Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2025/0010/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Саранчимэг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогчийн хууль ёсны******* /цахимаар/,

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2431002850893 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД: ******* /, 1991 оны 05 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Орхон сум,******* баг,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багт байрлах Улаанбаатар төмөр замын “******* ” өртөөний Ганзам сүлжээ дэлгүүрт 2023 оны 12 дугаар сарын 04-өөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллах хугацаандаа нийт 2,914,776 төгрөгийн бараа хувьдаа завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ийн: ...“Ган зам” сүлжээ дэлгүүрт 2023 оны******* сарын 30-ны өдөр ажилд орсон. Ажилчид нь дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа дандаа зээлээр авдаг байсан. Эхлээд хугацаагаа хэлээд зээлээр авч, хугацаандаа өгдөг байсан. Төмөр замын ажилчдаас өөр хүмүүст бараа бүтээгдэхүүн зээлээр олгосон нь миний буруу. Нийт дутсан 2,914,776 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг хүнд “аппликейшны зээл төлчхөөд өгье” гэхээр нь өгчихсөн. Тэгтэл тэр хүн 1,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй. 600,000 гаруй төгрөгийг Төмөр замд ажилладаггүй 3 хүнд увуулж, цувуулж зээлээр бараа бүтээгдэхүүн өгөөд дутагдуулсан. Үлдсэн мөнгийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан. Хохирол төлбөрийг нөхөн төлөх болно... гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ын: ...2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 906 дугаартай  тушаалаар Улаанбаатар төмөр замын аль нэг салбар нэгжүүдэд 3 сар буюу түүнээс дээш хугацаатай ажиллаж байгаа ажилтнуудад 01 сард 300,000 төгрөг хүртэлх хэмжээний ахуйн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр олгох журмыг баталж гаргасан. Уг журмаар архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулахыг хориглодог, зөвхөн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулахыг зөвшөөрдөг. Энэ журам 3 хавсралттай бөгөөд 3 дугаар хавсралтаар нь зээл хүсэгчийн өргөдлийг баталсан. Ажилчид энэ өргөдөл дээр “тэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авна” гээд өөрийн ажиллаж байгаа анги, салбар нэгж зэрэг бүх мэдээллээ нарийн бичдэг. Энэ өргөдлийг нь үндэслээд “Ган зам” дэлгүүрийн худалдагч нар 300,000 төгрөг хүртэлх үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг ажилчдад олгоод, өргөдлийг нь дээд шатны нягтлан, нярвууддаа өгөөд тухайн салбарын нэгж рүү цалин буухад нь сар болгоны 30-ны өдөр цалин дээрээс нь журмын дагуу мөнгийг нь суутгал хийж авдаг. Шүүгдэгч ******* энэ процессыг зөрчсөн. Зээлээр бараа авч байгаа ажилчдаас өргөдлийг нь авдаггүй, өөрийнх нь тайлбараар “төмөр замд ажилладаггүй хүмүүст зээл өгчихсөн, авч чадахгүй байна” гэдэг. Бид нар бүх худалдагч нартаа нэг л шаардлага тавьдаг. Байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулж байгаа бол тодорхой хэмжээний журамд заасан хэм хэмжээгээр захиран зарцуулахыг шаарддаг. *******ийн хувьд хувьдаа завшсан асуудлууд гарч ирдэг. Дээрээс нь тамхи дотор цаасан хайрцаг хийн ажил олгогчоо хууран мэхлэх гэдэг юм уу ийм замаар дутагдал үүсгэсэн нь энэ хүний 100  хувь хариуцлагагүй байдлын асуудал. Бид нар энэ хүнд боломж өгөөгүй биш зөндөө боломж өгсөн. Тодорхой хэмжээний график гаргаад хохирлоо төлчих үү, цагдаа шүүх гээд яваад байх шаардлага байхгүй та мэдээж алдаа дутагдал гаргасан учраас хөлсөөр ажиллах  гэрээг нь цуцалсан. Та хохирлоо график гаргаад төлөөд барагдуулчих юм бол хууль хүчний байгууллагууд, шүүх дээрээ тулахгүй гэдэг асуудлыг тухай бүр танилцуулж, хоёр удаа бичгээр зааварчилгаа авч, өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тодорхой хэмжээний төлөлтүүдийг хийсэн. Эдгээр төлөлтүүдээс өнөөдрийн байдлаар 2,914,776 төгрөгийн дутагдал байна. Энэ хүнээс шаардаж байгаа ганц зүйл нь дутагдлыг маань хурдан төлж барагдуулж өгөөч гэсэн хүсэлттэй байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

“... ******* нь 2024 оны 02 сарын 29-ний өдөр хийсэн тооллогоор 4,112,544 төгрөгийн дутагдал гаргасан гэх үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа тул шалгаж өгнө үү” гэх Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвөөс Тээврийн цагдаагийн албанд гаргасан 2024 оны 05 сарын 28-ны 81/111 дугаартай хүсэлт /хх-ийн 4/,

“2023 оны******* сарын 30-аас 2024 оны 02 сарын 29-нд ажиллах хугацаандаа 5 блок тамхи, 1 хайрцаг бэлэн гоймон, жижиг халуун сав зэргийн хоосон хайрцгийг тоолуулсан, өр дутагдлаа сарын 15, 30-ны өдөр 400,000 төгрөгөөр төлж барагдуулна” гэх шүүгдэгч *******ээс Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвд гаргасан тайлбар /хх-ийн 5/,

Шүүгдэгч ******* нь 04 сарын 30-аас 06 сарын 30 хүртэл хугацаанд сар бүрийн 15, 30-ны өдөр 300,000 төгрөгөөр нийт 1,500,000 төгрөгийг төлөх тухай график /хх-ийн 6/,

Шүүгдэгч *******ийн Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн тооллогоор тоолуулсан гэх тамхины хоосон хайрцгуудын гэрэл зураг /хх-ийн 7-9/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч*******гийн: Би Улаанбаатар төмөр замын харьяа Дархан худалдааны төвийн тооцооны нягтлангаар ажилладаг. Дархан худалдааны төвийн харьяа “Ган зам” сүлжээ дэлгүүрийн******* салбарт ажиллаж байсан ******* нь 2023 оны 01 сарын 30-ны өдрийн тооллогоор гарсан дутсан бараагаа төлж барагдуулсан. 2023 оны 02 сарын 29-ний өдөр хийсэн тооллогоор 4,112,543 төгрөгийн бараа дутаасан байсан. *******т дутаасан барааг яаралтай төлж барагдуулахыг шаардсан боловч 3 сарын байдлаар 1,724,725 төгрөгийг төлж, 2,387,818 төгрөгийн барааг төлөөгүй, түүнтэй холбогдох гэхээр утсаа авахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Мөн “Ган зам” сүлжээ дэлгүүрийн******* салбарын бараа бүтээгдэхүүнийг Орхон салбарын худалдагчид хүлээлгэн өгөх явцад нийт 677,220 төгрөгийн үнэ бүхий ногоон эссэ тамхи 1 ширхэг, энгийн эссэ тамхи 2 ширхэг, гаатай нарийн шонхор тамхи 1 ширхэг, хар эссэ тамхи 1 ширхэг зэрэг 5 блок тамхины, бэлэн гоймонгийн 16 ширхэг, жижиг цайны халуун савны 1 ширхэг, шилэн аяганы 2 ширхэг тус тус хоосон хайрцаг тоолуулсан байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 71-72/,

Шүүгдэгч *******ийн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд бөглөж өгсөн дэлгэрэнгүй анкет, “Ган зам” сүлжээ дэлгүүрийн******* салбар дэлгүүрт худалдагчаар ажилд орох тухай хүсэлт /хх-ийн 18-20/,

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төв болон шүүгдэгч ******* нарын хооронд 2023 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 21-23/,

Гэрчын: ******* нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа******* Ган зам дэлгүүрийн худалдагчаар 2023 оны 12 сарын 04-ний өдөр ажилд орсон. 2024 оны 02 сарын 29-ний өдөр хийсэн тооллогоор дэлгүүрийн бараанаас 4,112,544 төгрөгийн барааны дутагдал гарсан. Энэ талаар *******ээс асуухад “энэ дутагдал миний гаргасан дутагдал” гэж хэлсэн тул дутагдлаа төлж дуустал дэлгүүрийг хааж түлхүүрийг нь худалдагчаас авсан. ******* нь дутаасан барааны мөнгийг бүрэн төлж барагдуулах хугацаандаа 1,724,725 төгрөгийг төлж, 2,387,818 төгрөгийг төлөөгүй. Ингээд дэлгүүрийн барааг хугацаа, чанартай холбоотойгоор агуулахад татан авч тараалт хийхэд бүтэн гэж тоолуулсан скочтой хайрцаг савтай бараанаас санаатайгаар авч буцаан скочоор боосон асуудал гарсан. Энэ асуудлаар *******тэй уулзаж тодруулахад өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Худалдагч *******ийн гаргасан хууль бус үйлдлийн улмаас Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замт 3,065,038 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

“Дархан худалдааны төвийн ******* нь 2024 оны 02 сарын 29-ний байдлаар 4,112,544 төгрөгийн дутагдал гаргасан нь тайлан болон тооллогын актаар баталгаажсан байна. Ажлаас халагдсанаас хойш 1,724,725.67 төгрөгийн төлбөрийг барагдуулж, хоосон хайрцаг тоолуулсан гэх 677,220 төгрөгийн төлбөр нэмэгдсэнээр 2024 оны 09 сарын 18-ны байдлаар балансаар 2,915,038.33 төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа нь анхан шатны баримтуудтай тулган шалгахад үндэслэлтэй байна. Худалдагч ******* нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/906 тушаалаар баталсан “Ажилтнуудад зээлээр бараа, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах журам”-ын 2.2, 4.1, 4.2, 4.3 заалтуудыг тус тус зөрчсөн, Нийгэмлэгийн дансанд орох ёстой байсан орлогыг өөрийн нэр дээрх 2 дансанд авч байсан зөрчлүүд байгааг тэмдэглэж байна” гэх Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн******* салбарын “Ган зам” дэлгүүрт хийсэн 2024 оны 09 сарын 12-ны ТБ-24/01/15 дугаартай төлөвлөгөөт бус шалгалтын тайлан /хх-ийн 80-85/,

“Улиастай ван аудит” ХХК-ийн 2024 оны 09 сарын 30-ны 23/24 дугаартай: ... *******ийн бараа материалын тооцоо бодолтоор 9,712,994 төгрөгийн бараа дутаасан, бараа хүлээлгэн өгөхдөө 677,220 төгрөгийн барааг байгаа мэтээр хоосон хайрцаг хүлээлгэн өгсөн гэж үзвэл нийт дутагдал 10,390,214 төгрөг. Үүнээс 17 удаагийн үйлдлээр дутагдалд нэрээр тушаасан мөнгө 7,475,437.62 төгрөг гэвэл 2024 оны 09 сарын 30-ны байдлаарх өрийн үлдэгдэл 2,914,776.33 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 94-108/,

Шүүгдэгч *******ийн ХААН банк дахь, тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 140-153/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багт байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын******* өртөөний “Ган зам” сүлжээ дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх болох 2,914,776 төгрөгийг хувьдаа завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст авагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай  нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн, зориудаар хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн хариуцлагагүй байдал, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буруутай үйлдэл байна гэж харж байна. Тухайн эд хөрөнгийг хариуцуулж өгсөн бол санхүүгийн сахилга батыг маш сайн хариуцуулах ёстой. Шүүгдэгч буюу худалдагчид хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актуудыг хэрхэн дагаж мөрдөх талаар судлуулах ёстой байдаг. Гэтэл сахилга бат маш муу байгаагаас тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй холбоотойгоор маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын 04-ний өдрөөс Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн харьяа “Ган зам” сүлжээ дэлгүүрийн******* салбарт 2024 оны 12 сарын 04-ний өдрөөс худалдагчаар томилогдож 2024 оны 02 сарын 29-ний өдрийг хүртэл ажиллахдаа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 10 сарын 31-ний өдрийн А/906 тушаалаар баталсан “Ажилтнуудад зээлээр бараа, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах журам”-ыг зөрчин Улаанбаатар төмөр замд ажилладаггүй хүмүүст зээлээр бараа бүтээгдэхүүн өгөх, дэлгүүрийн орлогыг бусдад зээлэх, өөртөө хувьдаа авах зэргээр нийт 2,914,776 төгрөгийн дутагдал үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд энэ байдлаа ашиглан өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох шунахай зорилгоор уг эд хөрөнгийг үнэ төлбөргүй бүрмөсөн өөртөө авах буюу бусдад шилжүүлж өгөх зэрэг идэвхтэй үйлдлээр илэрдэг санаатай үйлдэл байдаг.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн харьяа “Ган зам” дэлгүүрийн******* салбарын бараа бүтээгдэхүүнийг журам зөрчин бусдад зээлээр өгөх, орлогын мөнгийг бусдад зээлэх, өөртөө авах зэргээр зэргээр хувьдаа ашиглаж 2,914,776.33 төгрөгийг хохирол учруулсан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2,914,776.33 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч *******ээс 2,914,776.33 төгрөгийг гаргуулж, хохирогч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно..

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч нь хохироос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүний эдлэх торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 540,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 2,914,776.33 /хоёр сая есөн зуун арван дөрөв мянга долоон зуун далан зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42 гудамжинд байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /РД:, утас:, хууль ёсны төлөөлөгч******* - /-д олгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР