Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2018/00711

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Батцэцэг, З.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 23 тоот хаягт оршин суух, Боржигин овогт О /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 45 тоот хаягт оршин суух, Т /регистрийн дугаар /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 45 тоот хаягт оршин суух, Буянт овогт С /регистрийн дугаар /-нарт холбогдох,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О , иргэдийн төлөөлөгч Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, САР-ын автомашины зогсоолд Т жолоодож явсан Toyota Crown маркийн 1234 улсын дугаартай автомашинд мөргүүлсэн бөгөөд түүний буруутай үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учирсан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр миний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, зам тээврийн ослын улмаас надад учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна гэсэн тээврийн прокурорын 2017 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 1314 дугаарын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал-ын тэмдэглэлд жолооч Т нь автомашинд мөргүүлсэн хүнээ Гэмтэл согог судлалын ундэсний төвд узүулсэн гэж худал зүйл бичсэн байсан. Үнэн хэрэгтээ би осол гарсны маргааш, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн албаны Зам тээврийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Д аас шинжилгээ хийлгэх тогтоолыг аваад Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б д хүргэж өгсөн бөгөөд уг тогтоолд шинжээчийн дүгнэлтийг ажлын нэг өдөрт гаргахыг даалгасан нь Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам-ын 6.2.1 заалтыг зөрчсөн байсан. Эмч Б нь намайг үзсэн болоод май, энэ тогтоолыг нь аваачаад өгчих, танд ямар ч гэмтэл байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн биеийнхээ зовиурыг тодорхой тоочиж хэлсний эцэст Б эмч за яах вэ, та мөргөсөн жолоочдоо мэдэгдэлгүй Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд онош тогтоолгосон бичгээ аваад иp гэсэн. Би тэр өдрөө буюу 2017 оны 5 дугаар сарын 19-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлсэн бөгөөд надад Гавал тархины болон бүтэн биеийн битүү доргилт гэсэн онош тавьж, дүүргийнхээ гэмтлийн эмчийн хяналтанд байх, гавал тархины компьютер томографи авахуулах зэрэг зүйлсийг зөвлөсөн.

5 дугаар сарын 22-ны даваа гарагийн үдээс өмнө Б эмчид гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бичгээ өгсөн бөгөөд тэр бичгийг үзчихээд та гавал тархины компьютер томографи хийлгээд хэрэггүй, юу ч гарахгүй, би мэдэж байна, хийлгэсний хэрэггүй, 50 гарсан настай хүнд иймэрхүү зовиурууд байлгүй л яах вэ гэж олон дахин хэлээд байсан. Тэгэхээр нь надад машинд мөргүүлэхээс өмнө ийм зовиурууд байгаагүй, би гэмтлийн эмчийн зөвлөж бичсэний дагуу компьютер томографийн зургаа авхуулчихаад ирнэ, ажлын ганц хоногт оношоо тогтоолгох ямар ч боломжгүй байна. Үнэндээ надад ажлын тал өдрийг өгсөн байна. Би 5 дугаар сарын 19-ний баасан гарагийн үдээс хойш танд тогтоолыг авчирч өгөөд, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд энэ ажлын тал өдөр дууслаа. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар бол хамгийн багадаа ажлын 3 хоног байх ёстой гэсэн чинь за яах вэ, би хугацааг нь сунгая, компьютер томогорафи авахуулаад ир л дээ гэсэн. Тэгээд Сонгодо, LuxMed гэсэн хоёр эмнэлгийн аль нэгэнд зурагаа авахуулаад ир гэсэн.

Түүнчлэн 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б тэй уулзсаны дараа Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн зөвлөснөөр Баянзүрх дүүргийн гэмтлийн эмчид үзүүлж эмчилгээ авсан бөгөөд намайг бас толгойн компьютер томографи хийлгээд ир гэсэн.

Би шүүх эмнэлгийн эмчийн санал болгосон Сонгодо эмнэлэгт 5 дугаар сарын 22-нд гавал тархи-ны компьютер томографи авхуулаад хариугаа маргааш өдөр нь авсан. Компьютер томографийн эмчийн зөвлөсний дагуу мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлсэн бөгөөд тэр намайг хүзүү нуруу (C-spine) болон бүсэлхий нуруу (L-spine) -ны компьютер томографи авахуулахаад ир гэсэн. Хариугаа аваад дахин эмчдээ үзүүлэхэд эмийн болон сэргээн засах эмчилгээ бичиж өгсөн.

Ослын дараанаас эхлэн нүд бүрэлзэж, хурц гэрэлд тавгүй байдал үүсч байсан тул Ч мэдрэлийн эмнэлгийн эмчийн зөвлөснөөр Сонгодо эмнэлгийн нүдний эмчид үзүүлж, нүдний шинжилгээ хийлгэсэн.

Сонгодо эмнэлгийн эмчийн зөвлөснөөр тархи доргилт, дотор эрхтний доргилт, мэдрэлийн эд эсийн сэргээн засах бариа, бумба, төөнүүр засал эмчилгээг Т бариа заслын газарт хийлгэсэн.

Сонгодо эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэсний дараа миний бие сайжраагүй бөгөөд бөөлжис цутгаж дотор муухай оргин огиж бөөлжих, толгой эргэх, хэсэг хугацаанд тэнцвэрээ олоход хэцүү байх, ой санамж муудах, гар чичирч татваганах, зүүн гараараа барьсан зүйлийг алдаж унагаж байсны зэрэгцээ зүүн хөл, зүүн гар, зүүн мөр, толгой, нуруу, хүзүү улам хүчтэй өвдөж татах болсон тул Баянзүрх дүүргийн гэмтэл болон мэдрэлийн эмчид үзүүлсэн. Тэд нурууны MRI авахуулах болон Грандмед эмнэлэгт үзүүлэхийг санал болгосон.

Грандмед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмчид үзүүлж, түүний зөвлөсний дагуу хүзүү нурууны бүтэн MRI, толгойн судастай MRI авахуулсан. Энэ эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд төлбөр нь дэндүү үнэтэй байсан тул эрүүл мэндийн даатгалаа төлөөд Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэл болон мэдрэлийн мэс заслын эмчид үзүүлсэн. Мэдрэлийн мэс заслын эмч онош тодруулах зорилгоор ГССҮТ-д зүүн мөрний үений ЭХО хийлгээд ир гэсэн. ГССҮТ-ийн эмчид үзүүлэхэд намайг үзээд ЭХО хийлгээд хэрэггүй. Зүүн мөрнийхөө MRI хийлгэ. MRI шинжилгээгээр хаана ямар гэмтэл байгаа нь тодорхой гарна гэсэн.

Мөрний MRI шинжилгээгээр Атгаал ясны толгойн гадна дээд хэсэгт 1.7x0.8x0.6 см хэмжээтэй, TlW-горим дээр сигналын эрчим буурсан, Т2\Ү-горим дээр холимог сигналын эрчимтэй, cSTIR -Sag горим дээр сигналын эрчим ихэссэн субхондрал өөрчлөлттэй. Deltoid mus, Infraspinatus mus, Teres minor, Teres maijor mus булчингуудад STIR-Sag горим дээр сигналын эрчим ихэссэн, хаван edema тодорхойлогдоно. Anterior labrum -жижиг сэмэрсэн урагдалтай. Short head of biceps tendon -хэсэгчилсэн урагдалтай. Supraspinatus tendon -нарийссан, сунасан. Үений шингэний хэмжээ бага зэрэг ихэссэн гэсэн онош гарсан.

Монгол Хьюндай эмнэлэгт үзүүлэхэд Supraspinatus tendon tear at the left shoulder гэсэн онош тавьсан. Физик эмчилгээ бичиж өгсөн бөгөөд энэ эмчилгээгээр эдгэхгүй бол Arthroscopy -дурангийн хагалгаа хийнэ гэсэн. Энэ эмнэлгийн сэргээн засах, физик эмчилгээ нь үнэтэй байсан учир Ч -ийн мэдрэлийн эмнэлгийн хяналтанд байнга байж, эмийн болон сэргээн засах эмчилгээ хийлгэсэн.

Эрүүл мэндийн бүртгэлийн AM-13A маягтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв (гар сарвуу бичил мэс засал), Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг (мэдрэл, мэдрэлийн мэс засал), Улсын нэгдүгээр төв эмнэлэг (үений мэс засал, сэргээн засах) зэрэг эмнэлэгт үзүүлсэн.

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Епимон мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Эмнэлгийн хуудасаар хөдөлмөрийн чадвар алдалт 78 хоног болсон боловч гэмтсэн эд эрхтэн хэзээ ч бүтэн болдоггүй, хэзээ ч бүрэн эдгэрдэггүй юм байна.

Эцэст нь хэлэхэд Т болон С нарын машинд мөргүүлсний улмаас (1) миний зүүн мөрний Anterior labrum -жижиг сэмэрсэн урагдалтай. Short head of biceps tendon -хэсэгчилсэн урагдалтай. Supraspinatus булчингийн шөрмөс нарийсч сунасан. Үений шингэний хэмжээ ихэссэн; (2) Бүсэлхий нуруу зүүн тийш мурийсан; (3) Тархи битүү доргиж хаван үүссэн болох нь компьютер томографи, MRI, тархины судасны допплерографи шинжилгээ болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Замын ослоос үүссэн өвчний онош: Левостронный пост травматическая плексопатия. Иймд би цаашид мэдрэлийн эмчийн зааврын дагуу (1) жилд нэг удаа рашаан шавар эмчилгээ хийлгэх; (2) жилд зургаан удаа сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Түүнчлэн (3) зүүн гараараа 0.5 кг-аас бага хүнд зүйл өргөх; (4) зүүн , баруун гар нийлээд 2кг -аас илүү хүнд зүйл өргөхгүй байх; (5) тохирсон дасгал хөдөлгөөн байнга хийх шаардлагатай болж байна.

Миний бие С гийн өмчлөлтэй Т-ын жолоодож явсан машинд мөргүүлж, биедээ гэмтэл аван эрүүл мэндээрээ хохирч олон эмнэлэгүүдээр явж эмчилгээ хийлгэж ихээхэн хэмжээний зардал, цаг хугацаа, сэтгэл санааны хохирол амслаа. Гэвч бие минь бүрэн эдгэрээгүй байна. Иймд миний биед эрүүл мэндийн гэм хор учруулсан хариуцагч Т , С нараас Иргэний хуулийн 497.1, 499.1, 499.4, 505 дугаар зүйлүүдэд зааснаар гэм хор учруулсаны хохиролд нийт 4,517,561 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т , С нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О нь хариуцагч Т , С нарт холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 4,517,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Т нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутын үед, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, САРын арын замд, хариуцагч С гийн өмчлөлийн Toyota Crown маркийн 1234 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдэхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О ийг мөргөж, зам тээрийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4562 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч О ийн биед тархины доргилт, мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг шинжээч эмч тогтоож, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 457 дугаартай актыг үйлджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., 499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хариуцагч Т-ын жолоодож явсан 4567 улсын дугаартай, Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч С болох нь хэрэгт авагдсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч О дээрх ослын улмаас биедээ учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 3,423,821 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн О ийн эмчлүүлэгчийн карт, уг картад бичигдсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хийлгэсэн, эм, тариа худалдан авсан баримтуудаар тогтоогдов.

Харин, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хураамж төлсөн нь даатгуулагч өөрийн сайн дурын үндсэн дээр хийгддэг, зам тээврийн ослоос үл хамаарах зардал тул даатгалд төлсөн төлбөр гаргуулах, Эзамон, Хлорфенамин эм худалдан авсан нь эмчийн бичилтэд хамаарахгүй, Т бариа засалд бариулсан, Ч -ийн мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлсэн, Бум-Эрдэнэ эмнэлэгт дуслын тариа хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлэхэд хураамж төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагадаа оруулж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт зааснаар шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг шүүх шийдвэрлэхийг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч О т учирсан хохирол 3,423,821 төгрөгийг хариуцагч Т , С нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т ас 1,711,910.5 төгрөг, хариуцагч С гаас 1,711,910.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,093,740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,231 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т ас 42,340 төгрөг, хариуцагч С гаас 42,340 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

З.БАЯРМАА