Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

2025      01        29                                           2025/ШЦТ/57

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б,

хохирогч Б.М нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2425000000720 дугаартай 312/2025/0037/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** овогт *********-ын Б, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймаг ****** суманд төрсөн, ** настай, *******, *********** боловсролтой, *********** мэргэжилтэй, “***” **** угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл *, эцэг, эхийн хамт ***** аймгийн ****-***** сумын ******* багийн ******** *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ************/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байсан Б.М-тэй “хүүхэдтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь "нэг шүдний хугарал, сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000720 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байсан Б.М-тэй “хүүхэдтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус хоёр удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь "нэг шүдний хугарал, сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М-ийн өгсөн: “...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.М-ийн : “...************************** тоотод танил Б, Д гэх айлд очоод байж байтал манай салсан нөхөр Б тэр айлын хашаанд ороод ирсэн. Би хашааны гадаа Б-тэй гараад чи согтуу айлд ирж хэрүүл маргаан хийлээ гээд маргалдсан. Гэтэл Б миний нүүрэн тус газар цохиж газар унагасан. Намайг тэр айлын Б гэх хүн өмөөрөөд салгаж авсан удалгүй цагдаа ирээд аваад явсан. Б намайг хүүхэдтэй уулзуулахгүй байна гэж намайг хэл үгээр доромжлоод маргалдсан. Б миний нүүр лүү 1-2 удаа цохисон. Миний зүүн нүд хөхөрч баруун талын хорхой идсэн шүд унасан. Намайг Б урьд өмнө 5 удаа зодож байсан. Би Б-ээс томографын зураг авхуулах мөнгө, Мажаа эмнэлэгт толгойгоо бариулж эмчилгээ хийлгэж байгаа мөнгө, нүдээ дахин үзүүлэх мөнгө зэрэг эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...”, "...********** тоотод Б намайг ална гэж орж ирээд хоолой боогоод толгой луу цохисон. Тухайн үед манай ээж дүү хоёр салгасан. Би Б-тэй 2019 онд гэрт нь ирэн очин амьдарч байгаад 2022 оноос 2023 он хүртэл хамт хүүхэдтэйгээ гурвуулаа амьдарсан. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа. Манай хүү одоо 2 настай Б овогтой Р гэдэг. Миний сэтгэл санаанд ямар нэгэн байдлаар хор уршиг учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15-р тал/,

2. Гэрч Д.Б-гийн: "...2024 оны 10 дугаар сарын 27-ны орой манайд хүмүүс ирээд би тэр хүмүүсээ гэрт нь хүргэж өгөөд ************* тоотод 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай хүргэний гэрт Б ирчихсэн байсан. Манай хүргэн тэр залууг "чи согтуу шөнө айлд ирлээ яв" гэсэн чинь та нар намайг хөөлөө гээд хашаанаас орилж хашхичаад гарсан. М араас нь гараад тэр хоёр маргалдаж байгаад Б Мийг шууд 2 удаа нүүр лүү нь гараараа цохиод авахаар нь би дундуур нь орж заамдаж авч салгасан. Гэтэл намайг Б “та нар намайг бүлэглэж зодлоо” гээд орилоод байхаар нь больсон. Тэр залууг би цохиж зодоогүй. Гэтэл Б-ийн ээж, аав хоёр нь ирсэн байсан. Удалгүй цагдаа ирсэн...." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, 

3. Гэрч Д.Х-ны: “...Би Б-ийн байгаа газар яваад очиход Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, би Мийг цохичихлоо, М энэ залуутай явалдаад 1 жил болж байгаа гээд нэг залуу руу заасан. Тэгээд би хүүхдээ аваад гэр лүүгээ явсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/ 

4. Яллагдагч Б.Б-ийн: "Уг прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/, 

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаартай “...Б.М-ийн биед нэг шүдний хугарал, сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх нэг шүдний хугарал, сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгт тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.М, гэрч Д.Б, Д.Х нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байсан Б.М-тэй маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь "нэг шүдний хугарал, сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд нэг шүдний хугарал, сулрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 940 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд...” гэж, 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаар Б.Б, Б.М нар нь  тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Б.Б, Б.М нар нь хамтран амьдарч тэдний дундаас хүү Б.Р төрсөн болох нь тэдний мэдүүлэг, Б.Р-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хамтран амьдрахаа больсон Б.М-ийг “хүүхэдтэйгээ уулзуулсангүй” гэх шалтгаанаар уурлан нүүрэн тус хоёр удаа гараараа цохиж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжүүдийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргажээ.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч нь оногдуулах эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүйгээр тус тус оролцлоо.

Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Бийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 42-50 дахь талд авагдсан Цагдаагийн газрын хайлтын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Б.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.М нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт **********-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т шүүхээс оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.М нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хадгалагдах хугацаанд хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ