| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/04512/И |
| Дугаар | 101/ШШ2018/00677 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2018/00677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Цэрэндолгор, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 45 тоот хаягт оршин суух, Сахлагууд овогт Д /регистрийн /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 15 тоот хаягт байрлах, Э ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох,
3,432,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , иргэдийн төлөөлөгч С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д нь Э ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан урьдчилгаа 77,188,000 төгрөгийг өгсөн боловч огт барилга баригдаагүй учраас гэрээгээ цуцалсан. Улмаар тушаасан мөнгийг төлнө гээд төлөхгүй байсан тул шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан.
Ингээд 2016 ошны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, талуудын эвлэрлийг баталсэн захирамж гарсан бөгөөд энэ захирамжид 77,188,000 төгрөгөөс 19,063,000 төгрөгийг гэрээ байгуулмагц, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19,063,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-нд 19,062,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч уг шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй буюу эхний төлөлтөөс хойш мөнгө төлөхөө байсан. Шүүгчийн захирамжид зааснаар албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гүйцэтгэх хуудас тус тус гарсан.
Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1234 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулагдаж зохих албадах ажиллагааг хийснээр шүүхийн шийдвэр биелэгдсэн.
Уг урамшууллын хөлсөнд нийтдээ 57,203,000 төгрөгийн 6 хувь болох 3,432,180 төгрөгийг төлсөн. Энэ бол нэхэмжлэгчийн хувьд гарах ёсгүй зардал байсан бөгөөд сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол ийм хохирол гарахгүй байсан.
Иймд хариуцагчаас дээрхи 3,432,180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 3,432,180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
77,188,000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргагч Д , эвлэрэлд уригдсан Э ХХК-ийн харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ1234/12345 дүгээр захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч Д дээрх шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2123/12345 дугаар захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ГХ1234/123456 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, төлбөр авагч Д нар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, төлбөр авагч нь гэрээнд тохиролцсоноор төлбөрийн үнийн дүнгээс 6 хувиар тооцон шийдвэр гүцэтгэгчийн урамшууллыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.
Хариуцагч Э ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгч Д шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, зардал гаргасан болох нь дээр дурдсанаар тогтоогдож байх тул уг зардлаа хохиролд тооцож буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасантай нийцжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Улаанбаатар хотын банк дахь 123456789 дугаар дансанд 2,932,180 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Харин Э ХХК-иас төлбөр авагч Д д 2017 оны 6 дугаар сарын 07-нд харилцах дансаар 500,000 төгрөг орж ирсэн нь үнэн болно. Ахлах нягтлан бодогч, а/д М гэх баримтаас үзэхэд, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд Д 500,000 төгрөг төлсөн гэх баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э ХХК-иас 2,932,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61,864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Э.ЭНЭБИШ