Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Б.Т

Хохирогч: С.И /цахимаар/  

Шүүгдэгч: Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн  Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Д-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 09 сарын 24-нд А аймгийн Ж суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ж сумын Б багийн **** тоотод оршин суух хаягтай, урьд Н-ийн Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/410 дугаартай “Шийтгэх тогтоол”-оор Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Г.Д/РД:**************/

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Г.Д нь А аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байхдаа буюу 2024 оны 09 дүгээр сард Д аймгийн иргэн С.И-тай холбоо барьж “та самар авах юм уу? би Ж суманд таныг иртэл самар аваад байж байя” хэмээн түүнд итгэл төрүүлэн хуурч, 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд самар худалдаж авахад шаардагдах мөнгө шилжүүлэхийг удаа дараа шаардсаар нийт 23.450.000 төгрөг шилжүүлэн авч, тухайн мөнгөөр нь самар худалдаж авалгүй мөрийтэй тоглоом тоглож, анхнаасаа самар авч өгөх зорилгогүйгээр залилж, 23.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогч С.И-гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Би самар авахуулах гээд Д-д мөнгө өгсөн. Би хохирлоо төлүүлэх хүсэлттэй байна. Надад 14,500,000 төгрөг биш. 17,500,000 төгрөг өгөх ёстой. Сүүлд надаас 980,000 төгрөгийн зээлж авсан. Учир нь энийг өгчихвөл зээл гарах гээд байна гэсэн болохоор нь мөнгөө авах гээд 980,000 төгрөг зээлүүлсэн ...” гэх мэдүүлэг,

 

 *Эрүүгийн ************ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч С.И-гийн өгсөн:

“...Би хувиараа бизнес эрхэлдэг. Тэгээд 2024 оны 9 дүгээр сарын үед Д аймагт гэртээ байж байтал А аймгийн Ж сумын иргэн Г.Д нь над руу ******** дугаарын утсаар залгаад та самар авах юм уу? би Ж суманд таныг иртэл самар аваад байж байя гэхээр за тэгвэл ахыгаа очтол самар аваад байж бай гээд 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл нийт хоёр гурван саяар шилжүүлсээр байгаад нийт 23.450.000 төгрөг шилжүүлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны үеэр Ж суманд самар авахаар Д аймгаас ирсэн. Тэгээд ирээд Г.Д-той уулзаад мөнгө өгөөд авхуулсан самраа авъя гэтэл самар аваагүй юу ч байхгүй байсан. Тэгээд мөнгөө яасан гэхэд ахаа би өнөөдөр өгнө маргааш өгнө гэж залилж явсаар байгаад сар болсон. Тэгээд өгөхгүй худлаа үнэн юм яриад байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Д аймагт байхдаа мөнгө шилжүүлсэн. Ж суманд ирээд Г.Д руу мөнгө шилжүүлээгүй. Би 2023 онд Ж суманд самар авч байхдаа анх танилцаж байсан юм. Тухайн үед Г.Д нь ах дүү нарынхаа самар, өөрийнхөө түүсэн гэх самрыг надад өгч байсан. Тэгээд бид хоёр дугаараа өгч авалцаад танилцсан. Тухайн үед Г.Д нь яриа хөөрөөтэй дажгүй залуу шиг санагдсан. Би 2023 онд Ж суманд самар авахаар ирэхдээ Г.Д гэх хүн рүү мөнгө шилжүүлж самар авхуулж байгаагүй. Энэ жил л самар аваад өгөх үү ахаа гэхээр нь найдвартай байх гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Манай хамтарч самар авдаг хөрөнгө оруулагч найз болох Р.Г гэх хүний Хаан банкны ************ данснаас Г.Д гэх хүний хаан банкны ************ гэх данс руу 18.390.000 төгрөг манай төрсөн дүү С.Т-ын Хаан банкны ********** дугаарын данснаас Г.Д-ийн хаан банкны *********** данс руу 4.760.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Г.Д нь ямар ч самар аваагүй худлаа хэлээд тэр мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Надтай чатаар харьцахдаа онлайн покер тоглоод алдчихсан юм аа гэж хэлж байсан. Надад 23.450.000 төгрөг өгөхөөс 2.450.000 төгрөг өгсөн. Би Г.Д гэх хүнд залилуулсан үлдэгдэл мөнгө болох 21.000.000 төгрөгөө авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/

 

*Гэрч С.Т-ын өгсөн:

“...Манай төрсөн ах С.И нь хувиараа бизнес эрхэлдэг. Тэгээд жил бүр А аймгийн Ж суманд ирж самар авдаг юм. Тэгээд манай ах С.И нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед Ж суманд хүнээр самар авхуулах гэж байгаа юм чи Г.Д гэх хүний Хаан банкны ******** дугаарын данс руу 1.610.000 төгрөг шилжүүлээдэх гээд байхаар нь тухайн хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр А аймгийн төвд байхад ах над руу залгаад нөгөө хүн самраа авч байгаа гэнэ ахиад мөнгө хийгээдэх гэхээр нь Г.Д-ийн Хаан банкны ********* дугаарын данс руу нь 3.150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ах бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 15-ны үед Ж суманд самар авах гэрээ хийхээр ирээд гэрээгээ хийчхээд байж байтал. Манай ах С.И нь надад хэлэхдээ нөгөө самар авхуулж байгаа Г.Д нь нөгөө авсан мөнгөөрөө самар аваагүй байна. Мөнгөө өгөхгүй худлаа үнэн юм яриад залилаад байна цагдаад мэдэгдэхээс гэж хэлсэн. Тухайн үед манай ах руу шуудайтай самрын зураг явуулаад самар авч байна гээд худлаа яриад мөнгө аваад байсан юм байна. Г.Д нь фейсбүүк чатаар манай ах руу худлаа шуудайтай самрын зураг явуулаад байсан. Г.Д гэсэн нэртэй алаг морь уначихсан хүүхэд сундалчихсан профайл зурагтай хаяг байсан. Хаан банкныхаа ********** гэсэн данснаасаа хоёр удаа мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Гэрч Р.Г-ийн өгсөн:

“...Миний бие найз С.И-гийн хүсэлтээр 2024 оны 09 дүгээр сар, 10 дугаар сарын үед Хаан банкны *********** тоот данс руу олон удаагийн гүйлгээгээр нийт 23.450.000 төгрөгийг шилжүүлсэн. С.И нь “Самрын урьдчилгааны мөнгө юм аа” гэж надад хэлж байсан. С.И бид хоёр ажил хэргийн хамтрагч учраас түүний хэлсэн мөнгийг тухай бүр нь шилжүүлдэг тохиолдол байдаг, дараа нь С.И бид хоёр тооцоо нийлчихдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 62 дугаар тал/

 

*Яллагдагч Г.Дийн өгсөн:

  “...Би 09 дүгээр сарын 04-ний өдөр ******** дугаарын С.И ахын данс руу 1.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаарын С.И ахын данс руу 600.000 төгрөг, түүний дараа 11 дүгээр сарын 04-ний өдөр ********* дугаарын С.И ахын данс руу 450.000 төгрөг, 11 дүгээр сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутад өөрийн эзэмшдэг Хаан банкны ********* дугаарын данснаас С.И ахын ********** дугаартай хаан банкны данс руу 5.000.000 төгрөгөөр нэг удаагийн гүйлгээ хийсэн. Одоо төлж барагдуулах нийт дүн нь 14.400.000 төгрөгийг С.И ахын данс руу шилжүүлэх үлдээд байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/

 

*Г.Дийн “Хаан банк”-ны ********** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 32-38 дугаар тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь А аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байхдаа буюу 2024 оны 09 дүгээр сард Д аймгийн иргэн С.И-тай холбоо барьж “та самар авах юм уу? би Ж суманд таныг иртэл самар аваад байж байя” хэмээн түүнд итгэл төрүүлэн хуурч, 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд самар худалдаж авахад шаардагдах мөнгө шилжүүлэхийг удаа дараа шаардсаар нийт 23.450.000 төгрөг шилжүүлэн авч, тухайн мөнгөөр нь самар худалдаж авалгүй мөрийтэй тоглоом тоглож, анхнаасаа самар авч өгөх зорилгогүйгээр залилж, 23.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.И-гийн”...Г.Д нь над руу ********* дугаарын утсаар залгаад та самар авах юм уу? би Ж суманд таныг иртэл самар аваад байж байя гэхээр за тэгвэл ахыгаа очтол самар аваад байж бай гээд 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл нийт хоёр гурван саяар шилжүүлсээр байгаад нийт 23.450.000 төгрөг шилжүүлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 15-ны үеэр Ж суманд самар авахаар Д аймгаас ирсэн. Тэгээд ирээд Г.Д-той уулзаад мөнгө өгөөд авхуулсан самраа авъя гэтэл самар аваагүй юу ч байхгүй байсан. Тэгээд мөнгөө яасан гэхэд ахаа би өнөөдөр өгнө маргааш өгнө гэж залилж явсаар байгаад сар болсон. ...Энэ жил л самар аваад өгөх үү ахаа гэхээр нь найдвартай байх гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Манай хамтарч самар авдаг хөрөнгө оруулагч найз болох Р.Г гэх хүний Хаан банкны ******* данснаас Г.Д гэх хүний хаан банкны ********* гэх данс руу 18.390.000 төгрөг манай төрсөн дүү С.Т-ын Хаан банкны ********* дугаарын данснаас Г.Дийн хаан банкны ********** данс руу 4.760.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Г.Д нь ямар ч самар аваагүй худлаа хэлээд тэр мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй. Надтай чатаар харьцахдаа онлайн покер тоглоод алдчихсан юм аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Т-ын”...Тэгээд манай ах С.И нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны үед Ж суманд хүнээр самар авхуулах гэж байгаа юм чи Г.Д гэх хүний Хаан банкны ********* дугаарын данс руу 1.610.000 төгрөг шилжүүлээдэх гээд байхаар нь тухайн хүний данс руу шилжүүлсэн. Дараа нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр А аймгийн төвд байхад ах над руу залгаад нөгөө хүн самраа авч байгаа гэнэ ахиад мөнгө хийгээдэх гэхээр нь Г.Дийн Хаан банкны ********** дугаарын данс руу нь 3.150.000 төгрөг шилжүүлсэн. ...Манай ах С.И нь надад хэлэхдээ нөгөө самар авхуулж байгаа Г.Д нь нөгөө авсан мөнгөөрөө самар аваагүй байна. Мөнгөө өгөхгүй худлаа үнэн юм яриад залилаад байна цагдаад мэдэгдэхээс гэж хэлсэн. ...Хаан банкныхаа ********* гэсэн данснаасаа хоёр удаа мөнгө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Р.Г-гийн”... С.И-гийн хүсэлтээр 2024 оны 09 дүгээр сар, 10 дугаар сарын үед Хаан банкны ******* тоот данс руу олон удаагийн гүйлгээгээр нийт 23.450.000 төгрөгийг шилжүүлсэн. С.И нь “Самрын урьдчилгааны мөнгө юм аа” гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Дийн мэдүүлэг, Г.Дийн “Хаан банк”-ны ******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Дийг “Ж суманд таныг иртэл самар аваа байж байя хэмээн түүнд итгэл төрүүлэн хуурч, 23.450.000 төгрөгийг шилжүүлэн авч” урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа гэрээний харилцаанаас ялгагдах бөгөөд хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.  

 

              Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Дийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            

             Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ид 24.780.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч С.Ид нийт 9,050,000 төгрөг /2024 оны 9 сарын 4-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 9 сарын 15-нд 600.000 төгрөг, 2024 оны 11 сарын 04-нд  450,000 төгрөг, 2024 оны 11 сарын 09-нд 2,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 13-нд 5,000,000 төгрөг, нийт 9,050,000 төгрөг/-ийн  хохирол төлсөн гэх шүүгдэгчийн мэдүүлгийг хохирогч шүүх хуралдаанд маргаагүй зөвшөөрсөн, үлдэх хохирлыг нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Хохирогч С.И “самар авна гэж хууран мэхэлж авсан үлдэх хохирлоос гадна шүүгдэгч Г.Д зээл төлнө гэж 2024 оны 12 сард нэмж авсан 980,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулж авна” гэж нэхэмжилж байгаа талаар шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

                                                                                                                                                                   Иймд шүүгдэгч Г.Д-оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирол 15.730.000/арван таван сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д аймгийн Д сумын *** дугаар баг, Н хотхоны ** тоотод оршин суух хаягтай, Х овогт С.И-д олгохоор шийдвэрлэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд яллах дүгнэлтэд дурдаагүй 2024 оны 12 сард шүүгдэгч Г.Д зээл төлнө гэхээр нь өгсөн гэх 980,000 төгрөгөө иргэний журмаар тусдаа нэхэмжлэх эрхтэй.

 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд торгох ял оногдуулах нь нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Б овогт Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч,урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 12/арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-оос 15.730.000/арван таван сая долоон зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д аймгийн Д сумын ** дугаар баг, Н хотхоны ** тоотод оршин суух хаягтай, Х овогт С.И-д олгосугай.

 

            6. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нэхэмжилж байгаа 980,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН