TRANSIT загварын 0000*** улсын дугаартай авто машиныг Х.Н, миний ээж У.А нар Хас банкны зээлээр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан. Эрх бүхий байгууллагаас 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон техникийн гэрчилгээгээр уг автомашины өмчлөгч нь Хас банк юм. Уг авто машины лизингийн зээлийг 2017 оны 05 сараас хойш одоо хүртэл иргэн Х.Н би ганцаараа төлж байгаа. Я.Н авто машины зээлд нэг ч төгрөг төлөөгүй байж өнөөдөр банкны өмчлөлийн авто машиныг булаацалдаж байгаа явдал гайхаж байна. Нэхэмжлэгч Я.Нгийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг болох 35,0 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х нь ... нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь тэдний аль алинд ч огт хамааралгүй юм. Учир нь тухайн маргаан бүхий барилгыг Х.Х, У.А бид 2014 оны 07 сарын 23-ны өдөр Х банкнаас 40,0 сая төгрөгийг талууд хуульд нийцүүлэн Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 84 сарын хугацаагаар авсан. Ингээд уг зээлийн мөнгөөр эхнэр бид хоёр өөрсдөө барьж босгосон. Хууль ёсны өмчлөгч нь Х.Х би мөн, улсын бүртгэлийн Y- 0213006462 дугаартай гэрчилгээгээр батлагдан тогтоогдож байгаа. Я.Н, Х.Н нарын аль алинд ч хамааралгүй, тэдний оролцоогүй барилга баригдсан, тухайн байшинд бид нартай огт хамтран амьдарч байгаагүй тул миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна гэж нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус тус маргасан болно.

Нэхэмжлэгч Я.Нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 130/ШШ2019/00758 дугаартай шийдвэрээр Я.Н, Х.Н нарын гэрлэлтийг цуцалсан байх ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5-д Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н нар гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н нар нь дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсанаас үзэхэд гэрлэгчид гэр бүлийн маргаан шийдвэрлэх үед ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй гэсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл гаргаж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Я.Н нь ... Х.Н бид хоёр гэр бүл болсон үеэс эхэлж гэр бүл цуцлуулах хүртэл хадам аав, хадам ээж, 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Энэ хугацаанд 2016 онд Ө сумын 5-р багт шинээр амины сууц барьж тэнд амьдарч байсан. Нөхөр Х.Н 2017 онд FORD TRANSIT загварын 8802 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Эдгээр хөрөнгөнүүд бүгд гэр бүл болсон үеэс хойш бий болсон хөрөнгөнүүд учир гэр бүлийн дундын эд хөрөнгөнд тооцогдох ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тус тус тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.4-т ... гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно гэжээ.

Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000390967 дугаартай Монгол Улсын иргэн Ж Б овогт Х Х /БЭ0000/ нэг иргэний өмч Б аймгийн Ө сумын 5-р баг Ховд гол хаягт байршилтай амины сууцны зориулалттай 240 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-0213006462 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх гэрчилгээгээр маргааны зүйл болох 240 м.кв талбайтай, хоёр давхар амины сууцны өмчлөгчөөр Х.Х гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь нотлогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х, иргэн У.А нар нь Х банкны Б аймаг дахь салбараас 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 40,0 /дөчин сая/ төгрөгийг байшин барих зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаагаар, мөн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 40,0 /дөчин сая/ төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар, жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар тус тус зээлээр авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8983 дугаартай болон 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201844099933 дугаартай зээлийн гэрээнүүд болон Х банкнаас зээл хүссэн өргөдөл, зээлтэй холбогдох бусад баримт бичгүүд, зээлийн хувийн хэрэг, зээл төлөх эргэн төлөлтийн хуваарь, зээл төлж байсан баримтууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий Ө сумын 5-р баг Ховд гол хаягт байршилтай 240 м.кв талбайтай, хоёр давхар амины сууцыг барьж босгоход бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Х нь банкнаас зээл авч, амины сууцыг босгосон болох нь тогтоогдож байгаа ба уг амины сууцыг барихад нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н нь нарын хөдөлмөрийн оролцоо, ямар хөрөнгө оруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н нар нь гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа уг маргаан бүхий амины сууцанд тэдний хамтын хөдөлмөр, олсон орлого, хөрөнгөө оруулсан байна гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог.

Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж үздэг бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргаан бүхий байрны өмчлөгч мөн байна.

Нэхэмжлэгч Я.Н нь ... 2017 онд FORD TRANSIT загварын 8802 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Х.Н худалдаж авсан, энэхүү тээврийн хэрэгсэл нь хамтран амьдрах хугацаанд бий болсон учир гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж байгаа, FORD TRANSIT загварын 8802 *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр хариуцагч Х.Н нь Казахстан улс руу тээвэр хийж орлого олдог байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Х.Н нь Казахстан улс руу тухайн машинаар тээвэр явж, хот хооронд тээвэрлэлт хийдэг боловч тээвэрлэлт хийхэд хэдэн төгрөгийн орлого олж ирдэг байсан талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас хариуцагч Х.Нийн Монгол улсын хилээр орж гарч байсан талаарх бүртгэлийг авсан боловч үүгээр тэдэн төгрөгийн орлоготой байсан байна гэж дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн хариуцагч Х.Нийн 2017 онд авсан гэх FORD TRANSIT загварын 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Я.Н, хариуцагч Х.Н нарын хамтран амьдрахад бий болсон хөрөнгө байна гэж үзэх боломжгүй байна. Учир нь, энэхүү тээврийн хэрэгслийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1260016888 дугаартай зээлийн гэрээг ХАС банктай байгуулж, зээлдэгч Х.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч У.А нар уг зээлийг авсан болох нь зээлийн гэрээгээр нотлогдох ба мөн өдөр ХАС банктай Фидуцийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус талууд байгуулж, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ХАС банк болох нь техникийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул энэхүү тээврийн хэрэгслийг худалдаж авахад нэхэмжлэгч Я.Н нь ямар хөрөнгө оруулсан нь нотлогдохгүй ба энэхүү хөрөнгө нь гэр бүл хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Я.Нгийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга зэрэг нотлох баримт нь нэхэмжлэгч Я.Нгийн өөрийн орлого зарлагын баримт байх тул гэр бүл болж хамтран амьдрах хугацаанд зарцуулж байсан зарлага орлогын мэдүүлэг байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг нь гэр бүл байх хугацаанд хүүхдийнхээ төрсөн өдрийн тэмдэглэсэн үйл баримтыг нотолсон фото зургууд байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргийн дагуу нэхэмжлэгч Я.Н хоёр хүүхдээ тэжээн тэтгэж асран хүмүүжүүлж байгаа болох нь өөрийнх нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн асарч харж хандаж байсан гэх хүмүүсийн тодорхойлолт болон фото зургаар нотлогдож байна.

Сөрөг нэхэмжлэгч Х.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ... хоёр хүүхдийнхээ төлөө би Я.Нгаас эд хөрөнгө, цалин орлого гэж нэхэмжилсэн 7830416 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн учир хариуцагч Я.Нгаас гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7830416 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа сөрөг нэхэмжлэгч Х.Н нь татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Я.Н нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг эзэмшүүлсэн нь хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдох ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн Засаг дарга Х.Кын тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь, шүүх хуралдаанд Ө сумын 5 дугаар багийн Засаг дарга Х.Кыг гэрчээр асуухад ... нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлснээр уг тодорхойлолтыг бичиж өгсөн гэж байгаа учир энэхүү тодорхойлолт нь, мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Кыг гэрчээр байцаасан тэмдэглэл нь бодит байдалд нийцэхгүй байгаа учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар ... ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Я.Нгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч Я.Нгийн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг 35000000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулахыг хүссэн хариуцагч Х.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Н нь гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7830416 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, нэхэмжлэгч Я.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332950 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140237 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Нгийн хариуцагч Х.Нт холбогдуулан гаргасан Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Б, охин И нарт оногдох хэсэг 35000000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Х.Н нь нэхэмжлэгч Я.Нд холбогдуулан гаргасан Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгө, цалин орлого гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7830416 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332950 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Х.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140237 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН