| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 312/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Г.************,
хохирогч Э.************ нарыг оролцуулан,
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.************ад холбогдох эрүүгийн 2525000000031 дугаартай, 312/2025/0069/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.************ нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймгийн ************сумын ************дугаар байрны 2 дугаар орцонд Э.************тай хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан маргалдаж улмаар түүнийг арагш нь түлхэх явцад хана мөргөж хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.************, Э.************ нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000031 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.************ нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймгийн ************сумын ************дугаар байрны 2 дугаар орцонд эхнэр Э.************тай хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан маргалдаж улмаар түүнийг арагш нь түлхэх явцад хохирогч хана мөргөж хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.************ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.************гийн өгсөн: Өмнөх өгсөн мэдүүлэг үнэн зөв. ************ыг би цохиж байгаад, би өөрөө арагшаа саваад уначихсан юм байна лээ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
- Хохирогч Э.************гийн өгсөн “...************ дээшээ гарч ирээд найз болох ************ руу уурлаад миний хажууд ирээд миний толгой хэсэг рүү баруун гараараа цохитол би хана руу толгойгоо цохиод миний толгойны баруун хэсэг хагарсан. Тэгээд манай гэрийн хаалга онгойгоод манай аав болох ************ гарч ирээд намайг татаж аваад ************ыг цааш нь түлхсэн. Тухайн үед миний толгойноос цус гарсан байсан болохоор манай дүү түргэн дуудаад би эмнэлэг яваад толгойдоо 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 13 дугаар тал/,
- Гэрч Б.************өгсөн "...Би гүйгээд гэрийн хаалга дээр очтол хүргэн ************, миний төрсөн охин ************г үснээс нь үстсэн байдалтай зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад ************ыг түлхэж гаргаад ************г гэртээ оруулахад ************ орилоод ухаан алдаад уначихсан. ************ гаднаас орж ирээд түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- Гэрч С.************ийн өгсөн “...************ орж ирээд ************ тэр 2 хэрүүл маргаан хийгээд байж байснаа ************ гэрийн хаалга, хажуу айлын хаалга 2-н булан руу хойшоогоо хөл алдаад уначих шиг болсон. Тэгээд ************ гараас нь татаж босгоод дахин маргалдсан. Би цохиж зодож байхыг хараагүй, ************г унаж байхыг л харсан... Тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 129 дугаартай "...Э.************гийн биед хуйханд шарх, хоёр гарын бугалга, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун бугалганы хүрэн ногоон өнгийн цус хуралт нь 5-8 хоногийн өмнө, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Бусад гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр гарын бугалга, баруун шуунд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдагдахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.************, гэрч Б.************, С.************ нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.************ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Г.************ нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Орхон аймгийн ************сумын ************дугаар байрны 2 дугаар орцонд эхнэр Э.************тай хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан маргалдаж улмаар түүнийг арагш нь түлхэх явцад хохирогч хана мөргөж хуйханд нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.************гийн биед хуйханд шарх, хоёр гарын бугалга, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 129 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжгүй буюу хувийн харилцааны явцад бий болсон маргааны улмаас хохирогчийг арагш нь түлхсэнээс эрүүл мэндэд нь хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Г.************ нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, түлхэсэн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Э.************ нь шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч намайг цохиж зодоогүй, би өөрөө түүнийг цохиж байхдаа хөл хальтираад унахдаа хана мөргөсөн...” гэх мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан гэрч Б.************“...хүргэн ************ миний төрсөн охин ************г үснээс нь үстсэн байдалтай зогсож байсан...” гэх, гэрч С.************ийн өгсөн “...************ орж ирээд ************ тэр 2 хэрүүл маргаан хийгээд байж байснаа ************ гэрийн хаалга, хажуу айлын хаалга 2-н булан руу хойшоогоо хөл алдаад уначих шиг болсон би яг хараагүй...” гэх, сэжигтэн Г.************ын өгсөн “...Би эхнэртэйгээ гэрийнхээ үүдэнд учраа олж, ярилцах гээд хоёр гараас нь бариад зогсож байсан чинь манай эхнэр над руу орилоод байсан учраас би боль гээд түлхтэл хойшоо унасан...” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Г.************ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Г.************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргажээ.
Иймд шүүгдэгч Г.************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч гомдол, саналгүйг илэрхийлж тус тус оролцлоо.
Шүүгдэгч Г.************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.************ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.************ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 28-32 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.************ нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.************ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Г.************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.************ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.************ нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.************ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.************ нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.************ нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.************ нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ