| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2018/05087/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 443
Ж.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/00229 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.М-д холбогдох
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.Б-
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З
Хариуцагч Б.М-
Хариуцагчийн өмгөөлөгч Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, хариуцагч Б.М-тай 2008 онд гэр бүл болж, хамт амьдрах хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.А- маань төрсөн. Бид, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ эхийн асрамжид үлдээсэн юм. Тухайн шийдвэрт зааснаар нэхэмжлэгч миний бие хүүдээ сар бүр 400 000 төгрөгийн тэтгэлэг өгөхөөр болсон. Гэвч хариуцагч Б.М- уг тэтгэлгийг төлөх талаар эвлэрлийн гэрээг намайг заавал байгуул, хэрэв байгуулахгүй бол гэрлэлтээ цуцлуулахгүй, энэ гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд л нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гээд байсан учраас би аргагүй эрхэнд зөвшөөрсөн. Миний бие 2010 оны 9 дүгээр сард Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, сар бүр 206 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мөн тус банктай зээлийн гэрээ байгуулж, сар бүр 547 000 төгрөг төлдөг, үүнээс гадна 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэрэглээний зээлийн гэрээгээр сар бүр 115 000 төгрөг төлдөг. Эвлэрлийн гэрээ байгуулах хугацаанд бид эдгээр зээлийн талаар мэдэж байсан тухай маргахгүй, үүнээс 2010 оны 9 дүгээр сард Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр авсан орон сууцыг тус зээлийн хамт хариуцагч Б.М-д шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш надад автомашин хэрэгтэй байсан тул 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн зээлийн гэрээ байгуулж, сар бүр 469 416 төгрөг төлж байна. Түүнчлэн би 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, өөрийн ах С.С-ийн тэтгэврийн зээлийг батлан даахаар болсон ба тус банкнаас ирсэн тодорхойлолтоор намайг уг зээлийг төлөх ёстой гэсэн байна. Хэдийгээр миний данс болон эхнэр Б.С-ийн дансаар хөргөгч засварын төлбөр гэж тодорхой хэмжээний орлогыг олж байгаа мэт харагдаж байгаа ч ийм их хэмжээний зээл, өндөр тэтгэлгийг төлж чадахгүйдээ хувиараа ажлын бус цагаар орлого олох гэж хичээж байна. Гэвч уг орлогоос үйл ажиллагааны зардал, хамт засвар хийдэг хүмүүст төлөх ашиг хасагддаг тул гар дээр ирж буй цэвэр орлого маш бага байдаг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч би хүүхдийн тэтгэлгийг дээрх үндэслэлээр багасгаж, хуульд заасан хэмжээгээр төлөх хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Бид 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээгээр хоорондоо тохиролцон хүүхдэд сар бүр 400 000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү төлбөр нь Ж.Б-ын цалингийн 30 хувьтай тэнцэнэ. Тэрээр олон зээлтэй тул хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй гэсэн боловч гэрлэлт цуцалсны дараагаар автомашины зээл нэмж авсан, ингэж зээл авахад өрхийн орлого, зарлагыг хянадаг, дансны хуулгаар цалингаас гадуур орлоготой болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар багасгах байр суурьтай байна. Гэтэл талууд гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн тэтгэлгийг хоорондоо гэрээгээр харилцан тохиролцсон, хуулийн заалтын дагуу амьжиргааны доод түвшингээр тогтоолгох ёстой байсан гэж маргаж буй бол үндэслэл байх хэрэгтэй. Гэрээгээр тохирсон хүүхдийн тэтгэлгийн хэмжээг талууд хоорондоо харилцан тохиролцож өөрчлөх ёстой. Гэр бүлийн тухай хуульд зааснаар өөрчлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Ж.Б-ын цалин хөлс сарын 1 200 000 төгрөг орчим, үүнээс гадна өөр орлого олдог, хүүхдээ асрахад эхээс ямар хэмжээний зардал гардаг гэдгийг тооцохгүй байна. Талууд 2 орон сууцны зээл төлж байсан, гэвч эвлэрлийн гэрээ байгуулахдаа эдгээр зээлүүдийг хувааж хариуцахаар болсон. Нэхэмжлэгч тал гэрээ байгуулсны дараа 2018 оны 9 дүгээр сард автомашины зээл нэмж авсан байна. Гэтэл зээл авахад санхүүгийн боломжтой эсэхийг үндэслэн өгдөг. Хэрэглээний зээл нь өөрийнхөө амьдарч буй байрны тавилгын зээл, хүүхдийг бус зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүр тавьж байгааг зөвшөөрөхгүй, хүүхдэд эцэг, эхийн хайр халамж дутаж байгаа гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан хариуцагч Б.М-д холбогдох хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу дараах агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Б- миний бие 2018 оны 5 дугаар сараас Б.Сарантуяатай гэр бүл болсон бөгөөд Б.Сарантуяагийн төрсөн хүүхэд болох 11 настай Т.Э-ийг өөрийн асрамжиндаа байлгадаг. Мөн Б.С одоо 8 сартай жирэмсэн. Т.Э нь өөрийн төрсөн эцгээс ямар нэгэн тэтгэлэг авдаггүй болно. Түүнчлэн миний одоо авч байгаа сарын дундаж цалин нь шүүхээр тогтоогдсон байгаа хүүхдийн тэтгэлгийг хасаж тооцоход миний хамт амьдарч байгаа үрчлэн авсан хүүхэд болох Т.Э, мөн шинээр төрөх хүүхдийн маань эрх ашиг зөрчигдөх бодит нөхцөл байдал бий болоод байна. Гэвч шүүхээс энэ нөхцөл байдлуудыг харгалзалгүй хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэнд гомдолтой байна. Миний бие Монгол Улсын Үндсэн хуульд заасан "...Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх..." Гэр бүлийн тухай хуульд заасан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ ухамсарлан ойлгож хэрэгжүүлж. биелүүлж байгаа хэмээн үзэж байна. Харин хэд хэдэн хүүхдүүдтэй' ижил тэнцүү хэмжээнд тэжээн тэтгэх нөхцөл байдлууд хомс болж байгаа учир миний бие урьд тогтоогдсон тэтгэлэгийн хэмжээг багасгах нэхэмжлэлийг гаргасан юм. Үр хүүхдээсээ эд хөрөнгө, эд баялагаа харамлахдаа бус харин ч бодит үүссэн нөхцөл байдалтай нь холбогдуулж бүх хүүхдүүддээ ижил тэнцүү хэмжээнд тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх нөхцөлийг бий болгохоор зорьсон юм. Дээрхээс гадна Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасан “Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрийн хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж заасан. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтооно" гэж заасан бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос 2018 онд амьжиргааны доод түвшинг тодорхойлохдоо Улаанбаатар хотын бүсийг 198 600 төгрөг гэж тогтоосон холбогдох зохицуулалтуудын хүрээнд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд холбогдох тайлбар, баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал дээрх нөхцөл байдлыг үл ойшоож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд харамсаж байна. Иймд дээрх хуульд заасан бодит нөхцөл байдал бүрдчихээд байхад хэт нэг талыг барьсан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, урьд тогтоогдсон тэтгэмжийг зохих хувь хэмжээгээр бууруулж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б-аас хариуцагч Б.М-т холбогдуулан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг өөрчлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 42-43 дугаар тал/
Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02454 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Б-, хариуцагч Б.М- нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийг хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар тохиролцсоныг үндэслэн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.А-г эхийн асрамжид үлдээж, эцэг нь хүүхэддээ сар бүр 400 000 төгрөгийн тэтгэлэг төлөх тухай зохигчдын эвлэрлийн гэрээг баталжээ./хэргийн 44-45 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлдээ дурдсан зээл, зээлийн төлбөр нь хэрэгт авагдсан 2010 оны 9 дүгээр сарын 06, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Хаан банк” ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Дотно финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна./хэргийн 7-8, 12-13, 17-18 дугаар тал/ Энэ талаар хариуцагч маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгчөөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тэтгэлэг төлөгч Ж.Б- нь өөр хүүхэдтэй бөгөөд тухайн хүүхдэд ногдох орлого нь зохигчдын хүү Б.А-гийнхаас бага, аль эсхүл нэхэмжлэгч тал хөдөлмөрийн чадвараа алдсан, мөн хүү Б.А- өөрөө хангалттай орлоготой болсон, түүнчлэн нэхэмжлэгчээс хүүхэддээ төлөх тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн, тэрээр өөр этгээдэд шүүхийн шийдвэр болон тэжээн тэтгэх гэрээний дагуу тэтгэлэг төлдөг болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.
Гэвч нэхэмжлэгч Ж.Б-ын зээл төлдөг гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгах үндэслэлд хамаарахгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Б- нь Хууль сахиулахын их сургуульд ажилладаг, сар бүр дунджаар 1 018 551 төгрөгийн цалин авдаг, хүү Б.А-д төлөх тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлсний 50 хувиас хэтрээгүй байна. /хэргийн 21 дүгээр тал/.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.М- нь хүү Б.А-г “Зууны хүн” ХХК-ийн дэргэдэх дижитал кидс сургалтын төвд Монгол хэл, Математикийн дугуйланд явуулж, сар бүр 350 000 төгрөг төлдөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хэргийн 72-73, 76 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тэтгэлгийн хэмжээ бол тэжээн тэтгэх доод хэмжээг тогтоосон зохицуулалт бөгөөд тодорхой хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үүнээс дээш хэмжээгээр тохирсон талуудын тохиролцоо, тус тохиролцооны дагуу төлөх тэтгэлгийг ийнхүү хүүхдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хүүхдэд зориулж байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ж.Б-ын эд хөрөнгийн байдалд ноцтой өөрчлөлт орсон, хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй хэмжээнд хүрсэн гэдгийг эргэлзээгүй нотлох баримт байхгүй байгаа учраас шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 101/ШШ2019/00229 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.О
ШҮҮГЧИД Д.Ц
С.Э