Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

2025      02        18                                           2025/ШЦТ/99

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч Н.************** нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.**************д холбогдох эрүүгийн 2525000000012 дугаартай 312/2025/0070/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.************** нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим **************тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр буюу хохирогч Р.**************ыг “ажил хийхгүй архи уулаа” гэснээс уурлан нүүрэн тус газар нь болон цээж, баруун, зүүн бугалгад нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь "духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.**************ы өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000012 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчимд **************тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.**************ыг “ажил хийхгүй архи уулаа” гэсэн шаардлага тавьсныг эсэргүүцэж, уурлан нүүрэн тус газар нь болон цээж, баруун, зүүн бугалгад нь хагас түрийтэй гутлаар цохиж эрүүл мэндэд нь "духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.************** өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, буруу зүйл хийсэн. Гутлыг авах шаардлагагүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...хэрэг учрал болсон гэх газар нь ************** тоот хаяг байна. ...Мөн жижиг ширээ байх ба ширээн дээр архины шил, бөглөө, тавгийн идээ байлаа. Угаалтуурын урд газарт хагас түрийтэй хос хар өнгийн гутал байх ба уг гутлын хоншоор хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байлаа..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-13 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар тал,/ 

- Мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч Н.**************ы драгер 7510 тандагч багажаар амьсгал дахь спиртийн агууламж шалгасан тэмдэглэл "2024 оны 12 сарын 03-ны оройн 20 цаг 08 минутад шалгахад 2,91 хувийн согтолттой байсан гэх дугаар тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17 дугаар тал/, 

- Яаралтай тусламжийн хуудас "...хэсэг газрын үзлэгт: дух хэсгийн 2 ширхэг зүсэгдэж салбарласан шарханд 4 ширхэг оёдол тавьсан, амин үзүүлэлт тогтвортой..." гэх /хавтаст хэргийн 19 дугаар тал/, 

- Хохирогч Р.**************ын өгсөн “...Би нөхөр **************д чи ажил төрөл хиймээр байна. Гэртээ архидаад суух юмаа гээд хэлтэл миний урдаас битгий хуцаад бай, чи юу юм гэхээр нь за яршиг би чамайг өгдөг газар нь өгье гэтэл уурлаад гутлаа аваад миний толгой руу шидсэн. Тэгтэл нэг мэдсэн би ухаан алдаад газар уначихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд ************** орон дээр намайг тоохгүй хэвтэж байсан. Би утсаа аваад хүү ************** руу залгаад аав чинь намайг зодчихлоо ээж нь цус алдаад байна. Яаралтай ирээрэй гэж хүүгээ дуудсан. Тэгээд миний хүү удаагүй ирсэн. Хүүг ирэх хооронд миний нөхөр ************** хүний урамд яасан гайгүй юу гэж нэг ч удаа надаас асууж миний хажууд ирээгүй. Тэрэнд нь үнэхээр гомдож байна даа..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24- 26 дугаар тал/, 

- Хохирогч Р.**************ын дахин өгсөн: “....надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ, нөхөр бид 2 учраа олоод хамт амьдарч байгаа. Сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/, 

- Гэрч Г.**************ын өгсөн "...Өнөөдөр 16 цаг 04 минутад над руу ээж ************** нь өөрийн 99810920 дугаараас залгаж "энэ зодчихлоо, ирж аваач" гэж ярьсан. Тэгэхээр нь би дүү ************** руу залгаж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би эмнэлэг дээр ирэхэд ээж, дүү нар маань ирчихсэн байсан бөгөөд ээжийн толгойноос цус гарч байсан. Ээж, аав хоёр хоёулаа Шанд баг Баруун задгайн 17-1 тоотод амьдардаг. Би юу болсон талаар асуухад аавд юмаар /гутлаар/ цохиулсан гэж хэлсэн юм...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/, 

- Гэрч Г.**************ын өгсөн "... Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 50 минутад над руу ээж ************** нь өөрийн 99810920 дугаараас залгаж аав нь ээжийг нь цохичихлоо, чи хүрээд ирэх үү гэхээр нь би ганцаараа аав **************ы гэрт очиход ээжийн маань толгойноос цус гараад сууж байсан. Аав согтуу байсан мөн ээж халамцуу байсан. Тэгээд ээж хэлэхдээ аав чинь гутлаараа цохичихсон гэж аавын өмсөж байсан хар өнгийн хагас түрийтэй гутлыг хэлсэн юм. ...Миний аав ************** нь архи уусан үедээ ээж **************тай хэрүүл маргаан хийгээд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 35-36 дугаар тал/

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай “...Р. **************ын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/ 

- Яллагдагч Н.**************ы өгсөн “...Эхнэр маань надад хандан "чи ажил хийхгүй, зүгээр суулаа мөнгө олсонгүй” гэж хэлэхээр нь миний уур хүрээд миний хэвтэж байсан орны хажууд байсан гутлыг авч эхнэр рүү шидсэн юм. Тэгтэл түүний толгой хагараад цус гарч эхэлсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гарч, утас хайтал харагдахгүй байхаар нь гадаа гарч машин хайж явсан бөгөөд олдоогүй юм. Тэгээд буцаж гэртээ орж эхнэрийн гар утсыг олоод тэгээд эхнэр маань том охин руу залгаж хэлсэн юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Р.**************, гэрч Г.**************, Г.************** нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.**************ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Н.************** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд **************тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Р.**************ыг “ажил хийхгүй архи уулаа” гэснээс уурлан нүүрэн тус газар нь болон цээж, баруун, зүүн бугалгад нь гутлаар цохиж эрүүл мэндэд нь "духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.**************ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.**************ын эрүүл мэндэд "духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 50 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд...” гэж, 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаар Н.**************, Р.************** нар нь  тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Н.**************, Р.************** нар нь хамтран амьдарч 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон болох нь 610117491082 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.************** нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Р.**************ыг “ажил хийхгүй архи уулаа” гэснээс уурлан нүүрэн тус газар нь болон цээж, баруун, зүүн бугалганд нь гутлаар цохиж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжүүдийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч Р.**************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Н.**************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Н.**************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.**************ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.**************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 57-58, 61-69 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Цагдаагийн газрын хайлтын лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.************** нь 59 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 2, эхнэрийн хамт өөрийн нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний газар дээрээ хувийн сууцанд амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.**************ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч Н.**************ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Хот тохижуулах газарт өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж хуульчилсан болохыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Мөн хуулийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ... жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь 1965 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 60 насанд хүрээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.************** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Р.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс, шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэ нарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**************ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.**************д шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.************** нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.**************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.************** нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Р.************** нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас түрийтэй, хар өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ