Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2018/00598

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Х /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК- д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х миний бие Х ХХК -ийн ******* аймгийн харуулаар 2013 оноос 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл харуулаар ажиллаж байгаад ажлаас гэнэт чөлөөлөгдсөн. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлж ирсэн байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Учир нь надтай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 4.1-т Энэхүү гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд аль нэг тал гэрээг цуцлах талаар санал гараагүй тохиолдолд мөн хугацаагаар дахин сунгагдсанд тооцно гэж зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцлах талаар ямар нэг саналыг ажил олгогчийн зүгээс гаргаагүйгээс үзвэл намайг үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлсэн гэж үзсэн учраас гэрээг цуцлаагүй гэж ойлгосон. Иймд тус гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дахин 1 жилийн хугацаанд сунгагдаж 2018 оны 01 дүгээр cap 02-ны өдөр хүртэл би ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй болсон. Гэтэл Захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалд ...гэрээний хугацаа дуусан тул гэж үндэслэлгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж ажлаас халсан нь хуульд нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Мөн тушаалаас үзвэл ямар нэг хуулийн заалт баримтлаагүй байгаа нь хууль бус тушаал гаргасан учраас намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөхдөө баримтлах заалт олдоогүйг илтгэн харуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажилгүй байсан хугацааны цалинг тодорхой мөнгөн дүнг тогтоож, нэхэмжлэх боломжгүй байгаа учраас ажилдаа томилогдох хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах болно.

Иймд миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж, ******* аймгийн станцын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Мөн надад уг тушаал гарах гэж байгааг огт мэдэгдээгүй байж байгаад надад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардуулахад нь мэдсэн бөгөөд тушаалыг гардан авангуутаа танай шүүхэд хуульд заасан 30 хоног дотроо багтаан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг маань хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр татгалзсан, дахиад хаягаа тодруулж нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг 2 хувь гаргаж өгөөгүй гээд татгалзсан, дахиад нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байсан. Хөдөө ******* нутагт амьдардаг болохоор шүүхээс шүүгчийн захирамж миний гар дээр иртлээ нилээдгүй хугацааг зарцуулж, миний бие асуудлаа шийдүүлж чадахгүй хохирсоор байна.

******* аймгийн станцын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гэхдээ, шүүхийн хэлэлцүүлгээс харахад ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага гаргах бус, хөлсөөр ажиллуулах гэрээг цуцалсныг эс зөвшөөрч шаардлага гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х ХХК-ийн гаргасан гэрээт харуулын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахи тайлбарыг гаргаж байна.

1. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан анхааруулах систем байгуулах төслийг 2012-2014 хэрэгжүүлж дуусган, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн актаар манай *******д станцуудын тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллуулахаар хүлээлгэн өгсөн. Эдгээр станцууд нь 3 аймагт 12 цэг дээр байгуулагдсан бөгөөд үүний нэг нь манай *******гийн ******* аймгийн суманд байрлах судалгааны цэгийг түшиглэн баригдсан 45 станц юм. Улсын төсвөөс станцуудын зөвхөн харуул хамгаалалтын зардлыг санхүүжүүлдэг бөгөөд төсвийн санхүүжилт тухайн жилд хийгдэх эсэх, техникийн болон бусад шалтгааны улмаас станцын ажиллагааг зогсоож хураах, станцын байрлалыг өөрчилж тухайн цэгээс нүүлгэн шилжүүлэх боломжтой учраас харуулуудыг гэрээт ажилтнаар ажиллуулдаг. Харуулын ажил нь байнгын ажлын байр биш учраас Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй бөгөөд иргэний эрх зүйн зохицуулалтын дагуу хөлсөөр ажиллагч нь тогтоосон хөлсийг авч, НД шимтгэл төлдөггүй, харин хуулийн дагуу НӨАТ-ын 10 хувийг ажлын хөлснөөс суутгуулахаар гэрээнд тохиролцсон болно. Иймд Х нь Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажиллаж байсан учраас эрх зүйн зохицуулалтынхаа хувьд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн хөдөлмөрийн маргааны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. ААС-ийн станцуудын үйл ажиллагаа жигдрээгүй, улсын төсвийн санхүүжилт шийдэгдээгүй байсан учраас ******* станцын эрхлэгч И нь станцын сахиулаар ажилуулах хүмүүсийг олж түр хугацааны гэрээг байгуулж байсан ба Х тэй 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 1 дүгээр сараас харуул хамгаалалтын зардал батлагдсанаар Хүрээлэн нь Х тэй гэрээ байгуулсан.

Х нь судалгааны цэгийн хашаанд буусан үеэс манай ажилтан П гийн шаардлагыг биелүүлэхгүй зөрчилдөөн үүсгэж, хэрүүл маргаан хийж, хүмүүс цуглуулж архи уудаг, архи уусан үедээ согтуу хүмүүстэй ын хашааг машинаар дайрч хохирол учруулж байсан талаар судалгааны цэгийн ажилтан П нь Хүрээлэнгийн захирал Д , референт Б нар руу удаа дараа утсаар ярьж гомдол гарган, уг зөрчилтэй байдал нь жил дамнан үргэлжилсэн юм.

Дээрх хугацаанд Хүрээлэнгийн харъяа газар хөдлөлтийг бүртгэх ******* станцын эрхлэгч И уг асуудлыг зохицуулахаар од очиж Х эд архи уухгүй байх, ажлын хариуцлагаа дээшлүүлэх талаар хатуу сануулж дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулсан. Гэвч байдал хэвээр байгаа талаар П гомдол гаргаж, улмаар ажлаа хүлээлгэн өгсөн юм.

ААС-ийн станцуудыг Засгийн газрын хөрөнгөөр байгуулсан бөгөөд үйл ажиллагааны болон урсгал засварын зардал төсөвт тусгагддаггүй учраас станцын эд зүйлийг хулгайд алдах болон эвдрэл гэмтэл гаргахгүй байх асуудал нэн чухал тул хариуцлагатай хүн олж ажиллуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд ААС-ийн станц болон судалгааны цэгийн харуул хамгаалалтыг нэгтгэж, нэг харуулын ажилтантай болгож, цаашид үйл ажиллагааг нь сайжруулах зайлшгүй шаардлага болон гэрээний 2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Х тэй хийсэн гэрээг цуцалж, түүнтэй 2017 онд гэрээг дахин байгуулаагүй юм.

Иргэний эрх зүйн зохицуулалтаар гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавиагүй тул тус Хүрээлэнгийн ААС-ийн станц хариуцсан инженер Э 2017 оны 3 дугаар сард гэрээг цуцлах болсон талаар Х эд утсаар урьдчилан мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 1.6 сарын дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Хүрээлэнгийн захирлын 26 тоот тушаалаар гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хүрээлэнгийн зүгээс гэрээ цуцлах хүртэл хугацаанд Х эд ажлын хөлсийг бүрэн олгож байсан болно.

Дээр дурьдсан үндэслэл, шалтгаан нөхцөлүүдийн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Х ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч Х ХХК д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөлсөөр ажиллах гэрээг цуцалсныг эс зөвшөөрч шаардах үндэслэлтэй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Х нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч Х ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалаар, тус *******гийн ******* аймгийн суманд байрлах судалгааны стацинар цэг болох Амжиж анхааруулах системийн 12 станцийн гэрээт харуулаар ажиллаж байсан Х тэй байгуулсан гэрээг цуцалж, мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Талуудын байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээнээс үзэхэд, Х ХХК нь ******* аймгийн суманд байрлах газар хөдлөлт бүртгэх 1, 2 дугаар станцийн бүрэн бүтэн байдлыг хамгаалуулахаар иргэн Х тэй харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.2-т Гүйцэтгэгч нь үүргээ хангалтгүй биелүүлсэн болон удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд захиалагч тал нь гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигч талуудын тайлбараас дүгнэхэд талуудын хо*******д Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэдийгээр, Х ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаалын 1 дэх заалтад ...гэрээний хугацаа дууссан тул гэрээг цуцалж, ... гэж заасан байх боловч нэхэмжлэгч Х гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа зөрчил гаргаж байсан болох нь Х ХХК-ийн ******* аймаг дахь ******* салбарын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, гэрч Э гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан, хариуцагч Х ХХК д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА