Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 252

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,  

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,     

Улсын яллагч У.Солонго,    

            Иргэдийн төлөөлөгч С.Байгаль,     

            Хохирогч Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Жаргал,

            Хохирогч Э.Батбаяр,     

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 1041 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс-халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 14-51 тоотод оршин суудаг, урьд яд шийтгэл эдэлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батболдын Сэргэлэнбаатар РД:НФ93040658,      

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Мөнхжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж улмаар зэвсгийн чанартай зүйл болох архины шилийг хагалан хагархайгаар нь хацран тус газар нь зүсэж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан,

Давтан үйлдлээр согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “888” нэртэй бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Г.Ариунцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл болох пивоны шилээр толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой 16-17 цагийн орчим Баруун Баян-Уулын 10 дугаар гудамжинд иргэн Э.Батбаярыг “муухай харлаа, ацлаад байгаарай” гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь цохиж унагаан гуталтай хөлөөрөө дэвсэж хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Мөнхжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж улмаар зэвсгийн чанартай зүйл болох архины шилийг хагалан хагархайгаар нь хацран тус газар нь зүсэж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...       

- хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 01 цагийн үед ажлаа тараад ажлынхаа газрын нэг ахаар “Жи Эм Жи” нэртэй бааранд хүргүүлж үлдсэн. Тэнд 2 пиво уух гэж орсон. Бааранд ороод ганцаараа 3 ширхэг шилтэй пиво уугаад баарнаас 02 цагийн үед Бямбацогт гэх дүүтэйгээ хамт явж байсан чинь Сэргэлэнбаатар гэх залуутай хамт явж байсан эмэгтэй нь Бямбацогттой маргалдаад байсан. Тэгэхээр нь би дүүгээ цааш нь татаад хамт явж байсан чинь Сэргэлэнбаатар араас пивоны хагарсан шилээр миний нүүрэн тус газар руу нэг удаа далайгаад хацрыг зүссэн. Би араас нь гүйж очоод дараад ноцолдож багаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Намайг баарнаас гараад байж байхад Сэргэлэнбаатар надад “Тамхи байвал өгчих” гэсэн. Надад чамд өгөх илүүдээ гарсан тамхи алга гэж хэлээд цаашаа явсан...Сэргэлэнбаатар шил хагалж байгаад миний нүүрэн хэсэг рүү цохиод хацрын хэсгийг зүсэж гэмтээсэн. Би Сэргэлэнбаатартай бааранд байхдаа болон баарнаас гараад ерөөсөө маргалдсан зүйл огт байхгүй..../1х, хх-16-18/,

- гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тэр өдөр би “Жи Эм Жи” бааранд DJ хийгээд байж байхад Бямбадорж, Мөнхжаргал хоёр бааранд орж ирж байсан ба тэд нарын араас 00 цаг болж байхад Сэргэлэнбаатар, найз Ариунцэцэг болон миний танихгүй хүүхэн залуу хоёртой хамт орж ирээд сууж байсан. Тухайн үед Сэргэлэнбаатар нарын хүмүүс пиво аваад ууж байсан, харин Бямбадорж, Мөнхжаргал нар архи аваад ууж байсан. Бямбадорж бид хоёр баарны тамхи татдаг өрөөнд нь ороод тамхи татаж байхад Сэргэлэнбаатар, Ариунцэцэг нар орж ирээд Ариунцэцэг Бямбадорж руу “Чи намайг гичий гээд элдэв янзаар хэлээд байдаг билүү” гээд дайраад байсан. Бямбадорж Ариунцэцэг хоёр маргаж байхад хажуунаас Сэргэлэнбаатар орж ирээд Бямбадоржтой зууралдаж аваад цохих гээд байхаар нь би тэд нарыг салгаад больцгоо гэж хэлчихээд тамхи татах өрөөнөөс гараад явсан. Тэгээд би ажлаа хийж байхад Бямбадорж тамхи татах өрөөнөөс гарч ирээд намайг зодчихлоо гэсэн юм яриад байж байснаа харагдахгүй байсан. Мөн Ариунцэцэг ч гэсэн харагдахгүй байсан. Харин Сэргэлэнбаатар бааранд сууж байгаа харагдсан. Үүний дараа удаагүй манай баарны бармен Ганчимэг эгч хүмүүс бааранд маргаад байсан элдэв зодоон болчих байх гээд намайг гадаа гараад хараад ирээч гэхээр нь би гадаа гарахад Ариунцэцэг Бямбадоржтой л маргаад байгаа бололтой байсан. Мөнхжаргал тэр хоёрын дундуур л ороод байгаа харагдсан тул би гайгүй байх гээд орох гэж байхад Сэргэлэнбаатар надтай зөрөөд баарнаас гарсан ба ард чад гээд нэг юм цохих шиг л чимээ гарахаар нь би эргээд харсан юм. Тэгтэл Мөнхжаргалын зүүн хацарнаас нь цус гарч байгаа харагдсан ба би Сэргэлэнбаатар дээр очоод түүний гарыг бариад харахад Сэргэлэнбаатарын гарт пивоны шилний жижиг амсар байсан юм. Тэгэхээр нь би түүний шилийг хаяулаад буцаж баар руу орж 00-н цаас аваад Мөнхжаргалд өгөх үед цагдаа сэргийлэх болсон байхаар нь буцаж ороод ажлаа хийсэн. Мөнхжаргал Ариунцэцэг 2-ыг муудалцсан эсэхийг би мэдэхгүй. Тухайн өдөр дуу тавиад байж байхад Мөнхжаргал толгойгоо барьчихсан байхаар нь “”Чи яасан юм” гэхэд Мөнхжаргал “Бүжиглэж байгаад эргэх гэж байгаад нэг эмэгтэйг цохисон чинь бакал шидчихлээ” гэсэн юм ярьж байсан. Би тэрийг нь бол хараагүй. Би 10 жилд байхдаа Сэргэлэнбаатартай нэг ангид сурч байсан. Харин Мөнхжаргалыг бол зүс мэднэ. Мөнхжаргал бид нар мэндтэй устай явдаг юм. Ариунцэцэг л Бямбадоржтой муудалцаад дараа нь Мөнхжаргал тэр хоёрын дундуур ороод байж байхад л Сэргэлэнбаатар Ариунцэцэгийг дээрэлхэж байна гэж ойлгосон байх. Тамхи нэхээд хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. Мөнхжаргал Сэргэлэнбаатарыг зуурч байхад Ариунцэцэг гартаа чулуу барьчихаад “Наадахаа тавь” гээд Мөнхжаргал руу далайгаад байсан. Гэхдээ цохиж бол харагдаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-138-140/,

- гэрч Т.Баасанпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг ажлаа хийж байгаад нэг харахад Мөнхжаргал зааланд бүжиглэж байсан танихгүй 2 эмэгтэйгийн нэгийг нь хамт бүжиглэх үү гээд байгаа бололтой өдөхөд нөгөө эмэгтэй нь Мөнхжаргал руу уурлаад “Зайлаач, чамтай бүжиглэхгүй” гэхэд Мөнхжаргал өөдөөс нь бас хэрэлдсэн ба түүнтэй маргаж байсан эмэгтэй нь Мөнхжаргал руу өөрийнхөө сууж байсан ширээн дээрээс пиво уудаг шилэн бакал аваад шидэхэд тэр нь Мөнхжаргалын толгойг онох шиг болоод шилэн аяга нь газар унаад хагарсан. Гэхдээ би яг хаана нь оносныг хараагүй. Тэгээд Мөнхжаргалтай муудалцсан эмэгтэй найзтайгаа хагалсан шилэн аяганыхаа мөнгийг төлчихөөд гараад явчихсан. Тэдгээр хүмүүсийг гарч явсны дараа намайг нэг харахад бүжгийн талбай дээр Мөнхжаргал руу Ариунцэцэг уурлаад нүүр рүү нь самардах гэж байгаа юм шиг сарвалзахад Мөнхжаргал Ариунцэцэгийг өөрөөсөө холдуулаад мангасдах шиг болоод хоорондоо гичий, янхан, бацаан гээд маргаад, хоёулаа гараад явсан. Тухайн үед Сэргэлэнбаатар ширээн дээрээ л суугаад байсан. Ариунцэцэг буцаж орж ирчихээд Сэргэлэнбаатар луу “Чи ёстой арчаагүй залуу” гээд өмөөрсөнгүй гээд байгаа бололтой зүйл ярихад Сэргэлэнбаатар уурлаад баарнаас гараад явсан. Ариунцэцэг ч түүний араас баарнаас гараад явсан. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Сүүлд нь намайг баарнаас гараад харахад Мөнхжаргал нүүр ам нь цус болсон, хацар нь зүсэгдсэн байдалтай Сэргэлэнбаатарыг газар дараад хэвтчихсэн хажууд нь байсан найзыгаа цагдаа дууд гэж байсан. Удаагүй цагдаа нар ирээд тэд нарыг аваад явсан...гэх мэдүүлэг  /1х, хх-144-146/,

- гэрч С.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...намайг ганцаараа тамхи татдаг өрөө рүү орж тамхи татаж байхад Ариунаа гэх эмэгтэй тамхи татах өрөөнд орж ирсэн. Түүний араас удаагүй Сэргэлэнбаатар орж ирсэн. Ариунаа нь орж ирчихээд над руу “Чи намайг юу гэж ярьсан гэлээ” гээд над руу дайрахаар нь би түүнийг тавиулаад тамхи татах өрөөнөөс гараад хэсэг байж байгаад Мөнхжаргалыг “Явах уу” гэхэд “Тэгье” гээд бид хоёр баарнаас гараад үүдэнд нь тамхи асаагаад зогсож байхад Ариунаа, Сэргэлэнбаатар нар нь мөн баарнаас гарч ирсэн харагдсан ба бидэн дээр ирээд Сэргэлэнбаатар Мөнхжаргал бид хоёрт тамхи байвал өгчих гэхэд Мөнхжаргал түүнд “Чамд өгдөг илүүдээ гарсан тамхи алга” гээд Мөнхжаргал Сэргэлэнбаатар хоёр нэг нэгнийгээ янз бүрээр хэлээд маргаад эхэлсэн ба Мөнхжаргал Сэргэлэнбаатрыг мөр рүү нь түлхээд хойшоо унагаасан. Сэргэлэнбаатар унаад босохдоо гартаа бор өнгөтэй пивоны шил барьж босч ирээд Мөнхжаргалын толгой руу эхлээд нэг удаа цохисон. Цохиход тэр цохисон шил нь хагарсан. Тэгээд үргэлжлүүлээд дахин нэг удаа хагарсан шилээрээ Мөнхжаргалыг цохиход хацрыг нь яраад хаясан юм. Сэргэлэнбаатар Мөнхжаргалын нүүрийг нь зүсэхэд түүнийг эхнэр нь араас нь татаад “Больцгоо” гээд орилсон ба Сэргэлэнбаатар ч “Нэг мөсөн гүйцээгээд хаячихъя” гээд байсан. Сэргэлэнбаатар гартаа барьсан байсан хагархай шилээ бариад зугтах гээд “Жи Эм Жи” төвийн эсрэг талын өгсүүр шороо руу мацаад зугтаж байхад нь Мөнхжаргал ардаас нь гүйж очоод хөлнөөс нь тэврээд доош нь дарж хөдөлгөөнгүй болгоод цагдаа дуудаарай гэсэн юм. Тэгээд би 102, 103 дугаарууд руу залгаж дуудлага өгсөн. Цагдаагийн машин ирээд Сэргэлэнбаатарыг найз охинтой нь аваад явсан. Сэргэлэнбаатар л шилээр Мөнхжаргалыг цохисон. Өөр хүн цохиогүй дээ...гэх мэдүүлэг /1х, хх-111, 247/,

- гэрч Б.Мөнхгалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Жанцангийн “ЖМЖ” төвийн зүүн талын замын нөгөө талд нь манай дүү нэг залуугийн дээр нь гараад суучихсан, тэд нарын хажууд нь нэг залуу, нэг эмэгтэй 2 зогсож байсан. Намайг очих үед манай дүү Мөнхжаргалын зүүн хацарнаас нь цус гарсан байдалтай, мөн толгойных нь зүүн хойд хэсэгт нь хагараад цус гарсан байдалтай байсан. Намайг тэнд очоод удаагүй байхад цагдаа сэргийлэх ирсэн. Тухайн үед тэнд байсан хүмүүс нэг нэгэндээ гар хүрсэн, зодолдсон зүйл байгаагүй. Мөнхжаргал “Чи манийгаа яаж байгаа юм” гээд дараад сууж байгаа залуугаа хэлж байсан, харин нөгөөх нь юу ч дуугарахгүй байсан...гэх мэдүүлэг /1х, хх-141/,

- гэрч Г.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед ажлаа тараад найз залуу Сэргэлэнбаатар болон найзууд болох Туул, Батук нарын хамт 00 цагийн үед “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон. Нэг нэг Сэнгүр нэртэй пиво аваад уугаад сууж байгаад тамхи татах гээд тамхины өрөө рүү орсон. Тамхи татаад байж байсан чинь 2 залуу өрөө рүү шагайгаад байсан. Тэгэхээр нь өрөөнөөс гарсан чинь Мөнхжаргал гэх залуу миний бөгс рүү алгадаад авахаар нь би цааш нь түлхээд авсан. Би Мөнхжаргал гэх залууг түлхсэн чинь “Чи муу ямар үнэтэй юм бэ” гээд гараа далайгаад байхаар нь цаашаа зугтаад явсан. Би баарны текний хажууд байсан ариун цэврийн өрөө рүү ороод буцаад гарсан чинь Мөнхжаргал гэх залуу дахиж гарч ирээд надтай маргалдаад намайг бие рүү цохиод авсан. Намайг Мөнхжаргал гэх залуу цохих үед Батук, баарны DJ нар харсан. Мөнхжаргал цохиод авахаар нь айсандаа баарнаас гараад зугтаасан. Баарны гадаа зогсож байсан чинь Мөнхжаргал араас гарч ирснээ намайг “Ямар овоо пизда вэ” гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Миний араас Сэргэлэнбаатар гарч ирээд Мөнхжаргалыг “За хөгшөөн хэрэггүй ш дээ” гэхэд нөгөө залуу Сэргэлэнбаатарын нүүрэн тус газар нь цохиж авсан. Сэргэлэнбаатар, Мөнхжаргал нар хоорондоо маргалдаад газар унаад зодолдоод байх шиг байсан. Би доошоо явган суугаад уйлаад сууж байсан чинь Мөнхжаргалын нүүр, толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-20-21/,

- гэрч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.Мөнхжаргал гэх зүүн хацар дээрээ С үсэг хэлбэртэй, нийтдээ 10-12 см урттай гэмтлийн шархнаас үүсэж тогтсон сорвитой залуу орж ирсэн. Яг тэр үед сорви нь улаан өнгөтэй, арьсны түвшингээс дээшээ төвийж гарсан, бүрэн эдгэрч дуусаагүй сорви байсан. Б.Мөнхжаргал нь төлбөр төлж манайд эмчилгээ хийгдээгүй. Б.Мөнхжаргалд гаргаж өгсөн эмчилгээний үнийн санал нь ор хоногийн мөнгө, эмчилгээний зардал, мэдээ алдуулах буюу унтуулахын зардал, мэс заслын зардал, хяналт эмчилгээний зардал зэрэг зардлуудыг багтааж дүгнээд 2.300.000 төгрөгний эмчилгээний зардлын нэхэмжлэх гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /2х, хх-1-2/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5270 дугаартай:... Мөнхжаргалын биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн хацрын шарх /3 ш/, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1х, хх-25/,

- хацрын сорвийг харуулсан 1 ширхэг гэрэл зураг /1х ,хх-115/,

- хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-129-134/,

- шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Бямбаа овогтой Мөнхжаргалын биед Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, дэслэгч Түвшинжаргалын тогтоолын дагуу үзлэг хийсэн. Үзлэг хийхэд зүүн чамархайд 4 оёдол бүхий босоо шархтай, зүүн хацрын урд дунд хэсэгт мэс заслын 9 ба 10 оёдол бүхий 2 зэрэгцээ хөндлөн шархтай, шарх орчимд хавдартай, эмзэглэл ихтэй байсан. Энэ сорви нь ердийн явцаараа арилахгүй...гэх мэдүүлэг /1х, хх-113/, ...Нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэдэгт нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүүрний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна гэсэн байдаг. Харин Мөнхжаргалын биед үүссэн гэмтэл нь нүүрний дүр төрх сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж байж засрах гэмтэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл хүнд гэмтэлд орохгүй, харин хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Түүнд үүссэн гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлээр нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мөнхжаргалын биед үүссэн гэмтэл шилээр зүссэнээс болж үүсэж болно. Мөнхжаргалын биед үүссэн тархи доргилт, зүүн чамархай зүүн хацрын шарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаарна. Мөн нийлээд ч хөнгөн зэрэгт хамаарах юм /1х, хх-156-157/,

- шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...“Жи Эм Жи” нэртэй бааранд найз охин Ариунцэцэг, түүний найзууд болох Туул, Батук нарын хамт 01 цагийн орчим ганц хоёр пиво уух гэж орсон юм. Бааранд ороод Сэнгүр нэртэй шилтэй пиво нэг нэгийг аваад уусан. Манай найз охин Ариунцэцэг тамхи татмаар байна гэж хэлээд тамхины өрөө рүү явсан. Тамхины өрөөнөөс гарч ирэхдээ тэр Мөнхжаргалтай маргалдаад байсан. Мөнхжаргал Ариунцэцэгтэй маргалдаж байснаа нүүрэн тус газар нь гараараа цохиод байсан. Би очоод салгах гэсэн чинь Мөнхжаргал манай найз охиныг нүүрэн тус газар нь цохиод байсан. Мөнхжаргал тэгж байснаа миний сууж байсан ширээний хажууд ирээд намайг ганц пиво аваад өг гээд байсан. Тэгэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь цаашаа яваад өөр ширээн дээр очоод хүмүүстэй маргалдаад байсан. Мөнхжаргал надтай маргалдах гээд байсан чинь Батук салгасан. Би найз охин Ариунцэцэг болон найзуудтайгаа баарнаас гараад замын эсрэг талд байж байсан чинь Мөнхжаргал ирээд намайг нүүрэн тус газар руу цохиод авсан. Миний дээр Мөнхжаргал гарчихаад зодоод байхаар нь газар байсан архины шилээр нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь Мөнхжаргалын хацар хэсгээс нь цус гараад эхэлсэн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн ажилтнууд хүрээд ирсэн. Намайг Мөнхжаргал нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд газар байсан архины хагархай шилээр цохисон юм. Би Мөнхжаргалын нүүрэн тус газрыг нь шилээр зүсээд толгойг нь хагалсан. Тэрнээс өөр ямар нэгэн хүн Мөнхжаргалын толгойг хагалсан зүйл байхгүй. Би урьд өмнө Мөнхжаргалыг харж байсан, танина. Ариунцэцэг Мөнхжаргалыг цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Хэрэг болсон өдрөөс хойш Ариунцэцэгийн найзууд болон Туул, Батук нартай ерөөсөө холбоо бариагүй. Намайг залгахаар утас нь ерөөсөө холбогдохгүй байгаа. Би тэд нарыг одоо хаана, юу хийж байгаа талаар огт мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-36-43/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2016 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “888” нэртэй бааранд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Г.Ариунцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл болох пивоны шилээр толгойн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Г.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой найз Туулын хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших “Гэрэлт-Од” төвийн “888” нэртэй бааранд орж хүн тус бүрийн нэг нэг шил Сэнгүр нэртэй пиво ууж суугаад жаахан бүжиглэсэн юм. Тэгээд ширээн дээрээ буцаж ирээд сууж байтал баарны гаднаас Сэргэлэнбаатар найз Шонхоогийн хамтаар орж ирэх нь харагдсан. Тэгээд тэр хоёр уг баарны дижигийн хажуу талын ширээн дээр суусан байсан. Тэр хоёрын ширээн дээр нэг пивоны шил харагдсан. Тэр үед би “Сэргэлэнбаатар ороод ирчихсэн байна, хоёулаа гарах уу” гээд Туулаас асуусан. Тэгтэл Туул миний урдаас “Та хоёр салчихсан юм бол яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Туул бид хоёр бүжгийн талбай руу гараад бүжиглэсэн. Тэгсэн чинь нэг мэдэхэд Сэргэлэнбаатар над руу хүрээд ирсэн. Тэгтэл Туул цаашаа гээд Сэргэлэнбаатарыг хойш нь нэг удаа түлхсэн. Тэр үед баарны хамгаалагч залуу хүрч ирээд Туул бид хоёрыг “Зүгээр үү” гэж асуусан. Хариуд нь Туул “Бид хоёр зүгээрээ” гэж хариулаад ширээн дээрээ очиж суусан. Тэр үед Сэргэлэнбаатар бүжгийн талбай дээр бүжиглээд үлдсэн. Тэгтэл баарны хамгаалагч залуу удалгүй Сэргэлэнбаатар, Шонхоо нарыг хөөгөөд баарнаас гаргаж байх нь харагдсан. Хэсэг хугацааны дараа Сэргэлэнбаатарын найз Шонхоо баар луу буцаж орж ирээд миний дэргэд зогсоод “Чамайг Сэргэлэнбаатар дуудаж байна” гэхээр нь би “Гарахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Шонхоо баарнаас гараад явчихсан. Удалгүй Сэргэлэнбаатар баар луу орж ирээд текний дэргэд зогсож байсан. Тэгтэл баарны хамгаалагч залуу над руу ирээд “Чи текний хажуу талд зогсож байгаа залууг таних уу” гэж асуухаар нь “Би танихгүй” гэж хариулсан. Тэгсэн чинь хамгаалагч залуу Сэргэлэнбаатар луу явж очсон...Удалгүй сууж байсан ширээн дээр хүрч ирээд бид хоёрын ууж байсан пивоны шилийг аваад над руу шидсэн. Тэр үед миний толгойны баруун урд хэсэгт оносон. Энэ үед Туул намайг түшээд миний толгойноос гарч байсан цусыг цэвэрлэж өгсөн. Тэр үед Сэргэлэнбаатар баарны гадна талд намайг хараад байж байсан. Тэгээд тэр шөнөө гэмтлийн эмнэлэг рүү явж очоод толгойдоо 3 оёдол тавиулсан юм...гэх мэдүүлэг /1х, хх-183-184, 2х, хх-84/,

- гэрч С.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...  2016 оны 9 дүгээр сарын үед л юм байна. Манай баараар үе үе орж ирээд байдаг залуу 2 эмэгтэйтэй хамт нилээн орой 22-23 цагийн үед байх орж ирээд пиво авч ууцгаасан санагдаж байна. Тухайн үед тэр залуу цуг явсан эмэгтэйтэйгээ муудалцаж маргаад орилоод байхаар нь би хамгаалагч Мөнх-Эрдэнийг дуудаж тухайн залууг баарнаас гаргуулсан. Харин 2 эмэгтэй нь баарнаас гараагүй үлдсэн юм. Гэтэл баарнаас гаргасан залуу баарны үүдэнд зогсчихоод буцаж орно гээд хамгаалагчтай муудалцах гээд байхаар нь би тэр залуу дээр очоод “Битгий хэрүүл маргаан үүсгээд бай, яв” гэхэд тэр залуу “Би авгайтайгаа явж байгаа, би авгайгаа авч явна, цаад хоёроо ч гэсэн гаргачих” гэхээр нь би цуг явсан хоёр эмэгтэй дээр нь очоод “Саяны гаргасан залуу та нартай цуг явна гээд байна, хэн нь эхнэр нь юм” гэхэд нэг эмэгтэй нь “Би үерхэж байгаад салсан, одоо надад хамаагүй” гэж байсан. Ингээд байж байхад нөгөө залуу буцаж орж ирээд мөн л цуг явсан эмэгтэй рүүгээ дайраад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь хамгаалагч тэр хүнийг дахиад гаргасан. Гэтэл тэр залуу үүднээс бидэнд “Би ганц уулзчихаад явлаа” гэж байснаа баар руу орчихсон юм. Тэгэхээр нь би араас нь очиход тэр залуу цуг явсан хоёр эмэгтэйгийнхээ нэгнийх нь толгойг хагалчихсан байсан. Би тэр залууг яг юугаар яаж толгойг нь хагалсныг хараагүй, ямар ч байсан эхнэр нь гээд байсан эмэгтэйгийнх нь толгойноос цус гарсан харагдсан, миний бодлоор пивоны шилээр л цохичих шиг болсон...гэх мэдүүлэг /2х, хх-65/,

- шинжээч эмч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Г.Ариунцэцэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүсэх гэмтлүүд байна. Хэрэв архи, пивоны шил хагараагүй байхад цохисон бол мохоо зүйл гэдэгт бүрэн хамаарна...гэх мэдүүлэг /1х, хх-195-196/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 13156 дугаартай:...Ариунцэцэгийн биед хуйханд шарх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1х, хх-193/,

- шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 21-22 цагийн орчим байх би Төгсөөгийнхөөс гараад ганцаараа Баянхошууны автобусны хуучин эцсийн буудал дээр байдаг “888” нэртэй бааранд ороод нэг шил пиво аваад сууж байхад манай найз охин Ариунцэцэг нь Туул гэх эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тухайн үед би Ариунцэцэгийг намайг олоод ирлээ гэж бодоод түүнд “Уучлаарай одоо харъя” гэхэд Ариунцэцэг нь “Явахгүй чи өөрөө зайл, чи надад одоо хамаагүй” гээд бид маргасан ба би уурандаа ууж байсан пивоны шилийг аваад түүн рүү шидсэн юм...баарны хамгаалагч гарч ирээд “Чи тэр эмэгтэйгийн толгойг хагалчихлаа” гэхэд л би Ариунцэцэгийг оносноо мэдсэн гэх мэдүүлэг /1х, хх-203-204/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2017 оны 4 дүгээр сарын 20-ны орой 16-17 цагийн орчим Баруун Баян-Уулын 10 дугаар гудамжинд иргэн Э.Батбаярыг “муухай харлаа, ацлаад байгаарай” гэж үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь цохиж унагаан гуталтай хөлөөрөө дэвсэж хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Э.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 45 минутын орчим байх би цэцэрлэг орж дүүгээ авахаар гэрээсээ гараад ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян уулын 10 дугаар гудамжинд явж байхад манайхаас хойш 2 гудамжны цаана байдаг зүс таних Сэргэлэнбаатар гэх залуу халамцуу ганцаараа явж таарсан юм. Тухайн үед Сэргэлэнбаатар намайг харчихаад “Уулзаадахъя” гэснээ дөхөөд ирсэн. Би түүнийг зүс мэдэхийнхээ хувьд “Чи дандаа архи уугаад явах юм аа” гэхэд Сэргэлэнбаатар “Чи яагаад муухай хараад байгаа юм” гэхээр нь би “Чамайг муухай хараагүй” гэж хэлээд түүнийг орхиод явах гэхэд Сэргэлэнбаатар “Ацлаад байгаарай” гэж хэлээд гараараа миний нүүр рүү цохиод цамцнаас татаж унагаад толгой дээр 3-4 удаа дэвссэн. Би Сэргэлэнбаатарт толгой руугаа цохиулснаас болж ухаан алдаад цаашаа юу болсныг санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход Сэргэлэнбаатар явчихсан, би ганцаараа гудамжинд хэвтэж байсан юм. Тэр гудамжинд өөр хүн байгаагүй. Би өмнө нь Сэргэлэнбаатартай маргаж муудсан зүйл байхгүй. Сэргэлэнбаатар надад өс санах зүйл би лав хийгээгүй. Намайг муухай харлаа, ацлаад байгаарай гэж хэлээд л зодсон. Тухайн үед Сэргэлэнбаатар нилээн согтуу, би цоо эрүүл байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Эмчилгээний зардалдаа 200.000 төгрөгийг зарцуулсан, нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /2х, хх-82-83/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5570 дугаартай шинжээчийн:...Э.Батбаярын биед баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнггөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /2х, хх-91/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 171 дугаартай:...Б.Сэргэлэнбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Сэргэлэнбаатар нь болсон зүйлсийг үнэн зөв тусган авч санах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Сэргэлэнбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /1х, хх-249-250/,

- шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Батбаярыг муухай харлаа гэж цохиж зодсон зүйл байхгүй, дахин ийм алдаа гаргахгүй. Өөрийн буруутай зүйлээ хүлээн зөвшөөрч засахыг хичээх болно...гэх мэдүүлэг /2х, хх-101/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг танхайрах гэмт хэргийг давтан үйлдлээр догшин авирлаж, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч нь 3 удаагийн давтан үйлдлээр хохирогч нарт хүч хэрэглэн зодохдоо олон нийтийн газар, тухайн иргэнийг болон тухайн газарт байсан бусад иргэдийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирлах замаар өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул “танхайрах гэмт хэрэг”-ийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзнэ.   

Тус хэрэгт хохирогч, зарим гэрч нарын мэдүүлэг “эх сурвалж” нь тодорхойгүй буюу нотолгоогүй байхаас гадна хэргийн зүйлчлэлд нөлөөлөх шинжгүй болохыг тэмдэглэв. 

Шүүгдэгчийн эхний 2 удаагийн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйлдлийг танхайрах гэмт хэргийг давтан үйлдлээр догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон /2-р хавтас, х-11/, хамгийн сүүлд үйлдсэн догшин авирлаж танхайрсан үйлдлийг нэмж сонсгосон /2-р хавтас, х-100/ нь зөв болно.    

Тодруулбал, шүүгдэгч нь танхайрах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон байх боловч тухайн бие даасан 3 удаагийн гэмт үйлдэл нь танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “давтан” гэж үзэх шалгуур шинжийг хангаснаараа тухайн бие даасан гэмт үйлдэл бүрийг нэгтгэн  зүйлчлэх хууль зүйн үндэслэл болж байх тул шүүгдэгчийн 3 удаагийн гэмт үйлдлийг тус тусад нь салган зүйлчлэхгүй.      

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн холбогдох хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бүрийг бүрэн хамааруулан дүгнэж улмаар хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар зүйлчлэх ба тухайн тохиолдолд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн холбогдох хэсэг тус бүрт гэм буруутайд тооцогдож, улмаар тохирох ял шийтгэл хүлээж байгаа тул шүүгдэгчийн зарим үйлдлийг зүйлчлээгүй, ял оногдуулаагүй орхигдсон гэж үзэх үндэслэл болохгүй болно.   

Дээрх үндэслэлээр шүүх шүүгдэгчийн 3 удаагийн гэмт үйлдлийг яллах дүгнэлтэд бичигдсэнээр биш харин ял өөрчлөн сонсгосон тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болохыг тэмдэглэв.     

Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь хохирогч Б.Мөнхжаргалын эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан нэхэмжилсэн 2.300.000 төгрөг /1х, 97, 2х, х-1-2/, өмгөөлөгчид төлсөн төлбөр /1х, х-59-60/ болон хохирогч Э.Батбаярын нэхэмжилсэн 200.000 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Ариунцэцэг нь хохирол, төлбөргүй, нэхэмжлээгүй болно.   

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ар гэрийн амьдралын болон хувийн бусад байдал, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулав.  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Сэргэлэнбаатар нь 2017.02.09-ний өдрөөс /2х, хх-8/ 2017.04.07-ны өдрийг /2х, хх-59/ хүртэл 57 хоног, 2017.05.11-ний өдрөөс /2х, хх-96/, 2017.06.22-ны өдрийг хүртэл 42 хоног, нийт 99 хоног цагдан хоригдсон байна.      

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:               

 

1. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг танхайрах гэмт хэргийг давтан үйлдлээр догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 7 жил хорих ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт оногдуулсан 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарын цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэргэлэнбаатараас 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхжаргалд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Батбаяр нарт тус тус олгосугай.   

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сэргэлэнбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

                                           

                                                                      Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                     Б.ДАШДОНДОВ