| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00373/И |
| Дугаар | 155/ШШ2021/01012 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2021/01012
| 2021 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2021/01012 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Т-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Тийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Цд холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд, нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Ц нь эхнэр болох Т.Ттай 2011 онд танилцан, үерхэн дотносож байгаад, тус ондоо албан ёсоор гэр бүл болон нэг гэрт орсон.
Бидний хамтын амьдралын явцад 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Ц мэндэлсэн.
Эхнэр Т.Ттай айл гэр болон амьдарсан цаг үеэс эхлэн бид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохгүй нөхцөл байдал үүсч эхэлсэн.
Учир нь эхнэр Т.Т нь өөрийн өнгөрсөн амьдралын бодит үнэнийг нуун дарагдуулж, нөхөр болох намайг хуурч мэхэлж байсанд оршино.
Тодруулбал эхнэр Т.Т нь надтай танилцахаасаа өмнө өөр хүнтэй гэр бүл болж байсан бөгөөд дагавар охинтойгоо цуг ирж, надтай айл болж байсан.
Тэрээр энэ шалтгааны улмаас хуучин нөхөртэйгээ холбоо харилцаатай байдгаас болж гэр бүлийн маргаан гарах болж, хоорондын харилцаа хүйтэн хөндий болж эхэлсэн.
Бид хоёр хамт амьдралгүй 8 жилийн хугацаа өнгөрч байна.
Анх охиноо 3 сартай байхад нь гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж байсан боловч хүүхэд 1 нас хүрээгүй гэх хуулийн зохицуулалтаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Өнгөрсөн хугацаанд Т.Т нь охин бид хоёртой огт уулзаагүй бөгөөд өдийг хүртэл миний бие өөрийн төрсөн үр хүүхдээ ганцаар өсгөн хүмүүжүүлсээр ирлээ.
Иймд цаашид гэр бүл болон амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа болно.
Мөн өөрийн төрсөн охин Ц.Цг өөрийн асрамжид албан ёсоор авах хүсэлтэй байгаа юм. Харин миний хувьд төрсөн охин Ц.Цгийн эх болох Т.Таас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч Т.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Туул овогтой Т.Т миний бие нь А.Цтэй 2012 онд гэр бүл болж 2012 оны 6 сарын 05-нд охин Ц.Ц төрсөн юм. Түүнээс өмнө би 2010 онд А.Жг төрүүлсэн байсан бөгөөд А.Ц нь охинд минь сайн аав болно гэж хууль ёсоор өөрийн нэрээр овоглосон. Гэвч амьдралын явцад А.Ц нь маш их архи уудаг, намайг зодож, охин А.Жг минь ад шоо үзэж, тэвчихийн аргагүй байдлаас болж би 2 охинтойгоо өөрийн ээжийнд очсон. Энэ хооронд бидний дундаасаа мөнгө нийлж, зээл авцгааж авсан 1.12.1 тоот хашаа байшинг дур мэдэн зарж, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Энэ байдлаас үүдэн 2012 оны 8 сард шүүхэд өргөдөл гаргаж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн өргөдөл шүүхэд гаргаж байсан. Тухайн үед А.Ц бид гэрлэлтээ цуцлуулах боломжгүй юм.
Эвлэрье гэж гуйсаар надаар нэхэмжлэлийг минь буцаан авахуулсан юм. Гэтэл удалгүй архи ууж, агсам тавьж, зодох нь эхэлсэн. Ингэж байгаад хот явж хоёулаа зэрэг ажил хийе, Ц.Цг ээжээр харуулъя гэснээр би охиноо ээжээр нь харуулахаар болж тэр цагаас хойш охиноо дахиж хараагүй юм. Охинтойгоо ер нь уулзаж байгаагүй. А.Цд зодуулахаас маш их айдаг байсан. Мөн түүний хойд аав Алтанхуяг нь архи их уудаг, ална тална гэж сүрдүүлдэг байсан. Намайг зодох гэж хүртэл оролдож байсан. Энэ байдлаас үүдэн төрсөн охинтойгоо уулзах, үнэрлэх эрхгүй явсаар өдий хүрсэн юм. Надад А.Цтэй амьдрах хугацаанд гэр бүлээс гадуурх харилцаа холбоо байгаагүй. 2 нялх хүүхдээ харж асарч байсан.
Одоо А.Цээс гэрлэлтээ цуцлуулна. Охин Ц.Цтайгаа сар болгон уулзаж байх хүсэлтэй байна. Охиноо эгч А.Жтай уулзуулж байх хүсэлтэй байна. Охин Ц.Цг аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.
Т.Т би А.Цийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар өгсөн боловч миний хувьд тус нэхэмжлэлийн зарим шаардлага болох хүүхдийн асрамж тогтоох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дахин тайлбарыг гаргаж байна.
Бид 2011 оны 6 сард танилцаж, 2011-2014 онуудад хамтдаа амьдарсан. Бид Хөвсгөл аймгийн Хөвсгөл Геологи ХХКомпанид мэргэжлээрээ хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж байсан. Нөхөр маань ер нь архи уух дуртай, ажлаасаа тараад заавал 1-2 пиво авч уудаг байсан бөгөөд энэ байдал даамжирч сүүлдээ архи хэтрүүлэн хэрэглэх болсноос болж гэр бүлийнхэнтэйгээ зүй бусаар харьцаж, хараалын үгээр доромжилж, намайг байнга зодож цохидог болсон. Түүнийг архи уухаар эцэг, эх нь намайг байнга буруутгаж, уурладаг байсан. Түүний зан авир өдрөөс өдөрт дордож намайг зоддог болж, сүүлдээ охинд минь хүртэл гар хүрч харгис хэрцгий аашлаж авирлах болсон. А.Ц нь миний толгой руу байнга цохиж зоддог, газар унагааж дэвсэлж харгис хэрцгий аашилж авирлачихаад дараа нь юу ч болоогүй юм шиг согтуугийн буруу дахиж тэгэхгүй уучлаарай гэх боловч дахиад л архи ууж ирээд намайг хайрлах сэтгэлгүйгээр зодож хүчирхийлдэг болсон. Түүний энэ байдлыг би өөрийнхөө ээж, ах, дүү нартаа хэлэхгүй нуудаг байсан боловч сүүлдээ аргаа бараад хэлж өөрийн гэртээ хүүхдүүдээ аваад явдаг болсон боловч уучлалт гуйгаад биднийг гэртээ аваачина, архи ууж ирээд л дахиад зодож хүчирхийлдэг байсан. 2012 оны 8 сард мөн л намайг зодохоор нь би хүүхдүүдээ аваад ээжийндээ очсон байх хугацаанд А.Ц нь надад хэлэхгүйгээр хамт амьдрах гэж цалингийн зээлээр худалдаж авсан хашаа байшинг бусдад зараад мөнгийг нь аваад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. 2012 онд би гэрлэлт цулуулах талаар шүүхэд хандсан боловч тэрээр уучлалт гуйж, надад нэг л удаа боломж олгочих, би мэргэжлээрээ ажил хийж байгаа, одоо л сайхан амьдарна гэхээр нь би хүүхдүүдээ бодоод түүнийг засраад сайхан амьдрах байх гэж итгэж найдаж уучлаад нэхэмжлэлээ буцаан авсан. Ингээд бид 2014 он хүртэл гэр бүлээрээ Улаанбаатар хотод ажиллаж амьдарсан. 2014 оны 5сард А.Ц нь хоёулаа зэрэг ажил хийвэл сайхан амьдрах гээд байна, өр зээлээ төлж дийлэхгүй хүнд байна гээд хүүхдүүдээ ээжүүдээрээ харуулъя, тэгээд хамт ажиллая, би ганцаараа ажиллаад тэжээж дийлэхгүй, ах дүү нартаа хүртэл их хэмжээний өртэй болчлоо гээд дарамтлаад байхаар нь би хүүхдүүдээ 2 ээж дээр харуулахаар үлдээж, мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.Ингээд бид зэрэг ажиллаж өр зээлээ төлж барагдуулсан боловч А.Ц нь байнга архи уудаг болж, ажилдаа явлаа гээд гардаг боловч ажил хийхгүй архи уух нь бүр элбэгшиж байнга намайг зодож хүчирхийлэх болсон. Би түүнд зодуулж, айж зугтааж олон өдөр миний нүүр, хүзүү, бүх бие хөхөрсөн няцарсан байдалтай орцонд болон гадаа хоног төөрүүлж байсан. Миний хувьд сүүлдээ архины хамааралтай болж, байнгын айдас түгшүүртэй байдлаас сэтгэл зүйн хувьд тогтворгүй ажлаа хийж чадахгүй, хүнтэй ярьж чадахгүй ээрдэг, уйлдаг болж, сэтгэцийн эмчид үзүүлээд мэдрэлийн гүн ядаргаа, сэтгэцийн цочролд удаан байснаас болсон, хамгийн гол нь тайван байх хэрэгтэй, өөрийн эцэг эх, хамаатан саднаа бараадаж тайван байвал зүгээр болно гэж зөвлөсөн. Энэ хугацаанаас хойш би нөхрөөсөө хол өөрийн эмээ, ээж, том охинтойгоо амьдрах болсон. Би энэ хугацаанд бага охиноо авах, уулзах гэж удаа дараа ээж, ах дүүгээ дагуулан очсон боловч өгөөгүй, харин ч бүр А.Цийн эцэг эхийн дарамтанд давхар өртсөн.
А.Цийн ээж нь чамайг хүүхдийг авах юм бол, гэрлэлтээ цуцлуулах юм бол би амиа хорлож үхнэ гээд миний нүдэн дээр толгойгоороо хана мөргөж өөрийгөө гэмтээх гэж дайрч давшилж, ус руу орж үхнэ гэж гүйдэг байсан. Намайг хүнийг амиа хорлоход хүргэсэн, хүн амины хэрэгтэн болгоно гэж дарамталдаг байснаас болж би сүүлдээ охиноо авч чадахгүй маш хүнд байдалд орсон. Мөн түүний аав нь намайг хүүхэдтэйгээ уулзах гэж гэрт нь очихоор чи миний хүүхдийг ийм болгосон гээд зодох гэж дайрдаг. Би эдгээр нөхцөл байдлын улмаас хүүхдээ өөрийн асрамжинд авч чадахгүй, уулзаж чадахгүй сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтанд амьдарч байсан.
А.Цийн хувьд хүүхдийг минь өөрөө асрамжлаад авч явж чадахгүй хүн гэдгийг түүнтэй хамт амьдарч, түүний хүчирхийлэл дарамтанд маш хүнд амьдралыг туулж өнгөрүүлсэн эхнэр хүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байна. Би уг нэхэмжлэлийг хүлээн авч тайлбар гаргасны дараагаас туулж өнгөрүүлсэн амьдралынхаа өдөр бүрийг дахин санаж айж цочирдож байна. Би байнга архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ зүй бусаар харилцдаг А.Цийн асрамжинд бага охиноо үлдээж чадахгүй, охиныхоо эрх ашгийг хамгаалахыг хүсч байна.
Иймд би охин Ц.Цгаа өөрийн асрамжинд авна.
Би А.Цээс хүүхдийн тэтгэмж огт нэхэмжлэхгүй, би хүүхдүүдээ ганцаараа тэжээн тэтгээд аваад явах бүрэн боломжтой, хамгийн гол нь эрүүл, аюулгүй, тайван орчинд сэтгэл зүйн хувьд тайван амьдрах нь миний хувьд, миний хүүхдүүдийн хувьд чухал зүйл юм гэжээ.
Хариуцагч Т.Т нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Т би Ц.А.Цийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Ц.Цгийн асрамжийн талаархи шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бид 2012 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, охин Ц.Цг 2012 оны 6 сарын 05-ны өдөр төрүүлсэн. Бид 3 жил хамт амьдрах хугацаанд А.Цийн харгис хэрцгий хүчирхийлэл дарамтын дор маш хүнд нөхцөлд амьдарсны улмаас би ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байнгын айдас түгшүүртэй байдлын улмаас арга буюу А.Цээс зугтааж өөрийн эмээ, ээжийндээ амьдрах болсон. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл би охин Ц.Цгаа авах гэж, уулзах гэж байнга оролдож, А.Цийнд эмээ, ээж, ах нарын хамт очиж байсан боловч охиныг минь надтай уулзуулдаггүй, А.Ц болон түүний аав Алтанхуяг нар яах гэж ирсийн, зайл, далд ор, чамайг яг одоо алаад хаячихъя, дахиж ирэх юм бол зүгээр алчихна шүү гэж айлган сүрдүүлдэг. Мөн А.Цийн ээж нь чамайг дахиж хүүхэд авах гэж ирвэл би амиа хорлож үхнэ гэж өөртөө гэмтэл учруулахаар дайрч давшилдаг, гол ус руу живж үхнэ гээд гүйгээд явчихдаг зэрэг байдлаас болж би хүүхэд рүүгээ дөхөж чадахгүй, авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ер нь А.Цийн хүчирхийлэлийн ул мөр одоог хүртэл миний болон том охин А.Жгийн сэтгэл зүйгээс салдаггүй.
Бидний нийгэмд бусадтай харилцах харилцаанд байнгын болгоомжилсон, айдас түгшүүрийн шинж тэмдэг үргэлж дагалдаастай байдаг. Бие дааж бусдад өөрсдийгөө бүрэн итгэлтэйгээр илэрхийлэх чадваргүй сул дорой, хаалттай байнгын айдас түгшүүртэй байдал биднээс одоо ч салдаггүй. Бид бие биедээ татагдаж хайрлаж, дурлаж гэр бүл болж хамт амьдраад түүний үр хүүхдийг төрүүлж өгсөн.
А.Ц нь үр хүүхдийг нь төрүүлсэн эхнэрээ хайрлах сэтгэлгүйгээр зодож хүчирхийлж байсан хүн бусадтай мөн л хайрлах сэтгэлгүйгээр харгис хэрцгий байдлаар харьцах нь тодорхой юм. Би 2 охиноо хэний ч гар харахгүйгээр бие даагаад асран хамгаалаад, тэжээн тэтгээд аваад явах боломжтой болсон. Би өөрийн гэсэн хашаа байшинтай болж 2 охинтойгоо тайван амьдрах орчин бүрдүүлэхийн төлөө 2014 оноос өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд нэг ч өдөр зүгээр суулгүй ажиллаж хөдөлмөрлөж байж өөрийн гэсэн орох оронтой болж хувийн бизнесээ эхлүүлж чадсан.
Иймд Би А.Цийн асрамжид охин Ц.Цг үлдээх боломжгүй гэж үзэж байгаа тул миний охин Ц.Цг Т.Т миний асрамжид үлдээж өгнө үү. Би эцгээс нь хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй гэжээ.
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Миний бие А.Ц нь хариуцагч Т.Тийн тус шүүхэд гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.
Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ бодит байдлыг зориуд өөрчлөн, илт худал зүйлсийг бичжээ.
Миний хувьд эхнэр болох Т.Ттай 2011 оны 8 дугаар сард танилцаж, үерхэн дотносож байгаад тухайн оныхоо 12 дугаар сараас нэг гэр бүл болон амьдарч эхэлсэн. Бид 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын явцад буюу 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Ц бидний дундаас мэндэлсэн.
Эхнэр Т.Ттай айл гэр болон амьдарсан цагаас хойш бидний хооронд зөрчилтэй, маргаантай асуудлууд гарах болсон.
Тодруулбал, түүнтэй хамт амьдарч байх хугацаанд түүнтэй хуучин гэр бүлийн харилцаатай байсан нөхөр, аль эсвэл хамтран амьдрагч аль нь болох нь тодорхойгүй хүмүүс утсаар залгаж ярих, нууцаар дуудаж уулзах зэрэг байж боломгүй үйлдлүүд давтагдах болсон.
Миний хувьд түүнээс юу болоод байгаа талаар тодруулж асуухад тэрээр уурлаж уцаарлаад үнэнийг дандаа нуудаг байсан.
Хожим би нарийн учрыг нь өөрөө олж мэдэхэд тэрээр өмнөх амьдралаа бүрэн цэгцлээгүй буюу урьд хүнтэй албан ёсоор гэр бүлийн харилцаатай байсан болох нь тогтоогдсон.
Харин А.Ц миний хувьд анх түүнтэй гэр бүл болохдоо үнэн хайр сэтгэлээр түүнд итгэж, насан туршийн хань ижил минь гэж алдаа, дутагдлыг нь тэвчиж байсан юм шүү.
Тэр ч утгаараа түүний дагавар охин н.А.Жг өөрийн төрсөн үр хүүхэд шиг бодон хайрлаж, хамтдаа өсгөж байсан.
Гэтэл энэ бүхнийг үгүйсгэж "...том охин А.Жгийн сэтгэл зүйд хүчирхийллийн ул мөр арилдаггүй... мэт зүйлсийг дурдсан нь огт худал зүйл юм.
Энэ мэт шалтгааны улмаас бид хоёрын харилцаа улам хүйтэн хөндий болж эхэлсэн. Тэр ч утгаараа Т.Т нь юм болвол өөрийн төрсөн ээжийг дагуулан ирээд хэл ам, хэрүүл маргаан дэгдээж байгаад төрхөмдөө буцчихдаг байсан.
Энэ бүхэнд түүний уурын мунхагаас шалтгаалсан хүчин зүйл байдаг бөгөөд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйгаад буцаад л ирдэг байсан.
Би ч эмэгтэй хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлээр түүний үг дуугүй хүлээгээд авдаг байсан нь одоо бодоход маш том алдаа байжээ.
Түүнчлэн Т.Т нь шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжпэлдээ ...А.Цийн байнгын харгис хэрцгий хүчирхийлэл дарамт...архи дарс уудаг байсан гэх мэт зүйлийг дурдаад байгааг ойлгохгүй байна.
Миний хувьд түүнтэй хамт амьдарч байх хугацаандаа Хөвсгөл Геологи ХК-д геологичоор ажиллаж, ар гэрээ тэжээн тэтгэхийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байсан.
Гэхдээ ажил албаны шаардлагаар, хамт олон, найз нөхдийн хүрээнд хааяа нэг архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэдэг байсныг үгүйсгэхгүй.
Энэ бүхнийг илт мушгин гуйвуулж, намайг адгийн нэг архичинтай зүйрлэж байгааг ойлгохгүй байна.
Мөн тэрээр сөрөг нэхэмжлэлдээ ...2014 оноос хойш одоог хүртэл охин Ц.Цгаа авах гэж, уулзах гэж байнга оролдож, А.Цийнд эмээ, ээж, ах нарын хамт очиж байсан боловч охиныг минь надтай огт уулзуулдаггүй... байсан гэжээ.
Өнгөрсөн 7 жилийн хугацаанд ийм үйл явдал буюу Т.Тийн зүгээс үр хүүхэдтэйгээ уулзах оролдлого огтхон ч хийж байгаагүйгээр үл барам харин ч үр хүүхдээсээ зугтаж, нуугдаж ирсэн нэгэн гэдгийг манай гэр бүлийнхэн болоод миний ойр дотны бүх хүмүүс гэрчлэх юм.
Харин ч миний хувьд өнгөрсөн хугацаанд охиныгоо ээжтэй нь уулзуулчих юмсан гэсэн сэтгэлээр түүний байж болох боломжит бүх газраар түүнийг хайж сураглаж байсан боловч олдохгүй байгаад байсныг дурдах нь зүйтэй.
Түүгээр ч үл барам, түүнтэй гар утсаар холбогдон, хүүхдийн мөнгө төгрөгийг яагаад зохих хүнд нь өгөхгүй байгаа юм бэ, дансны шилжүүлгээ хийгээч гэхэд үл тоон, утсаа таслаад, холбоо тасарч байсан.
Хамгийн гол нь, тэрээр үр хүүхдээ огтхон ч бодох сэтгэлгүй нэгэн болох нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд хүүхдийн эх орны хишиг болох мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч ирсэн бөгөөд энэ бүх мөнгийг дан ганц амин хувьдаа завшин, ашиглаж ирсэн нь ой гутам зүйл юм.
Хэрвээ, энэ нэхэмжлэлд дурдаад байгаа шигээ үнэхээр үр хүүхдээ гэх сэтгэлтэй нэгэн байсан бол яагаад өдий олон жилийн хугацааны хүүхдэд зарцуулагдвал зохих мөнгийг өөртөө авч хэрэглэж байсан юм бэ гэдэг нь анхаарал хандуулах зохих асуудал яахаас аргагүй мөн.
Мөн тэрээр сөрөг нэхэмжлэлдээ ...түүний аав Алтанхуяг нь...зайл, далд ор гэдэг, дахин ирвэл ална шүү... гэдэг асуудлыг ярьдаг, ...түүний ээж нь чамайг дахин хуүхэд авахаар ирвэл би амиа хорлож үхнэ шүү,...гол ус руу живж үхнэ... гээд явчихдаг зэргээс шалтгаалан би хүүхэд рүүгээ дөхөж чадахгүй өдийг хүрсэн гэжээ.
Энэ нь мөн л үндэслэлгүй бөгөөд хэрвээ үнэхээр хүүхдээ санаж мөрөөссөн, эх хүний нинжин сэтгэлтэй нэгэн байсан юм бол тухайн асуудлаа хууль, цагдаагийн байгууллагад хандаад шийдвэрлүүлэх боломж нь бүрэн байсан шүү дээ.
Гэтэл ийм огт худал зүйлсийг хэлж, бичиж, мөрөөрөө ажиллаж, амьдарч яваа хөгшин настай эцэг, эхийг минь хүртэл ийм бузар булай муухай гүтгэлэгтээ хавчуулж байгаа нь уг хүний хир хүмүүжил, ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харуулж байна.
Миний аав, ээж хоёрын хувьд хамгийн сүүлд түүн рүү 2014 оны 3 дугаар сард миний амь насанд халдах гэсэн, хүйтэн мэсээр гэмтэл учруулсан асуудалд эгдүүцэн дургүйцэж, уурлаж бухимдсан асуудлыг хольж, хутган буруу зөрүү мэдээллийг шүүхийн байгууллагад өгч, төөрөгдүүлж байгаа нь гайхалтай.
Ерөөсөө Т.Т гэх эмэгтэй төрсөн охин Ц.Цгаа 7 сартайгаас нь хойш огт харж, хандаагүй, тэжээн тэтгээгүй, өсгөн хүмүүжүүлээгүй гэж хэлж, ойлгож болно.
Тодруулбал, бид хоёрын хувьд 2012 оны 8 дугаар сард шүүхийн байгууллагаар гэрлэлтээ цуцлуулахаар хандаж байсан боловч тухайн үедээ хуулийн холбогдох зохицуулалтаар буцаагдаж байсан, харин түүний дараа дахин эвлэрч амьдрах гэсэн боловч нэгэнт болж бүтэхгүй зүйл дахин эвлээгүй.
Бид хоёр үл ойлголцлоо даван туулах эцсийн арга хэрэгсэл болгож, Улаанбаатар хот руу очиж, хэл амнаас дайжиж /түүний хуучин нөхөр, найз залуугийн явдал/ хүртэл явж үзсэн.
Энэ хугацаанд миний охин Ц.Ц аав, ээж хоёрын минь асрамжид байсан.
Харин 2014 онд түүнд хутгалуулан Хөвсгөл аймаг руу зугтан буцаж ирсэнээс хойш одоог хүртэл миний охин Ц.Ц аав А.Ц миний асрамжид цовоо сэргэлэн, эрүүл эсэн мэнд бойжиж, хүмүүжиж байна.
Иймд эх хүн гэж хэлэхэд хэцүү, хатуу хүйтэн сэтгэлтэй эмэгтэй болох Т.Тийн асрамжид төрсөн ганц охиноо өгөх нь ёс зүйн болоод хууль зүйн хувьд огтоос байж боломгүй зүйл тул түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг харгалзан үзэж, хэрэгсэхгүй боллгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд Хөвсгөл геологи ХК ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Т.Т өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд үүнийгээ хэлж байсан. Тэгээд эргэж харьцахгүй гэдгээ ч хэлж байсан юм. Т.Т 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өмнөх гэрлэлцээ цуцлуулсан юм. Тухайн үед би Хүрэлчулуун гэх хүнээс гэрлэлтээ цуцлуулж байсан гэж бодсон боловч өөр хүн байсан. Намайг зоддог байсан гэж байна. 2012 онд мөн шүүхэд өргөдөл гаргахдаа зоддог гэж бичсэн байсан. Надад тийм зоддог асуудал байгаагүй. 2012 онд би шүүхэд бүх материалаа өгсөн. Ганхуяг гэх хүнд хашаа байшин зарсан асуудал мөн яригдсан. Тэр хашаа байшинг 12 сая төгрөгөөр зараад зээлээ төлсөн. Тэр хашаа байшинд бид хамт амьдарч байгаагүй.
Бид хоёр Улаанбаатар хотод түрээсийн байранд амьдарч байсан. Би тухайн үед Баян-Өлгий аймагт ажиллаж байсан. Хашаа байшин зарсны үлдэгдэл мөнгө яасан талаар бид хоёр маргалдсан. Тэгээд намайг Т.Т хутгалсан. 2,5 см гүн оруулсан байсан. Би утсаар ярина гэж гараад зугтаад явж байсан. Үүнээс хойш нэг сарын дараа очиход тухайн үед болсон үйл явдлыг нотлох бүх нотлох баримтыг үгүйсгэж, хаясан байсан. Цэргийн эмнэлэгт үзүүлсэн баримтыг маань хүртэл урж хаясан. Би одоо охиноо өөрийн асрамжид авч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
Охин маань ээжийгээ танихгүй. Хажуугаар нь зөрөхдөө танихгүй хүн шиг өнгөрдөг байж, одоо ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд өмнөх гэрлэлтээ цуцлуулсан. 2014 онд А.Ц бид хоёрын дунд гэр бүлийн маргаан болсон. Тухайн үед А.Ц согтуу байсан. 2011 оноос хойш А.Ц намайг маш их зоддог байсан. Сүүлдээ бүр нуухын аргагүй байдалд хүрсэн. Ажил төрөл дээр ч энэ нөхцөл байдал маань ил байдаг байсан. Нүд ам хөхөрчихсөн байдалтай хаяа очдог байсан. Би сэтгэл зүйн хувьд их цочролд орсон.
А.Цийн биед би гэмтэл учруулсан. А.Ц намайг зоддог байсан талаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан ч бид хоёр хэн хэн нь гомдолгүй гээд гомдлоосоо татгалзаж байсан юм. Бид хоёрын харилцаанд хайр халамж байсан хэдий ч архи согтууруулах ундааны зүйл А.Ц их хэмжээгээр хэрэглэдэг байдлаас болоод байнга маргалдах болсон.
Мөн миний дагавар охин А.Жг дарамталдаг байсан болохоор бид салсан. Би тухайн цаг үед Улаанбаатар хотод ажиллаж байсан. Охиноо А.Цийн аав ээжид харуулахаар тохиролцсон байсан. Тэр цагаас хойш маргаан тасрахгүй байсаар салах хэмжээнд хүрсэн. Тэгээд би 2014 оноос хойш Ц.Ц охинтойгоо дахиж уулзаагүй.
Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Ц.Цг эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй. Охин маань А.Цийн гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг. Би анх А.Цийн гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг байсан. Тэгэхэд хадам аав архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, хадам ээжийг их дээрэлхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан.
А.Цд энэ орчин нөхцөл нь их нөлөөлж өөрөө гэр бүлийн хүчирхийлэгч болсон гэж боддог. Би шар хадны эмнэлэгт үзүүлж байсан. Намайг гэр бүлийн маргаанаас болоод гүн цочролд орсон байна гэсэн. Одоо би орон гэртэй, хувийн бизнестэй болж хоёр охиноо аваад явах боломжтой болсон тул охин Ц.Цг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийг гаргасан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ц нь Т.Тт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,
хариуцагч Т.Т нь А.Цд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурдсан үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнд: Гэрлэгчид болох А.Ц, Т.Т нар 2008 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн төв архивын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын иргэн, РД: 0 нөхрийн овог: Боржигон, эцэг /эх/-ийн нэр: А, нэр: А.Ц, Монгол Улсын иргэн РД: 0, эхнэрийн овог: Өөлд, эцэг /эх/-ийн нэр: Т, нэр: Т.Т нарын 2008-08-10-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0164-рт 2011-12-07-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлтэй гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр гэрлэгчид нь 2013 оноос хойш одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрсөн, мөн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон зэрэг бодит шалтгаан нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Т.Т нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Тэдний дундаас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Ц.Ц төрсөн болох нь №0000793031, 470 дугаар төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
А.Ц нь Т.Тыг хариуцагчаар татаж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас Т.Т хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжтай холбоотой нөхцөл байдлын үнэлгээг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.
Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт:
А.Ц нь амьдрах орчин нөхцөл, ахуй амьжиргааны хувьд хэвийн.
Хүүхдийг наад захын хэрэгцээт болон сурч боловсроход шаардагдах зүйлсээр хангах бүрэн боломжтой байна. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын хувьд хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэд үгэн, тэгш харилцааг эрхэмлэдэг, хүүхдийн идэвхжлийн хөгжлийг дэмжих байдал өндөр үзүүлэлтэй байна. Энэ нь хүүхдийг сурч боловсрох, хөгжихөд нөлөөлөх нөлөөлөл сайн, шинэ зүйл сурахад нь дэмжлэг үзүүлэх байдлыг илтгэнэ. Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ үйлдэлд хориг хязгаар тавьдаггүй.
Ийм хүүхдэд гипертимный буюу хэт эрч хүчтэй зан төлөв бүрэлдэн тогтоход чухал нөлөөтэй байдаг.
Т.Т нь амьдрах орчин нөхцөл, ахуй амьжиргааны хувьд хэвийн. Хүүхдийг наад захын хэрэгцээт болон сурч боловсроход шаардагдах хэрэгцээт зүйлсээр хангах боломжтой. Хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын хувьд хүүхдэд хориг шаардлага тавих байдал үнэлгээгээр гарч байна. Энэ нь охин Ц.А.Жтай харилцдаг харилцаагаар үнэлэгдсэн байр магадлалтай. Хариуцагч Т.Т охин Ц.Цтай удаан хугацаанд хамт амьдраагүй, хүүхэдтэй харилцаа холбоотой байдаггүй учир охин Ц.Цтай хүүхэд хүмүүжлийн ямар аргаар харилцах, ямар нөлөөлөл үзүүлэх нь одоогоор тодорхойлогдох боломжгүй байна.
Гэр бүл дэх үүргийн харилцааны үнэлгээгээр Т.Т өөрийгөө золиослох үзүүлэлт бага байгаа нь гэр бүлийн үүрэг хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийх магадлалтайг харуулж байна.
Шинжээчийн багийн гишүүд тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлж, зөвхөн санал хүргүүлдэг бөгөөд хууль ёсны асран хамгаалагчаар тогтоох эцсийн шийдвэрийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дахь заалтыг үндэслэн шүүх шийдвэрлэдэг болохыг нэхэмжлэгч, хариуцагч талуудад ойлгуулахыг хүсэж байна...гэжээ.
Т.Т нь Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт бүрэн гүйцэд хийгдээгүй, бодит нөхцөл байдлыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй тул Улаанбаатар хот дахь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлтийг дахин гаргасан.
Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба Улаанбаатар хот дахь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын шинжээчдийн багийн ерөнхий санал дүгнэлт:
1.Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийг шүүхийн тогтоолд тусгаж, эх Т.Т нь хүүхэдтэйгээ уулзах, хамт байх хугацааг нарийвчлан тогтоож, тогтмол уулзуулах нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.
2. Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 26.8 дахь хэсгийг шүүхийн тогтоолд тусгаж, эцэг А.Ц, эх Т.Т нарт хүүхдийн эрх хамгаалал, хүмүүжил, төлөвшил, эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагын талаар сургалт, зөвлөгөөнд хамруулах, эцэг, эх үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих-ыг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, сум багийн засаг дарга нарт үүрэгжүүлэх.
3.Хөвсгөл аймаг дахь сум дундлын иргэний хэргийн анхан шатны шүүхээс эцсийн шийдвэрийг гаргахдаа Мөрөн сумын 1 дүгээр багийн засаг дарга н.Даваадуламыг гэрчээр дуудаж тодруулга авах, Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагаас иргэн А.Ц, Алтанхуяг нарыг архидан согтууч хэрэг зөрчил, дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан эсэхэд тодруулга авах нь зүйтэй гэж үзэж байна.
4.Хууль ёсны асран хамгаалагч тогтоох эцсийн шийдвэрийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14.6 дахь хэсгийг үндэслэн шүүх шийдвэрлэдэг болохыг нэхэмжлэгч, хариуцагч талуудад ойлгуулахыг хүсэж байна... гэжээ.
Хүүхдийн асрамжтай холбоотой дээрх нөхцөл байдлын үнэлгээнүүдэд хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар тусгаагүй байна. Гэвч үнэлгээнүүдэд эцэг эхийн амьдарч байгаа орчин нөхцөл, хүүхдийг наад захын хэрэгцээ, сурч боловсроход шаардагдах зүйлсээр хангах боломж бололцооны байдал болон эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, хүүхдэд нөлөөлөх нөлөөлөл, дэмжлэг үзүүлэх байдал, тавих анхаарал халамжийн талаар дурджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт: Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд түүний саналыг харгалзан үзнэ гэсэн. Хуулийн дээрх заалтын дагуу 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Цгаас санал авахад тэрээр...аавтайгаа хамт амьдарна, би ээжийгээ танихгүй харж байгаагүй, эмээ, өвөө, аавтайгаа байхад гоё байдаг... гэжээ./хх-ийн 23 дугаар тал/
Мөн гэрлэгчдийг тусдаа амьдарсан 8 жилийн хугацаанд охин Ц.Ц нь өсөлт бойжилт хэвийн эцэг А.Цийн асрамжид, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 29-11 тоотод оршин сууж, Аймгийн Төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авъяас сургуульд суралцаж байна. /хх-ийн 4, 5, 6 дугаар тал/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт: Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийн эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох...асуудлыг шүүх шийдвэрлэнэ хэмээн заасан ба хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дүгнэж үзвэл хүүхдийн одоогийн өсөж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Цг төрсөн эцэг А.Цийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.
Охин Ц.Цг эцэг А.Цийн асрамжид үлдээж байгаа нь эцгийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг А.Ц, эх Т.Т нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Т.Т нь нэхэмжлэгч А.Цд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагаа дэмжин оролцсон.
А.Ц сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч...биднийг тусдаа амьдарсан үеэс эхлэн охин маань миний болон манай аав, ээжийн асрамжид өнөөдрийг хүртэл байсан. Охин маань ээжийгээ танихгүй.Т.Т нь тусдаа амьдарсан 8 жилийн хугацаанд охинтойгоо уулзаж эргэж тойрч, ирж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...гэж маргаж байна.
Т.Т нь сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ...А.Цийн хувьд хүүхдийг минь өөрөө асрамжлаад авч явж чадахгүй хүн гэдгийг түүнтэй хамт амьдарч, түүний хүчирхийлэл дарамтанд маш хүнд амьдралыг туулж өнгөрүүлсэн эхнэр хүний хувьд мэдэхийн дээдээр мэдэж байна. Би байнга архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ зүй бусаар харилцдаг А.Цийн асрамжинд бага охиноо үлдээж чадахгүй, охиныхоо эрх ашгийг хамгаалахыг хүсч байгаа тул охиноо өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан...хэмээн тайлбарласан.
Гэвч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Таас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгож, хариуцагч Т.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А.Ц /0/, Т.Т /0/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ц.Цг эцэг А.Цийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч Т.Тийн нэхэмжлэлтэй, А.Цд холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Нэхэмжлэгч А.Ц нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эх Т.Т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг А.Ц нарт тус тус даалгасугай.
6. Зохигч хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.Цийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгож, хариуцагч Т.Тийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ