| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/56 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
прокурор Ц.Лхамсүрэн,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан
Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-д холбогдох эрүүгийн 2425000110666 дугаартай 312/2025/0038/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *********-ийн С, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймгийн ****** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, ****** **** боловсролтой, ****** ******** ********* мэргэжилтэй, ***** *** ****** клубт тамирчин, ам бүл *, ***, ****ийн хамт Орхон аймгийн ********** сумын ******* багийн ******-ын **-** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар: **********/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.С нь 2023 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн ********** сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** /****/ бааранд хохирогч Э.Э, 3.Б нарыг зодож, Э.Э-ын эрүүл мэндэд "баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн, баруун дал, баруун бугалга, баруун мөр, хүзүү, баруун зүүн чих, баруун зүүн өвдөг, хамрын нуруу, зүүн нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, 3.Б-ын эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, баруун гуя, баруун бугалга, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохиролыг тус тус учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000110666 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.С нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Орхон аймгийн ************ сумын **** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **** /****/ бааранд хохирогч Э.Э, 3.Б нарыг зодож, Э.Э-ын эрүүл мэндэд "баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн, баруун дал, баруун бугалга, баруун мөр, хүзүү, баруун, зүүн нүдний зовхи, зүүн чих, баруун, зүүн өвдөг, хамрын нуруу, зүүн нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, 3.Б-ын эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, баруун гуя, баруун бугалга, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С-ы өгсөн: “Мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Э.Э-ын өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Б бид хоёр Б амралтын газраас Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт ажлаар ирсэн. Бид хоёр тэр өдөртөө ажлаа бүтээгээд Х /X/ нэртэй баар луу орой орсон. Бааранд бүжиглэж байгаад баарны хөгжим зогссон чинь нэг залуу шууд нүүр лүү цохисон. Тэр залуутай Б бид хоёр муудалцаад тэр залууд зодуулсан. Зодоон болж байхад би өөрийн айпоне-12 гар утсаа хаячихсан байсан. Бид хоёрыг зодсон гэх залуу баарнаас гарсны дараа Б бид хоёр гадаа гарч нөгөө залууг хайж байгаад цагдаатай тааралдсан. Тэгээд болсон асуудлаа тайлбарлаад баар луу орж өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Тэр залуу Б бид хоёрыг хоёуланг нь зодсон. Шүүх хуралд оролцож чадахгүй. Улаанбаатар хотод нэг ажил хөөцөлдөөд байгаа болохоор Эрдэнэтэд ирж чадахгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
2. Хохирогч 3.Б-ын өгсөн "...би найз Э-ын хамт Булган аймагт байдаг Б амралтад тухайн үед ажилладаг байсан. Тэр өдөр Э бид хоёр Орхон аймгийн Нийгмийн даатгал дээр албан ажлаар ирсэн байсан. Ажлаа амжуулчхаад Л пабад ороод тэндээсээ В /X/ нэртэй бааранд орсон. Бааранд бүжгийн талбай дээр Э-ын хамт байхад 2-3 хүн өдөөн хатгаж хэрүүл маргаан үүссэн. Үүний хойноос нэг залуу намайг заамдаж аваад цохиж зодоон эхэлсэн. Э салгах гээд ирэхэд найзууд нь тэр залууг холдуулаад тэр залуу намайг цохисон. Миний нүүр хэсэгт хэд хэд цохисон. Би тэр залууг цохиогүй. Удалгүй баарны хамгаалагч гээд 2 залуу ирж салгасан. Тэгээд хэрүүл маргаан болж байх хооронд Э-ыг зодчихсон байсан..." /хавтаст хэргийн 28 дугаар тал/ гэх мэдүүлэг,
3. Гэрч Т.Н-ын “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз С, А нарын хамт В бааранд орсон. Бааранд юу уусан талаараа санахгүй байна, ямартай ч согтууруулах ундаа хэрэглэсэн. Бааранд бүжиглээд байж байхад бүжгийн талбай дээр үл таних 2 залуу бүжиглэж байгаад шахаад тохойгоороо цохиод байсан. Баар ер нь хаагаад хүмүүс баарнаас гарч байсан. 2 залуутай бүжгийн талбай дээр маргалдсанаас болоод зодоон эхлээд С тухайн залуучуудыг цохисон. Би дундуур нь ороод салгах гээд үзсэн ч салгаж чадаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 48 дугаар тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн 23 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтээр: Э.Э-ын биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн, баруун дал, баруун бугалга, баруун мөр, хүзүү, баруун зүүн нүдний зовхи, зүүн чих, баруун, зүүн өвдөг, хамрын нуруу, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн 24 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн "...3.Б-ын биед зүүн нүдний зовхи, баруун гуя, баруун бугалга, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд цугларч бэхжүүлэгдсэн байна..." гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг В /X/ баарны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэгийг явуулав. Тус баарны 10, 11 дүгээр камерын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 45 минутаас хойш бичлэгийг шүүж үзэхэд З.Б, Э.Э нартай зодолдож байгаа бичлэг байна. хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 19-23 дугаар тал/,
7. Яллагдагч А.С-ы өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр В бааранд Н, А нарын хамт орж үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Бааран дотор бүжиглэж байхад хажууд бүжиглэж байсан хоёр танихгүй залуу намайг бүжиглэж байхдаа тохойлдчихсон. Тухайн үйлдэл нь 2-3 удаа давтагдаад тэрнээс болоод би уурлаад 2 залуутай маргалдаж, тухайн 2 залууг нүүрэн тус газар нь цохисон. Хэдэн удаа цохисон талаараа санахгүй байна. Камерын дүрс бичлэгээс харагдах байх..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч З.Б, Э.Э, гэрч Б.Хонгорзул, Т.Н нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23, 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.С-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч А.С нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В /X/ бааранд хохирогч Э.Э, 3.Б нарыг зодож, Э.Э-ын эрүүл мэндэд "баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн, баруун дал, баруун бугалга, баруун мөр, хүзүү, баруун, зүүн нүдний зовхи, зүүн чих, баруун, зүүн өвдөг, хамрын нуруу, зүүн нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, 3.Б-ын эрүүл мэндэд “зүүн нүдний зовхи, баруун гуя, баруун бугалга, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч А.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Э, 3.Б-ын нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 23, 24 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэм буруугийн шууд санаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүй, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, учрах боломжтойг мэдсэн атлаа тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн байхыг хэлэх бол шууд бус санаа гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой, учирч болохыг урьдаас мэдсэн, тийм хор уршгийг учруулахыг урьдаас хүсээгүй боловч тэр хор уршигт өөрийн үйлдлээр зориуд хүргэсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч А.С нь “бүжиглэж байхдаа намайг тохойлдлоо” гэх шалтгаанаар уурлаж, хохирогч нарын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс дээш хүнийг гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Э, З.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, эм тарианы мөнгө, ирж буцсан зардалд тус бүр 1,500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нотлох баримт ирүүлээгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүх хэрэгт авагдсан Баян-Өндөр мед эмнэлгийн захирлын 02/64 дугаартай албан бичгээр прокурор Ц.Лхамсүрэнд гаргаж өгсөн З.Б, Э.Э нарт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нүдний эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл, рентен зургийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад хэрэг болсон цаг хугацаа, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлгийн үзлэг оношилгоо, эм тариа авсан гэх зардалд тус бүр 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг шүүгдэгч Б.С-аас гаргуулж хохирогч З.Б, Э.Э нарт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус бүр 1.300.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч А.С-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч А.С-ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 120-122 дахь талд авагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.С нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.С-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч А.С-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч А.С-ыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.С-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Агийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 ( найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-аас 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж, эмнэлгийн үзлэг, оношлогооны төлбөрт З.Б, Э.Э нарт тус бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус бүр 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч З.Б, Э.Э нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч А.С-аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ