| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/01916/И |
| Дугаар | 101/ШШ2018/02099 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2018/02099
2018 оны 06 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2018/02099 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК гаргасан,
Хариуцагч: Б.М холбогдох,
300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч ******* нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 240,000.00 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000.00 төгрөгийг төлж, үлдэгдэл 220,000.00 төгрөгийг сар бүр 20,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж дуусгах нөхцөлөөр авсан юм.
Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, гэрээ байгуулсан өдрөс хойш 20,000.00 төгрөгөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй ба бид энэ талаар түүнд удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд, хариуцагчаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний дутуу төлбөр 200,000.00 төгрөгийг алданги болох 100,000.00 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК-иас хариуцагч *******т холбогдуулан 300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр болон 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч *******т *******,*******,*******,******* тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэнийг тэрээр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/08268 тоот захирамжаар хариуцагчийг албадан ирүүлжээ /х.х-ийн 14, 15,16-р хуудас/.
Ингээд шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан ба 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдэхэд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буй эсэх талаар хариу тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Жимобайл ХХК 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч *******тэй төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж,
нийт 240,000.00 төгрөгийн үнэтэй интернэт төхөөрөмжийг худалдах, худалдан авахаар харилцан тохирч, хариуцагч тал урьдчилгаанд 20,000.00 төгрөгийг төлж, үлдэх 220,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ /х.х-ийн 7, 8, 9-р хуудас/.
Хэдийгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд энэхүү төхөөрөмжийг зээлээр худалдахаар тохиролцсон гэх боловч талууд эд хөрөнгийн үнийг нэн даруй бус хожим төлөхөөр тохиролцсон, хариуцагч буюу худалдан авагч тал зөвхөн гэрээний зүйлийг худалдах үеийн үнийг төлөх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөөр төлөх хэмжээ, хэсэгчлэн төлөх үнэ, зээлээр авч буйн төлөө нэмж төлөх хүүгийн талаар тохироогүй, төхөөрөмжийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинж агуулаагүй байна.
Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан ажээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөх үүрэг хүлээх юм.
Зохигчдын хооронд байгуулсан төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу худалдагч тал гэрээг зохих ёсоор биелүүлж, тухайн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бол харин худалдан авагч нь гэрээний зүйлийн үлдэгдэл үнэ болох 200,000.00 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд нэгэнт хариуцагч тал төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс түүнээс 200,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал 200,000.00 төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.
Иймд, хариуцагч тал тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу 240,000.00 төгрөгөөс 40,000.00 төгрөгийг төлж, 200,000.00 төгрөгийг төлөөгүй байх тул тэрээр нэхэмжлэгчид дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон гэж тайлбарласан хэдий ч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн төхөөрөмж худалдах, худалдах авах гэрээний алдангийн талаарх тухайн зохицуулалт ойлгомжгүй, бүдэг хэвлэгдсэн байх тул үнэлэх боломжгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 200,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Мөнхэцэгээс 200,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жимобайл ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,650.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР