Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/40

 

Д.Гомбодоржид холбогдох  

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                         Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                         Шүүгчид                                       Б.Эрдэнэхишиг                               

                                                                                Д.Буянжаргал

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Н.Улсболд

                                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмчигдоржийн Гомбодоржид холбогдох эрүүгийн 2032000360032  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 5 дугаар баг, Түнхэл тосгон, Дэнжийн хэсэг Аж ахуйн хашаад оршин суух, Боржигон овогт Дэмчигдоржийн Гомбодорж /РД:ЧС76051679/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Гомбодорж нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Дэнжийн хэсэг гэх газар Д.Далайжаргал, Б.Энхтүвшин нартай маргалдаж улмаар Д.Далайжаргалын толгойн тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай, Б.Энхтүвшингийн нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Гомбодоржид холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/99 дугаартай шүүгчийн захирамжаар:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Дэмчигдоржийн Гомбодоржид холбогдох эрүүгийн 2032000360032 тоот хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорт буцаасугай.

2.Эрүүгийн 2032000360032 тоот хэргийг прокурорт хүргэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Гомбодоржид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

З.Энэ хэрэгт шүүхэд шилжиж ирсэн эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай....” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ: ...Шүүгч хэргийг прокурорт буцаахдаа хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэлгүй, үндэслэлгүйгээр хуулийг буруу хэрэглэхээр заажээ. Үүнд:

1. Хохирогч   Д.Далайжаргалын...Од дэлгүүрээс нэг шил архи авч ирсэн тэр архинаас нэг татаад би гарч бие засна гэж хэлээд Од, Энхтүвшин, Гомбодорж нарыг үлдээгээд Гомбодоржийн гэрээс ганцаараа гараад бие засаад зогсож байхад Гомбодорж миний араас ирээд толгойн тус газар руу тоосгоор цохихоор нь би урагшаа сөхрөөд унасан ...гэх мэдүүлэг

2. Хохирогч   Б.Энхтүвшин...Далайжаргал, Гомбодорж ах хоёр байхгүй байхаар нь гэрээс гарахад Далайжаргал газар хэвтчихсэн Гомбодорж ах Далайжаргалын бие рүү нь өшиглөж байхаар нь би яваад очиход Гомбодорж ах намайг гараараа цохиж унагаагаад миний хавирга толгой руу өшиглөөд байсан... Намайг гэрээс гараад тэр хоёр дээр очиход хүн байгаагүй тэр хоёр л байсан...гэх мэдүүлэг

3. Гэрч Н.Ганцоожийн....Гомбо ахын гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр гараад очтол Энхтүвшин газар хэвтчихсэн нэг залуу гэрийн налаад хэвтчихсэн нүүр ам нь цус болчихсон байсан. ..Гомбо ах гэрийнхээ хажууд тал тоосго барьчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг зэргээр Д.Гомбодорж нь хохирогч Д.Далайжаргалыг тоосгоор цохиж биед нь хүнд хохирол санаатай, гэмт үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Б Энхтүвшингийн биед хөнгөн хохирол санаатайгаар тус. тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байхад дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Д.Гомбодорж нь бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ тохиолдлын чанартайгаар эд зүйл ашигласан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх ба шүүгч тухайн эд зүйлийг /тоосго/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэхээр дурьдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж тайлбарласанаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоосго нь зэвсэгт хамаарахгүй байна.

Хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж” хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба яллагдагч Д.Гомбодорж нь хүний биед гэмтэл учруулах санаа зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг бэлтгэн, засаж тохируулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй ба гэмт хэрэг үйлдэх явцдаа тохиолдлын шинжтэйгээр тоосго хэрэглэсэн болох нь хохирогч Д.Далайжаргал, гэрч Н.Ганцоож нарын мэдүүлгээр нотлогдсон байхад хуулийг буруу хэрэглэхээр захирамжилан, Д.Гомбодорж нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байхад нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй байна.

Шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай захирамжинд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлж болох нөхцөл байдал үүсэж байгаа тул захирамжийг хүчингүй болгон хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

Иймд яллагдагч Д.Гомбодоржид холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Д.Гомбодоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Гомбодоржид  холбогдох эрүүгийн 2032000360032 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн болохоо давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор хүлээн зөвшөөрч байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоолоор Д.Гомбодоржид холбогдох хэргийг мөрдөгч Г.Мөнхбаяраас мөрдөгч Х.Хараад албан ёсоор шилжүүлсэн боловч  мөрдөгч Г.Мөнхбаяр 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, уг тогтоолын дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №466 тоот дүгнэлт гаргасан, ямар нэгэн эрх зүйн актгүйгээр ахлах мөрдөгч ахмад Ө.Энхтөр 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр О.Оюунбаатараас, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Т.Наранбаатар, Ц.Эрдэнэтөгс нараас гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3  дугаар зүйлийн 1.3-д.шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх... гэсэн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсан болохыг анхаарч зөрчлийг арилгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэсэн ойлголтыг ...Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно... гэж тодорхой тайлбарласан бөгөөд шүүгдэгч Д.Гомбодоржийн хохирогч Д.Далайжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ тохиолдлын байдлаар ашигласан гэх архины шил, тоосго зэрэг зүйлсийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах  нь зүйтэй байна. 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                               ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧИД                        Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ