2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар  2025/ШЦТ/573

 

     

 

 

 

 

 

   2025         02          24                                          2025/ШЦТ/573

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Д.У,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А-ын С-д холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “А танхимд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар /товч утга/:

Шүүгдэгч А.С нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...дугаар хороо, .................. тоот хаягт байхдаа Б.Ш, Ш.Б нарын эзэмшлийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.250.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн.... дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж оролцсон болно.

2. Шүүгдэгч А.С нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ........... тоот хаягт байхдаа Б.Ш-ийн эзэмшлийн iphone 14 pro max загварын, Ш.Б-ын эзэмшлийн Ulifone power armor 13 max загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 30-нд би өглөө 07 цагт ажилруугаа явахаар гэрээсээ гарахдаа өөрийн гар утсаа мартаад гарсан. 11 цагийн үед хүний утас гуйгаад нөхрийн ............дугаарт залгаж ярьсан чинь манай нөхрийн ээжийнх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд болох С гэх 25-26 орчим насны дүү нь ирчихсэн манай нөхрийн утсаар надтай “эгчээ би ирчихлээ маргааш өглөө Дархан явах ажилтай болсон юм та надад зардлын мөнгө зээлээч би орой таныг иртэл танайд хоол унд хийгээд хүлээгээд байж байя” гэж ярьсан юм. Тэгэхээр нь хэсэг байж байгаад өдөр 14 цагийн үед ахиж залгаад ярьсан чинь нөгөө С гэх дүү нь манай нөхрийн утсыг аваад, “ах унтчихсан байна би таныг иртэл байж байя” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр гэртээ архи уугаад тасарчихсан унтаад, хамт архи ууж байсан Б гээд залуу нь миний утас болон Б-ын утас байхгүй байна гээд манай гэрт хайгаад байж байхаар би гэртээ ороод хайсан чинь байхгүй олдохгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг (хх 17),

Хохирогч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 10 дугаар сарын 30-нд би өглөө найз Б-тай нэг шил 0,750 граммтай Хараа нэртэй архи, 2,5 литртэй Нийслэл гэх нэртэй пиво аваад Б-ын гэрт хувааж уусан юм. Тэгээд бид хоёр тэрийгээ хувааж уугаад сууж байтал гаднаас Б-ын дүү гэх залуу найзтайгаа хамт хоёулаа гаднаас орж ирээд Б бид хоёрын ууж байсан архи, пиво аяганд хийж өгч байсан шиг санагдаж байна тэгээд тэрнээс хойш би согтоод унтаад өгсөн байсан. Орой 18 цаг орчмын үед сэрээд өөрийн гар утсаа шалгаад үзсэн чинь байхгүй байхаар нь гэрт нь хайгаад байж байсан чинь гаднаас Б-ын эхнэр Ш орж ирсэн ба архи уугаад согтоод сэрсэн чинь Б бид хоёрын утас алга болчихсон байна гээд хэлсэн. Тухайн үед тэдний гэрт байгаагүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (хх 20),

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Намайг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас 2 залуу, 1 эмэгтэй хүүхэд гаднаас орж ирээд гар утас авах уу гэж асуусан. Ямар гар утас юм бэ? гэж асуухад "Iphone14 pro тах" гэсэн гар утас хайрцаг сав нь Дархан аймагт байгаа би цэрэгт яваад ирсэн өчигдөр архи ууж байгаад найзынхаа машины цонхыг хагалсан тэгээд яаралтай мөнгө хэрэг болоод 2.600.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд хайрцаг байхгүй гээд 2.500.000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд тэр хүүхэд надаас Iphone X 750.000 төгрөгөөр авсан. Тэгээд 300.000 төгрөгийг бэлнээр, 10.000 төгрөгт утасны гэр, 10.000 наалт аваад явсан. Үлдсэн 1.430.000 төгрөгийг Хаан банкны ............... гэсэн данс руу 2023 оны 10 дугаар сарын 30-ны 17 цаг 30 минутад 14 рго тах гэсэн утгатай шилжүүлсэн. Би гар утсыг хүнд зараад мөнгийг авахгүй оронд "..........." ............... гэсэн улсын дугаартай машиндаа баттерей авсан. Одоо тухайн гар утас надад байхгүй..." гэх мэдүүлэг (хх 24),

2023 оны 10 дугаар сарын 30-ны бичсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх 29),

"Дамно" үнэлгээний компаниас гаргасан шинжээчийн ........... дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 4.250.000 төгрөг гэж үнэлсэн дүгнэлт  (хх 38) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

3. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нууц, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-д 3.450.000 төгрөг, хохирогч Г.Б-д 800.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллага болох “Дамно" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ............ дугаартай үнэлгээгээр тогтоогдож байх тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.С нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлах чадамжтай этгээд байх бөгөөд хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6.  Эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш-д 3.450.000 төгрөг, Ш.Б-д 800.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч А.С-оос нийт 4.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт учирсан хохирлын хэмжээгээр  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргасан болно.

8. Шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, үйлдлийн шинж, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэв.

 

10.Шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав

Бусад асуудлын талаар:

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М овгийн А-ын С  /РД:............/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            4.Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Шүүгдэгч А.С-оос 3.450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ш-д, 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-д нарт тус тус олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан дээрх хохирол, хор уршгийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            7. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЧАНЦАЛНЯМ