| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 171/2024/0421/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
2025 02 11 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч М.************ нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.************д холбогдох эрүүгийн 2425000000498 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч М.************ нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээс хохирогч С.************ын “Хаан” банкны ************ дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.************гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425000000498 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.************ нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээс хохирогч С.************ын “Хаан” банкны ************ дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.************гийн өгсөн: 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 хүүхдийн хамт ************тоотод байх хадам ээжийн төрсөн эгч ************ын гэрт очсон. Тэр орой эгч ************ архи уучихсан байсан. Тэгээд манай хүүхдүүдийг оройн хоолоо идсэн үү гэхээр нь идээгүй гэсэн чинь охин ************тайгаа дэлгүүр гараад бэлэн юм аваад ир гээд ************д виза картаа өгсөн. Тэгээд ************ бид хоёр гараад дэлгүүрээс бэлэн бууз, хүүхдүүддээ өөр бусад амттай аваад орж ирсэн. Маргааш өглөө нь босоод манай гэр рүү ************ эгчийн хамт очсон. Манай гэрт байхдаа таамбарт сууж пиво уусан. ************ эгч өдөр тийшээ гэр рүүгээ яваад би тамбараа янзлах гээд гарахад ************ эгч Хаан банкны виза картаа үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь дэлгүүрээр бага бага үнийн дүнгээр гүйлгээ хийчихсэн. Хүний юмыг зөвшөөрөлгүйгээр ашигласан нь миний буруу... гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч С.************ын мэдүүлсэн: ...Би 2024 оны 07 дугаар сарын 04-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг ************тоотод гэртээ байх үед миний төрсөн дүү ************ийн бэр болох ************ нь 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Тухайн үед М.************гийн нөхөр ************нь согтуу байхаар нь манайд хүрээд ирлээ гэж М.************д хэлсэн. Тэгээд тэр үед орой болж байсан болохоор М.************ болон 3 хүүхдэд нь хоол хийж өгөхөөр гэрийн доор байрлах “Ойгон бүрд” дэлгүүрээс манай охин ************ нь ************гийн хамт дэлгүүр гарч бууз, хүүхдүүдэд нь амттан авч нийт 61,000 төгрөг орчмоор миний Хаан банкны картаас мөнгийг нь уншуулсан. Тэгээд тэр орой ************ нь хоол унд идээд 2024 оны 07 дугаар сарын 04-ний орой гэр рүүгээ явсан. Би тухайн өдрөөс хойш “Хаан” банкныхаа картыг өөрийн охин ************д байгаа гэж бодож байсан.... Миний “Хаан” банкны ************ дугаарын данснаас нийт 455,000 төгрөг уншуулсан байсан. ... би маргааш нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************тоот ************гийн гэрт нь очих үед миний виза карт надад байхгүй байсан юм. ************ дэлгүүр гарах үедээ миний картыг аваад өгөөгүй аваад явсан байсан. Би хохирол мөнгөө төлүүлээд авчихсан надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13,17 дугаар тал/,
2. Гэрч Б.************ мэдүүлсэн: ...Надад харуулсан зурган дээрх эмэгтэй хүнийг мэднэ, манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр картыг чипээр нь уншуулж худалдан авалт хийж байсан. Хамгийн сүүлд худалдан авалт хийхэд карт нь болохгүй, алдагдсан карт гэж гарч ирсэн. Би хэний карт юм бэ?” гэж асуусан чинь манай нөхрийн карт гэж хэлээд картаа булааж авсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 23 дугаар тал/
3. Гэрч П.************ мэдүүлсэн: ...2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр М.************ нь орж ирээд пиво, хүүхдүүддээ чихэр зэргийг авсан. Би хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/
4. Шүүгдэгч М.************гийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг ************тоотод оршин суудаг манай нөхрийн ээжийнх нь төрсөн эгч ************ын гэрт 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 3 хүүхэдтэйгээ очсон юм. Гэрт нь ороход ************, ************ эгч хоёр байсан. Тэгээд ************ эгч хоол хийж өгөх гэж байгаад бэлэн зүйл авахаар “************” дэлгүүр рүү ************ эгчийн хамтаар бид хоёр гарсан юм. ...Би ************ эгчийн картаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ************ эгчийн картыг дэлгүүрт чипээр нь уншуулж зуруулсан юм. Би ************ эгчийн картаар ойролцоогоор 450.000 орчим мянган төгрөг уншуулсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
5. Хохирогч С.************ын эзэмшлийн ************ дугаар Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 44-45 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч М.************г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч М.************ нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хөнгөрүүлэх байх сууринаас оролцсон болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.************, гэрч П.Отгонжаргал, Б.************ нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч М.************гийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч М.************ нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдээс хохирогч С.************ын “Хаан” банкны ************ дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал, шүүгдэгч М.************ нь бусдын банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирогч С.************д 453,650 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, уг шалтгаан холбоо нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой болох нь хөдөлшгүй нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг буюу виза картыг дэлгүүр орохдоо авч худалдан авалт хийчхээд буцааж өгөхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, Өмчлөх эрхийн эсрэг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.************ нь хохирогч С.************ нь виза картаа гэрийн таамбарт орхиод явчихсан байсан гэж мэдүүлдэг хэдий ч түүний мэдүүлэг хохирогч С.************ын өгсөн ... 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************тоот ************гийн гэрт нь очих үед миний виза карт надад байхгүй байсан... гэх мэдүүлэг, хохирогч С.************ын эзэмшлийн ************ дугаартай Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудаар үгүйсгэгдсэн, шүүгдэгч нь хохирогчийн виза картыг 2024 оны 07 дугаар сарын 04-ний оройн 22 цаг 57 минутад ************ хүнсний дэлгүүрээр хохирогчийн охин ************тай орж үйлчлүүлж, худалдан авалт хийгээд картыг өөртөө авч хохирогчид өгөөгүй болох нь тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн.
Иймд шүүгдэгч М.************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч С.************ын “Хаан” банкны ************ дугаарын данстай виза картыг ашиглан 453.650 төгрөгийг уншуулж, хохирогчид 453.650 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.************ нь дээрх хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.************г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.************г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.************гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч М.************г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч М.************ нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг ялтанд сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч М.************ нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.************ нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.************г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.************г тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.************ нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.************д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.************ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч С.************ нь гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ