Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар  2025/ШЦТ/60

 

 

 

 

 

 

2025      01         30                                          2025/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2425002810524 дугаартай, 171/2024/0494/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:

Шүүгдэгч А.А нь хохирогч Д.Б-гаас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "металл зүсэгч тоног төхөөрөмж худалдан авна, хувиараа бизнес хийвэл ашиг их олно, та сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч" гэж хэлэн хохирогчийн эзэмшлээс 15,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар, 

мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “металл зүсэгч тоног төхөөрөмжийг хүнтэй хамтарч худалдан авахаар болсон, тухайн хүнд мөнгө хэрэг болсон” гэж хэлэн хохирогчийн эзэмшлээс 10,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар, 

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “манай компани ************-аас зарласан тендерт шалгарч, ажлаа хийж байгаа. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгнө” гэж хэлэн хохирогчийн эзэмшлээс 20,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт шилжүүлэн авч хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогчид нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425002810524 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.А нь хохирогч Д.Б-гаас 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "металл зүсэгч тоног төхөөрөмж худалдан авна, хувиараа бизнес хийвэл ашиг их олно, та сарын 10 хувийн хүүтэй зээлээч" гэж 15,000,000 төгрөгийг,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “металл зүсэгч тоног төхөөрөмжийг хүнтэй хамтарч худалдан авахаар болсон, тухайн хүнд мөнгө хэрэг болсон” гэж хэлэн 10,000,000 төгрөгийг,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “манай компани ************-аас зарласан тендерт шалгарч, ажлаа хийж байгаа. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгье” гэж 20,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хохирогчид нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Д.Б-гаас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан “...иргэн ************гийн А-д металлыг лазераар зүсэх тоног төхөөрөмж худалдан авах болон ************ ХХК-ний санхүүд мөнгөний хэрэг болоод байна гэж гуйгаад байхаар нь зохих хэмжээний урамшуулалтай зээлээд буцааж өгнө гэж тохироод 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл нийт 53,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч одоог хүртэл мөнгийг минт өгөхгүй, хуурч залилсан нь илэрхий байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү” гэх өргөдөл, /хавтаст хэргийн 06-10 дугаар тал/, 

2. Хохирогч Д.Б-гийн өгсөн: “...Би өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ************ тоотод байрлах "************" 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Тухайн үед манай дэлгүүрээр А гэдэг залуу үйлчлүүлдэг байсан. А нь өөрийгөө Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, нэг нутгийн хүмүүс, "************" ХХК-д ажилладаг гэж танилцуулж байсан. Манай дэлгүүр А-ээр 2022 оны намар дэлгүүрийнхээ хаягийг хийлгэж байсан. А нь өмнө надаас мөнгө зээлээд тэр даруй буцаагаад өгч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А дэлгүүрт ирээд "зээл хаах мөнгө хэрэгтэй байна, та 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээч, би зээлээ хаачхаад эргээд өгнө" гэж хэлэхээр нь нөхөр Ё.************ын ашигладаг Хаан банкны ************ тоот данснаас Аийн Хаан банкны ************ тоот данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүү гэж мөнгийг надад өгч байсан билүү гэж санаж байна. Яг хэдэн төгрөгийг хүү гэж өгч байсан талаар санахгүй байна. Үүнээс хойш 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А надтай уулзаад "манай ажлын газрын хүн намайг мөнгө олоод өгөөч гэж гуйгаад байна, 6,500,000 төгрөг хэрэгтэй, сарын 10 хувийн хүүтэй зээлнэ" гэхээр нь би танай ажлын газрын хүнийг танихгүй юм чинь яагаад мөнгө зээлэх юм бэ гэхэд "би арыг нь даана, та зээлчих" гэж хэлэхээр нь итгээд нөхөр Ё.************ын ашигладаг Хаан банкны ************ тоот данснаас Аийн Хаан банкны ************ тоот данс руу 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүүг 2023 оны 07 сар хүртэл сар болгон 650,000 төгрөгийг нөхөр Ё.************ын хаан банкны ************ тоот данс руу шилжүүлж байсан. А нь надтай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр уулзаж "металлыг лазераар зүсдэг тоног төхөөрөмж худалдаж авах гэж байна, надад 15,000,000 төгрөг хэрэг болсон, уг тоног төхөөрөмжийг худалдаад авчихвал хуваариа бизнес хийвэл ашиг их олно, та сарын 10 хувийн хүүтэй зээлээч" гэхээр нь би нөхөр Ё.************ын ашигладаг Хаан банкны ************ тоот данснаас Аийн Хаан банкны ************ тоот данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүүг аваагүй. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А надтай уулзаж "нөгөө тоног төхөөрөмжийг ************ ах хамтарч авахаар болсон. ************ ахад 10,000,000 төгрөг хэрэг болоод байна. Та сарын 10 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлээч" гэж хэлсэн. Би ************ гэдэг хүнийг нэг ч хараагүй. Аэд итгээд нөхөр Ё.************ын ашигладаг Хаан банкны ************ тоот данснаас Аийн Хаан банкны ************ тоот данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөний хүү гэж сар болгон 1,000,000 төгрөгийг 2023 оны 07 сар хүртэл нөхөр Ё.************ын дээрх дансаар авсан. Мөн үндсэн 10,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг авсан. Уг мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг авах дутуу. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр А миний утас руу залгаж, мессеж бичээд "манай компани нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас зарласан тендерт шалгарч, ажлаа хийж байгаа. Тендерийн ажил дуусчихвал үйлдвэрээс 300 орчим сая төгрөг авна. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгнө, та зээлээч" гэхээр нь би итгээд өөрийнхөө ашигладаг Хаан банкны ************ тоот данснаас Аийн Хаан банкны ************ тоот данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй. А нь 2023 оны 08 сараас хойш дээрх зээл авсан мөнгөнөөс үндсэн болон хүү мөнгөний төлөлт хийгээгүй, өдөр болгон утсаар ярихаар "удахгүй өгнө, хүнээс мөнгө авч байгаа" гэх мэтээр худлаа ярьдаг болсон. Миний хувьд Аээс нийт 48,500,000 төгрөгийг авах ёстой. Уг мөнгийг надад Аээс гаргуулан авч өгнө үү....." гэсэн мэдүүлэг, /хэргийн 14-15 дахь тал/, 

3. Гэрч Ё.************ын өгсөн: "... Эхнэр Д.Б бид хоёр өмнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, ************ тоотод байрлах "************" 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулдаг байсан. Тухайн үед манай дэлгүүрээр А гэдэг залуу үйлчлүүлдэг байсан. А нь манай эхнэр Д.Бтай нэг нутгийнх гээд их сүрхий харилцаатай байдаг байсан ба эхнэрээс удаа дараа мөнгө зээлж авч байсан. Эхнэр бид хоёрын дундын мөнгө миний ашигладаг Хаан банкны ************ тоот дансанд байдаг ба цахим банкны нэр, нууц үгийг эхнэр маань мэддэг, ихэнх гүйлгээг эхнэр маань хийдэг юм. Уг данс нь миний нэр дээр бүртгэлтэй боловч эхнэр Б ашигладаг. А нь эхнэр Д.Бгаас нийт 53,500,000 төгрөгийг цувуулан авч зээлсэн. Үүнээс тухай бүр хүүний мөнгийг миний эзэмшлийн Хаан банкны ************ тоот данс руу шилжүүлж байсан. Гэхдээ сард хэдэн төгрөгийн хүүг шилжүүлж байсныг би мэдэхгүй, энэ талаар эхнэр Д.Б мэднэ... Ямар ч байсан А гэдэг залуу нь эхнэрээс зээлсэн 53,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Одоо үлдэгдэл 48,500,000 төгрөгийг төлөх дутуу байгаа. А нь эхнэрээс мөнгө зээлж авахдаа хэрхэн юу гэж хэлж авсан талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19 дүгээр хуудас/, 

4. Гэрч Б.************ын өгсөн: "... Анх манай нөхөр хувиараа бизнес эрхлэх гээд хэвлэлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар хувь хүнээс өндөр хүүтэй 20,000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд уг тоног төхөөрөмжөө урагшаа захиалж чадахгүй хувийн хэрэгцээнд зарцуулсаар байгаад дуусгасан. Тэгээд удалгүй нөгөө 20,000.000 төгрөг төгрөгийн хүү нь нэхэгдээд манай нөхөр өрөнд орж эхэлсэн. Тэгээд манай гэрийн хажуу талын дэлгүүртэй эгч болох Д.Б эгчээс эхний ээлжид 2,0-3,0 сая төгрөг зээлж аваад хүүтэй мөнгөнийхөө хүүг нь төлсөн. Тэгээд буцааж Д.Б эгчид буцаагаад төлчхөөд, дахиад манай нөхөр 2 билүү 3 удаа өөрийнхөө дансаар 40,0 гаруй сая төгрөг авсан байсан. Би тухайн үед нөхрийг ажил хийж мөнгө олоод байна гэж ойлгоод байсан чинь Д.Б эгчээс мөнгө аваад байсан байна лээ. Манай нөхөр ямар нэгэн тендерт ерөөсөө оролцож байгаагүй. Мөн манайх ямар нэгэн байр аваагүй... Манай нөхөр А ажил хийгээд мөнгө оллоо гээд над руу hani гэсэн утгаар мөнгөө шилжүүлдэг байсан. Над руу шилжүүлсэн мөнгийг би хоол хүнсэндээ болон надаар дамжуулж мөнгө авсан өртэй хүмүүс рүүгээ шилжүүлдэг байсан..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21, 23 дахь талууд/, 

5. Яллагдагч А.Аийн өгсөн: “...Би Д.Б эгчээс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр металл зүсэгч төхөөрөмж худалдаж авна хувиараа бизнес эрхэлнэ гэж 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ************ тоот дансанд худал хэлж залилж авсан. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөн металл зүсэгч төхөөрөмжийг хүнтэй хамтарч худалдан авахаар болсон тухайн хүнд мөнгө хэрэг болоод байна гэж хохирогч Д.Бгаас 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар худал хэлж залилж авсан. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай компани ************-аас зарласан тендерт шалгарч, ажил хийж байгаа. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна. 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгнө гэж хэлэн хохирогчоос 20,000,000 төгрөгийг өөрийн ************ тоот дансаар нийт 45,000,000 төгрөгийг авсан. Би Д.Б эгчээс урьд нь бага багаар мөнгө аваад буцааж өгдөг байсан. Ер нь тухайн үед Д.Б эгчээс өөр надад хүүтэй мөнгө зээлэх хүн байхгүй байсан... Би эхнэрийн таньдаг хүнээс эхнэрээр дамжуулж зээл авч би өөрөө авдаг байсан. Тийм болохоор Д.Б эгчээс авсан мөнгөнүүдээр зээлийн хүүгээ төлсөн. Мөн ажил хийж мөнгө олсон гэж эхнэртээ ойлгуулж эхнэрийн данс руу мөнгө хийдэг байсан..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, 

6. Хохирогч Д.Бгаас гаргаж өгсөн Хаан банкны ************ тоот дансны хуулга, ************дугаарын утасны бичсэн мессежний хуулбар, /хавтаст хэргийн 46-53 дахь тал/, 

7. Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24/408 дугаартай албан бичгээр ирүүлсэн ************ овогтой А /************/-ийн эзэмшлийн ************ тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 56-70 дах тал/. 

8. Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24/314 дугаартай албан бичгээр ирүүлсэн ************ овогтой ************ /************/-ын эзэмшлийн ************ тоот данс, ************ овогтой ************ /************/-ийн эзэмшлийн ************тоот данснуудын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 75-94 дэх тал/, 

9. Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24/315 дугаартай албан бичгээр ирүүлсэн ************ овогтой А /************/-ийн эзэмшлийн ************ тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 96-100 дахь тал/. 

10. А.Аийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

11. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 903 дугаартай шүүгчийн захирамжаар хийгдсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан Д.Бгийн эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

12. Хохирогч Д.Бгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн ...А нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 6,500,000 төгрөгийн 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд уг мөнгийг зээлснээс хойш 4 удаа хүүний 650,000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөн л нөхрийн данс руу 6,000,000 төгрөгийг, үлдэгдэл 500,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу тус тус шилжүүлсэн. Ингээд 6,500,000 төгрөгийн зээл хаагдсан. Тэгээд А 15,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн, уг мөнгөнөөс нэг төгрөг ч буцааж өгөөгүй. 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг мөн л 10 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс 3 удаа 1,000,000 төгрөгөөр хүүгээ төлж байгаад ахиж хүү болон, үндсэн мөнгийг төлөөгүй. Мөн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн Хаан банкны данснаас А.Аийн Хаан банкны данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс огт мөнгө төлөөгүй. Мөнгөө төлөх талаар Аэд хандаж утсаар залгаж, мессеж бичсэн боловч огт хариу өгөхгүй, утсаа авахгүй миний мөнгийг залилаад алга болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 157 дахь тал/,

13. Ё.************ын эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

14. Ё.************ын эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансны депозит хуулга /хавтаст хэргийн 161-166 дахь тал/,

15. Гэрч С.************ийн өгсөн ...Манай эхнэр бид хоёр нэг гэр бүл учраас хүргэн болон охиндоо мөнгө хэрэг боллоо гэхээр нь л эхнэрийн данс болон өөрийн данснаас хүүхдүүд рүү мөнгө шилжүүлчихдэг. Тэгээд хүүхдүүд маань авсан мөнгөө 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр Г.************ данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. Мөн манай хүргэн охин маань эхнэр бид хоёроос авсан мөнгөө буцааж өгч л байдаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168 дахь тал/,

16. Шүүгдэгч А.Аийн нэр дээр хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 169 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч А.Аийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч А.А нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Б, гэрч Ё.************, Б.************, С.************ нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч А.Аийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч Ё.************, шүүгдэгч А.А нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.Бгийн ************дугаарын утасны бичсэн мессежний хуулбар зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч А.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************тоотод оршин суух хохирогч Д.Бгаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "металл зүсэгч тоног төхөөрөмж худалдан авна, хувиараа бизнес хийвэл ашиг их олно, та сарын 10 хувийн хүүтэй зээлээч" гэж 15,000,000 төгрөгийг,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “металл зүсэгч тоног төхөөрөмжийг хүнтэй хамтарч худалдан авахаар болсон, тухайн хүнд мөнгө хэрэг болсон” гэж 10,000,000 төгрөгийг,  

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “манай компани ************-аас зарласан тендерт шалгарч, ажлаа хийж байгаа. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгнө” гэж хохирогчийг хуурч 20,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот харилцах дансаар тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт шилжүүлэн авч хохирогчид нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч А.Аийн яллагдагчаар өгсөн “...Би Д.Б эгчээс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр металл зүсэгч төхөөрөмж худалдаж авна, хувиараа бизнес эрхэлнэ гэж 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ************ тоот дансанд худал хэлж залилж авсан” гэх мэдүүлгийг гэрч ************ын өгсөн "... Анх манай нөхөр хувиараа бизнес эрхлэх гээд хэвлэлийн тоног төхөөрөмж худалдаж авахаар хувь хүнээс өндөр хүүтэй 20,000.000 төгрөг зээлж авсан. Тэгээд уг тоног төхөөрөмжөө урагшаа захиалж чадахгүй хувийн хэрэгцээнд зарцуулсаар байгаад дуусгасан. Тэгээд удалгүй нөгөө 20,000.000 төгрөг төгрөгийн хүү нь нэхэгдээд манай нөхөр өрөнд орж эхэлсэн. Тэгээд манай гэрийн хажуу талын дэлгүүртэй эгч болох Д.Б эгчээс эхний ээлжид 2,0-3,0 сая төгрөг зээлж аваад хүүтэй мөнгөнийхөө хүүг нь төлсөн. ...Манай нөхөр ямар нэгэн тендерт ерөөсөө оролцож байгаагүй. Мөн манайх ямар нэгэн байр аваагүй... Манай нөхөр А ажил хийгээд мөнгө оллоо гээд над руу hani гэсэн утгаар мөнгөө шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлгээр давхар нотолсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Бгаас зээлсэн мөнгөөр металл зүсэгч төхөөрөмж авч, үйл ажиллагаа явуулж, ************-т тендерт оролцож ялсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, шүүгдэгч нь урьдын харилцааны явцад бий болсон Д.Бгийн итгэлийг урвуулан ашиглаж түүнд 45,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгч А.А нь “металл зүсэгч тоног төхөөрөмж худалдан авна, хувиараа бизнес хийвэл ашиг их олно, металл зүсэгч тоног төхөөрөмжийг хүнтэй хамтарч худалдан авахаар болсон, тухайн хүнд мөнгө хэрэг болсон, манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт шалгарч, ажлаа хийж байгаа. Манай компанид 20,000,000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дараа 500,000 төгрөг нэмээд өгнө” гэж өөрийн хийгээгүй, бий болоогүй боломжуудыг худал хэлж хохирогч Д.Бг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үргэлжилсэн үйлдлээр хохирогчид нийт 45,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч А.А нь хохирогч Д.Бг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 3 удаагийн үйлдлээр 45,000,000 төгрөгийг залилан авсан бөгөөд дээрх хохирлоос 10,000,000 төгрөгийн хүүнд 3,000,000 төгрөгийг төлж, бусад хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх тул шүүгдэгчийн 10,000,000 төгрөгийн 10%-ийн хүүнд 3 удаагийн төлсөн 3,000,000 төгрөгийг хохирогчид учирсан хохирлоос хасаж тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аээс 42,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгох нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч А.Аийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 37, 38-45 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.А нь хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, нэр дээр Тоёота приус загварын тээврийн хэрэгсэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчээс 42,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгуулах саналыг, шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрх хязгаарлах ялын төрлийг сонгож, шүүгдэгч А.Аэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаагаар гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол, ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд анхааруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ************гийн ***********-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг  шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Аээс 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч Д.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************тоотод оршин суух бүртгэлтэй, РД-*******************/-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ