| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 194/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/462 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | П.О |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/462
2025 02 11 2025/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
улсын яллагч П.О,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.С,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.М нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ний Т, М овогт Б-ийн Б нарт холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-тай маргалдаж улмаар түүнтэй барьцалдан түлхэж зулай хэсгээр нь хана мөргүүлэн зулайн хуйханд няцарсан шарх бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй найз нарыг тэвэрлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Т-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж газар унаж ноцолдох явцдаа баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал баруун нүдний дээд, доод ковхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун саврууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргаж, цагаатгуулах байр суурьтай оролцсон болно.
2. Шүүгдэгч А.Т нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б-тай маргалдаж улмаар түүнтэй барьцалдан түлхэж зулай хэсгээр нь хана мөргүүлэн зулайн хуйханд няцарсан шарх бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 08 дугаар 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” нэртэй рестораны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй найз нарыг тэвэрлээ” гэх шалтгаанаар хохирогч А.Т-тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж газар унаж ноцолдох явцдаа баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал баруун нүдний дээд, доод ковхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун саврууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...үл таних 2 залуу гарч ирээд Ц гээд эмэгтэй найзыг маань тэврээд дараа нь Т-г тэврээд авсан тэгээд би “чи яах гээд байгаа юм бэ” гээд очсон чинь намайг түлхсэн согтуу байсан болохоор яг юу гэж хэрэлдсэнээ бол санахгүй байна. Тэр 2 залуутай нэлээн маргалдсан. Тэгээд намайг өндөр махлагдуу залуу нь ирж түлхэх үед нь тэр залуутай би барьцалдаж байгаад тэр залуу намайг түлхэхэд би рестораны ханыг нь зулай хэсгээрээ мөргөөд толгойноос цус гарсан өөр хэд хэдэн удаа нүүр, цээж хэсэг рүү цохисон тухайн үед нөгөө залуугийн найз гээд залуу нь хараад зогсож байсан ба манай найзууд ирж бид хоёрыг салгасан. Тухайн үеэс хойш толгой өвдөөд толгой хавдчихсан байсан бусдаар бол гайгүй байсан. Надад гэмтэл учруулсан гэх залуу барагцаагаар 180 см өндөртэй махлагдуу залуу байсан. Тэр залуу намайг түлхсэн түүнээс болоод би толгойны зулай хэсгээ гэмтээсэн хавдар нь 3 хоног буухгүй байсан. Өөр хамар болон цээж хэсэгт хөхрөл үүссэн байсан. Гараараа хэдэн удаа цохисныг яг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх 17-18),
Хохирогч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би гадагшаа гарсан. Нэг мэдэхэд тэр залуучуудад газарт уначихсан зодуулж байсан. Тухайн залуучууд намайг зодож байгаад босоод цаашаа болсон. Би нэлээд согтуу байсан учраас сайн санахгүй байна. Миний яг одоо санаж байгаа хүн бол халзан залуу болон намхан бор залуу нь надтай зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хх 22-23),
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Араас үл таних хоёр эрэгтэй хүн гарч ирсэн. Гарч ирээд манай хамт явж байсан 2 эмэгтэй буюу Т, Ц хоёр луу өндөр дуугаар харьцаад байсан. Тэгэхэд Т-г том биетэй залуу нь цохиж байсан. Тэгэхэд нь Б, Т-г өмөөрөөд өндөр биетэй залуутай барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёр буюу Б дотроос гарч ирсэн үл таних биерхүү залуутай барьцалдаад газарт унасан. Тэгэхэд нь би очоод салгах гэхэд салахгүй байсан. Тэр залуу нь Б-г барьчхаад дээр нь хэвтчихээд салахгүй байсан. Тэгэхэд Б-ийн толгой нь хагараад цус гарч байсан. Дотроос сүүлд гарч ирсэн биерхүү том биетэй залуу нь бидэнтэй хамт явсан Тунгалагтуяаг хэл амаар доромжилсон учраас л Б нь өмөөрөөд барьцалдаж аваад унасан. Б-ийн биед учирсан гэмтлийг өөртэй нь хэрэлдэж маргалдсан том биетэй залуу л учруулсан...” гэх мэдүүлэг (хх 25-26),
Гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т нь нэг үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад байсан. Би тэр залууг ямар залуу байсан талаар санахгүй байна. Тэгээд Т бид хоёр гараад байж байхад гадаа буланд үл таних хэдэн залуучууд буюу уг ресторанаар үйлчлүүлж байсан залуучууд байсан бөгөөд тэр залуучуудтай муудалцаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд муудалцаж барьцалдаж авахад нь би Т-ыг тэр хүмүүсээс салгах гээд дийлээгүй бөгөөд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ер нь бол олуулаа байсан. Яг хэн нь хэнийгээ цохисон гэдгийг сайн хараагүй...” гэх мэдүүлэг (хх 28-29),
Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд гарч ирээд байж байхдаа нилээн том биетэй эрэгтэй нь миний найз Ц-ийг “явъя” гээд мөрөөр нь тэвэрсэн. Тэгэхэд нь би уг эрэгтэй хүнд хандаж “Хөөе чи болиоч” гэж хэлэхэд тэр хүн надад хандаж “чи хамт явах юм уу” гэж хэлсэн. Дотроос гарч ирсэн согтуу эрэгтэй хүн нь маш их согтолттой, хүн бүхэн рүү үсчээд байсан. Тэгээд намайг холдоод хараад байж байхад тэнд зодоон болоод шуугилдаад эхлэхэд нь Б бид хоёрыг очсон тэр үед Б болон үл таних биерхүү залуу хоёр тэврэлдээд газарт уначихсан байдалтай бөөн цус нөж болчихсон байсан. Тэгэхэд нь Б-ийн духнаас цус нөж болчихсон байсан. Тэгээд бид нар Б-ийн цусыг цэвэрлэж байхад уг үл таних том биетэй согтуу эрэгтэй хүн нь ирээд Б-г цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх 31-32),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ..........дугаартай “...А.Т-ын биед баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух хамар баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх 45-46),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Н-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ..........дугаартай “...Б.Б-ийн биед зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх 45-46),
Хохирогч А.Т-ын эрүүл мэндийн даатгалаар 160,000 төгрөгийн хөнгөлөлтэй авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хх 72),
Гэрч Б.Ц-ын “...Араас 2 эрэгтэй хүн гарч ирсэн. Тэдний нэг нь миний гараас татаад шууд тэвэрч авах гээд байсан би болиоч ээ чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Б ах намайг өмөөрч тухайн үл таних эрэгтэйтэй маргалдсан, тэр үл таних залуу түрүүлээд Б ахыг шууд цохиод тэр хоёр хоорондоо зодолдож газарт унасан. Б, Ба хоёр тэр хоёрын зодооныг салгахад тэр үл таних эрэгтэй хүний нүүр хэсэг цус болсон байсан. Мөн Б ахын толгойн хэсэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх 121),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Д-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ....... дугаартай “...Иргэн А.Т-ын биед баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух хамар, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун ядам хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хх 127-129),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ..............регистрийн дугаартай Б овогт Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоов” гэх маягт (хх 136),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн........... дугаартай “...Гэмт хэргийн улмаас хохирогч А-ний Т /РД:............./ сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүдийн илрэлгүй байгаа тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй...” гэх дүгнэлт (хх 136) болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон.
3. Хохирогч Б.Б-ийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Т-ын гэм буруугийн санаатай хэлбэрээр зулай хэсгээр нь хана мөргүүлсэн үйлдлийн улмаас үүссэн, хохирогч А.Т-ын биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн санаатай хэлбэрээр нүүрэн тус газар цохисон үйлдлийн улмаас үүссэн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон байна.
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй , хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байдаг. Дээрх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон, хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүхээс үзсэн болно.
Шүүгдэгч А.Т-ын хохирогч Б.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Т нь хэдийгээр өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй, мөн хэрэгт авагдсан бусад баримтаар дэмжигдэн нотлогдодгүй. Хохирогч нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй бол шүүхээс дан ганц мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Харин эсэргээрээ Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд тогтвортой, агуулгын хувьд нэг ижил зүйлийг дүрслэн ярьсан байх бөгөөд хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг ашиглагдах, өөрөө буруутах байх гээд болсон асуудлыг гүйцэт хэлээгүй, зөвхөн өөрийн зодуулсан гэх асуудлыг хэлсэн, болсон явдлыг санаж байгаа гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Цаг хугацааны хувьд хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд түрүүлж халдсан байх тул шүүгдэгч А.Т-ын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгч шалгуулсан үйл баримт нь дуудлага, мэдээлэл өгсөн тал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан гэрч М.Т-ын танихгүй учраас гаднах төрх байдлаар нь шууд нэрлэн заасан мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх тул намайг нэг биш олон хүн зодсон байхад мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн гэх хохирогч А.Т-ын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хууль зөрчсөн зүйлгүй, хуульд нийцсэн гэж шүүхээс үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Т, Б.Б нар нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж нэгнийхээ биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
6. Гэмт хэргийн улмаас хохирогч А.Т нь 160.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч Б.Бнь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан байна.
Хохирогч А.Т, Б.Б нар нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул шүүгдэгч А.Т, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
7. Улсын яллагчаас шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Т-ын өмгөөлөгч Б.С-аас “...Шүүгдэгч А.Т нь М-д 8 жил тогтвортой ажиллаж байгаа. 2 бага насны хүүхэдтэй. Ар гэрээ тэжээн тэтгэдэг төрийн албан хаагч тул 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Р.М-аас “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж, эсхүл 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, өөрийн үйлдэл, үр дагаварт хандаж буй хандлага, бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Шүүгдэгч А.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдлийн шинж, бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-ийн Б /РД:................../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С овогт А-ний Т /РД:................/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Т, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ